Н.Баянмөнх: Бид хогоо шатааж цахилгаан үйлдвэрлэж, дулаанаа шийдвэрлэх боломжтой

Япон улсын ямар ч барилга дээр аливаа сонгон шалгаруулалтгүй ахлах инженерээр ажиллах эрхтэй анхны Монгол инженер Н.Баянмөнхийг "Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагын ээлжит зочноор урьж ярилцлаа. Тэрбээр Хонма корпорацад барилгын инженерээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо Японы хамгийн том компанитай хамтран Орос улсад Байгаль нуурын ойролцоо хог боловсруулах үйлдвэр барих төсөл дээр ажиллаж байгаа юм.

-Улаанбаатарт хог боловсруулах үйлдвэр барих нь таны мөрөөдөл гэсэн. Таны хувьд барилгын инженер мэргэжилтэй шүү дээ. Гэтэл яагаад заавал хог боловсруулах үйлдвэр барих нь чухал гэж үзэж, зорьсон бэ?

-Яг мөрөөдөл гэхээсээ илүү сурсан мэдсэн зүйлээ ашиглаад Монголд хэрэгтэй бүтээн байгуулалт хийхэд өөрийн зүгээс чадах чинээгээрээ хичээе гэсэн хүсэл юм уу даа. Гадны орны сайхан зүйлийг нь хараад энийг Монголдоо нэвтрүүлчих юмсан гэсэн “атаархал”, энийг л эх орондоо барьчих юмсан гэдэг хүсэл хүн бүрийн сэтгэлд л байдаг байх гэж боддог. Ажлын завшаанаар Орос улсад хог шатаах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болсон.Төсөлд оролцож байгаа компанийн хүмүүстэй уулзах үеэр Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр барья гэсэн бодол орж ирсэн. Тэгээд шууд л “Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр байхгүй. Улаанбаатар хотод барих зайлшгүй хэрэгтэй” гээд хэлсэн. Харин тухайн компанийн хүмүүс эхний ээлжид Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр барих боломжтой эсэх, хотын хог ялгарах тоон хэмжээ гэх мэт зүйлийг судлаад мэдээлэл өгөөч гэж хүссэн. Эх орондоо тус үйлдвэрийг барих сайхан боломж гэж санаж 10 хоногийн чөлөө ажлаасаа авч энэ  8 сард Монголд очсон. Холбогдох хүмүүстэй уулзаж, өөрийнхөө чадах хүрээнд мэдээлэл цуглуулж чадсан.

Миний мэргэжил барилгын инженер. Яагаад манай хотод хог шатаах үйлдвэр барих хэрэгтэй вэ гэдэгт мэргэжлийн хариултыг өгч чадахгүй. Гэхдээ миний судалж ойлгосноор Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр барих хэрэгтэй гэдэг нь зайлшгүй үнэн. Токио хотын 23 дүүрэгт бараг бүгдэд нь хог шатаах үйлдвэр байдаг. Бусад аймаг мужууд ч гэсэн газар нутаг хүн амын хэмжээнээс хамаарч хог шатаах үйлдвэртэй. Хогоо хамгийн сайн ялган ангилж хаядаг улс ч гэсэн зайлшгүй шатааж боловсруулах хэрэгцээт хог дийлэнх нь байдаг болохоор хог шатаах үйлдвэр заавал барьдаг. Үлдсэнийг нь Recycle буюу дахин боловсруулдаг.

Улаанбаатар хотын тухайд миний судалснаар 3 хогийн цэгтэй бөгөөд шууд хөрстэй нь тэгшилдэг. Энэ бол үеэ өнгөрөөж хоцрогдсон, бүр дээр үед зарим орон хэрэглэж байсан арга юм байна лээ. Нарангийн энгэр ч юмуу Цагаан давааны хогийн цэг дээр очоод үзэхэд ямар байдалтай байгааг харж болно.  Яг одоогийн Улаанбаатар хотод үүсч байгаа хогны дийлэнх нь ангилагдаагүй дахин боловсруулах боломжгүйгээр хогийн цэг дээр хаягдаж байна.

Улаанбаатар хотын тухайд миний судалснаар 3 хогийн цэгтэй бөгөөд шууд хөрстэй нь тэгшилдэг. Энэ бол үеэ өнгөрөөж хоцрогдсон, бүр дээр үед зарим орон хэрэглэж байсан арга 

Хог шатаах үйлдвэрээс гадна дахин боловсруулдаг Recycle үйлдвэрүүд манай улсад хэрэгтэй. Иргэд болон байгууллагууд хогоо ангилж хаявал дахин боловсруулах үйлдвэр үр дүнтэй ажиллана.Улаанбаатар хотын иргэдийн хувьд хогоо ангилах гэдэг ойлголт саяхнаас л дэлгэрч үүнд чиглэсэн ажлууд хийгдэж байна. Улаанбаатар хотын иргэд бүхэлдээ хогоо ангилж хаядаг болоход тодорхой хэмжээний хугацаа орох байх. Гэхдээ ангилж хаядаг болсон ч Улаанбаатар хотод үүсч буй бүх хогийг дахин боловсруулах боломжгүй. Тийм болохоор энэ ангилагдаагүй болон дахин боловсруулах боломжгүй  хогийг хог шатаах үйлдвэр барьж байж л шийдэлд хүрнэ гэж би хувьдаа бодож байна.

-Өнөөдөр Улаанбаатарын хог хаягдал ямар төвшинд байна вэ. Үүний үзүүлэх сөрөг нөлөөг та хэрхэн харж байна вэ?

-Энэ зун очиж авсан мэдээллээр жилд 1.4 сая тонн хог Улаанбаатар хотод үүсдэг. Гэхдээ энэ тоо бол яг бодит хэмжигдсэн тоон үзүүлэлт биш. 2010 онд Жайка(JICA) байгууллага Улаанбаатар хотод үүсч байгаа хогны тоон хэмжээг судалсан юм байна лээ. Энэ судалгааны тоон дээр үндэслээд Улаанбаатар хотод жил болгон үүсч байгаа хогны хэмжээг барагцаалж гаргасан тоон хэмжигдэхүүнийг ашиглаж байгаа гэж ойлгосон. Яг Улаанбаатар хотоос жил болгон нарийн хэмжүүрээр судалсан тоон үзүүлэлттэй дата бол байхгүй гэсэн хариу авсан. Одоогийн нөхцөл байдалд үүсч байгаа хогны хэмжээг нарийн тооцоолон гаргахад хэцүү байх. Улаанбаатар хотод байгаа 3 хогийн цэг дээр яг нарийн хэмждэг жинлүүр болон датагаа нэгтгэдэг тийм газар байхгүй болохоор боломж багатай. Японд бол тухайн хотын юм уу мужийн Web хуудас руу ороход жилд хэр хэмжээний, ямар төрлийн хог тухайн хот болон мужид үүсч байгаа гэсэн мэдээлэл нь байдаг.

Улаанбаатар хотдоо амьдарч байгаа хүн бүр ер нь хогийн цэгүүдийг нэг завандаа очоод хараасай гэж хүсч байна. Би энэ зун анх удаа очиж үзээд хог шатаах үйлдвэр заавал барих ёстой юм байна гэдэг бодол л төрсөн. Ил хаягдсан тийм их хогоос янз бүрийн халдварт өвчин үүсэх, хөрс ихээр бохирдох гээд олон сөрөг нөлөө гардаг. Японд бас дээр үед тийм зүйл гарч байсан юм байна лээ. Гэхдээ л шийдлээ олж чадсан.

-Энэ зун Монголд ирэхдээ хог боловсруулах үйлдвэр барих талаар судалж үзсэн гэсэн. Таны мөрөөдөл биелэх боломжтой байсан уу. Албаныхан болон мэргэжилтнүүд ямар хариу өгсөн бэ?

-Маш олон хувь хүн болон ТББ-уудтай уулзсан. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” “Аюултай хог хаягдлын үндэсний холбоо” “Азийн сан” гэх мэт хогтой холбоотой олон зүйл хийж байгаа байгууллагууд надад цаг заваа гаргаад уулзсанд их баяртай байгаа. Хогны төлөө сэтгэл нэгдээд  ажил хэрэг болгоод явж байгаа олон хүн байдаг юм. Олон хүнтэй уулзаад хог шатаах үйлдвэр барихад Улаанбаатар хотоос хөрөнгө мөнгө төсөвлөх боломжгүй гэдгийг л их сонссон. Япон улсын жишгээр харвал тухайн хот болон муж нь ихэвчлэн мөнгө төсөвлөөд хог шатаах үйлдвэр барьдаг. Гэвч Монголд тийм боломж байдаггүй гэсэн хариулт авсан.

Монгол улсын Засгийн газрын хэмжээнд хог шатаах үйлдвэр барих төсөл яригдаж чадвал, Жайка руу хүсэлт гаргаад зээл авах авч барих боломж бий гэсэн хариулт авсан.

Монголын нөхцөлд гаднын буцалтгүй тусламжаар эсвэл гаднын орнуудаас урт хугацааны зээл авч барих боломжтой юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ асуудлаар сая 11 сард Жайкагийн хүнтэй уулзаж үзэхэд Монгол улсын Засгийн газрын хэмжээнд хог шатаах үйлдвэр барих төсөл яригдаж чадвал, Жайка руу хүсэлт гаргаад зээл авах авч барих боломж бий гэсэн хариулт авсан. Огт боломжгүй юм байна гээд орхиогүй боломжийнхоо хэрээр хүмүүстэй уулзаж зөвлөгөө аваад болгох гээд хичээж байгаа.

 -Хятадын хөрөнгө оруулалттай хог  боловсруулах үйлдвэр барих талаар нэлээдгүй ажил хийгдэж байгаа. Энэ нь хэр бодитой гэж та харж байна вэ?

-Би энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл холбогдох хүнээс авах хүсэлт гаргасан. Хараахан мэдээлэл ирээгүй байгаа болохоор би юу ч хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд таарсан зөв шийдэлтэй, судалгаа шинжилгээ сайн хийгдсэн үйлдвэр байгаасай л гэж хүсч байна.

-Танай компани Орос улсад Байгаль нуурын ойролцоо хог боловсруулах үйлдвэр барихад хамтарч ажиллаж байгаа гэсэн. Тус төслийн талаар сонирхуулж болох уу?

-Японы хог шатаах үйлдвэрийн технологийг Хятад, Орос сүүлийн жилүүдэд их сонирхож Япон технологиор бариулж байна. Хог шатаахад Диоксин гэж хортой зүйл ялгардаг бөгөөд Япон технологи нь маш бага хэмжээтэй ялгаруулдаг шийдэлтэй. Мэдээж Япон технологи илүү шийдэлтэй байгаа учраас Хятад, Орос улс нэвтрүүлж байгаа байх гэж бодож байна. Төслийн тухайд гэвэл Байгаль нуурын зэргэлдээ үйлдвэр барина. Төсөл ажил эхлээгүй, гадагшаа мэдээлэл гаргаж болохгүй учир илүү нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Монголд хог боловсруулах үйлдвэртэй болсноор ямар үр нөлөө, ач холбогдолтой вэ?

-Японы зарим хог шатаах үйлдвэрүүдтэй танилцаж үзэхэд маш олон ач холбогдолтой гэж ойлгосон. Жишээ нь өдөрт шатаах хогны дулаанаараа цахилгаан үйлдвэрлээд, үйлдвэрлэсэн цахилгааныхаа 30  хувиар үйлдвэрээ хангачихдаг. Үлдсэн 70 хувиа цахилгааны компаниудад зардаг үйлдвэрүүд маш их. Мөн халуун ус гардаг болохоор халуун усны газарт ашигладаг. Улаанбаатар хотод бол орон сууцны дулаалгын шугамд шууд ашиглаж болох юм байна даа гэж бодсон.  Шатааж буй хогоос гарч буй үнсээ ахин шатаагаад хар замын хучилтад хэрэглэдэг материал болгон ашиглаж болдог. Ингээд бодохоор газарт булах шаардлагатай зүйл бараг гарахгүй дахин ашиглагдах болох боломжтой гэж бодсон. Мөн дээр дурдсан Диоксин бага ялгардаг болохоор байгаль орчинд ээлтэй. Япон технологи өөрөө чанар гэдэг зүйл заавал дагалддаг болохоор олон жилийн баталгаатай болов уу гэж бодож байна. Миний судалсан хүрээнд ийм давуу талууд байгаа юм. Улаанбаатар хотын нөхцөлд тааруулаад энэ технологийг нэвтрүүлбэл илүү олон давуу тал ч гарч ирэх байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
9904 9233 (66.181.179.109) 2018-12-13 23:16:59
Сайн байна уу Юун түрүүнд энэ чиглэлээр томоохон байгууллагад ажиллаж цаашдаа улс орондоо энэ чиглэлээр их зүйл хийх гэж байгаад талархаж байна. Миний биe орон нутагт хогийн цэгт ангилан ялгах хэсэг байгуулах санаа байдаг. Таниас зөвлөгөө авч холбогдож болох уу. 9904 9233