ТӨРИЙН БАЙГУУЛАЛ: ФРАНКЕНШТЕЙН

Үндсэн хуулиар тогтоосон засаглалын бүтэц нь үндсэндээ зөвлөлийн засаглалын суурь, фундамент, арааман дээр Франц, Германы үндсэн хуулийн байгууллын эд, эрхтнүүдийг зүүж, хэлхсэн бүтээц-Франкенштейн.

Франкенштейн гэдэг нэрээр энд тэндээс олдсон элдэв эрхтэн, хэсгүүдийг нийлүүлэн залгаж, зүүж бүтээсэн эв хавгүй их биетэй, эрхгүй эгдүүцэл, жихүүдэс төрүүлсэн, үзэшгүй жигшим ч, оюун ухаантай хүн төрхтнийг уншигч та элдэв киноноос ч сайн мэдэх байх. Уг нь Мэри Шеллигийн эх зохиолд тэрхүү хүн төрхтнийг бүтээгчийг нь Виктор Франкенштейн, түүний бүтээлийг нь зүгээр л бүтээц (creature) гэж нэрлэдэг авч бүтээцийг нь Франкенштейн гэдэг болчихсон юм. Tэр бүтээц бүтээгчийнхээ амьдралыг бүрмөсөн хөнөөн сүйрүүлдгийг ч уншигчид мэдэх. Харамсалтай нь Монгол улсын Үндсэн хууль, түүгээр байгуулагдсан төрийн байгуулал нь яг Франкенштейн шиг бүтээц.

Франкенштейн шиг энд тэндээс олдсон элдэв эрхтэн, хэсгүүдийг залгаж, зүүж нийлүүлж бүтээсэн бүтээц. Их төрхтэй төдийгүй эв хавгүй, эрээвэр хураавар. Эрэмбэлж цэгцлэх, эвлүүлж нийлүүлэх аргагүй. Гэхдээ Франкенштейн шиг оюун ухаантай, үндсэн хууль, төр засаг төрхтэй. Гол нь яг Франкенштейн шиг бүтээгчээ хөнөөн сүйрүүлж байгаа бүтээц. Яагаад Франкенштейн шиг гэж? Зөвлөлийн засаглалын дэглэм, АНУ, Франц, Германы үндсэн хуулийг гадарлах хэн хүн Монголын Үндсэн хууль, түүний байгуулсан төрийн зохион байгуулалтын хэсгийг хараад аль эрхтнийг нь хаанаас олж ирснийг нь мөн хэрхэн зүүснийг нь хөнгөхөн таних болно. Түүгээр ч барахгүй ямар суурь, фундамент, эсвэл арааман дээр зүүж, хэлхэж босгосныг ч хэлж болно.

Бүхлээр нь бүдүүвчилбэл үүрэг, функц буюу хэрэгжүүлэх эрх мэдлийн хувьд Монгол улсын Ерөнхийлөгч нь Франц-Германых, УИХ нь зөвлөлийн засаглалын буюу БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ) ба түүний Тэргүүлэгчид, Засгийн газар нь мөн л зөвлөлийн засаглалын буюу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (СнЗ), Дээд Шүүх ба бусад шүүх нь Францынх, Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ) нь Франц-Германых. Нэгэнт хууль тогтоох буюу хууль хийх, түүнийг гүйцэтгэх буюу барих, хаших, засах, хэрэгжүүлэх эрх мэдэл нь аливаа засаглалын амин сүнс, мөн чанар бөгөөд Монгол улсын Үндсэн хуулиар бүтээсэн энэ хоёр эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь зөвлөлийн засаглалын байгууллын хувилсан дүр буюу УИХ нэртэй АИХ ба Засгийн газар нэртэй СнЗ болсон тул Үндсэн хуулиар тогтоосон засаглалын байгуулал нь үндсэндээ зөвлөлийн засаглалын суурь, фундамент, арааман дээр Франц, Германы үндсэн хуулийн байгууллын эд, эрхтнүүдийг зүүж, хэлхсэн бүтээц-Франкенштейн.

Эдгээр эрх мэдэл хэрэгжүүлэгчдийг хооронд нь зүүх, хэлхэх зарчим нь бас энд тэндээс авсан холимог, тиймээс зөрчилдсөн. Засгийн газрыг УИХ байгуулдаг нь зөвлөлийн засаглалынх. Гэхдээ кабинет нь парламентын сонгуулийн үрээр байгуулагдаж түүний итгэл дээр орших парламентын засаглалын үзэл санаагаар бэхлэгдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүд нь “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”, Ерөнхийлөгч нь УИХ-ын хууль, шийдвэрт хориг тавих, ҮХЦ нь УИХ-ын хууль, шийдвэр болон Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэрийг хүчингүй болгох зэрэг нь засаглалыг салгах зарчмын буюу бүхэлдээ ерөнхийлөгчийн засаглалын элемент. Мөн дээрээс нь монарх-хаан буюу “төрийн тэргүүн” (угсаа залгамжилсан хаан, эсвэл ерөнхийлөгч нэртэй хугацаатай сонгогддог “хаанцар”), эсвэл супер-ерөнхийлөгчийн засаглалын элемент болох намын улс төрөөс ангид, улс үндэсний эв нэгдэл, эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, төрийн байгууллагуудын дээр оршиж тэдний зөрчил маргаанд арбитр, зохицуулагч хийх төрийн тэргүүнтэй байх, тэр нь Засгийн газрыг байгуулахад оролцох, шүүгчдийг томилох зэрэг Англи, Франц, Германы үндсэн хуулийн үзэл санаа ч тусгагдсан.

Эдгээр байгууллагуудыг байгуулах арга зам нь мөн холимог төдийгүй эсрэг тэсрэг, зөрчилдсөн. Ерөнхийлөгчийг байгуулах арга нь ерөнхийлөгчийн (АНУ) ба түүний супер (Франц, Португали) ба хагас (Австри, Финланд, Исланд, Ирланд) хувилбарынх, УИХ-ыг байгуулах нь мэдээж парламентынх. Засгийг байгуулах нь зөвлөлийнх болон парламентынх боловч бүх ард түмнээр сонгогддог Ерөнхийлөгч оролцдог учир Францын өнгө аястай боловч хэрэг дээрээ Германы ерөнхийлөгчийнхөөс ч сул оролцоотой төдийгүй оролцоогоо хэрхэн хэрэгжүүлэхийг нь тодорхойлж, тогтоогоогүй. Шүүх, ҮХЦ-ийг байгуулах нь бүхэлдээ Францынх. Бүх ард түмний олонхын саналыг авч сонгогдох ч бодит гүйцэтгэх эрх мэдэлгүй учир ерөнхийлөгчийнх нь сонгууль, мандат эрх мэдлийн хооронд ч шүтэлцээ байхгүй. Тиймээс нийлүүлсэн эд эрхтний хувьд ч, зүүж, холбосон зарчмын хувьд ч, байгуулах арга замын хувьд ч энд тэндээс олсон, авсан эрээвэр хураавар, Франкенштейн. Мэдээж төслийг боловсруулагчид нь ажлын хэсэг, батлагчид нь АИХ боловч “Монголын ард түмэн бид” “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол улсын төрийн байгуулал” хэмээн тунхагласан учир энэ бүтээцийг, Франкенштейнийг бүтээсэн эзэд нь Монголын ард түмэн бид, Монгол улс.

СОНГУУЛИЙН ХЭМ, МӨЧЛӨГ

Мөн эдгээр байгууллагуудын буюу УИХ, Ерөнхийлөгчийн, нутгийн удирдлагын байгууллагуудын сонгуульт хугацаа, сонгуулиуд нь хэмнэл, мөчлөгийн хувьд хоорондоо шүтэлцээгүй. Энэ нь боловсрол, хүмүүжлийн жийрэггүй Франкенштейнийг түүний хүсэл зориг, шунал тачаал нь бүрэн захиран оюун бодол, сэтгэл санаа нь зөрчилдөн, хямран өшөө хорслоор дүүрч эргэн тойрноо эвдэн сүйтгэхтэй төстэй. Аливаа сонгууль гэгч ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, шийдэл, түүний биелэл. Гэвч нийгмийн уур амьсгал, чиг хандлага үйл явдлаас үйл явдалд, хугацаанаас хугацаанд хувьсганах, донслох, өөрчлөгдөх, савлах. Ялангуяа нийгмийн улс төрийн уур амьсгал сонгууль зэрэг улс төрийн томоохон үйл явдлаас явдалд донслох, савлах. Тиймээс засаглалын байгууллагууд нь залгамжтай, тууштай, тогтвортой байхын тулд богино хугацааны донсолгоо, савлагаанаас жийрэглэгдсэн байх учиртай. Чухам тийм ч учир үндсэн хууль, хууль, хуулийн засаглалын үзэл санаа тавигдсан бөгөөд үндсэн хууль нь нийгмийн суурь үнэт зүйлсийг аливаа богино хугацааны донсолгоо савлагаанаас хамгаалан сахиж байдаг бол засаглалын байгууллагууд нь нийгмийн тодорхой цаг үеийн хүсэл зориг (will), шийдлийг (resolution) тусгаж, шингээж илэрхийлж байх учиртай. Тиймээс сонгуульт хугацаа, сонгуулийн хэмнэл, мөчлөг энэ учрыг тооцсон, уялдаа холбоотой, учир зүйтэй байх учиртай.

Үүнийг АНУ-ын төрийн байгууллагуудын сонгуульт хугацаа, сонгуулийн хэмнэл, мөчлөгийн жишээн дээр тайлбарлавал илүү хялбар. АНУ-ын Сенат 6 жилийн хугацаатай 2 жил тутамд гуравны нэг нь сонгогдох бол Төлөөлөгчдийн танхим 2 жилийн хугацаатай. Тиймээс 2 жил тутамд Сенатын гуравны нэг ба Төлөөлөгчдийн танхим бүхлээрээ сонгогдох. Энэ нь ард түмний төлөөлөл, хариуцлага-тайлагналын (accountability) байгууллага болох конгрессын сонгууль хоёр жил тутамд явагдана гэсэн хэрэг. Харин Ерөнхийлөгч нь 4 жилийн хугацаатай, дөрвөн жилийн хэмнэлтэй. Гэхдээ энэ бүх сонгуульт хугацаа, сонгуулиуд хоорондоо уялдаа холбоотой, учир зүйтэй. Сенатын сонгуульт хугацаа засаглалын болон бодлогын залгамж, тогтвортой байдлын биелэл. Гэхдээ 2 жил тутамд гуравны нэг нь сонгогдох учир шинэ уур амьсгал, шинэ хүсэл зориг, шийдлийг шингээх, тусгах. Төлөөлөгчдийн танхим бүхэлдээ 2 жил тутамд сонгогдох нь ард түмний, нийгмийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагыг илүү төлөөлөх, тусгах. Ерөнхийлөгч 4 жилээр сонгогдох нь гүйцэтгэх засаглалын тогтвортой, шийдвэртэй, тууштай байдлыг хангах. Бүх сонгуулиуд бүгд нэг өдөр явагдана. Ерөнхийлөгчийн сонгуультай жил Ерөнхийлөгчийн сонгууль Сенат ба Төлөөлөгчдийн танхимын сонгуультай нэг өдөр зэрэг явагдана. Учир нь улс үндэстэн хүсэл зориг, шийдлээ нэг өдөр, нэг мөчид хийх ёстой. Сонгуулиуд харилцан, мөн сонгуулиудын үр дүн сонгогчдын шийдэлд нөлөөлөх ёсгүй. Учир, зүй тогтлын хувьд АНУ- ын сонгуулиуд Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа, сонгуультай харилцан шүтэлцээтэй. Тиймээс Ерөнхийлөгчөө буюу гүйцэтгэх засаглалаа 4 жилийн хугацаатай сонгоод түүнийгээ 4 жил тутамд үнэлж, дүгнэнэ гэсэн үг. Шинэ Ерөнхийлөгч сонгогдоход гуравны хоёр нь өмнө нь сонгогдсон учир цаг хугацааны хувьд хамгийн “хуучинсаг” Сенат сууж байх. Гэхдээ гуравны нэг нь Ерөнхийлөгчтэй хамт сонгогдсон учир Ерөнхийлөгчийг дэмжих шинэ хүч ч байх боломжтой. Чухам энэ “хуучинсаг” Сенатаар Ерөнхийлөгч кабинетын гишүүдээ дэмжүүлэх учиртай. Кабинет хатуухан шүүлтүүрээр нэвтрэх ёстой гэсэн үг. Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчтэй хамт сонгогдсон учир түүнийг дэмжих хандлага эрс өндөр. Энэ нь гүйцэтгэх засаглалын бодлогод дэмтэй гэсэн үг. Гэхдээ гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа ард түмний хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааны дунд (midterm) Төлөөлөгчдийн танхим ба Сенатын гуравны нэгийг сонгох замаар цэгнэж, дэмжих, хөхүүлэх ёстой бол дэмжиж, хөхүүлж, анхааруулах, засах, саатуулах ёстой бол саад тавьдаг гэсэн үг. Тиймээс сонгуульт хугацаа, сонгуулийн мөчлөг, хэмнэл нь учир зүйтэй, утга санаатай, уялдаа холбоотой, шүтэн барилдлагатай.

Гэтэл манай УИХ-ын ч, Ерөнхийлөгчийн ч, нутгийн удирдлагын ч сонгуульт хугацаа бүгд дөрвөн жил, дөрвөн жилийн цикл. Бүх зүйлс дөрвөн жил тутамд урвах, хөрвөх. Дээрээс нь сонгуулиуд нь бүгд өөр өөр жилд, өөр өөр өдөр, өөр өөр уур амьсгалд явагдах явагдах, төдийгүй сонгуулиуд нь өөр хоорондоо ч, сонгогчдодоо ч нөлөөлөх. Үр дүнд нь өөр өөр хүсэл зориг, шийдлийг гаргах, өөр өөр хүсэл зориг шийдлийн илэрхийлэл, биелэл болсон байгууллагууд бий болох. Гэтэл Үндсэн хуулиар УИХ, Ерөнхийлөгч хоёр хоёулаа Засгийн газрыг байгуулахад оролцох эрхтэй. Гэтэл сонгуулийн хугацаа өөр өөр төдийгүй УИХ-ын сонгуулиар Засгийн газар байгуулагддаг, УИХ-ын сонгуулийн дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль явагддаг учир, шинээр сонгогдсон УИХ Засгийн газраа байгуулахдаа 3 жилийн өмнө сонгогдсон, хугацаа нь дуусаж байгаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгуулах. Өөр өөр хүсэл зориг, шийдэл, мандат мөргөлдөх. Түүгээр ч барахгүй жилийн дараа сонгогдсон Ерөнхийлөгч нь нэгэнт байгуулагдчихсан Засгийн газар дээр ирдэг учир Засгийн газрыг байгуулахад оролцох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болж хоосон хонох. Мөн буусан Ерөнхийлөгчийн байгуулалцсан Засгийн газартай гурван жил буюу хугацааныхаа ихэнхийг өнгөрүүлж, үйлээ үзэж, үгээ хэлж, үсээ зулгаах. Өөр өөр хүсэл зориг, мандатын мөргөлдөөн төдийгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн утга учир, ард түмний хүсэл зориг, шийдэл үндсэндээ үгүйсгэгдэх. Түүгээр ч барахгүй үүний улмаас аль эрт Ерөнхийлөгч биш болчихсон этгээд засагласаар, засгийн эрх мэдэл Үндсэн хуулийн ч, төрийн ордны ч гадна орших. Харин эрх барих ёстой Ерөнхийлөгч нь эрх мэдэлгүй үлдэж, түүний эрх мэдэл ч, мандат ч үгүйсгэгдэх. Тэр ч байтугай Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч 6 жилээр томилдог учир дээрх байдал мөн давтагдана. Одоогийн Ерөнхийлөгч ийм “хоосон хонодог” ерөнхийлөгчийн тод жишээ бол буухдаа ч эрх мэдлээ Үндсэн хуулиас ч, төрийн ордноос ч аваад явчихдаг ерөнхийлөгчийн биелсэн дүр нь Ц.Элбэгдорж. Үр дүнд нь Үндсэн хуулийн ч бус, сонгуулийн ч бус, тиймээс ардчилсан ч бус засаглал тогтож, Үндсэн хууль, сонгууль, ардчилал бүгд үгүйсгэгдэх.

Энэ тогтолцооны хамгийн том эсрэг, тэсрэг зөрчил нь зөвлөлүүдийн болон парламентын засаглалын хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлүүдийг нийлүүлэн, төвлөрүүлэх зарчмыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг салган, харилцан хазаарлаж, тэнцвэржүүлэх замаар хуулийн засаглал тогтоох зарчим буюу “ерөнхийлөгчийн” гэгдэх засаглалын зарчимтай хольсон хутгасан явдал. Энэ нь Виктор Франкенштейн бүтээцээ бүтээж байхдаа юу, ямар мангас (monster) бүтээж буйгаа ухаараагүйтэй яг адил. Чухам энэ хоёр, хэзээ ч нийлшгүй, эсрэг тэсрэг зарчмыг хутгаснаас болж энэ бүтээц нь яг Франкенштейн шиг бүтээгчээ буюу Монгол улсыг, Монголын ард түмний амьдрал, ирээдүйг бусниулан сүйтгэсээр ирсэн юм. Франкенштейн хүн төрхтэй, хүний эд эрхтний зүүмэл бүтээц байсан учир жихүүдэс, жигшлийн бай байсан бөгөөд тийм ч учир хүний нийгэм түүнийг хүлээж авдаггүй юм. Энэ нь мэдээж түүний бүх золгүй байдлын эх сурвалж. Гэхдээ энэ нь түүний хөнөөл, заналын эх сурвалж, голомт нь огт биш. Харин түүний хөнөөл заналын голомт нь түүнд байсан хүний чанар, түүний хүнийх шиг оюун санаа, хүсэл эрмэлзэл, шунал тачаал нь. Чухам хүнийх шиг оюун санаа, хүсэл эрмэлзэл, шунал тачаалтай байсан учир Франкенштейн хүн шиг байх гэдэг. Гэвч түүний жихүүдэс, жигшил төрүүлсэн биеийг хүмүүс хүлээж авдаггүй юм. Тиймээс Франкенштейн хүмүүст өширч тэднийг хөнөөж эхэлдэг. Улмаар тэрээр өөрийнх нь золгүй байдлын буруутан нь өөрийг нь бүтээгч гэж үздэг. Тэрээр золгүй байдалдаа бүтээгчээ буруутгаж, түүнээс өөртэйгөө ижил эмэгтэйг бүтээж өгөхийг шаарддаг. Харин бүтээгч нь эм франкенштейн бүтээвэл франкенштейнууд үржиж хүн төрөлхтөнд аюул занал болно гэдгийг ухаарч, бүтээж эхэлсэн эм франкенштейнээ устгаж, зугтсан ч Франкенштейн түүнийг мөрдөж амьдралыг нь бусниулж, эцэст нь хөнөөдөг юм.

Энэ зөрчлийн өнцгөөс харвал УИХ-ын сонгуулиар, УИХ-д олонх болсон нам, эвсэл, эсвэл олонх бүрдүүлсэн нам, эвсэл Засгийн газрыг байгуулахаар шийдсэн төдийгүй УИХ-д Ерөнхий сайд, сайд нарыг томилох эрхийг өгсөн нь УИХ-ын засаглал тогтоосон хэрэг мэт. Гэсэн ч Ерөнхий сайд, сайд нарыг нэрлэхэд Ерөнхийлөгч хөндлөнгөөс зөвшилцөх, ба УИХ- ын гишүүдийг “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” хэмээн Засгийн газарт орохыг хориглосон төдийгүй, тэдний хуулиар тогтоосон үүрэг нь хууль тогтоох гэж үзсэн нь УИХ-ын гишүүд Засгийн газарт ажиллах ёсгүй, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй гэсэн хэрэг. Энэ нь УИХ-ыг яг Франкенштейн шиг дур нь дээр нь хяссан, хассан хэрэг. Мөн яг ижлээр Ерөнхийлөгч сонгогчдын олонхын саналаар сонгогдон гарч иртэл түүнд зөвхөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, сайд нарыг нэрлэхэд зөвшилцөх, Засгийн газарт чиглэл өгөх, зарлиг гаргах л эрх өгсөн байх. Мөн яг УИХ-ын гишүүдийн нэг адил түүнийг “Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (31.8) гэж заасан байх. Энэ нь мөн л яг УИХ-ын нэг адил Ерөнхийлөгчийг Франкенштейн шиг дур нь дээр нь хяссан, хассан хэрэг.

Ингэснээр амлалтаа өгч, андгай тангаргаа өргөж, хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж, итгэл-санал зулгааж, цуглуулж, ялалт авч мандат хүлээж ирсэн хоёр институц хоёулаа Засгийн газрыг байгуулахад оролцохоос бус өөрсдөө засгийг эрхэлж амлалтаа гүйцэлдүүлж, ам тангаргаа биелүүлэх эрхгүй болж байгаа юм. Харин ч эсрэгээр тэд амлалт өгөөгүй, андгай тангараг өргөөгүй, хөдөлмөрлөөгүй, хөлсөө урсгаагүй, итгэл санал олоогүй, хөндлөнгийн үл таних этгээдүүдийг урин залж, эсвэл хөлслөн Засгийн газартаа суулгаж амлалт, ам тангаргаа даатгах ёстой болсон байгаа юм. Энэ нь сонгуулийг ч, улс төрийг ч, эдгээр институцүүдийг ч утга учиргүй, учир зүйгүй болгож байгаа хэрэг. Энэ нь хийхийг нь та нар хий харин халбагадахыг нь тэр халбагадаг гэж хэлсэнтэй адил зүйл. Тиймээс УИХ ба Ерөнхийлөгч хоёрын үүрэг нь хөндлөнгийн хүнд идэш бэлдэж өгөх, хөндлөнгийн хүний идэш болох явдал гэсэн хэрэг. УИХ ба Ерөнхийлөгчийн өнцгөөс харвал тэд шар хүний төлөө зүтгэсэн хар хүмүүс болох төдийгүй хөндлөнгийн этгээдэд тархиа ч, хувь заяагаа ч даатгах ёстой болж байгаа юм. Агуу өгөөмөр, эсвэл агуу тэнэгүүд ийм байж болох ч энэ нь үнэндээ ардчилсан улс төр, сонгууль, ард түмний хүсэл зориг, шийдэл, сонголт, эрх ашигт ч харш төдийгүй шударга ёсонд ч харш зүйл. Учир нь аливаа улс төр эрх мэдлийн төлөөх тэмцэл бол ардчилсан улс төр, сонгуулийн зорилго нь сонгогдогчдын зүгээс итгэлийг олж эрх мэдлийг авах, сонгогчдын зүгээс итгэсэндээ эрх мэдлээ итгэмжлэх явдал юм. Чухам итгэлийнх учраас амлалтыг, албыг хөндлөнгийн этгээдэд шилжүүлдэггүй юм. Тэгдэг байсан сан бол “итгэлээс илүү эрхэм чухал албатай” УИХ-ын эрхэм гишүүд хөндлөнгийн, магадгүй илүү эрдэм мэдлэг, боловсрол, туршлагатай эрхмүүдийг орондоо суулгахгүй юу. Чухам тиймээс УИХ ч, Ерөнхийлөгч ч хөндлөнгийн хүнээр тархиа, хувь заяагаа ч мэдүүлэхгүй, түүнд идэш ч бэлдэхгүй, түүний идэш ч болохгүй, эрхийг нь авсан бол ямбыг нь эдэлнэ, ялыг нь ч үүрнэ гэж зүтгэцгээдэг юм. Тиймээс УИХ, Ерөнхийлөгч хоёр амлалт, андгай тангаргаа хэрэгжүүлэх гүйцэлдүүлэх эрх мэдлийг булаалдан тэмцэлдэхэд хүрдэг юм. Тиймээс УИХ ба Ерөнхийлөгчийн сонгууль, мандат, олгосон эрх мэдэл нь Франкенштейний оюун санаа, хүсэл зориг, шунал тачаал шиг бол тэдний эрх мэдлийг хяссан, хассан заалтууд нь түүний жигшим, жихүүдэс төрүүлэм бие, төрх шиг нь юм.

Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтээсэн төрийн байгууллыг Франкенштейн гэдгийг хэлэх, нотлох хялбар. Шинэ ч юм биш. Өөр үгээр болохоос угаасаа л ярьдаг зүйл. Үндсэн хууль, төрийн байгууллыг сонирхдог гадарладаг хэн ч үүнийг мэднэ. Мөн энэ Франкенштейн нь Монгол улсыг, Монголын ард түмний амьдрал, ирээдүйг бусниулж байгааг өөр үгээр болохоос биш бас л бүгд ярьдаг, хэлдэг, мөн засаж залруулах гэж оролдож байгаа зүйл. Тиймээс зүйрлэлд шинэ юм огт байхгүй. Түүгээр ч барахгүй Үндсэн хуулийг, төрийн байгууллыг болохгүй байгааг цөөн тооны этгээдийг эс тооцвол нэлэнхийдээ хүлээн зөвшөөрдөг төдийгүй, чухам юу нь хөнөөлийн эх сурвалж болохыг ч заан хэлэлцдэг, буруушаадаг. Хөнөөлийн эх сурвалжийг ихэнх нь Ерөнхийлөгч гэх, нэлээд нь УИХ гэх, зарим нь Засгийн газар ч гэх. Бас бус нь шүүх, ҮХЦ-эд ч буруу өгөх. Үнэндээ Франкенштейны эмгэнэлт хувь заяаны буруутан нь түүний бүх зүйл хүмүүсээс гаж, ангид байсан шиг Монголын төрийн байгуулалд гаж бус, ангид бус юм ховор. Тиймээс буруутгал бүгд ортой, бүгд хувьтай. Гэхдээ Франкенштейний хөнөөлийн гол эх сурвалж нь түүний оюун санаа, хүсэл эрмэлзэл, шунал тачаал нь. Түүн шиг бид энэ төрийн байгууллын хөнөөлийн голомт, зүйрлэвэл, түүний оюун санаа, хүсэл эрмэлзэл, шунал тачаал нь юу нь вэ гэдгийг оноох, тогтоох нь гол. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(59.153.113.96) 2018-12-14 17:20:51
Эзэн Чингисийн үеийн төрийн тогтолцооноос илүү бүтэц алга даа. Өөрийнхөө юмыг сайжруулаад явах нь илүү дээ. Одоо гадны зүйлийг хуулбарлаад үл нийцэх үзэгдлийг бий болгоод бн даа. Хүүхдээ чанга загнаж ч болохгүй ч гэнүү. Энэ чинь буруу.