О.Билгүүн: Боломжгүй зүйл гэж огт байдаггүй, харин тэр боломжийг олох нь л чухал

N24.mn сайтын “Залуусын дуу хоолой” цуврал ярилцлагын буландаа Очирбатын Билгүүнийг урьж ярилцлаа.

23 настай, 5 улсын хэлээр ярьж чаддаг О.Билгүүнийг youtube-д хэл сурах зөвлөгөө өгдөг бичлэгээр нь дамжуулан мэдэх хүн олон биз ээ. Тэрээр бакалавраа Английн “The university of Birmingham”  сургуулийг уран зохиол судлаач, хэл шинжээчээр төгссөн бөгөөд  багш болох мөрөөдлөө биелүүлж давхар сургалтанд сууж,  мэргэшсэн нэгэн юм.

- Сайн байна уу. Хоёулаа хөтөлдөг влогуудын чинь талаар яриагаа эхэлье гэж бодлоо.  Анх влог хөтлөх болсон шалтгаанаасаа хуваалцахгүй юу?

- Сайн. Би 12,13 настай байхын л хүмүүст зориулсан бичлэг хийх сонирхолтой байсан. Жоохон байсан болохоор айдастай, зориг хүрэхгүй, дээрээс нь миний тэр тийм болохоор хүмүүс  юу гээд бодчих бол гээд бүх талаараа бэлэн биш байсан юм. Харин их сургуулиа төгсөх үед  өөрийн гэсэн бодол суусан болохоор “Яагаад ийм зүйл хийж болохгүй гэж” гээд шийдээд бичлэг хийсэн. Миний хийсэн бичлэгүүдэд олон төрлийн сэдэвтэй байхад тэрэн дундаас хамгийн их хандалттай байсан нь хэл сурах бичлэг байсан. Би өөрөө ч тэр бичлэгийг тийм их хүн үзээд, над руу тэгж ихээр холбогдож зөвлөгөө авна гэж төсөөлөөгүй. Тэр байдлыг хараад л “Хүмүүс ялангуяа залуучууд өөрсдийнхөө хэлний боловсролд үнэхээр их анхаарч байгаа юм байна” гэж бодоход хүргэсэн.

- Тэгэхээр чиний хувьд хэдэн хэлээр ярьж чаддаг вэ. Мэдээж сурах арга барил бас чухал шүү дээ. Хэлэх зөвлөгөө юу байна?

- Миний хувьд Орос, Англи, Солонгос, Япон, Франц хэлтэй. Манай ахлах сургууль олон хэл заадаг байсан ба орчинг нь маш сайн бүрдүүлж өгсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл намайг хэлэнд дуртай болох орчныг бүрдүүлж өгсөн. Мөн хэдхэн хоногийн өмнө Японоос ирсэн. Тэнд богино хугацаагаар ажиллангаа хэлээ сайжруулчихаад ирсэн. Хэл сурахад хамгийн чухал зүйл бол нэгдүгээрт,  тухайн хэлэндээ дурлах гэж хэлмээр байна. Миний хувьд анх англи хэл сурч байхад тухайн үед од болж байсан Селена Гомез болон өөр хэсэг дуучид байлаа. Тэд нарын бүх дууг нь дагаж дуулаад үгийг нь цээжилчихээд оролцож байгаа нэвтрүүлэг, нийтлэл гээд тэд нартай холбоотой юу л байна бүгдийг нь үзэж, уншдаг байсан. Хэдий англи хэлдээ муу байсан  ч гэсэн  мэдээнийх нь доор байдаг сэтгэгдэл дээр хүртэл хүмүүстэй шүтдэг дуучнаа өмөөрч хэрүүл хийдэг байсан. Одоо бодоход инээдтэй ч юм шиг. Тэр зүйлээр дамжуулаад миний ойр зуурын ярианы хэл огцом сайжирсан. Бас Япон хэлэнд дурлахдаа “Нарута” миний түлхүүр байсан. Хоёрдугаарт, хэл сурахдаа яанаа, яаж сурнаа гэх мэт ямар ч айдасгүйгээр сурах хэрэгтэй. Тэртээ тэргүй хэлийг ярих гэж л сурч байгаа шүү дээ. Тийм болохоор дүрмийг нь бодож шаналаад хэрэггүй. Аяндаа сурчихна. Дүрэмгүй бол ярьж чадахгүй юм биш үү гээд байдаг. Тийм зүйл байхгүй. Ихэнх хүмүүс ярихаасаа айгаад дүрмээ сайн болгочихоод гээд том том дүрмийн ном уншиж судлаад байдаг санагддаг. Жоохон хүүхэд анх хэлд орохдоо эхлээд үг хэлдэг тэгээд ярьж сурдаг, хамгийн сүүлд нь дүрмийг нь мэддэгтэй л адилхан. Тэгэхээр чадахгүй байсан ч айдсаа дараад яриад л байх хэрэгтэй. Хэрвээ ярих хүн байхгүй бол өөрийнхөө хоолойг хураагаад дахин дахин сонсоорой. Нэмж хэлэхэд их сургууль руу явуулах эсээнийхээ хэлбэрийг нь л сайн ойлгоод дараагаар нь  хэлэх гэж байгаа санаагаа ойлгомжтой тайлбарлаад өгвөл хэцүү зүйл байхгүй гэж боддог. Ер нь тэгээд хэцүү байх гээд байвал бүгд л хэцүү зүгээр л яаж амархан болгох вэ гэдгээ тухайн хүн өөрөө бодох хэрэгтэй. Харин IELTS-ийг би 9 дүгээр ангидаа өгч байсан болохоор яг сайн зөвөлгөө хэлж чадахгүй байна. Зүгээр л стандартынхаа дагуу юмнуудаа гштал хийгээд бэлдээд ороход болно доо.

- Японд байж байгаад ирсэн гэсэн. Гадаадад амьдрах тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- Залуу байгаа дээрээ олон газраар явж их зүйл сурч мэдэх хэрэгтэй гэж боддог. Амьдрах талаар харин нухацтай бодож байгаагүй. Би хувьдаа олон газраар явах тусам өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг илүү их мэдэж суралцдаг санагддаг. Бас өөрөө их дуртай болохоор ч тэр үү цаашдаа ч гэсэн өөр улс руу явах бодолтой байгаа. Ингэж явахын тулд би их хайлт хийж, судалж, бүх зүйлээ тооцоолдог. Боломжгүй зүйл гэж байхгүй болохоор боломж байгаа гээд л яваад байдаг. Заавал эцэг эхээсээ мөнгө аваад зохицуулах биш. Жишээ нь би Япон улс руу энд ажиллаж, байгаад цуглуулсан мөнгөөрөө яваад ирсэн. Мөн гадаадад оюутнуудынх нь суралцаж байгаа арга барилыг харахаар би мөнгөө төлж байгаа юм чинь хариуд нь заавал эндээс их юм сурах ёстой гэж боддог. Хичээлээ таслана гэж байхгүй. Сургуулийн сургалтын системээ муу байна гэж үзвэл өргөдөл гаргаад сайжруул гэж нэхдэг. Тэгээд л би хичээл дээрээ заримдаа утсаа хэрэглэхээр утсаа болиоч ээ би урах гэж байхад битгий саад болоод байгаач гэх мэтээр ханддаг.

- Ойрын таван жилийн төлөвлөгөө нь юу байна вэ?

- Багш болох мөрөөдлөө биелүүлээд хүүхдүүдэд зориулсан сургалтын төв, хөгжлийн төв нээнэ гэж бодож, төлөвлөж байгаа. Заавал сургуулийн  орчинд хичээл хийснээрээ биш өөр  олон зүйлийг хүүхэд өөрөө туршиж хийж, үзэж байж илүү бодитоор хөгжих болов уу гэж боддог юм. Одоогоор том хийсэн зүйл байхгүй ч гэсэн бага багаар туршлага судалж байна даа.

- Юунаас, хэнээс хамгийн их урам зориг авдаг вэ?

- Мэдээж амьдрал их  сайхан. Миний хувьд аав, ээж маань намайг үнэхээр их дэмждэг. Үүнээс харахад хэрвээ эцэг эх маань намайг дэмжээгүй, зөвлөөгүй байсан бол өнөөдрийн энэ би бий болж чадахгүй байх байсан. Блдж бүтэхгүй зүйл их болохоор нүүрэн дээр маань сэтгэлээр унасан байгаа нь ил гарчихдаг үе байдаг. Тэгэхээр аав ээж хоёр "За яасан юу тохиолдов" гээд л яриа өддөг. Би гэдэг хүн ч хамаг юм аа ярина. Сонссоныхоо дараа за зүгээр шүү дээ тийм юм байж л байдаг. Яадаг юм дахиад оролдоод үз гэдэг. Ийм үг сонссон надад их хүч мэдрэгддэг. Тэгэхээр амжилттай яваа хүмүүсийн ард эцэг эхийн үүрэг оролцоо ямар чухал болохыг сайн мэддэг. Гэхдээ би өөрийгөө амжилттай яваа гэж хэлээгүй шүү. /инээв/

- Залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

  Хүн бүр л өөрийнхөө замаар явж байгаа болохоор өөр хэн нэгэнтэй харьцуулж, өөрийгөө зовоох  шаардлагагүй.

Бусадтай харьцуулаад байвал би өөрөө л их зовно. Тэгэлгүйгээр үнэхээр өөрөө зорьсон зүйлийнхээ төлөө хичээл зүтгэл гаргаад эерэг, зав хандлагатай байхад хэзээ байх нь  хамаагүй бүх зүйл болж бүтэх юм шиг л санагддаг. Угаасаа энэ ертөнц дээр боломжгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ тэр боломжийг хүн өөрөө л хайж олдог болохоор хэзээ ч битгий шантраарай гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Эндээс зөвөлгөөг үзэх боломжтой. 

 Цэгцтэй бичиж, тэмдэглэх нь тухайн хэлний үнэ цэнийг мэдрүүлдэг
Цэгцтэй бичиж, тэмдэглэх нь тухайн хэлний үнэ цэнийг мэдрүүлдэг
Сэтгэгдэл: (6)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Гүнж (202.126.88.52) 2019-06-02 12:05:49
Гарчиг шигээ нийтлэл биш бн, нас залуу гэхэд 5н хэл сурсанд нь бахархаж бн, бас амжилт хүсье
Анударь Од (66.181.187.133) 2019-05-30 22:34:00
Билгүүнээдээ амжилт хүсье! Мундаг бүсгүй шүү. Бахархаж байна.
Болор (202.179.27.96) 2018-12-08 14:32:18
Зөв хандлагатай охин шүү :) Хүн бол өөрийнхөө сэтгэлгээний бүтээл нь... О.Билгүүндээ амжилт хүсье..
Оюука (66.181.191.121) 2018-12-07 12:16:08
сайн байна уу. ярицлагын сэдэв гайхалтай байна. гэхдээ ярилцлагадаа тусгаж өгөөгүй юмуу эсвэл хасалт хийсэн эсэхийг мэдэхгүй байна. эцэг эх нь хэрхэн дэмжиж байсан. ямар ямар бэрхшээлийг хэрхэн туулж байсан. энэ хүртлэх хугацаанд туршлага болон бусдад хуваалцөх зөвлөмж гэх зүйлийг оруулж өгсөн бол гэсэн хүлээлттэй уншлаа. Баярлалаа ажлын амжилт хүсье.
Баярлалаа (202.70.44.82) 2018-12-07 11:39:44
Сайн байна уу. Танай ярилцлагууд их таалагддаг. Гэхдээ яг хүнд урам сэдэл өгөхөөр нийтлэл байна гээд ороод харахаар гол гол хэсгийг нь орхигдуулсан маш богинохон ярилцлага байх юмаа. Олон хүн гарчигийг нь хараад их хүлээлт үүсгэж нийтлэл рүү нь ордог байх. Уг нь бол дэлгэрүүлээд энэ хүн амжилтанд хүрэхийн тулд юу юуг туулав, бэрхшээлтэй зүйлийг яаж даван туулсан, энэ хүртэл хичнээн хэцүү замыг туулсан, цаашид хувь хүнийхээ зүгээс өөрийгөө яаж хөгжүүлэхийг хүсч явдаг, ямар дадал зуршлыг өөртөө бий болгохыг хичээдэг гээд олон зүйлийг нь асууж болно. Нэгэнт л залуучуудад урам эрч хүч өгөхөөр нийтлэл оруулж байгаа бол энэ тал дээр анхаараасай гэж хүсэж байна. Баярлалаа
Баярлалаа (202.70.44.82) 2018-12-07 11:39:44
Сайн байна уу. Танай ярилцлагууд их таалагддаг. Гэхдээ яг хүнд урам сэдэл өгөхөөр нийтлэл байна гээд ороод харахаар гол гол хэсгийг нь орхигдуулсан маш богинохон ярилцлага байх юмаа. Олон хүн гарчигийг нь хараад их хүлээлт үүсгэж нийтлэл рүү нь ордог байх. Уг нь бол дэлгэрүүлээд энэ хүн амжилтанд хүрэхийн тулд юу юуг туулав, бэрхшээлтэй зүйлийг яаж даван туулсан, энэ хүртэл хичнээн хэцүү замыг туулсан, цаашид хувь хүнийхээ зүгээс өөрийгөө яаж хөгжүүлэхийг хүсч явдаг, ямар дадал зуршлыг өөртөө бий болгохыг хичээдэг гээд олон зүйлийг нь асууж болно. Нэгэнт л залуучуудад урам эрч хүч өгөхөөр нийтлэл оруулж байгаа бол энэ тал дээр анхаараасай гэж хүсэж байна. Баярлалаа