Б.Батжин: Мэдээлэл болон хүрээлэл хоёр л таны амжилтыг тодорхойлдог

N24 мэдээллийн сайтаас “Залуусын дуу хоолой” цуврал ярилцлагыг долоо хоног бүр тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноороо бид  Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг урьж ярилцлаа.  Б.Батжингийн хувьд  Америкийн их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхэд залууст хөтөч болох зорилготой “Томүжин” академийн үүсгэн байгуулагч юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Томүжин академийн төгсөгч Харвардад тэнцсэн Э.Нарангараваас эхлээд олон мундаг залуу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон сургуульд тэнцэж, тэтгэлгээр суралцаж байгаад баяртай байна. Тэгэхээр Томүжин тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа залууст ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Тэтгэлэгт хамрагдана гэдэг томоохон их дээд сургуульд суралцахыг хүсч байгаа хүнд гол өнцөг нь биш л дээ. Жилд 30-40 мянган өргөдөл хүлээн авч үүнээс зөвхөн 4 хувийг л хүлээн авдаг сургуульд тэнцээд орчихвол тэтгэлэг өөрөө шийдэгдэнэ. Хэрхэн сургуульдаа тэнцэж орох вэ, ямар сургуульд суралцах вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Тэгэхээр тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ л гэж бодож байгаа бол та өөрийнхөө хүсч байгаа зүйлийг мэдэхгүй байна гэж хэлэхэд буруутахгүй. Тиймээс нэн түрүүнд ямар сургуульд, ямар учираас суралцах гэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа бүрэн тэтгэлгээр суралцах, санхүүгийн дэмжлэгтэй суралцах, өөрөө төлбөрөө төлөх үү гэдгийг сонгоно. Хэрвээ та тэтгэлэгт толгойгоо гашилгаж байгаа бол томоохон их сургуульд суралцах болоогүй байна л гэссэн үг.  Тэтгэлэг бус суралцах сургууль чухал юм шүү.

Хэрвээ тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа бол эхний алхам гүүглээс хайлт хийх. Мэдээллээ шүүж үз. Тэтгэлэг бүр дээр дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийнхаа вэб сайт дээр байгаа шүү дээ. Хатуухан хэлэхэд өөрөө мэдээллээ шүүгээд олж чадахгүй, олсон ч уншаад ойлгож чадахгүй байвал хэлээ сур, номоо унш өөрийгөө бэлтгэ. Ээж аавынхаа мөнгийг үрэн таран хийж заавал гадагшаа явж сурах хэрэг юу билээ. Бидэнд тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ гэдэг зөвлөгөө байхгүй. Сургуульдаа хэрхэн тэнцэх вэ, шалгууруудыг хэрхэн хангах вэ гэдэг дээр л төвлөрдөг.

-Тэгвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд тэнцэхийн тулд ямар бэлтгэл хийх ёстой вэ?

-АНУ-ын шилдэг их сургуулиуд хэн нэгэнд тэтгэлэг олгож, хөрөнгө оруулалт хийхдээ хүнийг хэн бэ гэдгийг үнэлэхийн тулд зөвхөн академик чадварын шалгуур хангалтгүй гэж үздэг. Тухайн тэтгэлэг олгож буй хүүхэд дараа нь төгсөөд нийгэмдээ ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийг ч тэд бодолцож үздэг. Их сургуульд хэрхэн тэнцэх вэ гэдэгт 5 аргачлал бий.   

Нэгд, мэдлэг буюу академик чадварыг чадварыг шалгана. Үүнийг 10 жилийн дүн, SAT-ийн оноогоор шалгаж, тодорхойлдог.

Хоёрт, зүрх сэтгэлтэй юу буюу хүсэл эрмэлзлийг нь хардаг. Тухай хүүхэд аливаа нэг зүйлийг хийх чин хүсэл эрмэлзэлтэйг хардаг.  Тэр нь юу ч байж болно. Би даунтай хүүхдүүдэд тусалж байгаагүй мөртлөө миний амьдралын зорилго даунтай хүүхдүүдэд туслах гэвэл инээдтэй шүү дээ.

Гуравт, Санаачлага. Би бизнест дуртай. Гэхдээ манай ээж аав баян биш болохоор оролдож үзээгүй гэж хэлж байгаа хүүхэд, би өөрөө оролдоод бүтээсэн гэж байгаа хүүхэд ялгаатай. Би Монголд төрсөн, тийм ч баян айлын хүүхэд биш. Гэхдээ би уулнаас самар түүж зарж энэ бизнесийг эхлүүлсэн  гэвэл энэ хүүхэд санаачлагтай, дуртай зүйлээ хийхийн тулд хөдөлмөрлөсөн байна.Нэг үгээр хэлбэл, дуртай зүйлийнхээ төлөө хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөж чадах уу гэдэг шалгуур юм. Америкийн сургуулиуд каталог сонгож байгаа юм шиг хичээлээ өөрөө сонгож,судлах шаардлагатай байдаг. Хэний ч заавар, зөвлөгөөгүйгээр өөрөө бие дааж суралцах чадвар чухал байдаг гэсэн үг. Тийм болохоор тухайн хүүхэд сурч мэдэхийн төлөө хэр санаачлагатай, түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаж чаддаг вэ гэдгийг гол шалгуур болгодог.

Дөрөвт, Нийгэмдээ нөлөө үзүүлж чадах уу. Цаг, зав, мөнгөө бусдын төлөө зориулж чадах уу

Тавт, Мөрөөдөл бодитой эсэх.

-Залуучууд боломжоо хэр сайн ашиглаж чадаж байна вэ. Хэрхэн боломжоо бодит болгох вэ?

-Хэрвээ маш их хүсч байгаа бол боломжгүй зүйл гэж хаана ч байхгүй. Өнөөдөр тэтгэлэгт хамрагдах болон шалгалт хэрхэн өгөх вэ гэсэн маш олон зөвлөгөө хаа сайгүй л байна. Гэхдээ тэтгэлэгт хамрагдах 5 арга IELTS-д өндөр оноо авах нууц зэрэг нь хэзээ ч бодитой үр дүнг авчрахгүй. Бидэнд маш их боломж байдаг. Гүүглээс хайлт хийгээд тухайн хамрагдах тэтгэлэгт ямар зүйлс хэрэгтэйг өөрөө мэдчихэж чадахгүй бол Харвард гэж ярих ч хэрэггүй. Хаанаас мэдээлэл авч байгаагаа болон хүрээллээ маш зөв сонгох хэрэгтэй. Таван жилийн дараа томоохон их дээд сургуульд суралцана гэж бодож байгаа бол одоо чамайг хүрээлж байгаа хүмүүс чамтай ижил зорилготой байх ёстой. Үнэхээр л хүсч байгаа бол цахим орчинд тухайн сургуульд сурсан хүнээс нь мэдээлэл авах боломж ч байна. Фэйсбүүкээр нь сайн байна уу танаас үүнийг асуух гэсэн юм гээд холбогдоход татгалзах хүн ховор шүү дээ. Мэдээлэл болон хүрээлэл нь тухайн хүний амжилтыг тодорхойлдог гэдгийг санах хэрэгтэй. Харвард, Принтсон, Иел зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд яагаад шалгуур өндөртэй байдаг вэ. Гоё ширээ сандалтай,  сайн номтой, сайн багш, профессортой, сайн сургалтын хөтөлбөрөөс гадна хүүхдэд хамгийн чухал зүйл хүрээлэл байдаг.  Тиймдээ ч чи өөрийгөө хүрээлсэн таван хүний дундаж нь гэж хэлдэг шүү дээ.

-Та хувь хүнийхээ зүгээс хүрээллээ зөв тогтоох тал дээр зөвлөгөө өгч болох уу?

-Миний зөв байх албагүй ч монгол залуучуудыг ганцаараа байж сураасай гэж би боддог. Хүрээллээ өөрчлөхийн тулд тодорхой хугацаанд зайлшгүй ганцаараа байх хэрэгтэй болдог. Арван жилийн найзуудаа хэн ч өөрөө сонгодоггүй. Бидний хүрээлэлд санамсаргүй бүрэлдсэн хүмүүс давамгайлдаг. Жишээлбэл би эрүүл хооллохоор шийдлээ. Гэтэл за чиний эрүүл хооллодог гэж юу байсан юм гэвэл энэ үг чамд нөлөөлнө. Хэрвээ чи эрүүл хооллохыг шийдээд тийм хүмүүсээр хүрээллээ тогтоох юм бол илүү амархан зорилгодоо хүрнэ. Зарим залуучууд найзаа хамт хоол идье, хамт гарч дэлгүүр орох уу гэх мэт жижиг зүйлс дээр ч нэгнийхээ цагийг алдаг. Хань татаж байна гэж нэгнийхээ цаг хугацааг хөнөөх хэрэггүй.

-Боловсролын салбарт ажиллаж байгаа залуу хүнийхээ хувьд өнөөгийн Монголын Боловсролын тогтолцоог хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай нээлттэй эвентүүдэд хамрагдаж буй хүүхдүүдийн дийлэнх нь улсын сургуулийн сурагчид байдаг. Тэтгэлэгтэй суралцаж байгаа хүүхдүүдийн ч дийлэнх нь улсын сургуулийн сурагчид. Монголын ерөнхий боловсролын сургуулиудын зарим нь АНУ-ын сургуулиудаас ч илүү чанартай гэж би хэлнэ. Гадаадад сурах нь илүү гэж туйлширч болохгүй. Өнөөдөр Санхүү эдийн засгийн дээд сургуулиас ч чанаргүй гадаадын сургууль төгссөн залуучууд зөндөө байна. Гадагшаа л явж сурна гэхээсээ илүү ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцах вэ гэдэгт нухацтай хандах хэрэгтэй.

Гэхдээ залуу хүнийхээ зүгээс Монголын боловсролын салбарт зарим нэгэн өөрчлөлт шинэчлэлийг хийгээсэй гэж хүсдэг. Манай аавд байтугай манай өвөөд зааж байсан яг тэр арга барилаар өнөөдөр миний хүүхдэд хичээл зааж байна шүү дээ. Самбар дээр физикийн хуулиудыг зурж, будаад тайлбарлаж байна. Миний л үед халуун уур нь улаан шүү, хүйтэн урсгал нь цэнхэр шүү гээд өнгийн шохойгоор багш тайлбарладаг байсан. Яг энэ хэвээрээ л байгаа. Энэ бүхнийг илүү бодитой, амьдралд хэрэгтэй, хэрэглэгдэх байдлаар зааж, ойлгуулмаар байна. Ядаж л физикийн хиээл дээр гэрлийн унтраалгаа солих хэмжээний дадлага туршлага олгож болно.

Харин сурагчийг чадвартай, сайн хүн болгож төлөвшүүлэхэд сургууль муу байна гэхээсээ илүү ээж аав нь анхаарал хандуулах ёстой юм шиг санагддаг. Улсын сургууль 40 орчим хүүхэд байдаг. Энэ бүх хүүхэд өөр, өөрийн гэсэн онцлог авьяас чадвартай. Гэтэл ив ижилхэн хичээл ордог.

Хэрвээ манай Томүжин бодлого боловсруулдаг байсан бол хэзээ ч 40 минутаар хичээл орохгүй. Бодит байдал дээр хэн ч за одоо 40 минут уран зохиолын чадвараа, 40 минутын физикийн мэдлэгээ ашиглая гэдэггүй шүү дээ. Мөн түүчлэн, улирлын эцэст л үзсэн бүх хичээлээ үнэлж шалгалт авдаг нь буруу юм шиг санагддаг. Сургуулиуд улирлын эцэст л идэвхждэг. Одоо бүгдээрээ л ажлаа тулгаж хийдэг зантай шүү дээ. Улирлын эцсийн тайлангаа хурааж авахын өмнөх өдөр нь хийх нь давамгайлдаг. Гэтэл амьдрал тийм биш. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд байхаас нь долоо хоног бүр дарамт мэдрүүлж буюу байнга хийх зүйлтэй байлгаж сургах ёстой. Боловсролыг онол бус практикаар олгомоор байна. 

Нэгдүгээрт, Бие даах чадваргүй, өөртөө итгэлгүй, тэвчээргүй, тууштай биш мөртлөө маш их зүйл цээжилсэн хүүхдүүдийг  Монголын боловсролын систем төрүүлдэг.  Сонсоод автоматаар цээжилдэг, эсвэл багшийн хэлсэн бэлэн зүйлийг хуулчихдаг болохоор ямар ч санаачлагагүй, идэвхгүй, бие даах чадварыг эзэмшээгүй гарч ирж байна.  Академик зүйлээр маш их нүддэг. Одоогийн арван жилийн төгсөгчид пифагорын томьёог цээжээр мэддэг, харин зорилгоо цээжээрээ мэддэггүй. Уг нь бол уншаад цээжилдэг бус уншаад, логиктой сэтгэж,  боддог, судалдаг, судалсан зүйлээ харьцуулаад дүгнэлт хийж, бичих чадварыг арван жилийн боловсролын систем олгож байх ёстой юм болов уу.  

Хоёрдугаарт, Юунд дуртайгаа мэдээгүй, өөрийгөө хэн бэ гэдгийг танихгүй мөртлөө есдүгээр ангиас мэргэжил сонгох тухай яриад эхэлдэг. Уг нь бол тухайн хүүхэд ямар мэргэжилтэй болохоос илүү юунд дуртай гэдэг нь илүү чухал юм.  АНУ-д бол бакалаврын төвшинд ч мэргэжлийн талаар ярьдаггүй. Өнөөдрийг хүртэл надтай уулзаж зөвлөгөө авсан 1000 хүүхдээс гарын хуруунд багтах цөөхөн хэд нь яагаад тухайн мэргэжлээ сонгож байгаа шалтгаанаа тайлбарласан. Бусад нь аав, ээж энэ мэргэжлээр суралц гэсэн, эсвэл гоё болохоор ч юм уу, би багаасаа л гэж хариулдаг.

Нөгөөтэйгээр мэргэжил сонголтын хувьд ирээдүйд юу хийх тухайгаа бодитойгоор төсөөлөх нь хамгийн чухал. Тиймд  мэргэжлээ сонгохоос өмнө дадлага хийж үзээд, ирээдүйн ажлын байртайгаа танилцах нь маш том давуу талтай. Ажлын байраа бодитойгоор төсөөлөөд түүндээ өөрийгөө бэлдэж, суралцана гэдэг ирээдүйд мэргэжлээрээ ажиллах, цаашлаад ажилгүйдлийг төвшинг бууруулахад ч чухал нөлөөтэй. 10 жилийн системд мэргэжлээ бодитойгоор төсөөлж, өөрийгөө таньж мэдэх хөтөлбөр, сургалт, дадлагыг оруулж өгөх нь маш чухал, мөн тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа юм.  

-Ярилцсанд баярлалаа танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Алтаншагай (124.158.88.62) 2019-01-22 17:08:54
Сайхан ярилцлага болсон байна. Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа
hulgun (66.181.185.133) 2018-12-26 22:28:47
bayrlla
Должин (172.98.87.87) 2018-12-26 20:29:50
Үнэхээр хэрэгтэй сайхан мэдээлэл байлаа.
(202.126.89.7) 2018-12-04 11:50:44
Ёстой их таалагдлаа
Ариун (64.119.20.201) 2018-12-03 13:12:02
Bayrlalaa unen shuu