“Lhamour” Д.Хулан: Амжилт ахих тутам бэрхшээлүүд дагаад улам томордог

N24 мэдээллийн сайтаас “Залуусын дуу хоолой” цуврал ярилцлагыг тогтмол хүргэж байгаа билээ.  Энэ удаагийн зочноор органик бүтээгдэхүүний “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч Ази-номхон далайн залуу шилдэг гарааны бизнес эрхлэгч шалгаруулалтын ялагч анхны Монгол эмэгтэй Д.Хуланг урьж ярилцлаа.  

 

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та болон “Lhamour” брэнд одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Миний хувьд одоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр төвлөрч ажиллаж байна. Бид монгол эфирийн тос үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэх гэж байна. Мөн цэвэр органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүнээс гадна шинээр үйлдвэрлэж буй гурван шинэ бүтээгдэхүүн бий. Түүнчлэн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх болон шинэ жил, цагаан сарын бэлгийн багцуудын захиалга авч байгаа. Хамгийн сүүлд Тайланд болон Австрали руу бүтээгдэхүүнээ экспортлохоор болж, нийлүүлэлтээ эхлүүлсэн. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд судалгаа, шинжилгээ их хийж байна.  

LHAMOUR- Өөрийгөө хайрла, Бусдыг хайрла, Эх дэлхийгээ хайрла

-Цагаан толгойг таван улсын хэлээр сурах боломж олгох төсөл эхлүүлж байгаа талаараа та цахим орчинд мэдээлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгч болох уу. Яагаад энэ төслийг эхлүүлэхээр болсон бэ?

-Манай брэнд нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. LHAMOUR-ийн уриа ч Өөрийгөө хайрла, Бусдыг хайрла, Эх дэлхийгээ хайрла шүү дээ. Тиймээс ч эрүүл мэндэд тустай, нийгэмдээ гэрэл гэгээ нэмэх бүтээгдэхүүн болон үйлчилгээг бид хэрэглэгчдэд санал болгодог. Мөн байгууллагын зүгээс залуучууд болон хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн нийгмийн ажил их хийдэг. Жишээлбэл энэ жил “Women in Business”, Women's Entrepreneurship Day Mongolia зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулсан. Энэ удаад хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа буюу цагаан толгойг таван улсын хэлээр зэрэг сурах боломжтой аппликейшн бүтээхээр ажиллаж байна. Одоохондоо уг төсөл дээр би ганцаараа ажиллаж байна. Бага хэмжээний хөрөнгө босгох шаардлагатай байгаа. Өнөөдөр манай боловсролын чанар олон улсын стандартаас хоцрогдсон байгаа нь яах аргагүй үнэн. Дэлхий ертөнц маш хурдацтай даяарчлагдаж, хөгжиж байгаа өнөө үед хүүхдүүд  бага наснаасаа эхлэн суралцаж, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж бодож, төлөвлөж эхлүүлж байгаа төсөл юм.

-“Lhamour” одоо хэдэн улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байна вэ. Гарааны бизнес гэхэд их олон улс руу экспорт хийдэг юм шиг санагддаг. Энэ боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Бидний хувьд үйл ажиллагаагаа эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзэж одоо тав дахь жилтэйгээ золгож байна. Олон улс руу экспорт хийж байгаа нь эхний хоёр, гурван жилдээ сууриа сайн тавьсны үр ашиг гэж бодож байна. Гарааны бизнесийн хувьд эхний гурван жил бол маш хэцүү үе гэж хэлж болно. Энэ үед маш их бэлтгэл ажил хийгдэж, бүтээгдэхүүний чанартаа анхаарсан. Харин өнөөдөр манай бүтээгдэхүүн өөрөө, өөрийгөө борлуулдаг болсон байна. Экспорт хийж буй дисбитюриуд нь тухайн хүнд өөрт нь бүтээгдэхүүн үр нөлөөгөө үзүүлсэн учир манай бүтээгдэхүүнд өөрсдийн цаг хугацаа, ажил амьдралаа зориулж байгаа ч гэж хэлж болно.

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард бид анхны экспортоо хийж Хонконг руу бүтээгдэхүүнээ гаргаж байсан бол одоо Тайланд, Тайван, Хонконг, АНУ, Австрали руу экспорт хийж байна. Канад руу гаргаж байсан ч зогссон. Одоо бид энэтхэг рүү экспортоо хийхээр ажиллаж байна.  Экспорт хийхийн тулд маш их бэлтгэл ажил хийдэг. Жишээлбэл, Тайланд руу экспорт хийхийн тулд хагас жил болсон. Одоо энэтхэг рүү гаргахын тулд бараг нэг жил орчим ажиллаа.

-Одоо “Lhamour” хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ. Та багаа бүрдүүлэхээс өмнө хэр удаан ганцаараа ажилласан бэ?

-Бараг жил хагасын хугацаанд ганцаараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулалтаа хийсэн. Одоо харин “Lhamour” 36 хүний бүрэлдэхүүнтэй болсон байна.

-“Lhamour” энэ амжилтанд хүрэхийн тулд их урт замыг туулсан байх. Энэ хугацаанд тохиолдсон хамгийн сургамжтай түүхээсээ хуваалцаж болох уу. Мөн залуу хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэж байна вэ?

-Өдөр бүр ажлаа хийж байх явцдаа олон зүйлийг сурдаг.  Би төгс хүн биш шүү дээ. Надад ганц байсан зүйл нь алсын хараа. Зорьсон зүйлдээ хүрэхийн тулд завсаргүй суралцаж явах хэрэгтэй болдог. Өөрийгөө байнга хөгжүүлж явахыг хичээдэг. Сургамжтай түүх гэвэл олон. Хамгийн гол нь л бууж өгч л болохгүй. Бэрхшээлтэй хэцүү асуудлууд тохиох нь ойлгомжтой учир даван туулах л ёстой. Амжилт ахих тутам бэрхшээлүүд дагаад улам томордог. Тиймээс хандлагаа өөрчилж бэрхшээлийг бэрхшээл биш боломж гэж хардаг болох хэрэгтэй болов уу. 

Энэ хугацаанд сурж авсан хамгийн том зүйл нь хэзээ ч бууж өгч л болохгүй. Угаасаа хэцүү болон бэрхшээлтэй зүйлүүд зөндөө болно. Бэрхшээлүүдийг даван туулах л ёстой.  Амжилттай байх тусам бэрхшээлүүд дагаад улам томордог. Хандлагыг л өөрчлөх л юм бол бэрхшээлийг бэрхшээл гэж авч үзэхээ больдог. 

-Бууж өгмөөр үе их байсан уу?

-Байна шүү дээ. Ерөөсөө л өдөр бүр бууж өгмөөр, хэцүү зүйл тохиолдоно. (инээв) Тиймээс л өөрөө өөрийгөө дайчилж, даван туулж, хичээх ёстой. Монгол Улс ямар эдийн засагтай билээ. Дээр нь ямар нөхцөлтэй билээ. Хэцүү шүү дээ. Саяхан ерөнхий боловсролын сургуулиудын дунд нэгэн судалгаа явуулсан байсан. Үр дүнд нь сургуулийн сурагчдын 40 орчим хувь нь хууран мэхлэх юм бол амжилтанд хүрдэг гэж хариулсан байна. Өнөөдөр нийгмийн хандлага ийм байна. Гэхдээ нийгмийн хандлага ийм байна гээд дагах бус өөрөө, өөрийгөө удирдаж, хандлагаа зөв байлгах хэрэгтэй. 

-Та төрийн байгууллагад ажиллаж байгаад хувьдаа гарааны бизнес эхлүүлсэн. Тиймээс төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ялгаатай талыг илүү тод ажигласан байх тийм үү?

-Би нэг жилийн хугацаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнд төрийн төслийг эхлүүлээд ажиллаж байсан. Ажлаа хүлээлгэж өгсөн. Миний оронд УИХ-ын гишүүн байсан нэг хүн очиж ажилласан. Гарааны бизнесийн хамгийн сайхан зүйл нь хурд. Хоёрт цэвэр өөрийнхөө зүйлийг хийж байгаа учир өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх боломжтой. Харин төрийн байгууллагын хувьд хурд байдаггүй. Бүх зүйл нь маш удаашралтай ажилладаг. 100 хувь өөрөөс хамаарах гэхээсээ бусдаас хамаарах ажил ихтэй. Төртэй хамааралтай байна гэдэг нь асар олон хүнтэй хамааралтай байна гэсэн үг болов уу. Тэр бүр өөрийнхөө хүссэн зүйлийг хийх боломжгүй. Гэтэл гарааны бизнес эрхлэгч entrepreneur байна гэдэг нь асуудлыг олж харсан бол шийдлийг маш хурдан олж, өөрийн бодож санасан зүйлээ хэрэгжүүлж, өөрийнхөө хүсч мөрөөдсөн зүйлийг бодит болгох боломжтой байна гэсэн үг. “Lhamour” бол миний бодож санасан, төсөөлсөн, мөрөөдсөн, хийсэн бүхний минь толь. Анх ганцаараа байсан бол одоо хамт олонтой болсон. Хамт олон минь яг л миний гэр бүл шиг байж, бид өөрсдөө соёлоо бүрдүүлж байна. Энэ бол өөрийн бизнестэй байхын хамгийн сайхан зүйл нь гэж бодож байна.

-Залуу хүнийхээ хувьд манай нийгэмд зайлшгүй өөрчлөгдөөсэй гэж боддог асуудал бий юу. Дан ялангуяа бизнесийн салбарт...?

-Манай компани 4 жил төрийн дэмжлэггүйгээр явлаа. Гэхдээ төрийг дэмжлэг үзүүлэх ёстой гэж хэлж байгаа юм биш. Ерөөсөө л төр өөрөө бизнес эрхлэгчдэд саад болохгүй байх хэрэгтэй. Гэтэл төр өөрөө бизнес эрхлэх гэж яваа олон залууст саад болдог нь харамсалтай. Нарийн зүйлүүдийг бид өөрсдөө аваад явдаг. Төрийн зүгээс зөвхөн зөв бодлогоор дэмжиж ерөнхийд нь аваад явах ёстой болов уу. Бид хувийн хэвшил, жижиг байгууллага хэдий ч өөрсдийн хэмжээнд нийгэмдээ эерэг өөрчлөлтүүдийг авчрахаар ажиллаж байна. 

-Бизнес эрхлэгч хүнийхээ хувьд ямар саад байдаг талаар хэлж болох уу?

-Төртэй холбоотой шийдвэрлэх асуудал дээр асар их удаашралтай болдог. Ажлын бүтээмж ч эрс буурдаг.  Хүнд сурталтай байдаг. Үүний дээр төрийн зүгээс дэмжсэн нэгдсэн бодлого байдаггүй. Жишээлбэл гарааны бизнес, том компани хоёр ижилхэн татвар төлдөг бол утгагүй асуудал. Бодлогын хүрээнээс гадна зүгээр л нэг бичиг баримт авах хэрэгтэй болоход ч гацчихдаг. Гарааны бизнес эрхлэгч өдөрт хэдэн арван ажил амжуулахын тулд хичээж ажилладаг. Гэтэл ганц бичгийн төлөө өдрийн тал цагаа алдана гэдэг харамсалтай санагддаг. Иймэрхүү хүндрэлүүд их л дээ.

-Гарааны бизнес эрхлэх гэж буй залуустаа хандаж төртэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх дээр зөвлөгөө өгөхгүй юу?

-Энэ асуудал өөрөө хоёр талтай болов уу. Төрийн байгууллага асар олон хүнтэй ажилладаг учраас ачаалалтай байдаг. Тиймээс хүндрэлтэй байсан ч хичээж ажиллаад харуулах зүйлтэй, хэлэх юмтай болох хэрэгтэй. Үнэхээр өөрсдийгөө харуулж чадвал төртэй хамтран ажиллах боломж бүрддэг. Тиймээс хэцүү зүйл гарвал шантарч болохгүй. Давж гарах арга замыг л эрэлхийлэх хэрэгтэй. Бизнес бол хүнээс хүнд хүрдэг харилцаа. Төрийг төр гэж нэрлэж байгаа ч цаана нь хүн л бий. Хэчнээн ядаргаатай, төвөгтэй, хүндрэлтэй, чирэгдэлтэй байсан ч тэд ажлаа хийж л байгаа хүмүүс учир хүндэтгэлтэй хандах ёстой. Цаанаа бүхэл бүтэн систем яваа шүү дээ. Бизнес хийх гэж байгаа бол айж, эмээж болохгүй. Хэрвээ чи гэм хийгээгүй л бол шүү дээ. Үргэлж үнэнч шударгаар явбал бүх зүйл боломжтой болдог.

-Залуус боломжоо хэр сайн ашиглаж чаддаг гэж та бодож байна. Гадагшаа  гаргах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр их байна гэж та харж байна?

-Монголд маш их боломж бий. Бидэнд юу л байна түүхий эд бий. Гэхдээ бид түүхий эдээ тэр чигээр нь гаргаж байна. Түүхий эдээ бид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох нь л боломжоо ашиглаж буй хэлбэр юм болов уу. Янз янзаар л хэлж болох юм. Оюуны потенциалаараа технологи талдаа ямар нэгэн зүйл хийж болох юм, бид нар шиг үйлдвэрлэл талдаа түүхий эд ашиглаад ч юм хийж болох юм. Бид нохой хошуу, ганга, сүүлний тос, халгай, жамц давс юу л байна хийж болох бүх түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид боломжоо л ашиглаж байна. Боломж бол маш их. Хийж бүтээе гэвэл их зүйл байна. Гол нь гараа хөдөлгөх л хэрэгтэй.

-Ойрын хэдэн жилд тавьсан гол зорилгоосоо хуваалцаж болох уу?

-Нэн тэргүүнд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ онцгой анхаарч байна. Мөн экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Мөн ирэх хоёр жилдээ өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болохыг зорьж байна. Одоо түрээслэхээр их хүндрэлтэй байдаг.

-Өөрийгөө  хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Хийж буй ажил минь намайг хөгжүүлдэг. Ажлаа хөгжих боломж гэж хардаг. Мэдэхгүй зүйл болон өмнө нь төсөөлж байгаагүй бэрхшээлүүд олон гарч ирдэг. Энэ бүхэнд цаг тухай бүрт нь сураад, мэдээд хийхийг хичээдэг. Миний хувьд их уншдаг. Амжилттай яваа олон улсын entrepreneur-үүдээс суралцдаг. Бусадтай их сайн ярилцдаг. Тэгээд өөрийнхөө мэдрэмжээр ажилладаг.

-Төрийн байгууллагад бол цагтаа тараад явах боломж байдаг. Харин гарааны бизнес эрхлэгчийн хувьд ажлаа амьдралаасаа салгаж ойлгоход хэцүү байдаг байх тийм үү?

-Миний хувьд уг компанийнхаа үүсгэн байгуулагч бас захирал нь учир салгаж ойлгоход хэцүү. Би ер нь овоггүй болоод “Lhamour”-ийн  Хулан болсон байна лээ. (инээв) Тиймээс амьдрал ажил гэж салгаж ойлгоход хэцүү. Гэхдээ эхний хоёр, гурван жилд өдөр шөнөгүй ажилладаг байсан. Яваандаа өөрийнхөө хувийн амьдрал болон эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би оройдоо ажлаа хийдэггүй, тархиа амраахыг илүүд үздэг болсон. Тиймээс ажиллах ёстой цагтаа гүрийж ажиллаж, амрах цагтаа маш сайн амрах хэрэгтэй. Бүтээмж гэдэг үүнтэй л холбоотой. Олон цаг ажиллаж байгаа хүн амжилттай байна гэж байхгүй. Харин ажиллаж буй цагтаа хэн хамгийн их бүтээмжтэй байна гэдэг чухал. Богино хугацаанд бүтээмжтэй, оновчтой ажиллахыг хичээж байна. Өмнө нь би асар их ажилладаг байсан. Хүмүүсийн хоёр гурван хоногт хийдэг байсан ажлыг нэг өдөрт шахаж хийдэг байлаа. Шөнийн 11 цагт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж суугаад өглөө нь оффистоо ажилладаг байсан. Харин одоо хамт олонтой болж, компани өргөжих тусам илүү бодох, төлөвлөх, өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй болж байна. Ийм ажил үүргийн өөрчлөлт гарааны бизнесийн хувьд жам гэж бодож байна

-Төгсгөлд нь танд нөлөөлсөн, таныг бүтээсэн номыг залуучуудад санал болгож болох уу?

-Zappos компанийн үүсгэн байгуулагч CEO Тони Шиэгийн Delivering Happiness /Аз жаргалыг түгээх нь/ номыг өөрийн компаниа байгуулахаасаа өмнө уншиж байсан. Тус номыг монгол хэл дээр орчуулж гаргахыг зорьж байгаа ч төдий л цаг зав гарахгүй байгаа. Хүнд юм зарна гэдэг нэг асуудал, харин хүнд аз жаргал хүргэнэ гэдэг түүнээс өөр асуудал юм. Ихэнх хүмүүс аливааг зарахын тулд ажилладаг. Харин “Lhamour”  аз жаргалыг хүргэхийг зорьсон. Эрүүл байна гэдэг аз жаргалын үндэс шүү дээ. “Lhamour”-ийн үндсэн санаа энэ номтой их хоблоотой. Бидний хувьд үнэ цэнэ гэдэг гол зарчим. Аз жаргал түгээх нь бидний зорилго. Бид энэ тосыг зараад ашиг олно гэхээсээ илүүтэй тухайн хүний арьсыг эрүүл болгохын тулд юуг бүтээж өгч болох вэ гэж боддог. Эрүүл болгохын тулд юу хийх вэ, тэгээд хэрхэн түгээх вэ гэж ажилладаг. Энэ номыг би ажлынхаа цаг заваар орчуулж бүрэн эхээр нь монгол хэл дээр гаргана гэж бодож байна. Хүн хүндээ аз жаргал түгээх нь маш том бизнес.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл: (8)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Lhgvaa (112.72.11.121) 2018-12-23 20:18:59
Mundag emegtei shv gehde borluulalt chn saijirch bgaa chn hudaldagchtai hamgiin ih holbootoi tiimees hudaldagch narinha tsaling saijruul zarsan borluulataas ni huwi og demj tgwel togtwortoi udaan ajillah ba uram zorig orno
(64.119.21.153) 2018-12-22 02:50:13
Ямар ч зохион байгуулалт зорилого маркетинг стратек байхгүй эрчээрээ явж байгаа компан даа. Хэдэн жилийн дараа идүүлээл дуусах байхдаа. Эзэн минь өр ширэнд битгий орчоосой.
3 4 Хариулах
(202.70.46.20) 2018-12-22 02:50:13
Уурлаад яахав дээ. Өөрийн бодсоноо л хэлж байна. Том компан, эсвэл шинээр гарч ирсэн илүү стратек сайтай компани идэх аюултай. Дэлхийн жишиг шүүдээ. Жинхэнэ эрчээрээ л явж байгаа компан. Яг хийгээл. Гэхдээ одоо орчин үеийн бизнес зах зээл гэдэг чинь зүгээр л хийгээд явдаг биш бас маш өөр их олон юм боддог байх хэрэгтэй байна даа.
Undesnii uuldverlegch (66.181.161.119) 2018-12-22 02:50:13
eliirsen durakaa chi ugee medej uhtee olj durlu! neg tsag minut ajillaj chadaagui muu amisgaluud hunii hiisen buteesniig gutaan doromjlohgui shuu!
(202.126.89.4) 2018-12-22 02:50:13
Яагаад? Бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, зөв хөдөлмөрлөөд явж байгаа болохоор богино хугацаанд амжилттай ажиллаж чадаад байна гэж харж байгаа.
(64.119.21.153) 2018-12-22 02:50:13
Auto correct эзэн минь болгожээ. Эзэн нь гэх гэж байлаа
Ммм (103.212.116.245) 2018-12-22 00:10:53
Амжилт хүсье, мундаг!
Баясаа (103.229.121.229) 2018-12-21 14:04:48
Гоё брэнд шүү