Gremix: Youtube дээр 1 сая захиалагчтай болж, дэлхийд танигдахыг зорьж байна

Интернет орчинд хамгийн олон дагагчтай контент бүтээгчдийн нэг М.Ганбаярыг "Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагын зочноор урьж, уулзаж ярилцлаа. "Gremix" нэрээр олонд танигдсан тэрбээр өөрийн Youtube сувагтаа 155 мянган дагагчтай билээ.

-Одоо ямар ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ ?

 -Одоогоор албан ёсны, гэрээт ажил тогтмол хийхгүй байгаа. Гэхлээ бичлэг дээрээ л төвлөрч ажиллаж байна гэж хэлж болно. Өөрийгөө сорьж, өөр жанрын бичлэг хийж, туршиж үзэх бодолтой байна. Шинэ төрлийн контент дээрээ л ажиллаж байна гэж хэлж болно. Би бүтэн цагаар Youtube дээр ажилладаг болохоор ихэвчлэн л гэртээ байдаг. Бичлэг хийхийн хажуугаар өөр ажлууд ч гарч ирдэг. 

 -Цагаа хэрхэн хуваарилж ажилладаг вэ ?

 -Би эрт сэрхийг эрмэлздэг. Эрт сэрхээр өдөр ч удаан өнгөрч олон зүйл амжуулна. Даана ч би шөнийн цагаар өдөр байдгаасаа илүү бүтээлч байдаг. Шөнө суугаад бичлэгээ янзлах үед маш хурдан, илүү бүтээмжтэй ажилладаг. Гэхдээ шөнө ингээд ажиллахаараа өглөө сэрж чаддаггүй. Би аль болох бага унтахыг хүсдэг.

 -Амьдралд юунаас хамгийн их тайвшралыг авдаг вэ ?

 -Гэртээ ямар ч асуудалгүй, илүү дутуу зүйл бодохгүй, компьютер дээрээ ажлаа хийгээд эсвэл кино үзээд сууж байхад хамгийн тайван байдаг. Мөн энэ үед гэрийнхэн минь байвал бүр ч тайван.

 -Алдаад бүтэлгүйтэж сургамж авсан түүхээсээ хуваалцахгүй юу?

 -Би цаг хугацаа их алдсан. Одоо үед хүүхдүүд 14, 15 наснаасаа л ирээдүйгээ төлөвлөөд, олон хэлээр ярьж, олон зүйл сурчихдаг. Миний хувьд 20 нас хүртлээ урсгалаараа явсан. Сургуулиа төгсөөд, ЭЕШ өгсөн. Оноо минь таарсан сургуульд ороод. Мэргэжлээ ч гэсэн хараад л энэ дажгүй юм байна гээд л сонгочихсон. Ингэж урсгалаараа явсаар 2 дугаар курсдээ л өөрийнхөө хийх дуртай зүйлийг олоод, энийг хийх ёстой гэдгээ мэдсэн. Үүнийг ухаарсан цагаасаа хойш зогсолтгүй хийж байгаадаа баяртай байдаг. Мөн цаг хугацаа тун чухал гэдгийг ойлгосон.

 -Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэр анхаардаг вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

 -Өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаардаг. Хүн болгон л анхаардаг шүү дээ. Гэхдээ анхаарахдаа биш хийхдээ л гол учир нь байгаа. Үр дүн л чухал. Чөлөөт цагаараа кино, аниме, драма үзэх дуртай. Хүмүүстэй кино театрт үзвэл бүр ч гоё. Даана ч ихэнх тохиолдолд ганцаараа л үздэг дээ. 

-Авч байсан хамгийн том урам зориг юу байв. Мөн хэнээс илүү их урам зориг, эрч хүчийг авдаг вэ?

 -Би хэн нэгэн хүнээс гэхээсээ илүү дүрүүдээс урам зориг авдаг. Супер баатрууд болон анимегийн дүрүүдээс мотивац авах нь бий. Жишээ нь Spiderman-с би урам зориг авдаг. Хааяа гунигласан үед олон зүйлс утгагүй санагддаг шүү дээ. Энэ үед Spiderman үзэхээр гуниглахаа больж урам зориг, эрч хүч авдаг. Spiderman, Гоку, Наруто гээд л олон сонирхолтой, урам хайрладаг дүр бий. Харин яг миний хийдэг ажлын дагуу урам зориг авдаг хүмүүс гэвэл гадаадын алдартай Youtube-чид. Жишээ нь PewDiePie, jacksepticeye, Anwar Jibawi, Rudy Mancuso. PewDiePie, jacksepticeye хоёр нэг нь Ирланд нөгөөдөх нь Швед хүн. Том сэтгээд дэлхийн хэмжээнд хүмүүст хүрэхээр контент бэлтгэдэг нь бахархмаар. Хааяа хийх юм олдохгүй, санаа орж ирэхгүй үед энэ хүмүүсийг үздэг. Санаа авж, дууриадаггүй ч урам зориг авдаг юм. 

-Хэцүү үеээ хэрхэн даван туулдаг вэ?

-Ямар нэгэн зүйл хийх гэхээсээ илүү зүгээр л кино үздэг. Жишээ нь гуниглсан үедээ гунигтай кино үздэг. Кино, драма, аниме 3 үзээд байхад хэд хоноод тэр зүйлс маань мартагдчихдаг. Бааранд орж бүжиглэх, эсвэл архи уух зэрэг зүйлсийг хийж давж туулдаггүй. Зүгээр л байж байхад л хэцүү мэдрэмж аяандаа байхгүй болчихно.

 -Залуу хүний зүгээс залуучууддаа хэлэхийг хүсдэг зүйл бий юу? Үүнийг өөрчилчих юмсан эсвэл энийг залуус минь мэдээсэй гэж боддог зүйлсийнхээ талаар бодлоо хуваалцаач?

-Үйлдлээ хийхээсээ өмнө сайн бодож байгаад хийгээсэй гэж хэлмээр байна. Хааяа энэ хүн яагаад ингээд байгаа юм бол гэж бодмоор үе гардаг. Тархиа ажлуулаад, ухаалаг байж, бие биетэйгээ найрсаг байгаасай гэж хүсэж байна.

                                                                                        Gremix -ийн хамгийн олон хандалттай бичлэгүүдийн нэг

 -Хамгийн сүүлд уншсан номынхоо талаар, түүнээс онцлох санаа юу байсан бэ?

 -Би ер нь ном уншдаггүй. Medium дээр байгаа хүмүүсийн нийтлэлийг унших дуртай. Номтой харьцуулахад жижиг ч гэсэн хувь хүмүүсийн бичсэн юм сонирхолтой байдаг. Харин ном уншихаар бол спортын ном л уншина. Хамгийн сүүлд хөлбөмбөгчин Луис Суарезийн намтар номыг уншсан. Хүн болгон төрөхдөө мундаг хөлбөмбөгчин болж төрдөггүй. Хичээгээд тэмцвэл харин бүх зүйл боломжтой гэдгийг ухаарсан. Мөн тамирчин биш хувь хүн талаас нь харуулж өгснөөрөө их сонирхолтой. Одоо хүртэл дэлхийн шилдэг тамирчдын нэг шүү дээ. Миний хөгжөөн дэмждэг Ливерпүүл багт тоглодог байсан болохоор энэ номыг сонгож уншсан. 

-Залуучууддаа хандаж юу гэж хэлж, уриалмаар байна вэ?

 -Үеийнхээ залууст хандаж бүгдээрээ дуртай юмаа зогсохгүйгээр хийцгээе гэж  уриалмаар байна.

 -Амжилтад хүрэх гэдгийг та хэрхэн ойлгож тодорхойлдог вэ?

-Зорьсондоо хүрсэн хүн нь амжилтад хүрсэн хүн бол хүрч чадаагүй нь амжилт гаргаагүй хүн гэсэн үг. Гэхдээ зорьсон юм нь ямар байх нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Хувь хүн төсөөлж байсан амжилтаа гаргаж, сэтгэл хангалуун байгаа бол жижиг зүйл байсан ч тэр бол амжилтад хүрсэн гэсэн үг. Бусад хүмүүс тэр хүнийг амжилтад хүрснийг тодорхойлохгүй. Тухайн хүний л асуудал.

Youtube дээр нэг сая захиалагчидтай болж, дэлхийд интернетээр танигдахыг зорьж байна.

-Ойрын 5 жилийн алсын хараа юу байна вэ?

-Юуны түрүүнд хэлээ сайжруулна гэж бодож байна. Зөвхөн монгол хүмүүст зориулсан биш, дэлхий даяар үзээд ойлгох боломжтой контент хийнэ. Ямар төрлийн контент гэдгээ хараахан шийдэж амжаагүй байгаа. Youtube дээр нэг сая захиалагчидтай болж, дэлхийд интернетээр танигдахыг зорьж байна. Хэрвээ тэр үед сонирхол маань хэвээрээ байвал найруулагч эсвэл зураглаачаар гадагшаа сурч өөрийгөө улам илүү хөгжүүлнэ.

-Залуу хүнийхээ зүгээс манай нийгэмд өөрчлөгдөх шаардлагатай гэж бодсон гурван зүйлийг онцолж болох уу?

-Орчин үеийн залуус маань соёлтой болсон. Хогоо хогийн саванд хаях зэрэг наад захын юмыг нэг үеээ бодвол хэлүүлэлтгүй соёлтой болчихсон. Харин хэлмээр байгаа зүйл гэвэл мэдэхгүй зүйлсээ мэддэг юм шиг ярих хэрэггүй. Жишээ нь хүнийг гадна төрхөөр нь дүгнэх. Гаднаасаа хүйтэн харагдаж байвч, дотроо дулаахан хүн гэдгийг харьцаж үзтэлээ мэдэх боломжгүй. Иймэрхүү бодлоо бусдад тулгаж болохгүй. Хоёр дах нь гэвэл бие биетэйгээ хүндлэлтэй, сайхан харьц. Муухай харьцаатай хүнийг үнэлэх үнэлэмж доогуур байдаг. Сүүлд нь хэлэхэд хүмүүс хоорондоо нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Сэтгэл хөдлөлөө бусдад харуулахаасаа битгий айж, ичээсэй. Би өөрөө нээлттэй байж чаддаггүй. Гэхдээ нээлттэй байх гэж их хичээдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ur mom gay (64.119.24.170) 2018-12-20 22:43:46
outlastaa duusgalda thu haha
даваажаргал (202.21.106.133) 2018-12-17 20:56:59
outlast2 duusgaachee hhaah
1 (103.57.94.54) 2018-12-17 20:48:03
%3Cscript%3E alert%28%22Gremix%22%28%3B%3C%2Fscript%3E