Р.Эрдэнэтулга: Өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлж байгаа цагт амжилтад хүрэх нь гарцаагүй

N24 сайтын “Залуусын дуу хоолой” цуврал ярилцлагын булангийнхаа энэ удаагийн зочноор Р.Эрдэнэтулгатай ярилцлаа.

Тэрээр Америкийн Brown их сургуулийг төгсөж,  Morgan Stanley-д ажиллаж байсан туршлагатай ба одоогийн байдлаар Монгол улсдаа  RVJ capital  буюу санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид дэд захирлаар  ажиллаж буй нэгэн юм.

- Сайн байна уу. Одоогийн байдлаар ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

- Сайн. Сайн байна уу.  Би гадаадад ес гаруй жил сурч, ажиллаж байгаад Монголдоо ирээд нэг жил болох гэж байна. Одоогийн байдлаар RVJ capital гэх санхүүгийн зөвлөх байгууллагад мэргэшсэн мэргэжлийнхээ дагуу дэд захирлаар нь ажиллаж байна.

- Ямар мэргэжлээр мэргэшсэн бэ?  Мэргэжлээ хэрхэн сонгож байсан талаараа хуваалцаач?

- Би арван жилээ 2009 онд Сант сургуулийг төгсөөд, дараагаар нь Дэлхийн арван гурван салбартай Дэлхийн нэгдсэн коллежийн Англи дахь салбарт хоёр жилийн хугацаанд суралцсан юм. Тухайн үед коллежид сурдаг хүүхдүүдийн ихэнх нь Дэлхийн том их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй байсан тул материалуудаа явуулдаг байсан. Би ч  гэсэн бусдын адил Америк, Канад, Английн томоохон сургуулиуд уруу материалуудаа явуулж тэнцсэн хариу хүлээн авсан. Тэнцсэн  сургуулиудаасаа сонголт хийсний эцэст Америкийн “Brown University”-ийг сонгож, анх  физик инженерээр сурч эхэлсэн юм. Гэтэл 2012 оны зун Монголд амралтаараа ирээд санхүүгийн байгууллагад дадлага хийх боломж олдсон. Тухайн үед манай улсын эдийн засаг 17 хувьд хүрсэн буюу эдийн засгийн өндөр  өсөлттэй жил байж таарсан. Гадаадын хөрөнгө оруулалтууд ч ихээр орж ирэн Монголын томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн гээд эдийн засгийн хувьд үнэхээр таатай цаг үе байсан. Том төслүүд дээр заавал санхүүгийн дотоодын зөвлөх байгууллага ажиллах шаардлагатай байдаг тул дадлага хийж ажилласан нь миний хувьд их зүйлийг сурах боломж байсан хэрэг. Ингэж өнгөрүүлсэн хугацаанд Монголынхоо эдийн засаг, орчин байдал, санхүүгийн талаар болон төслийг санхүүжүүлнэ гэдэг ямар том ажил мэргэжил болохыг ойлгоод амралтаа дуусгаад буцсан юм. Энэ нь миний хувьд сурах мэргэжлээ дахин бодоход хүргэж, улмаар санхүү эдийн засагт татагдаж  Brown University -д  тоо, эдийн засгийн мэргэжлээр суралцаж төгссөн.

- Мэдээж хэрэг гадааддаа ажиллаж амьдраад хангалттай сайхан амьдрах боломж, бололцоо байсан л байх. Тэр сонголтнуудаас татгалзаж, Монголдоо ирж ажиллах болсон шалтгаан нь юу байсан бэ?

- Гадаадад суралцахаар явдаг хүүхдүүд өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин миний хувьд сурах юмаа сурчихаад  эх орныхоо хөгжил дэвшилд чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулахыг хүссэн

Америк хүний мөрөөдөл нь сайн сургуульд орж, сайн компанид ажиллах байдаг. Өөрөөр хэлбэл томоохон технологийн, хөрөнгө оруулалтын компаниудад орж туршлага хуримтлуулж,  сайн түнш, сайн менежер болох мөрөөдөл. Харин миний хувьд тийм мөрөөдөл хэзээ ч байгаагүй. Хэдийгээр их сургуулиа төгсөөд шууд Монголдоо ирж ажиллах боломж байсан ч шууд ирээд ажиллана гэдэг нь учир дутагдалтай санагдсан. Монголын том төслүүд дээр өөрийнхөө хувь нэмрийг оруулъя, үнэхээр сайн ажиллая гэж байгаа бол би гадны хөрөнгө оруулалттай компаниудын яаж ажилладаг, хөрөнгө оруулалтын хэлбэр нь ямар байдаг, төслийн санхүүжилт нь хэрхэн явагддаг тухай гэх мэт олон талын практик мэдлэгтэй болох шаардлагатай байсан. Тэр утгаараа төгссөн даруйдаа хөрөнгө оруулалтын Morgan Stanley компанид ажлын гараагаа эхлүүлсэн. Ийнхүү Дэлхийн хөрөнгө оруулалтын компанид ажилласнаараа дэлхийн томоохон компаниуд удирдлагын хэмжээнд хэрхэн шийдвэр гаргадагт суралцсан. Харин старт апуудад ажиллах хугацаандаа шинэлэг санааг хэрхэн ажил хэрэг болгох тал дээр суралцсан юм.  Эдгээр нь намайг Монголдоо ирж ажиллахад нөлөөлсөн байх. 

- Одоо ажиллаж буй  RVJ  капиталын хувьд бусад санхүүгийн зөвлөгөө өгдөг байгуулагуудаас юугаараа онцлог вэ?  

- RVJ капитал нь 2010 онд байгуулагдсан төслийн санхүүжилт, сангийн удирдлага, хөрөнгө оруулалтын банкны практикт хайбрид үйл ажиллагаатай байгууллага юм. Манай байгууллагын хувьд Монголын эдийн засгийг оновчтой болгох алсын хараатай,  өндөр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, төрийн болон хувийн төслүүдийн зохион байгуулалттай санхүүжилт хийх,  орон нутгийн болон олон улсын харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгч,  гадны хөрөнгө оруулалтыг Монголынхоо жижиг, дунд гэлтгүй бүхий л төслүүдэд хамгийн ашигтай байдлаар оруулж ажиллах зорилготойгоор илүү өргөн цар хүрээтэй ажилладаг. 

- Нийгэмд залуу захирлууд ихээр төрөн гарч ирж байгаа. Энэ нь  нэг талаараа сайн хэрэг шүү. Харин өөрийн чинь хувьд залуу захирал туршлагагүй гэх сөрөг хандлагын тухайд ямар бодолтой байдаг вэ?

- Би одоо 26 настай. Сүүлийн дөрвөн жил Америкт ажиллах хугацаандаа бусдаас олж авсан туршлагын хувьд арай онцгой байж магадгүй. Америкт ажиллаад том албан тушаалтай хүмүүстэй харьцахад миний насны 26,27-той залуучууд өндөр албан тушаал хашиж, томоохон бизнес эрхлэгчид болсон тохиолдол их байдаг. Тэр байдал нь  ч хүлээн зөвшөөрөгдөхөөр хэмжээний боломжтой зүйл юм. Хэдийгээр энэ хандлага уламжлалт салбарууд дээр төдийлөн их мэдрэгддэггүй ч технологийн салбар дээр хүчтэй мэдрэгдэж байгаа төдийгүй IPO хийгээд кампани нь өндөр үнэлгээнд хүрсэн залуучууд олон байна. Тиймд миний бодлоор  залуу хүмүүс ихийг хийж бүтээх цаг нь ирж байгаа биш аль хэдийнээ ирчихсэн гэж хэлмээр байна. 

- Өнөөдрийн энэ сууж байгаа Эрдэнэтулга бий болоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

- Олон зүйл бодогдож байна. Дүгнээд хэлэхэд зорилгоо урдаа тавьж, зорилгодоо зориулан түлхүүр зуршлуудыг бий болгосон явдал байх.  Мэдээж хэрэг хүн болгон л том зорилго урдаа тавьдаг. Гэхдээ тавьсан бүхэн нь зорьсондоо хүрээд байдаггүй шүү дээ. Миний хувьд тавьсан зорилгынхоо төлөө түлхүүр зуршлыг амьдралдаа бий болгох гэж их хичээсэн.

- Түлхүүр зуршил гэдгээ арай илүү тодруулж тайлбарлаач?

- Зорилгынхоо төлөө өөртөө түлхүүр зуршлуудыг суулгаж чадвал өөрийн эрхгүй жижиг дагавар зуршлууд бий болдог.  Тухайлбал,  хүн өдөрт заавал дасгал хийх хэрэгтэй гэж бодоход дасгал хийх нь ганцхан зуршил мэт боловч дасгал хийснээр ажил дээрээ илүү эрч хүчтэй болох, гэр бүлийн харилцаа нь сайжрах, идэвхтэй амьдралын хэв маягт суралцах, эрүүл хооллох гэх зэрэг  олон дагавар зуршлууд бий болж байгаа юм. Би хувьдаа  нэг өдөрт, долоо хоногт, сард юу хийж бүтээх, жилийн дараа хаана хүрсэн байх зэрэг зорилтуудаа тавьчихаад түүндээ түлхүүр зуршлуудыг  бий болгох гэж хичээдэг.

- Тэгвэл өөрийн чинь хувьд хамгийн сайн хэрэгжүүлдэг түлхүүр зуршил юу вэ?

- Төлөвлөгөө гаргах зуршилтай. Энэ нь багаасаа шатар тоглодог болсонтой холбоотой гэж боддог. Тэр утгаараа ямар нэгэн том зүйлд шийдвэр гаргахдаа  үе шатлалтайгаар сэтгэл хөдлөл багатайгаар гаргахыг хичээдэг юм.

- Залуу хүн амжилттай явахад юу чухал гэж боддог вэ?

-Өнөөдөр олон залуучууд их амжилттай явж буй шалтгаан нь сайн ментортой байдаг болохоор тэр гэж боддог.  Би ч гэсэн хувьдаа том шийдвэр гаргахдаа зөвлөгөө авдаг менторууд бий. Учир нь том шийдвэрт хүрэхийн тулд миний өнөөдрийн энэ туулсан туршлага хангалттай хүрэлцэхгүй байж болно. Тиймээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар ч том амжилтад хүрсэн хүн шулуун замаар саадгүй явсан байж таарахгүй тул  миний туулж буй саадны гарц нь хэрхэн харагдаж байгааг тэд мэдэж таарна гэж боддог. Тухайлбал, сайн сургуульд явахад ямар материал цуглуулж,  ямар шалгалт өгч,  яаж бэлдэх  ёстой зэрэг би өөрөө хийж үзээгүй хариултыг нь мэдэхгүй зүйлсээ бол илүү сайн асууж зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвлөгөө авч, асуухаас ичиж санаа зовох огт хэрэггүй. Надад үнэтэй зөвлөгөө харамгүй өгдөг хүмүүстээ их баярлаж явдагаа хэлмээр байна. 

- Ойрын 5 жилийнхээ зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ?

- Бодсон юм их л байна. Монголдоо ирсэн болохоор томоохон төслүүд дээр болон, санхүүгийн салбарт тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах бодол байна. Мөн манай улс одоогийн байдлаар ашигт малтмалаас хэт их хамааралтай учир энэ эдийн засгийн хамаарлыг нь багасгаж, солонгоруулах боломжийн талаар  ганц хоёр бодсон зүйл бий.  

- Өөрөөгөө хэр зэрэг нийгмийн идэвхтэй гэж боддог вэ? 

- Их сургуульд байхаасаа л нийгмийн идэвхтэй байхыг хичээсээр ирсэн. Америк дахь Монгол оюутны холбоо гэж байдаг. Холбоогоороо хамтран зун, өвөлдөө Монголдоо ирж бага, ахлах ангийн сургуулиудаар явж, дэлхийн том сургуульд орсон түүхээсээ ярьж хуваалцдаг үйл ажиллагаануудыг зохион байгуулж байсан. Харин төгссөнийхөө дараа 2009 онд байгуулагдсан залуу манлайлагчдын холбооныхоо ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байна. Залуу манлайлагчдын холбоо нь их сургуулиа төгсчихөөд дэлхий даяар таран ажиллаж, амьдарч буй Монголын мундаг залуучуудыг нэгтгэн Монгол улсдаа цаашид юу хийх талаар тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм. Үүний хүрээнд янз бүрийн хөтөлбөрийг явуулдаг. Тухайлбал, MYLP гээд залуу манлайлагчдын хөтөлбөрийг олон орноор явж зохион байгуулсан байдаг. Харин энэ жил анх удаа Монголдоо хийх бөгөөд нэг сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь өөр газруудад их хийдэг байсан нь залуучууд маань бүгд гадаадад байсан учраас тэр байх. Харин одоо би Монголдоо ирчихсэн, бас шинэ ерөнхийлөгч болсныхоо хувьд ямартай ч MYLP хөтөлбөрийнхөө хүрээнд Монголын хамгийн шилдэг  гэсэн 15-20 залуучуудыг өөрсдийнхөө сүлжээнд элсүүлэх юм. Ингэж элссэнээрээ дэлхий даяар тарсан байгаа 100 гаруй Монгол залуучуудтай нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх ховор боломж олдно. Дашрамд хэлэхэд их сургуулийн болон ажлын талбар дээр байгаа залуучууд маань  материалаа өгөхийг уриалж байна.  

- Өөрийн чинь хувьд хамгийн их хийх дуртай зүйл юу вэ?

- Би багаасаа л  шатар тоглодог байсан. Шатар бол миний амьдралын хамгийн том хэсэг. Ямар ч завгүй өдөр байсан  шатраа заавал тоглодог шүү.

- Амьдралдаа хамгийн их эрч хүч, тайвшралыг юунаас илүү их мэдэрдэг вэ? 

- Одоо уншиж байгаа номонд гарсан нэг ишлэлтэй би их санал нийлдэг.  Тэр нь “Хүн том амжилтад хүрэх үедээ л амьдралаас урам зориг, эрч хүч авна гэхээс илүүтэй тэрхүү том амжилтад хүрэхийн өмнө туулсан  жижиг хэмжээний ялалтуудаас эрч хүч авах ёстой. Учир нь тэр бүх жижиг ялалтууд, жижиг процессууд байсан учраас л өнөөдрийн том амжилт ирсэн хэрэг"  гэсэн утгатай ишлэл байсан. 

Тухайн амжилтад хүрэх нь олон жижиг амжилтуудаас бүрддэг бөгөөд амжилтад хүрэх уг процесс нь хамгийн их эрч хүч урам зоригийг өгдөг

- Ярилцлагын төгсгөлд залуучууддаа хандан хэлэх, уриалах зүйл байвал хуваалцаач?

- Амьдралын том зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байж  түүнийхээ төлөө үргэлж тэмцэж, урагшилдаг, чамд урам зориг өгөх өөдрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэж хэлэх байна. Хажууд чинь тийм хүмүүс сайн яваад байхаар би гэдэг хүн өөрөө хийж бүтээх сэтгэл нь өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Надад найз нараас маань мундаг явж байгаа олон хүн бий. Тэд нарыгаа харахаар их урам зориг авдаг. Өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлж байгаа цагт амжилтад хүрэх нь гарцаагүй. Магадгүй чи өөрийгөө манлайлагч гэж бодож болох ч чамаас илүү сая сая хүмүүс амьдралын чинь аль ч цаг мөчид байдаг. Тиймээс тэр хүмүүсээс их суралцаарай. Мөн дээр хэлсэн шиг түлхүүр зуршлыг амьдралдаа бий болгоорой. Хүн нэг өдрийн дотор том амжилтад хүрдэггүй учир жижиг ялалтуудаасаа урам зориг авч, урагшилж байгаарай гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.