Нийслэлд газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн  нийт гурван байршилд газар чөлөөлөөд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах үйл ажиллагаа  үргэлжилж  байна. Баянзүрх дүүргийн  нийт гурван байршилд газар чөлөөлөөд байна. Тус дүүргийн 1 , 15 дугаар хороонд шинээр тавигдахаар төлөвлөгдөж буй авто замын трасст өртсөн хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийгдэх боломжийг бүрдүүлж, гуравдугаар хороонд шинээр төлөвлөгдсөн хэсэгт авто болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн хувьд нийт есөн байршилд газар чөлөөлөлтийн ажил хийсэн байна.  Дүүргийн   нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, шат өргөтгөл хийсэн Топика ХХК-нд дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсэн бөгөөд тус байгууллага шаардлагыг хүлээн авч шатаа нарийсган явган хүний зам гаргажээ. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг МИГ даатгал ХХК хашааг татаж, явган хүний зам гаргах ажил бүрэн хийгдсэнийг холбогдох албанаас мэдээллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжин газар чөлөөлөлтийн ажлыг цаг агаар хүйтрэхээс өмнө төлөвлөгөөний дагуу яаравчлан хийж,  зөрчлийг арилгахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараатай шаардлага хүргүүлж ажиллахыг дүүргийн Газрын албаны холбогдох хүмүүст үүрэг болгожээ.