СҮҮЛЧИЙН БОГД...

Зүй тогтлоор нь аваад үзвэл энэ бүхэн итгэмээргүй үлгэр мэт боловч шуудхан үгүйсгэчиж бас боломжгүй далд ертөнц юмсанж. 

Цаг хугацааны их шуурганд үл тогтох нэгээхэн бээр ч зүйл үгүй атал хүмүний хорвоод бясалган гэгээрэгч, түүхийг цадиглан туурвигч их хүмүний өнө мөнхийн сургаалиуд эзнийхээ нэрийг алтан үсгээр сийлэн торойтол үлддэг.

Тэдний нэгээхэн хэсэг нь богдууд.

Харамсалтай нь гэх үү, хачирхалтай гэх үү бид далан жил тархиа угаалгасны гайгаар богдуудыг “Түвдийн гар хөл”, “Тусгаар тогтнолыг үймүүлэн саринуулагч” гэхчилэн утга учиргүй элийрлээр төсөөлөх нь бий. Түүх гээч өөрөө ихээхэн адармаатай, түүнийг засварлахыг ямагт оролдож ирсэн учраас цагийн эрчлээсэнд баларч, зарим талаар бүдгэрсэн бишгүй олон баримт бий. Түүний нэгэн жишээ нь, богдуудын талаар сүсэгтэн хийгээд шашингүй үзэлтнүүдийн гаргасан, зохиосон кино, түүх. Хамгийн гутамшигтайгаар зохиосон түүх бол VIII Богд Жавзандамба хутагтын дараагийн дүрийг тодруулахыг 1929 онд хориглосон явдал.

Гэхдээ энэ цаг мөчид монголчууд нууцхан сүсэглэж, IX Богд гэгчийг тодруулчихсан байжээ. VIII Богд Жавзандамбыг жанч халсны дараа хойд дүрийг нь залах явдлын эсрэг  Богдын талаар “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн сурталчлав. Гэсэн ч VIII Богд Жавзандамбын хойд дүрээр 1925 онд Лувсандорж хэмээх хүүг Л.Гомбо-Идшин гүн тэргүүтэн тодруулсан гэдэг. Очирдарь Лувсандорж Богдын IX дүр мөн гэдгийг Ванчин лам баталсан юмсанж. 1926 онд Түвдийн Засгийн газартай найрамдалт харилцаа тогтоохоор явахад лам Гэндэнсоном, Жанчивренчин нар хамт явж тэр үеийн Далай лам болон Ванчин богдын сунтагт тамгат бичиг”-ийг  авчирахад  VIII Богдын багш Ёнзонхамба “Энэ бол Далай лам болон Ванчин богдын сунтагт тамгат бичиг мөн" гэж давхар баталсан гэх баримт архивт бий талаар Жамбалнамдолчойжижанцанг үгүйсгэдэг. Гэхдээ өмнөх богдуудыг ч Ванчин ламын дүрүүдээр хүлээн зөвшөөрүүлж иржээ. Тиймээс ч Богдын хойд дүрийг Ванчин лам батламжилдаг уламжлалыг дагасан хэрэг юм. Харин VIII Богдын хойд дүр гэж тодруулсан  Очирдарь Лувсандорж шашны тэргүүн гэхээсээ илүүтэй хар хүн болж цэргийн албан хаан хожим 1948 онд өвчний улмаас нас барсан гэдэг. Тэр үнэхээр VIII Богдын хойд дүр байсан эсэхийг хэлэхэд бэрх. Учир нь ардчилсан хувьсгал ялснаас хойш бид Далай ламын хүлээн зөвшөөрсөн дахин нэг IX Богд Жамбалнамдолчойжижалцаны талаар мэдэх болж Монголын бурханы шашинтны тэргүүнээр залсан билээ. Түүнийг 1936 онд дөрвөн насанд нь тодруулсан гэж намтарт нь бичдэг. Ингэхдээ 1936 он буюу дөрвөн нас сүүдэртэйд нь хоёр дахь IX богд Жамбалнамдолчойжижанцанг түвдийн Радэн Ринбүүчи  Түвдэнжамбал-Иш халхын наймдугаар Жавзундамба хутагтын хойд дүр мөн гэж тодруулжээ. Амьдралынх нь намтарыг хараад үзвэл бас л хувилгаан гэхээсээ илүү хар хүний амьдралаар амьдарч, хоёр эхнэрээс долоогийн долоон хүүхэд төрүүлсэн байх жишээтэй. Тиймээс ч түүнийг бурханы шашинтны тэргүүнээр залахад нь сүм, хийдүүдийн хамба нарын зарим нь эсэргүүцэж байсантай адилхан Дилав хутагт хүлээн зөвшөөрөөгүй болохоо амьд сэрүүндээ номдоо бичиж үлдээжээ. Жамбалнамдолчойжижалцан 1960-аад оноос Монголтой харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэн ч талаар өнгөрч байсан баримтууд олон бий.

“Ерөнхийдөө бурхны шашны өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд өнгөрсөн үеэ л харах нь зүйтэй санагддаг юм” гэж Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Чойжамц хамба айлджээ. IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжыжанцан нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт мэндэлжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан. 1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцснаас эхлээд хожмоо эгэл хүний амьдралаар хар бор ажил хийж явангаа шашны дэг зэргээ хамгаалж байжээ. Тэрээр ардчилсан хувьсгал ялснаас хойш 1999 онд Монголд ирж байсан ч түүнийг төр засгийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд визаны хугацаа нь дууссан гэдгээр шалтаглан хөөх шахуу Монголоос гаргасан.

Гэхдээ IX Богдын тухай ярьж, аль нь үнэхээр хойд дүр нь вэ гэдгийг харахын тулд VIII Богдын сонирхол татахуйц бошигыг хамтдаа нэг харах хэрэг гарна. 

Түүний бошигод “Халх монгол оронд төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл /1930 оноос 1932 оныг хүртэл гэж бурханч лам Пүрэвбат үзсэн/. Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай, янз янзын шар нүүртэй “Ца На М, Э” нэртэй хүмүүс ирж , Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно.Лам цэрэгт мордоно. Ядуу нь гуйлгачин болж, ноёдууд  нохой мэт болж, хутагт гэгээнтнүүд хар хүний боол болж, хууль байв ч дагах хүнгүй, ном байв ч унших хүнгүй энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Монголын төр, шашин нэрийн төдий болно” хэмээн гэрээсэлжээ. Монголын тайж ноёд, лам хуварга, сүм хийдэд төлж барахгүй өндөр татвар ногдуулж эхэлсэн он цаг нь 1928 оноос үүдэлтэй. Нөгөөтэйгүүр сүм хийдийг нурааж Гандантэгчилэн хийдийг гэхэд л орос цэргийн адууны зүчээ болгосон түүх бий.

Түүний гэрээслэлийн бас нэг сонирхолтой баримт бол “Хонин жилээс хийд, сүмээс хуваргууд айн зугтааж, хонин жилээс бичин жилд /1931-1932 он/ их хаан буурч, хойд зүгээс тэрсүүдийн эсэргүү нар халх орныг хямруулан үйлдэнэ. Хүмүний суудаг орон бүхэн цусан гол урсана. Сүм хийдийг тагтаа эзлэх, бурханы сүмийг тэмцлийн хороо болгож зандалчид хэрнэ. Харц бээр хан орыг барина. Хан бээр харц болон буурна” хэмээн захисан байх юм. XX зууны эхэн үед  700 гаруй сүм, хийд хэдэн арван мянгаар тоологдох лам, хуваргатай байсан монголчууд гадны бодлогоор энэ цаг үед сүм хийдийг “арчиж”, Сталин гэгч “агуу ах”-ын зааврын дагуу хувийн өмчийг хурааж авах бодлого хэрэгжин дийлж давшгүй татвараа барагдуулаагүй ангийн монголчуудыг дайсан, татвараа төлөөгүй нэрийн дор хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн тухай нийтлэлч Баабар “Нүүдэл суудал” номондоо бичин үлдээжээ. Хэлмэгдүүлэлтийн ид он жилүүдэд 20 мянган ламыг буудан хороосон гэх албан тоо бий.  

Мөн “Хятад орны чанадад буй Япон хэмээх хүчирхэг гүрэн Хятад орныг боолчлон улмаар Монголын зүгт хандсанаар Төмөр хонин жилийн намрын эхэн сарын арван ба 15, мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр монголчууд хавчилгаар хямран байлдах болно” гэсэн нь түүхийн мөчлөгүүдтэй яв цав таардаг. 1931 онд Япон Манжуурт нэвтэрсэн билээ. Харин Халхын голын дайны талаар энд өгүүлэх нь илүүц. Тэгвэл VIII Богд хойд дүрээ “Харь оронд амьдрах төдийгүй “Монголчууд гэдэс цатгалан толгой хоосон амьдарч, миний дараагийн дүр монголчуудын зовлон зүдгүүрийг үүрэн гэтэлгэн амьдарна” гэж хэлжээ.

Ийнхүү VIII Богд гэгээн “харснаас” үзвэл магадгүй хоёулаа ч түүний зөгнөсөн зөгнөлтэй нийцсэн амьдралаар амьдарсан байх юм. Гэхдээ энэ цагийн судлаачид  энэ талаар эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлэхийг нь бишгүй сонссон билээ. Тэр ч бүү хэл бурханы шашинд хойд дүрийг үгүйсгэх нэгэн байхад үнэн гэдгийг нь тодорхойлох урсгал ч бий.

Гармааваагийн урсгалд хүнд хойд нас бий гэж номлодог. Хүний бие үхдэг ч сүнс нь төрөл арилжин эргэж төрдөг гэж тэд сургадаг. Магадгүй үүгээрээ ч Гармааваагийнхан  барууны томоохон баячуудыг татдаг байж болно. Энэ талаар нийтлэлч Д.Батбаяр нэгэн удаа ““Та үхсэн ч гэсэн буцаад хүүх­дийн чинь хүүхэд болгоод төрүүл­чих­нэ. Тэгэхээр та эргээд л энэ хөрөнгө дээрээ ирнэ” гэж байгаад элсүүлчихдэг. Үүнд нь ялангуяа мөнгөтэй хүмүүс их автдаг. Бүр Стив Жобс тэдний эгнээнд байсан” гэж үг унагасныг сануулахад илүүдэхгүй биз. Тэрээр хойд дүрийн талаар ““За, чи очоод аль нэгийг нь сонго” гэхээр чинь аль нэгийг нь авна биз дээ. Тэгэхээр хойд дүрийг нь тодруулах гэж байгаа хүн нь хувилгааных нь эрхи ч юм уу хэрэглэлийг авсан хүүхдийг “Өө энэ мөн байна. Өөрийнхөө зүйлийг таниад минийх гэж хэлж байна” гэдэг. Гэтэл тав хүртэл насны хүүхдүүдийн өдөр болгон хэлдэг, ярьдаг үгийн ихэнхэд нь “Минийх, манайх” гэсэн үг зонхилдог. “Манай юм, миний юм, надаа өг” ч гэдэг юм уу хэлдэг шүү” гэж хэлж байхыг сонссон. Ямартай ч монголчууд хойд дүр байдаг гэдэгт итгэдэг. Төв судлаач судлаач Г.Ням-Очир “Хутагт хувилгаадын хойд дүр байдаг төдийгүй, маш нарийн боловсруулсан технологи бий” талаар хэлж байна. Ямартай ч бид бурханы шашинтнаа эзэнтэй болгож 2009 онд  Жамбалнамдолчойжижанцанг нас сүүдэр 77-г зооглож байхад нь IX Богдыг залсан.

Гэсэн ч 2012 оны цагаан сараас өмнө IX Богд Жамбалнамдолчойжижанцанын бие муудсан байдаг. Тухайн үед эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эмч нар “Хэдхэн хоног л тогтоож чадна. Найдваргүй болжээ. Ойр дотных нь уулзах хүмүүстэй уулзуул” гэж зөвлөж. Харин энэ үед IX Богд утсаар Далай ламтай холбогдон,

-Би хэзээ явах вэ. Шарилаа хаан байлгах вэ? гэж асуухад Далай лам,

-Оны сүүлч болж байхад явбал билэг дэмбэрэл муутай. Тийм болохоор та он гаргаад яваарай. Харин өөрийн шарилаа Монголдоо байрлуулаарай хэмээн захисан талаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж гэрчилдэг. Ингээд IX Богд он гарсан хойно явна гэж хэлж, бие нь сайжирсан талаар тэрээр хэлдэг. Ингээд Гандантэгчилэн хийддээ заларч, золголтоо хийжээ. Сар шинээр Богдын лагшин тунгалаг байсан бөгөөд шинийн найман Гандан хурлынхаа бүрээг татахын өмнөхөн нирваан дүрийг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл бурхан багш тэрсүүдийн шавь нарыг номотгосон дүйчин өдөр тэнгэрт хальж. Эндээс нь үзвэл эгэл хүн биш гэмээр. Бидэнд зөвшөөрөгдсөн үнэн гэвэл бурханы шашинд Далай лам, Ванчин богд, IX Богд гэсэн бурханы шашинтны лидер бий. IX Богд Жамбалнамдолчойжижанцан айлдсан айлдварт түүний хойд дүр Монголоос тодорно гэжээ. Тэгвэл сүүлийн үед Монголын нөлөө бүхий улстөрчид өөр өөрсдийн хувилбарыг Х Богдоор тодруулахаар бэлдээд эхэлсэн гэх барин тавин яриа бий. Ямартай ч Далай лам, Ванчин богд нар биенээ үгүйсгэн буй энэ цаг үед монголчуудын хэдэн арван үеэрээ шүтэж, сүсэглэн ирсэн Богдын хойд дүр монголчуудыг талцуулах гадаад хүн тодрохгүй гэж найдаж болно гэсэн үг.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.