З.Анударь: Хэн нэгэнд аз жаргал бэлэглэнэ гэдэг өөртөө өгч буй давхар бэлэг

“Залуусын дуу хоолой” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор McGill-н Их Сургуулийг Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах үүдийг нээж, Канад Монгол хоёр орны эмнэл зүйн харилцааны гүүр болж яваа Зоригтбаатарын Анударьтай ярилцлаа.

Хүмүүнлэгийн элч  Зоригтбаатарын Анударь зургаахан насандаа аав, ээж бас ахынхаа хамт Канадад амьдрах болсон юм. Ахынхаа хамт тусгай сургалттай, олон улсын сургуульд суралцаж эхэлжээ. Тус сургуульд нь бүх хичээлийг гүнзгийрүүлж үзэхээс гадна нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, хүмүүнлэгийн үйлст гар бие оролцоход нь хүүхдүүдээ дэмждэг байна. Канадад улсын, хувийн сектороос гадна сайн үйлс гурав дахь сектор нь болж хөгжсөн улс. Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлдэг. Түүний ах нь төгсөлтийн дипломын ажлаараа төгссөн хотынхоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалсан бол З.Анударь охин монгол хүүхдэд зориулсан сайн үйлс хийхийг хүссэн нь Дарханы нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тоглоомын өрөө тохижуулах мөнгөө цуглуулахын тулд хоёр жилийн турш идэвхтэй ажилласан байна. Канадад хүүхдүүд хүмүүнлэгийн ажил хийхдээ өөрсдөө мөнгөө босгодог уламжлалтай. З.Анударь охин онц сурдаг бас мужийн амбан захирагчийн нэрэмжит шагналтай. Тэрээр ном унших дуртай,  сагс тоглох, шүлэг бичих дуртай. Англи, францаар сайн ярьдаг төдийгүй эх хэлээрээ ч гэсэн сайн ярьдаг. Харин одоо тэрээр  Канадын McGill-н Их Сургуулийн анагаахын факультетийн ангийн гуравдугаар курсэд суралцдаг. Саяхан өөрийн суралцдаг McGill-н Их сургуулийг Монголын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллах боломжийг нээн тус эмнэлгээс эмч мэргэжилтнүүдийг Канад улсад туршлага судлуулах боломжийг бүрдүүлсэн бахархам их зориг, хүч хөдөлмөрийг өөрөөсөө гаргаж,хүмүүнлэг Монголыг бүтээх залуу үеийн дүр төрх, дуу хоолой нь болж яваа нэгэн юм. 

- Сайн байна уу.  Эмч мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу байсан бэ? 

- Энэ мэргэжилдээ их дуртай бас хайртай. Аав маань намайг бага байхад өвчтэй байсан юм. Тэр үед анагаах ухаан л аавыг маань аварсан. Ингэж анагаах ухаан аавыг минь аварсан байхад би буцаагаад өөр олон хүмүүсийн амийг аварч ачийг нь хариулж чадвал надад сайхан байна. Энэ нь миний мэргэжлээ сонгох шалтгаан болсон байх.  

- Канадын McGill-н Их Сургууль нь Дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг сургуулийн нэг. Сургуульдаа хэрхэн бэлдэж орсон тухайгаа ярихгүй юу?

- Миний байсан хотод дөрвөн анагаахын сургууль байсан. Би бүх сургууль руу нь материалаа явуулж тэнцээд эцэст нь McGill-н Их Сургуулийг сонгосон юм. Тус сургууль элсэгчдээ авахын тулд миний өмнөх дүнгүүдийг харгалзан үзэж, CV, анкет, асуултад хариулуулах зэрэг үе шатыг давуулдаг. Эдгээр үе шатаа амжилттай сайн давсан гэж үзвэл ярилцлаганд дууддаг. Ярилцлага нь их өвөрмөц, сонирхолтой байдлаар явагддаг. Өнөө үед их сургуулиудад ороход зөвхөн хичээлдээ сайн онц сурдаг байх гэхээс илүүтэй нийгмийн идэвх оролцоо, олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн оролцдог зэрэг нь чухал нөлөө үзүүлдэг болчихсон.  Хэдий тулсан сайн дүнтэй байсан ч ямар ч нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулж оролцоогүй бол оноо хасагддаг.

- Өөрөө бага байхын нийгмийн идэвхтэй, манлайлагч хүүхэд санагддаг.  Нийгмийн идэвхтэй байх нь чамд ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?

- Би арван жилд байхдаа 12-13 настайгаасаа эхлээд л сайн дурын ажилд явдаг байсан. Тэр ажил нь ахмад настай хүмүүс болон аутизмтай хүмүүст тусалдаг ажил. Энэ ажилдаа ч гэсэн маш их дуртай. Хажуугаар нь нэг төсөл хийсэн юм. Тухайн үед 14 настай байсан ба Монголд Дархан хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулах төслөө эхлүүлсэн. Төслийн санаагаа яаж олсон бэ гэвэл  ах маань Канадад ирсний дараахан гараа хугалаад эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд эмнэлгийн өрөө нь маш гоё, ах маань бүр гэртээ харьмааргүй байна гэж хүртэл хэлж байсан. Тэгээд бодсон чинь манай Монголд ийм өрөө байхгүй шүү дээ гэж бодоход хүргэсэн.  Хүүхэд эмчлүүлж байхдаа аз жаргалтай, баяр хөөртэй байх нь хийлгэж буй эмчилгээнд нь дээрээс нь эцэг эхийнх нь сэтгэл зүйд  маш сайнаар нөлөөлдөг. Мөн төслийг эхлүүлэх гэж тухайн үедээ ангийнхаа хүүхдүүдээс мөнгө цуглуулж, хандив авч байсан. Харин  арван жилээ төгсөхдөө тус төвөө нээсэн байдаг юм. Энэхүү ажлууд нь миний хувьд Монголын анагаахын эмчилгээ, үйлчилгээ рүү хандсан үйл ажиллагааг эхлүүлсэн гэж хэлж болно. 

- Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийг өөрийн сургуультайгаа холбосон тухайгаа хуваалцаач?

- Өнгөрсөн жилийн зун надад сургуулиас зарласан хөтөлбөрөөс шагнуулах аз тохиож нэг төсөл хэрэгжүүлэх эрх өгөгдсөн. Төслийн хүрээнд дуртай улсдаа очиж хэрэгжүүлж болдог. Тэр үед би даргадаа "би очсон газраа зүгээр нэг оюутан байлгүй ажилчин шиг баймаар байна" гэсэн. Дарга маань ч намайг ойлгож, Монгол явахаар болсон. Үйл ажиллагааныхаа хүрээнд гэмтэлтэй холбоотой зүйлсийг хийдэг учраас гэмтлийн эмнэлгийг зорьсон минь тэр.  Ирээд бага багаар хүмүүст өөрийгөө танилцуулж, хийх гэж буй ажлын санаагаа танилцуулж, эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг газруудаар явсны эцэст анагаахын оюутнуудтай хамт баг болж  судалгаа хийсний дүнд ажлаа эхлүүлсэн. Тэгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгийн эмч нар, мэс засалчид, анагаахын оюутнуудтай хамтран өвчтөндөө хэрхэн туслах талаар хичээл зохион байгуулсан. Үнэхээр сайхан хичээл болж өнгөрсөн. Харин одоо ГССҮТ,  McGill-н Их Сургууль албан ёсоор хамтран ажиллах шийдвэрээ гаргачихсан. Дараа жилээс эмч мэргэжилтнүүд Канадад ирж, эмнэлгийн үйл ажиллагаа, техник, ажиллах арга барилтай танилцаж туршлага солилцохоор болсон. Энэ нь надад маш сайхан санагдаж байгаа. Би цаашид ч гэсэн олон жил анагаахаар суралцах учраас энэ төслөө үргэлжлүүлэн явуулах төдийгүй одоо бодож байгаа хүүхдийн мэс заслыг сайжруулах төслийг бас хийхээр зорьж байна.

- Үнэхээр их бахархаж байна шүү. Хийсэн судалгаа нь ямар судалгаа байсан бэ?

- Баярлалаа. Монголд өвчтөн эмчилгээ хийлгэхдээ хэдэн төгрөг зарцуулдаг судалгаа юм. Тодруулбал,  эм тариа нь ямар үнэтэй байдаг, бусад зардалд хэдэн төгрөг гардаг, мөнгө нь хэр зэрэг хүрэлцээтэй байдаг талаарх судалгаа юм. Бүтэн жил судалгаагаа явуулж байгаа бөгөөд сар бүр 20 хүнийг хамруулдаг.

- Өдөр тутмын амьдралдаа баримталдаг зарчим нь юу вэ?

- Миний хувьд даруу зангаар бусдад туслахыг их хүсдэг. Хэдий их зүйл хийж, бусдад туслах сайхан ч бардам сэтгэлтэй байж болохгүй. Хүнд аз жаргал, инээд, баяр хөөр мэдрүүлнэ гэдэг өөртөө өгч буй давхар бэлэг учраас үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг. Бас үргэлж Монгол хүн гэдгээрээ бахархаж, би эх орныхоо төлөө сурч байгаа зүйлээрээ дамжуулан юу хийж чадах уу гэж боддог.

- Төгсгөлд нь залуучууддаа хандан хэлж, уриалах зүйл юу байна вэ?

- Хэн нэгэнтэй хамтарч хийсэн зүйл ганцаараа хийсэн зүйлийн ялгаа их байдаг юм билээ. Тийм болохоор залуучууд бид хамтран, гар нийлж аливаа зүйлийг хийвэл маш олон зүйлийг хийж бүтээж чадна гэж хэлмээр байна. Бүгдэд нь амжилт хүсье.

- Ярилцсанд баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье.

- Баярлалаа. 

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (111.239.54.130) 2018-12-21 14:19:02
Mcgiil bol delhiin shilder 20 d bartdag sain surguuli shuudee . Ene surguulid orj chadsan , bas Mongoltoigoo holboson mundag ohin baina
(150.129.141.166) 2018-12-21 14:11:43
Яасан мундаг охин бэ.
zochin (66.181.191.181) 2018-12-21 13:10:33
Bayar hurgie. sain aav eejiin sain ohin