Хамгийн залхуу хүмүүс

Монгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Монгол залуусыг ажлуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил. 

Сингапур улсын метро өглөө 5 цаг 30 минутаас 6 цаг 30 минутын хооронд хүн ихтэй, амьсгалах зайгүй түгжирдэг. Түүнээс хойш сэлүүхэн болно. Хүмүүс 8 цагийн ажилдаа 6 цагт гэрээсээ гардаг нь учиртай. "Ийм эрт очиж яах юм бэ" гэхээр нэгт хоцрохгүй, хоёрт хийх ажлаа төлөвлөнө, гуравт ажлын өмнөх бэлтгэлээ хангана гэдэг. Сентоза арлын эрэг дээр өглөөний 5 цагт усанд дасгал хийсэний дараа, нийтийн шүршүүрт ороод,  өглөөний цайгаа уугаад, түрээсийн дугуйгаа унаад ажилдаа явдаг хүмүүс маш их бий. Өдрийн цайны цагаар номын дэлгүүрт битүү хүнтэй байдаг бөгөөд заримдаа суудал олдохгүй шалаар нь дүүрэн хүн ном уншаад суучихна. Харин оройн 10 цагаас хойш гудамжаар хүн бараг үзэгдэхгүй. Нэг хүн хоёр ажилтай, нэг сургалттай эсвэл сайн дурын ажилтан байх нь сингапурчуупын хувьд ердийн үзэгдэл. Сингапур ээж  Ширли, аав  Сэм хоёртой хэзээ ч өглөө таарч үзээгүй. Бямба гаригт өөрсдөө сайн дурын ажил хийдэг байсан болохоор ням гаригт л гэртээ таарна. Бээжинд өглөө 6 цаг 30 минутаас л өмнө  гарч байж гудамжны өглөөний цай авч амжина. Бээжин хот 5 цагт хөл хөдөлгөөн орж 6 цагт хаа сайгүй дугуй, мопед, мотоцикл, хүн тэрэг тэр бүү хэл тэргэнцэртэй суугаа өвөө эмээ нар хүртэл холхилдож, энд тэндээс дайрчих шахан давхилдаад ажлаа эхэлдэг. 6 цаг 30 минут гэхэд өглөөний цайны павилионууд хаагаад, ажилчид нь зарим нь сургуульдаа, зарим нь дараагийн ажилдаа явдаг.

Сувилагчийн постон дээр хонож байгаа сувилагч нэг ч удаа унтдаггүй, тэнд камер, интернэт, компьютерт  байдаггүй ч тэд унтдаггүй. Постоо орхиж алга болсон, унтсан, өөр юм хийсэн сувилагч тэнд нэг ч байхгүй. Бүгд л эмээ хуваарилж, өвчний лавлах уншиж, шөнийн сахиулын репорт бичиж, өглөө яг 6 цаг 30 минутанд орж ирэн тариагаа тарьдаг. Тэд тасралтгүй суралцах үүрэгтэй мэт зузаан зузаан ном уншина. Хэдэн зуун мянган удаа зүү золгуулсныг мэдэхгүй ч Хятад сувилагч нэг ч удаа судас хагалж,  дуудахад хүлээлгэж байсангүй. Ийм болохоор л Хятад ажилчдаар барилга бариулах амар байдаг.

Монгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Монгол залуусыг ажлуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил. Өглөө эрт ирэхгүй, үүрэг хариуцлага байхгүй. Хамгийн хэцүү нь цалин тавихаар багадаа гурван хоног тас алга болно, мөнгө нь дууссан хойно гэр бүлээсээ салах шахсан шартсан, зарим нь зодоон цохион хийсэн амьтад ирнэ. Цалинг нь өгөөд тараавал баталгаатай хэдэн эхнэр нөхрөө цалинтай нь асууж ирнэ. Жаахан зааж, захирчихвал амь биш заяа биш гээд л  хаяад явчихна.  Солонгост хүмүүс хүүхэдтэй болохоос татгалздаг, хойшлуулдаг шалтгаан нь хүүхэд өсгөх зардал байдаг. Солонгос шиг хоол хүнс арвин, хувцас хунар хямд газар хүүхэд өсгөх зардал гэж юу байх билээ дээ гэж бодож болох. Хүүхэд өсгөх зардал гэж хүүхэд сургахад төлөх зардал юм. Хүүхдүүд цэцэрлэгээсээ  эхлээд маш олон төрлийн сургалтад сууна.  Чанартайд нь сургах гэж эцэг эхчүүд хамаг мөнгөө зориулдаг. Тийм ч болохоор тэр хэмжээнд сургаж хүмүүжүүлж чадахгүй хүмүүс нь амьтан тэжээж, нохой муураа үр хүүхэд шигээ үүрээд явдаг хүмүүс зөндөө тааралдана. Солонгос чинь хөгжиж буй орон шүү дээ гээд автобусаар хоёр цаг явдаг газар өглөө, орой бүр явж ажилладаг хүмүүс их болохоор шөнийн автобустай. Одоо Япон Солонгост хэт их ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндийг боддог болжээ. Солонгост очсон Монголчууд ажил хийж, хүнд удирдуулж сурдаг нь бүх хүмүүс тэгж шаргуу хөдөлмөрлөдгийг ойлгож ухаардгийнх байх.

Харин Монголд... Эв эрүүл, сав саруул залуус үд болтол унтдаг, үүр цайтал архиддаг, ажил хийдэггүй хүмүүс зөндөө, хийвэл зөвхөн цалинтай гоё ажил хийнэ гэх. Бакалаврын дипломтой бол ямар нэг дарга захирал хийчих санаатай. Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болчихсон. Эсвэл өнөөдөр болгодог 600 мянган төгрөгийн цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг. Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй. "Нэг ийм жоохон ажил байна хийчхээч" гэвэл завгүй гэнэ, гэртээ хариад зурагтаа үзээд унтахаа амьдралын утга учирт тооцдог. Өглөө эрт хичээлдээ босож явж чадахгүй байсаар сургуулиасаа гарчихсан залуус ч байх. Унтах амрах нь хүний эрх . Гэхдээ дэлхийн хөгжилтэй орнууд унтах, эрхлэх завгүй ажиллаж хөгжилд хүрсэн байдаг. Биднийг унтаж байхад бүх дэлхий сурч боловсорч хөгжиж байна. Хэрвээ бид хөгжихгүй, хөдөлмөрлөхгүй бол бидний хүүхэд Солонгос, Америк, Европын жорлонг цэвэрлэж, буудлын даавуу сольдгоосоо ч дордоно. Одоо Өмнөд Солонгост Хойд Солонгос, Филиппин гэсэн хар ажилчид байна. Америк цагаачдаа багтааж шингээж чадахгүй, олон асуудалд ороод, Европ Ойрх Дорнодын дүрвэгсдээсээ халширч, Ази тив тэжээж дийлдэшгүйгээр  өсөж байна. Дунд нь Монгол  унтаж, идэж, аархсаар. Нэг Солонгос хүүхдийн хэмжээний боловсролгүй залуус хэд бий бол? Өглөө найман цагт нээдэг үйлчилгээний газар байна уу? Өдөрт хоёр сургалт эсвэл хоёр ажил хийдэг залуус хэд вэ? Өглөө 6 цагт босож ном уншдаг оюутан байна уу? Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүст хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго гурав зайлшгүй байдаг. Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад баян мөнгөтэй, амжилттай явдаггүй. Бүгдийг өөрсдийн гараар бүтээдэг. Бид унтаад л амраад л.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.