Б.Дөлгөөн: Ажлыг халтуурдаж хийнэ гэдэг өөрийгөө хүндлэхгүй байгаа хэрэг

Бусдыг харахад амархан алхаад гарчихсан оргил гэж харагдах боловч замыг нь туулж буй нэгний хувьд олон давааг давж байж хүрсэн оргил байдаг. “Залуусын дуу хоолой” ярилцлагын булангийнхаа энэ удаагийн зочноор Баярсайханы Дөлгөөнийг урьж ярилцлаа.

Тэрээр Улаанбаатар хотын уугуул бөгөөд арван жилээ 51 дүгээр сургуулийг төгсөж, ШУТИС-д уул уурхайн инженерийн ангид нэгж жил суралцах хугацаандаа Засгийн газрын тэтгэлэгээр ОХУ-ын Москва хотын Геологи эрэл хайгуулын сургуульд уул уурхайн чиглэлээр 2014 онд бакалаврын зэргээ хамгаалж төгссөн байна. Их сургуулиа төгссөн даруйдаа эх орондоо мэргэжлээрээ хоёр жил ажилласны дараагаар “Оюутолгой ХХК”-ий тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Канадын Бритыш Колумбын их сургуулийнуул уурхайн сургуульд мастерын зэргээ  2018 онд хамгаалж, Монголын төдийгүй Дэлхийн уул уурхайн томоохон компани болох “Оюутолгой ХХК”-д уулын багт нь гүнийн уурхайн төслийн инженерээр ажиллаж буй залуу юм. 

- Сайн байна уу. Уул уурхайн салбарын мэргэжлийг яагаад сонгож суралцах болсон тухайгаа хуваалцаач?

- Арван жилээ төгсөх үед уул уурхайн салбар манай улсад их хүчээ авч эхэлсэн. Хүн болгон л уул уурхайн гээд гэрийнхэн маань ч гэсэн энэ мэргэжил илүү ирээдүйтэй байх гэдэг үүднээс зөвлөж байсан. Би өөрөө ч энэ мэргэжлээ их сонирхож байсан болохоор ямар ч эргэлзээгүйгээр сонгож суралцсан.

- Яг одоогийн байдлаар өөрийн чинь хувьд ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

- Оюутолгой компанид гүний уурхай, далд уурхайн уулын багт нь төслийн инженерээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл уулын ашиглалтын тал руугаа илүү чиглэсэн ажил бөгөөд уулын инженер гэсэн үг. Ажиллах цагийн хувьд арван дөрөв, долоогоор ажилладаг. Одоогийн байдлаар уурхайд ажил эд дундаа явж байгаа болохоор их зүйлийг сурч, сонирхолтой байна. Мөн хамт ажиллагсдын хувьд  их өндөр мэдлэг боловсролтой, хүмүүс байдаг учраас тэднээс сурч мэдэх  зүйл их байдаг шүү.  Хамгийн гол нь эхэлчихсэн уурхайд ажиллах, уурхай эхлүүлж ажиллах гэдэг өөр зүйл гэдгийг их ойлгож байгаа.

- Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Өөрийн чинь хувьд мэргэжлээрээ ямар үед бахархаж урам зориг авдаг вэ?

Инженерийн ажил  гарт баригдаж, нүдэнд харагдах зүйлийг хийдэг учир хийсэн ажлынхаа ард нь гарч үр дүнг нь мэдрэх л хамгийн сайхан

Хийж байгаа ажил маань ганцхан миний хөдөлмөрөөр бий болдоггүй. Маш олон хүний хүч хөдөлмөр, хөлс урсдаг болохоор л илүү том үр дүнд хүргэж, цаашлаад улс оронд хэрэгтэйгээр ашиглагддаг учраас тэр байдлыг хараад их эрч хүчийг авдаг. Үүний зэрэгцээ би гэдэг хүн илүү хариуцлагатай байх ёстой юм байна гэх бодлыг ч төрүүлдэг.

- Уул уурхайн ажил хөдөө ихэнх цагийг өнгөрүүлж ажилладаг болохоор хувийн амьдралдаа цаг гаргах гэдэг илүү үнэтэй байх тийм үү?

- Тийм ээ. Би гурван настай хүү, эхнэртэйгээ амьдардаг. Өөрийн чинь хэлснээр ажлын онцлогоос шалтгаалаад ихэнх цагаа хөдөө өнгөрүүлдэг. Тэгэхээр амралтаар олдож буй цаг хугацаа надад их үнэтэй. Ажлаа тарчихаад гэртээ ороод эхнэр хүүхдээ тэврэх,  намайг хүлээгээд угтах тэр мэдрэмж бүгд надад амьдралын утга учрыг, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлдэг юм. Ийм учраас өөрийн эрхгүй л цаг хугацаа гэдэг ямар үнэтэй зүйл вэ гэдгийг мэддэг. Ийм зүйлийг мэдрэхэд тусалж намайг ойлгоод дэмждэг эхнэр хажууд байна гэдэг бас сайхан. Ер нь тэгээд хүн ажиллах цагтаа хамгийн сайнаар нь ажиллаж, амрах цагтаа сайн амрах нь л чухал байх. Тэгээд залуу хүн учраас хажуугаар нь найз нөхөдтэйгээ ч гэсэн уулздаг шүү. /Инээв/

- Уул уурхай гэхээр иргэдийн бухимдлыг төрүүлдэг зүйл цөөнгүй байдаг. Харин өөрийн чинь хувьд мэргэжлийн хүн нь учраас арай өөрөөр хардаг байх тийм үү?

- Найз нөхдөөс эхлээд олон хүмүүс "Уул уурхайн инженерийн хувьд энэ салбарыг юу гэж боддог вэ" гэж их асуудаг.  Канад улсын хувьд  Монголтой адил уул уурхайн орон болохоор уул уурхайгаас ямар үр шим авдаг талаараа ард иргэд нь сайн. Харин Монголоо харахаар ард иргэд маань буруу ташаа мэдээллүүдийг их авдаг. Нэмээд зарим нэг мэргэжлийн бус уул уурхайн салбарынхны буруутай үйлдлээс болоод уул уурхайн салбарын үр шимийг нь төдийлөн сайн ойлгодоггүй сөрөг хандлагатай байдаг санагддаг. Өөрөөр хэлбэл уул уурхай гэхээр л ухаад аваад явчихдаг гэх ойлголт массад байдаг. Гэхдээ бодит байдал дээр ухах гэдэг үгийн цаана их том ажил, олон хүний хүч хөдөлмөр, үр шим,  нөхөн сэргээлт, шинэчлэлт, бүтээн байгуулалт гээд олон зүйлс бий болдгийг хүмүүс мэдэж эерэгээр хүлээж аваасай гэж боддог. Хүн мэдлэгтэй байж ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг зөв ойлгох их чухал. Тэгэлгүй хэн нэгнийг дагаад өөрийн бодлоо хаяад явж болохгүй байх. Нэмж нэг зүйл хэлэхэд би  Канадад сурдаг байхдаа давхар бакалаврын оюутнуудад туслах багш хийдэг байсан юм. Тэр үед оюутнууд надаас Монголын уул уурхай, Оюутолгойн төслийн талаар их олон зүйл асуудаг байсан. Нэг ёсондоо Оюутолгойн төсөл нь дэлхийн хэмжээний төсөл учраас тэр байх. Энэ төслийг мэдэхгүй оюутнуудыгаа их гайхаж, "яагаад чи одоо болтол энийг мэддэггүй байна" гээд их гайхдаг байсан. Үүн шиг манай залуучууд ч гэсэн улсдаа хэрэгждэг том төслүүдийг сонирхдог байх гэж боддог.

- Өөрийн чинь хувьд ажиллаж, амьдрахдаа ямар зарчим баримталж амьдардаг вэ? 

- Би  их сүртэй зарчим гэж баримталдаггүй. Зүгээр л дотроо боддог зүйл гэвэл ямар ч зүйлд хариуцлагатай байх гэж их хичээдэг. Яагаад гэвэл ажлын талбар дээр олон хүн хөдөлмөрлөж байдаг учраас ганц надаас болоод, миний хариуцлагагүйгээс болоод алдаа гарвал бусад хүний хөдөлмөр зүгээр л салхинд хийсэхтэй адилхан. Бас миний өөртөө хэлэх дуртай үг бол эзэн хичээвэл заяа хичээнэ гэх сайхан бас үнэн үг бий. Үнэхээр хүн чин сэтгэлээсээ зориод хичээхэд боломжгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй санагддаг юм. Тиймд чадах бүхнээрээ л хичээх ёстой.

-  Өөрийн чинь хувьд ямар нэгэн зүйлийг зорьж хамгийн их хичээж байсан ямар үе вэ?

- Ямар нэгэн юмыг сурахад заавал хичээл зүтгэл гарч байж эерэг үр дүн гардаг. Миний хувьд би тэтгэлэг авахын тулд гадаад хэл сайн сурах ёстой гэж бодоод тэтгэлэг авахынхаа өмнө л их хичээж байсан. Тухайн үедээ олдож байгаа цаг заваа зөв ашиглавал би хожиж чадна гээд ажил дээрээ завсарлагаанаар нь дүрмийн ном бариад суучихдаг. Гэртээ ирээд англи хэлний дүрмээ харж үгээ цээжилчихээд унтдаг байлаа. Бас ОХУ-д сурч байхдаа орос хэлээ чамгүй сайн сурсан гэж боддог шүү. Хэл сурахдаа дуртай зүйл дээрээ тулгуурлаад сурвал илүү хурдан сурдаг гэдэг үнэн юм байна лээ. Би кино үзэх их дуртай болохоор  англи хэл дээр кинонууд их үздэг байсан. Хэл сурах гээд байгаа зорилгоо л зөв тодорхойлчихвол сурах төлөвлөгөө гаргахад илүү амар байдаг юм билээ. Миний зорилго уул уурхайн салбарын томоохон сургуульд мастерт суралцаад дараа нь том компанид мэргэжлээрээ ажиллах байсан болохоор зорилго маань илүү тодорхой байсан гэж хэлж болно. Одоо ч гэсэн хэмжээндээ хичээж л явна. /Инээв/ Бас би эхнэртэйгээ нийлээд нээлттэй мэдлэг олгодог програм зохиохоор төлөвлөж байгаа. Энэ нь хүмүүс янз бүрийн танин мэдэхүйн мэдээллийг нэг дороос авахад туслах юм. Гадаадын оюутнуудын олон талын мэдлэгийн хүрээ их өндөр санагддаг.  Монгол залуучууд маань ч гэсэн олон талын цогц мэдлэгийг нэг дороос авчихдаг бол амар шүү дээ.

- Ойрын 5 жилийн хугацаанд тавьсан зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

-Одоо ажиллаж байгаа төслөө амжилттай дуусгаж, үр шимийг нь  үзэх л ойрын зорилго байна. Мөн төслийн хувьд ашиглалт руугаа бүрэн орохын тулд хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зориод явж байна.

- Уул уурхайн инженерээр суралцаж байгаа, суралцах гэж байгаа залууст хандан юу гэж зөвлөх вэ?

- Олон жил ажилласан, илүү туршлагатай мундаг хүмүүсийн хажууд миний зөвлөгөө ч юу ч биш байх. Мэргэжлийнхээ үнэ цэнийг их ойлгох хэрэгтэй гэж хэлэх нь зөв байх. Мөн өмнө нь бол уурхайн ажил их хүнд, голдуу эрчүүд давамгайлан ажилладаг ойлголттой байсан. Харин одоо бол энэ ойлголт өөр болсон. Тухайлбал, энэд гүний уурхай нь   хамгийн аюулгүй хэлбэрээр ажиллахыг зорьдог учраас эмэгтэй уурхайчид, инженерүүд ч гэсэн их ажилладаг. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тухайн хүн өөрөө л сурах гэж байгаа мэргэжилдээ хайртай байхын зэрэгцээ сайн суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байхад хүнд хэцүү гээд айх зүйл огт байхгүй. Хүн өөртөө хүнд хэцүү гэдэг үгийг зүгээр л шалтаг болгоод урдах замаа хаагаад байдаг санагддаг. Би хэрвээ одоо оюутан байсан бол мэргэжлээсээ гадна давхар өөр зүйлсийг сурах байсан. Тухайлбал, уул уурхайн салбарт  шинэ, шинэ технологиуд орж ирэн хурдтай хөгжиж байгаа тул инженерүүд тухайн ажиллаж байгаа тоног төхөөрөмж, програмаа мэддэг байх шаардлагатай. Тиймд тал бүрийн мэдлэгийг инженерийн мэдлэгтэйгээ уялдуулж сурах байх гэж боддог. Жишээ нь програмын хэл, кодыг сайн сурах хэрэгтэй. 

- Ярилцлагын төгсгөлд Монголын ирээдүй болсон залуучууддаа хандан юу гэж хэлэх вэ?

- Канадад сурч байхад оюутнуудынх нь улс орны явдал болон аливаа зүйлд санаа тавьж анхаарал хандуулж байгаа хандлага нь, жижиг ч зүйл байсан түүнийгээ чанартай хийж гүйцэтгэх гэж хичээдэг. Юмыг аргалж хийж сурах биш чанартайгаар гардаж хийн тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмүүлж байдаг нь зан  их таалагдаж байсан. Бодоод байхад ажлыг халтуурдаж хийнэ гэдэг өөрийгөө хүндлэхгүй байгаа хэрэг байх. Би хүртэл тэр байдлаас нь  их суралцаж байсан. Гэхдээ манай улсад ч гэсэн  үнэхээр хийж, бүтээе гэсэн мундаг, бахархмаар залуучууд  их олон байна лээ. Залуучууд бид л улс орныхоо ирээдүй учраас хийсэн юмандаа эзэн нь болж, хийж бүтээж байгаа нэгнээ дэмжих хэрэгтэй. Би ч гэсэн хувьдаа чадах бүхнээ дайчлаад хичээх болно гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.95.131.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Билгүүн (139.5.217.41) 2018-12-20 10:26:06
Мундаг шүү найз минь илүү их амжилт хүсье