Н.Рэнжмаа: Дотно харилцаагаа хадгалах гэсэн эрмэлзлээс хардалт үүсдэг

"Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаатай хардалт сэдвээр ярилцлаа.

-Хардалт гэдэг үгийг гэр бүл болон хосууд их ашигладаг. Мэргэжилтэн хүнийхээ зүгээс хардалтыг хэрхэн тодорхойлдогийг тайлбарлаж өгч болох уу?

-Хардалт бол уур хилэн болон доромжлогдох, хаягдахаас айх айдас зэрэг мэдрэмжүүдийг агуулсан цогц сэтгэл хөдлөл юм. Энэ нь хосуудын хоорондын үнэ цэнэтэй харилцаанд гуравдагч этгээд заналхийлж буйгаар илэрдэг. Энэ аюул нь бодит болон төсөөллийнх байж болно. Хардалт нь зөвхөн хосуудын хооронд болдог зүйл биш. Найз нөхөд, эцэг эх хүүхэд болон хамтран ажиллагсдын дунд ч хардалт бий болж болно. Энэ нь тэр хэмжээгээр дотно харилцаа бий болсон төдийгүй түүнийгээ хадгалах гэсэн эрмэлзлээс үүдэлтэйгээр бий болдог. Сайн найзууд хүртэл найзыгаа бусдад алдах вий гэдэг айдастай, өөрөөс нь илүү өөр хэн нэгэнтэй дотно найзууд болчих вий гэдэг харамлах сэтгэл төрдөг. Үүнээс гадна аавуудын хувьд өсвөр насны охиноо найз залуутай болоход нь дургүйлхэж, харамлах сэтгэл төрдөг. Тэгэхээр хардалтыг үргэлж сөрөг талаас нь харахаас илүү аливаа нийгэм, гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг хадгалахад сайнаар нөлөөлж болдог гэдгийг мартаж болохгүй.

-Энэ нь гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Дээр хэлсэнчлэн гэр бүлийн дотно харилцаанд харамлах, хардах сэтгэл хэн хэнд нь байдаг. Гэсэн хэдий ч энэ нь бодит уу, төсөөллийнх үү гэдгээ ялгах хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд итгэлцэл маш чухал. Байшингаар зүйрлэвэл суурь нь хэр бат бөх байна тухайн байшин бат бөх, удаан оршин тогтнох  боломжтой байдаг шиг гэр бүлийн харилцаанд итгэлцэл суурь нь болдог. Хэрэв гэр бүлийн харилцаанд итгэлцлийг эвдсэн бол суурь нь ганхаж, бат бөх байхад хэцүү болно гэсэн үг юм. Итгэлцлийг эвдэж буй нэг асуудал нь гэр бүлээс гадуурх харилцаа юм. Гэр бүлээс гадуурх харилцаанд ханиасаа өөр хүнтэй бие болон сэтгэлийн холбоо үүсгэх, үүнээс гадна порно бичлэгт донтох нь ч гэсэн сэтгэл зүйн хувьд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэнтэй адил байдлыг ханьд нь бий болгодог. Өмнө нь ийм асуудал гаргаж байсан, итгэлийг нь алдаж байсан бол хардах сэрдэх байдал өмнөхөөсөө илүү болох магадлал өндөр байна. Өмнө нь хуурагдсан гэдэг туршлага байгаа учир оройтох үед, найз нөхөдтэйгээ уулзах үед нь тайван бус байж сэтгэл зовних, айж түгших байдал үүсч болно. Мөн утас болон хувцас эд зүйлсийг нь шалгах, найз нөхдөөс нь асууж бататгах зэрэг байдал үүсдэг. Энэ нь хардуулж буй хүнд ч сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг.

-Хардалтын ямар шинжүүд байдаг вэ?

-Хардалт нь эерэг талаар ханьдаа илүү анхаарал халамж тавих хичээл зүтгэлийг бий болгодог. Сөрөг тал нь хүчирхийлэл үйлдэх өдөөгч болох аюултай. Судалгаанаас харахад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хардалт ялгаатай гарсан. Эрэгтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ эцэг өөрөө мөн эсэхдээ эргэлзэж харддаг бол, эмэгтэй хүмүүсийн хувьд хүүхдээ өөрөө тээж төрүүлдэг учраас энэ талын хардалт үүсдэггүй. Харин эмэгтэйчүүдэд санхүүгийн дэмжлэгийн хувьд нөхөртөө үл итгэх, хардах асуудал үүсдэг байна. Үүнээс гадна эрчүүдийн хувьд бэлгийн харилцаа сэтгэл зүйн хэрэгцээний чухал орон зайг эзэлдэг тул эхнэр нь дургүйлхэх, бэлгийн харилцаанд орохгүй байх зэрэг нь хардах шалтгаан нь болдог. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хувьд залуу хосууд, ахимаг насны хосуудыг бодвол бэлгийн харилцааг чухалчилж, үүнээс үүдэн харддаг гэсэн ялгаа гарсан.

Хардалт нь ханьдаа илүү анхаарал халамж тавих хичээл зүтгэлийг бий болгодог.

-Хардалт гэр бүл салалтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яахав. Гэр бүл салалтын хамгийн түгээмэл шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа байдаг. АНУ-д 16-65 насны 63884 хүн оролцсон судалгаагаар 50 хүн тутмын эрчүүдийн 34 хувь, эмэгтэйчүүдийн 24 хувь нь гэрлэлтээс гадуурх харилцаанд орсон байсан. Монголд ийм төрлийн судалгаа хийвэл мэдээж өөр тоо гарах байх. 

Гэр бүлийн харилцааны суурь болох итгэлцэл эвдэгдсэн үед үл итгэл, хардалт бий болсноор эхнэр нөхрийн хувьд эрх чөлөөтэй байх байдал алдагдаж, үргэлж айдас түгшүүрийг мэдэрч, уурлаж бухимдах, өөрийн үнэлэмж буурч, амар тайван байхаа больдог. Зарим тохиолдолд хэт их хардсанаас болж уур бухимдлаа барьж чадахгүй бие мах бодийн хүчирхийлэл үйлдэх, сэтгэл зүйн хувьд дарамтлах заналхийлэх байдал ч бий болдог. Энэ мэтчилэн сөрөг үр дүн, үр дагавруудаас үүдэн гэр бүл салдаг.

-Хэрхэн хардалтыг шийдвэрлэх вэ. Яагаад нэг нэгнээ харддаг вэ?

-Анхнаасаа хосууд маань бие биендээ үнэнч байх нь бие биедээ итгэх итгэлцлийг эвдэхгүй, хардах шалтгаан үүсэхгүй байх боломжтой. Хэрвээ итгэлийг нь алдах ямар нэг үйлдэл хийж байсан бол буруугаа хүлээж, уучлал эрэх хэрэгтэй. Шархалсан зүрх сэтгэлийг анагаах хамгийн сайн зүйл чин сэтгэлийн уучлал гуйх байдаг. “Би хийсэн буруу үйлдэлдээ харамсаж байна”, “миний буруу үйлдэл чамайг маш их гомдоож хохироосон”, “би буруутай үйлдлээ засахын тулд юу хийх хэрэгтэй вэ” гэх мэтчилэн хэлэх нь чухал. Учир нь олонх буруу үйлдэл хийсэн хүмүүс уучлал гуйхгүй, буруугүй мэт, өөрийн зөв мэт байдал гаргадаг нь нөгөө хүнийг улам шархлуулж гомдоодог. Мэдээж ингэж уучлал гуйх нь шууд шархалсан зүрхийг эдгээхгүй ч тайвширч, тайтгарах орон зайг олгодог. Гомдсон хүний хувьд шууд уучилахгүй байж болох тул өөдөөс чинь уурлаж, уцаарлах, доромжлох байдлыг ч хүлээж авахад бэлэн байж айдастайгаа нүүр тулах хэрэгтэй.

Шархалсан зүрх сэтгэлийг эмчлэх хамгийн сайн зүйл чин сэтгэлийн уучлал.

Гомдож шархалж, хуурагдсан хүний хувьд үнэнг хүлээж авах хэцүү байдаг. Итгэхийг ч хүсдэггүй. Уй гашуутайгаа нүүрэлдэх үед үзэн ядалт, хорсол, өширхөл гэсэн сэтгэл хөдлөлүүд үүсч болох ч таны хань таны дайсан биш гэдгийг санах хэрэгтэй. Үнэнтэй нүүр тулж, уй гашууг мэдрэх нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж биш. Харин ч итгэлтэй байгаагийн шинж юм. Мөн уй гашуу, шаналлаа итгэл даасан хүнтэй хуваалцах хэрэгтэй. Хуваалцах үед гомдсон шархалсан сэтгэл хөдлөлөө дахиж мэдэрч болох ч ингэснээр таныг шаналгаж өвдтгөж байгаа асуудал улам жижгэрч, эдгэрэх боломжийг олгож байдаг. Мэдээж мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь илүү мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжтой. Уучлах үйл явц тийм хурдан өрнөхгүй. Цаг хугацаа болон мэргэжлийн тусламж чиглүүлэг ихээхэн хэрэгтэй.

-Гэр бүлийн итгэлцэл, эерэг харилцааг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Гэрлэсэн хосуудын хувьд гэрлэхээсээ өмнө бие биендээ маш их цаг зарцуулж, хосынхоо талаар судалж, таалагдах маш олон оролдлогуудыг хийдэг. Харин гэрлэснийхээ дараа “барьсан загасанд өгөөш өгдөггүй” гэдэг шиг нэгэнт миний эхнэр, нөхөр болсон юм чинь гээд өмнөх шигээ цаг зав, зориулалт гаргахаа больчихдог. Энэ нь хосуудын хоорондын харилцааг хөргөх нэг томоохон шалтгаан болдог. Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд тогтсон байдаг энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хосууд бие биендээ анхаарал халамж тавьж, харилцан хайрлах эргэх холбоо тасралтгүй үргэлжилснээр аз жаргалыг мэдрэх мэдрэмж нь улам дээшилдэг. Эхнэр нөхөр бие биенийхээ сэтгэл зүйн хэрэгцээг нь хангахын тулд таамгаар бус хоорондоо ярилцаж, асууж болно. Ханийнхаа хэрэгцээг хангах гэж хичээж буйг нь хараад уурлаж бухимдаж, дургүйцэх нэг ч хүн байхгүй байхаа гэж бодож байна. Хосуудын хооронд үүсдэг үл ойлголцол, үл итгэлцэл нь ихэвчлэн бие биедээ цаг гаргаагүйгээс, бие биенийгээ анхааралтай сонсож, эерэг өөдрөг үгээр ярилцаагүйгээс үүсдэг. Тэгэхээр эерэг харилцааг бий болгохын тулд аль аль талаас хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Эхнэр нөхөр хоёр дайснууд биш нэг тал гэдгээ үргэлж санах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.