Н.Онондарь: Хүнд хэцүү бүхнээ давах болгонд том бэлэг намайг хүлээж байдаг

“Залуусын дуу хоолой” ярилцлагын булангийнхаа энэ удаагийн зочноор БНХАУ-ын Шэнжен хотод болсон WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээнд амжилттай оролцож, Дэлхийн аварга болсон Н.Онондарьтай ярилцлаа. 

-  Сайн байна уу. Юуны дэлхийн аварга болсон нь халуун баяр хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

-  Сайн. Намайг Нэргүй овогтой Онондарь гэдэг. Одоо 21 настай. Арван жилээ Орос 3 дугаар сургуулийг, 2014 онд СУИС-ын бүжгийн багшийн ангийг төгссөн. Одоогийн байдлаар Германы их сургуульд спортын сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг. Сурахынхаа хажуугаар бүжигтээ явж, цагийн ажил хийнгээ амьдарч байна.

-  Дэлхийн аварга болсон тэр үеийн мэдрэмж үнэхээр сайхан байсан байх даа?  

- Тэгэлгүй яахав. Зорьж байсан зүйлийнхээ ард нь гарсан болохоор ч тэр үү их сайхан байна. WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн нь жил бүр зохиогддог. Монголоос маань “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан байнга оролцдог. Мөн энэ жилийн тэмцээний хувьд Хятадад анх удаа зохиогдож, улсаас нь баг оролцсон нь онцлог байлаа. Харин Германы багийн маань хувьд 12 удаагийн Германы аварга, энэ жилтэй нийлээд  9 дэх удаагийн Дэлхийн аварга болсон хүчирхэг баг хамт олон юм. Тиймдээ хамтлагийн зорилго анхнаасаа дэлхийн аварга болох байсан тул тухайн мөчид багийнхан, дасгалжуулагчаа хараад бахархсан төдийгүй тэдний хувьд миний мэдрэмжээс арай өөр байсан байх. Угаасаа болдог байсан гэдэг утгаар. Харин Миний хувьд дотроо “Би болчихлоо ш дээ, мөрөөдөлдөө, зорьсондоо хүрчихлээ” гэж бодогдсон ч бүх зүйл дөнгөж эхэлж байна даа гэж өөртөө хариуцлага давхар үүрүүлсэн. Өөрөөр хэлбэл Дэлхийн аварга болчихсон одоо ингээд дууслаадаа гэх биш илүү том хариуцлагатай боллоо гэж бодсон.   

Энэ шагнал нь ганц миний хичээл зүтгэлээр ирсэн шагнал биш. Эцэг эх, дасгалжуулагчаас маань эхлээд олон хүн өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн. Тухайлбал, Монголоос олон улсын тэмцээнд явахад улсаас зардал энэ тэр гэж  даадаггүй бид нар өөрсдийнхөө мөнгөөр болгоод явдаг байсан. Тэр бүхэнд гэр бүлээс боломжоороо дэмждэг байсан нь надад олон боломжийг өгсөн хэрэг. 

-  Анх Германы хамтлагт орох болсон түүхээсээ яриач?

- Өмнө нь Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений Дэлхийн аваргад Монголынхоо “star dance” бүжгийн  хамтлагаараа оролцож байлаа. Тэр үед  ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болж байсан юм. Харин 2015 онд Германд нийгмийн ажлаар ирэх боломж гарч тухайн үед нэг фестивальд оролцож байх үеэрээ  дасгалжуулагчийнхаа нүдэнд нь өртөж, урилга авснаар тус багтаа орсон түүхтэй. Энд бол бэлтгэлээ хийж байгаад сайн байсан найман хос нь яг тэмцээн дээр гарч бүжиглэдэг. Тэгэхээр бэлтгэлийн үедээ  бусад хосуудтайгаа өрсөлдөөнтэй байдлаар бэлтгэлээ хийдэг. Орж чадахгүй бол замены үүргийг гүйцэтгэдэг.

- Өөрийн чинь хувьд хэдэн настайгаа эхэлж бүжгээр хичээллэсэн бэ?

-Намайг таван настай байхад ээж хөтлөөд хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд оруулж байлаа. Хүүхдийн ордонд ганц латин америк гэлтгүй олон төрлөөр заадаг. Дараагаар нь Мөнгөнхуяаг багшаар латин америк бүжгийг заалгаж, хичээллэсэн. Түүний дараа бас олон багш нараар өөр төрлийн бүжиг заалгаж байсан юм.

-Амжилт бүхний ард шантармаар хүнд хэцүү цагууд байдаг шүү дээ. Өөрт чинь хүнд үеүд хэр их тохиолдож байв?

-Миний хувьд хамгийн хэцүү үе нь энэ жил буюу 2018 он байсан. Яагаад гэвэл эх орондоо биш гадаадад ирчихсэн. Германаар ус цас сайн ярьж чадахгүй. Хичээлдээ яваад, ажил хийж, үргэлжлүүлээд хэдэн цагийн хүнд бэлтгэлдээ явна гээд үнэндээ энэ бүхнийг амжуулж, сайн гүйцэтгэх нь нилээд чанга байсан. Одоо харин нөхцөл байдалтайгаа эвлэрч дасаад гайгүй болж байна.  

- Бэлтгэлээ ойролцоогоор хэдий хугацаагаар хийдэг вэ. Мөн хичээл цалгалдах үе их гардаг байхдаа?

- Тийм шүү. Би арван жилдээ их чөлөө авдаг байсан. Дээрээс нь багш нар маань сайн ойлгогдож өгөхгүй төвөгтэй зүйлс байсан. Харин бэлтгэлийн тухайд манай хамтлаг гэхэд ажлын таван өдрийн гурван өдөр нь бэлтгэл хийдэг. Сая Дэлхийн аваргад бэлдэхдээ долоо хоногийн 35 цаг бэлтгэл хийдэг байсан. Нэг хөдөлгөөн, нэг ая гаргах гэж маш их хугацаа шаарддаг учраас бэлтгэл хамгийн чухал. Тамирчин хүмүүс бүгд ойлгох байх.   

- Герман, Монгол хоёрт хоёуланд нь бэлтгэл хийж үзсэн хүний хувьд өөрт чинь чадварын хувьд ч ю муу мэдрэгдсэн зүйлс байна уу?

- Мэдрэгдсэн зүйл олон бий. Улс орны ялгаа гэхээс илүү хүмүүсийнх нь сэтгэхүйн хувьд  ялгаа байна гэж харсан. Би хувьдаа Монголчуудыгаа үнэхээр авьяастай гэж хэлмээр санагддаг. Бүгдэд нь дэлхийн аварга болох чадвар 100 хувь байгаа. Бүжиглэх чадвараараа бол гологддоггүй. Харин Германд ирээд харахад манайхан бусад зүйл дээрээ л алдаад байдаг санагдсан. Юу гэхээр хариуцлага, зорилго нь гүйцэд биш, цаг барих, биенээ хүндлэх гээд чадвараас өөр амжилтад нөлөөлдөг жижиг гэж боддог зүйл дээрээ л алддаг санагдсан.

Амжилт гэдэг ганцхан юм аа л сайн хийхийг биш  тухайн зүйлээ яаж зөв хийх төлөвлөгөө гаргахыг хэлнэ

Тэгэхээр манай Монголчуудад ганц бүжиг гэлтгүй өөр олон салбарт амжилт гаргах хангалттай нөөц байдаг гэж боддог. Энд хүмүүс нь өөрийнхөө хариуцлагыг бүрэн ухамсарлачихсан санагдсан. Тэртээ тэргүй бүгд л нэг зорилгын төлөө хөдөлмөрлөж, баг болоод нэгдэж байгаа учраас ухамсарлахгүй байхын аргагүй байх.  Манай дасгалжуулагч багш Олон улсад их нэр хүндтэй , шилдэг бүжигчдийг гаргаж байсан туршлагатай хүн бий. Учир нь Европт энэ спорт хөгжөөд удаж байгаа. Харин манай Монголд бүжгийн спорт хөгжөөд удаагүй байгаа шүү дээ. Удаагүй ч гэсэн үнэхээр мундаг байдаг.

- Өөрийн чинь нэг өдрийн амьдрал нь хэрхэн өнгөрдөг вэ. Гадаадад ганцаараа байгаа болохоор хувьдаа зохион байгуулалт их сайн хийх хэрэгтэй болдог байх тийм үү?

- Багаасаа л хичээл бэлтгэл хоёрыг зохицуулж ирсэн. Ээж намайг хичээлээ хаячихна гээд бэлтгэл тараад оройтсон ч шөнө ч гэсэн  хажуудаа суулгаж байгаад хичээлийг маань хийлгэдэг байсан. Ихэнх цагууд маань тэмцээн уралдаан бүжиг гэж л өнгөрсөн. Одоо бол хичээлийнхээ хажуугаар цагийн ажлууд хийдэг. Хэдий эцэг эх маань тодорхой хэмжээгээр дэмждэг ч гэсэн Герман, Монгол хоёрын өртөг хол учраас байнга эцэг эхээсээ мөнгө аваад байна гэдэг их хэцүү. Тийм  болохоор зайлшгүй ажил хийх шаардлага гардаг. Одоо бол сарын хэрэгцээнийхээ 80 хувийг өөрөө олчихдог.

- Ойрын хугацааны зорилго, төлөвлөгөө нь юу байна вэ?

- Ойрын хэдэн жилдээ их сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллаад, бүжгээрээ тэмцээн уралдаанд оролцоод л ер нь тухайн үедээ хийх ёстой зүйлээ хамгийн сайнаар нь хийгээд явах л төлөвлөгөөтэй байна даа.
- Яагаад спортын сэтгэл зүйч мэргэжлийг сонгох болсон бэ? 

Би анх 2014 онд Монголоос дэлхийн аваргад явж байхад спорт сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө авч байсан. Тэр үед бодохдоо бэлтгэл, хөдөлмөрөөс илүү тухайн тэмцээний үеийн сэтгэл зүйн байдал асар их нөлөөлдгийг мэдсэн. Хэчнээн сайн бэлтгэл хөдөлмөр байсан ч сэтгэл зүйн хувьд асуудалтай бол 50 хувийн бэлтгэлтэй байгаагаас ялгаагүй. Тэгэхээр 100 хувь болгож дүүргэхийн тулд сэтгэл зүй гэдэг тамирчин хүнд чухал байдаг юм билээ. Тэр утгаараа миний мөрөөдөл олон тамирчдыг сэтгэл зүйн хувьд асуудалгүй байж амжилт гаргахад нь дэмжих юм.

- Ер нь амьдралдаа ямар зарчмыг баримтлах гэж хичээдэг вэ. Мөн хэнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?  

-Хувьдаа баримтлахыг хичээдэг нэг зүйл бол бүх юмыг чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Энэ л миний байнгын зарчим гэж хэлж болно. Харин үлгэр дуурайлал авдаг хүн маань ээж. Ээжийн ганц хүсэл нь гурван хүүхдээ сайн явахыг хүсдэг. Ээж маань ерөөсөө шантардаггүй. Шантарна гэсэн үг өөрт нь байдаггүй. Хэцүү зүйл тохиолдсон ч урагшаагаа л зүтгээд, юунд ч бууж өгдөггүй ухаалаг эмэгтэй. Би тэрийг нь хараад их урам авдаг. Мөн ээж надад хэзээ ч чиний зөв буруу гэж шууд хэлдэггүй. Нэг жишээ ярихад багадаа нэг тэмээнд бэлдэж байхад манай дасгалжуулагч эхний хоёрт орсон багийг нь олон улсын тэмцээнд авч явна гээд би арай гэж хоёрт ороод бөөн баяр болов оо. Гэтэл нэг шалтгаан гараад гуравт орсон хүүхдийг явуулахаар болсон. Тухайн үед жоохон байсан болохоор учрыг нь ойлгохгүй гомдоод ээждээ “би дахиж бүжиглэхгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд ээж надад “Миний охин бүжиглэхийг хүсэхгүй байвал больж болно би чамайг хүчлэхгүй чи хүссэнээ хий. Гэхдээ танай найзууд чинь олон тэмцээнд орж бэлтгэлээ хийгээд чамаас илүү сайжирчих байхдаа ”гэж хэлсэн. Харин би маргааш нь шууд л бэлтгэлдээ явсан. Үүнээс харахад ээж маань намайг өмөөрөөгүй,  багшийг ч буруутгаагүй. Тэр нь намайг бүжигтээ илүү сайн явах хүслийг өдөөж өгсөн төдийгүй охиноо бүжигт үнэхээр дуртай гэдгийг мэдэж байсан хэрэг.

-Бүжигчин хүн, тамирчин хүнд тулгардаг нэг зүйл жингийн асуудал байдаг. Чиний хувьд жин барих тал дээр хэр зүтгэл гаргадаг вэ?

- Би өөрөө их жингийн асуудалтай хүн. Учир нь би бамбайн дутагдлын өвчтэй. Энэ өвчин нь ус уусан ч таргалдаг өвчин. Анх өвчнөө сайн мэдэхгүй, хайхрамжгүй явж байгаад сүүлд мэдсэн. Таргалалт бол зүгээр хоол хэтрүүлснээр үүсдэггүй. Шалтгаангүй таргалалт өөрт үүсч байгаа бол эхлээд эмчид үзүүлээд, таргалалтынхаа шалтгааныг тодорхойлж, арга хэмжээ авах нь зүгээр юм билээ. Охидууд бага идэх тусмаа туранхай байна гэж боддог. Тэр нь буруу бөгөөд зөв идэх нь л чухал. Хүн эрүүл байвал ер нь тэгж их таргалалт үүсээд байхгүй санагдсан. Тэгэхээр эрүүл мэндээ сайн анхаарч байх хэрэгтэй. Гэхдээ миний өвчин үхлийн өвчин биш ч гэсэн мэдрэг өвчин болохоор дэглэм сайн барихгүй бол хэцүү байдаг шүү.

Төгсгөлд нь залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

- Ямар нэгэн хэцүү зүйлийн ард дандаа том бэлэг байдаг. Миний хувьд гэхэд тухайн үед бодоход үнэхээр хэцүү байсан зүйлс одоо бодоход хэцүү биш санагддаг. Харин хэцүү зүйлээ давсны дараа ард нь дандаа том зүйл намайг хүлээж байсныг ойлгосон. Ийм зүйлийг авах гээд л би ингэж зовоод байсан байна ш дээ. Би зөв зүйлээ хийсэн болохоор л хэцүү байж дээ гээд бодогдсон. Тиймээс ямар ч хэцүү зүйл тохиолдсон тэрийгээ даваад гарах хүч өөрт чин байгаа учраас ард байгаа бэлгийг хараад тэвчээртэй байгаарай л гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.