УИХ БА ЗӨВЛӨЛТ ЗАСАГЛАЛ

УИХ нь дотоод, гадаад бүх хэргээр өөрөө сэтгэнэ, өөрөө тодорхойлно, өөрөө боловсруулна, өөрөө шийдвэрлэнэ, өөрөө хуульчилна, өөрөө хэрэгжүүлнэ. Мөн ҮХЦ-ийг ч томилно. Тэр бол эрх мэдлийн хязгааргүй ундарга. Энэ бүх эрх мэдэл нь АИХ-аас өвлөж ирсэн эрх мэдлүүд.

Монголын Франкенштейний хөнөөлийн гол эх сурвалж, голомт нь Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч, шүүх ч, ҮХЦ ч биш. Харин Монголын ард түмний ардчилсан эрх, эрх чөлөөний биелэл, “нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэх” ёстой “ард түмний элч” нараас бүрдсэн “төрийн эрх барих дээд байгууллага” болох УИХ. Парламент ард түмний эзэн буюу бүрэн эрхийн (popular sovereignty) биелэл, ард түмний хүсэл зоригийг тээгч, түүнийг хуульчлагч байгууллага. Тиймээс ч хууль тогтоох ёстой юм. Парламент хууль тогтоох нь бүгд найрамдах байгууллын, түүний дотор ерөнхийлөгчийн ч, парламентын ч, зөвлөлийн засаглалын ч тогтсон ёс. Гэхдээ бүгд найрамдах буюу үндсэн хуульт байгуулал, ялангуяа, түүний биелэл болсон АНУ-ын засаглалд парламентын хууль тогтоох эрх мэдлийг үндсэн хуулиараа хязгаарласан байх. Бүгд найрамдах байгууллын суурь үзэл санаанд “төрийн эрх барих дээд байгууллага” гэж байх ёстой бол тэр нь улсын иргэн бүгдийн, бүгдийнхээ төлөө, бүгдээрээ байгуулсан гэрээ-суурь үндсэн хууль нь юм. Учир нь үндсэн хууль нь бүгд найрамдах улсын иргэдийн суурь гэрээ, зохион байгуулах засаглал юм. Чухам тийм ч учир үндсэн хууль, хуулийн засаглал, тиймээс ч шүүх нь парламентын гаргаж байгаа хууль, тогтоомжийг үндсэн хуулийн үүднээс шүүн тунгааж хүчингүй болгох ёстой байдаг юм. Тиймээс ч шүүхийн шийдвэр нь эцсийн байх учиртай. Монгол улсад Үндсэн хууль бүтээсэн нь ч, ҮХЦ-ийг байгуулсан нь ч энэ үзэл санааных. Нийгмийн суурь гэрээ, зохион байгуулах засаглал болох үндсэн хуулийг түүгээр байгуулагдсан парламент өөрчлөх ёсгүй юм.

Харин УИХ тийм биш. Түүний эрх мэдэл хязгааргүй. Учир нь зөвлөлийн засаглалын хөдөлмөрчин ард түмний, эсвэл пролетарийн диктатурын үзэл санаа нь нийгмийн гэрээ, зохион байгуулах засаглалыг үгүйсгэдэг тул пролетарийн эрх мэдэлд хязгаар байх ёсгүй. Мөн парламентын засаглалын (хааны эсрэг) парламентын эзэн буюу бүрэн эрхийн (parliamentary sovereignty) үзэл санаа нь мөн тийм хязгаарын үл зөвшөөрдөг. Чухам тиймээс УИХ нь “төрийн эрх барих дээд байгууллага” ба хязгааргүй хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд зөвлөлийн засаглалын АИХ болон парламентын засаглалын парламент хоёрын хослол. Чухам тийм учир энэ институц ард түмний эзэн эрхийн биелэл, тэдний хүсэл зоригийг тээгч тиймээс ч “төрийн эрх барих дээд байгууллага”, тиймээс ч хязгааргүй эрх мэдэлтэй институц. Гэхдээ УИХ-д энэ эрх мэдлүүдийг парламентын засаглалын ёс гэхээсээ илүү түүний коммунист эцэг АИХ нь шууд өвлүүлж өгсөн юм. Тиймээс л УИХ-ын хууль тогтоох эрх АИХ шиг хязгааргүй. АИХ-ын адил өөрийгөө төрүүлсэн Үндсэн хуулиа ч эвдэнэ. Тиймээс тэрээр бусдыг дарангуйлж, эрх мэдлийг нь хураах төдийгүй өөрийн эрх мэдлийг ч дур зоргоороо нэмэх. Мөн тэрээр АИХ шиг өөртөө тусгай газар, хороо, зөвлөл, комисс гэх мэт нэртэй гүйцэтгэх эрх мэдлийн албадыг ч байгуулна. Тэр бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж түүнийгээ хуульчлах төдийгүй, түүнийгээ АИХ шиг Засгийн газар болон өөртөө “шууд…тайлагнадаг байгууллагуудаараа” хэрэгжүүлнэ. Тэрээр яг АИХ-ын нэг адил Засгийн газрын ч, өөртөө “шууд…тайлагнадаг байгууллагуудын” ч “бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх төдийгүй томилох, өөрчлөх, огцруулах”. Тэрээр АИХ-ын нэгэн адил “төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж…дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” төдийгүй “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”. Товчхондоо дотоод, гадаад бүх хэргээр өөрөө сэтгэнэ, өөрөө тодорхойлно, өөрөө боловсруулна, өөрөө шийдвэрлэнэ, өөрөө хуульчилна, өөрөө хэрэгжүүлнэ. Мөн ҮХЦ-ийг ч томилно. Тэр бол эрх мэдлийн хязгааргүй ундарга. Энэ бүх эрх мэдэл нь АИХ-аас өвлөж ирсэн эрх мэдлүүд.

УИХ үнэхээр “төрийн эрх барих дээд байгууллага.” Энэ статусаа мөн л өөрийн эцэг АИХ-аас өвлөж авсан. Уг нь бүгд найрамдах байгууллын үзэл санаагаар үндсэн хууль ба хууль засаглахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд ба тэдгээрийг хэрэгжүүлэгч байгууллагууд нь бие биеэсээ харилцан хамааралгүй тус тусдаа зэрэгцэн оршиж тус тусын эрх мэдлийг хэрэгжүүлж байх ёстой. Тиймээс эдгээр байгууллагууд, ялангуяа хууль тогтоох ба гүйцэтгэх байгууллагууд нь нэг нь нөгөөгөө байгуулах ёсгүй. Хэрвээ нэг нь нөгөөгөө байгуулбал тэдний хооронд эзэн албатын харилцаа (principal agent relationship) үүсэж, эзэн этгээдийн засаглал тогтох нь зүй тогтол. Гэтэл зөвлөлийн засаглалын үзэл санаанд зөвлөл засаглаж байх ёстой учир зөвлөл нь, тухайлбал АИХ нь “төрийн эрх барих дээд байгууллага” байх ба гүйцэтгэх ба шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч СнЗ ба шүүх нь түүний доор, хэрэг дээрээ түүний гар хөл нь байх учиртай, байсан ч юм. Нөгөө талд парламентын засаглалын системд парламент нь хаантай тэмцэлдэж эрх мэдлээ олж авсан учир хааны эсрэг парламентын эзэн буюу бүрэн эрх (parliamentary sovereignty) гэдэг үзэл санааг дэвшүүлж парламент эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг ёсыг тогтоосон юм. Тиймээс л парламент засгийн газрыг хааны бус харин парламентын итгэлийг даах, парламентын өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үздэг учир өөрийн итгэлийг даах хүмүүс буюу өөрсдийн дотроос бүрдүүлдэг болсон юм. Чухам парламентын засаглалын энэ үзэл санаа нь УИХ-ын “төрийн эрх барих дээд байгууллага” хэмээх үзэл санааг бэхжүүлж өгдөг юм.

Гэхдээ УИХ нь Засгийн газрыг өмнөө хариуцлага хүлээлгэх, өөрийн гар хөл байлгах үзэл санааг парламентын засаглалаас бус харин зөвлөлийн засаглалаас, тухайлбал АИХ-аас өвлөж авсан бөгөөд тийм ч учир УИХ, Засгийн газрын харилцаа нь АИХ ба СнЗ-ын өөрөөр хэлбэл эзэн албатын харилцаа шиг байх ёстой гэж үздэг юм. Тийм ч учир УИХ нь дээд байгууллага. Тиймээс ч УИХ нь АИХ-аас “төрийн эрх барих дээд байгууллагаа” өвлөж авсан бол, Засгийн газар нь СнЗ-ийн “төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага”-аас “төрийн гүйцэтгэх дээд байгууллагаа” өвлөж авсан хэрэг. Тиймээс ч УИХ нь өөрийгөө төрийн бүх байгууллагын орой дээр сууж байх ёстой, тэднийг захирч байх ёстой гэж үздэг юм. Тиймээс ч Засгийн газартай зэрэгцэн орших бус харин Засгийн газрыг өөрийнхөө цэрэг шиг байх ёстой гэж үздэг юм. Гэвч хэрэг дээрээ СнЗ ч АИХ-д захирагдаж байгаагүй харин ч АИХ нь СнЗ-ийнхөө ёсчлогч нь л байсан юм. Мөн парламентын засаглалын системд ч кабинет нь үргэлж парламентаа ёсчлогч болгодог юм. Тийм ч учраас УИХ, Засгийн газрын хооронд хэн нь хэнийхээ дээр гарах вэ гэдэг тэмцэл явагддаг юм.

УИХ өөрөө үндсэн хуулийн, хуулийн, төрийн бусад байгууллагын дээр орших “дээд байгууллага” төдийгүй түүний гишүүд нь бас хуулийн, нийгмийн, ард түмний дээр оршино. Учир нь түүний гишүүдийн АИХ-аас өвлөж авсан “халдашгүй байдал” нь тэднийг хуулийн дээр байрлуулдаг. Эгэл ард түмэн “халдагдах байдалтай” учир, хуулийн дор. Тиймээс УИХ-ын гишүүд ба ард түмнийг ялгах шугам нь хууль. Тэд ард түмний дээр орших хуулийн дээр оршдог учир тэд хуулийн ч, нийгмийн ч, ард түмний ч дээр орших. Эрх мэдэлтэй төдийгүй бүхнээс, хуулийн, нийгмийн, ард түмний дээр орших учир тэд яах аргагүй ихэс-дээдэс. Энэ онцгой дээд статусаа цуцлах эсэх нь тэдний онц эрх. Мөн тарах эсэх нь зөвхөн тэдний онц эрх. Тэд үнэхээр онц бүрэн эрхтэй ихэс-дээдэс. Гэвч тэд өөрсдийгөө “бага ард түмэн” гэж нэрлэх нь бий. Харин тэд бага ч биш бас ард түмэн ч биш. УИХ онц бүрэн эрхтэй ихэс-дээдсээс бүрдсэн хязгааргүй эрх мэдэлтэй, “төрийн эрх барих дээд байгууллага” төдийгүй тэрээр Монголын төрийн хамгийн хүчирхэг байгууллага. Тэрээр ард түмний эрх, эрх чөлөө, эзэн эрхийн биелэл, “ард түмний элч” тэдний хүсэл зоригийг тээгч, хуульчлагч. Тиймээс тэд Монголын ард түмнийг төдийгүй Монголын ард түмний бүх л нандин үнэт зүйлсийг бас төлөөлнө. Тэрээр эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрх, ардчилал, ардын эрхийн амилсан дүр, биелэл. Тиймээс түүний эсрэг үг хэлэх нь Монголын ард түмэнд төдийгүй эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрх, ардчилал, ардын эрхт ёсонд халдсан хэрэг болох.

Товчхондоо тэр ард түмнийг халаад өөрөө ард түмэн болчихсон байгууллага. Учир нь Монгол улсад “засгийн бүх эрх” “ард түмний мэдэлд” байдаг, тэр “ард түмэн төрийн хэрэгт шууд оролцдог” бол тэр “ард түмэн” нь зөвхөн тэд. Эгэл Монгол иргэн сонгуульд нэрээ шууд дэвшүүлэх эрхгүй. Нэг бол нэг тойргийн, бүх хэсэгт оршин суух 801 хүнээс, үгүй бол намын төв байгууллагаас виз авах ёстой. Ерөнхийлөгчид санаархвал бүр УИХ-д суудалтай намаас виз авах ёстой. Виз олгогч байгаа л бол саад байгаа хэрэг, саад байгаа л бол шууд биш. Хэн дуртайгаа сонгох, хэн дуртайдаа санал өгөх эрхгүй. Зөвхөн дээрх саадуудыг нэвтрэн гарч ирсэн этгээдүүдэд л санал өгөх эрхтэй. Шууд сонгох эрхтэй бол өөртөө ч, өрөөлд ч санал өгөх эрхтэй байх ёстой. Тийм ч учир АНУ, Франц, Бразил, Швед зэрэг олон улс орнуудад иргэдэд ийм эрх нь (write-in ballots) нээлттэй байдаг. Мөн АНУ, Европын холбоо зэрэг олон ардчилсан системд иргэд хууль, референдум санаачлах (citizen’s initiative) эрх эдлэх. Харин зөвлөлийн засаглалын жилүүдэд хууль санаачлах эрхийг АИХ хэдхэн дарга нартайгаа хамт өмчилдөг байсныгаа УИХ-д яг тэр чигээр нь өвлүүлж өгсөн учир Монголын ард түмэн эрх ашгаа хамгаалах, хэрэгцээгээ хангахын тулд хууль ч санаачлах эрхгүй. Чухам эл учир УИХ “Бүх эрх мэдлийг Зөвлөлд!” (Вся власть Советам!) гэхдээ зөвхөн ганц зөвлөлд хураагаад авчихсан, тиймээс зөвхөн тэд л “төрийн хэрэгт шууд оролцдог” юм. Бүх эрх мэдэл түүнд төдийгүй, тэрээр “төрийн эрх барих дээд байгууллага” учир УИХ нь Монгол улсын төр, засгийн биелэл. Тиймээс ч бусдыг “Монгол төр” гэж сүрдүүлнэ, сөхрүүлнэ. Түүний байр суурийн эсрэг байх нь бараг төрийн эсрэг гэмт хэрэг. Тэр мэдээж өөрийн засаглалыг парламентын засаглал гэдэг нэрээр улайран хамгаална. Асуудал энэ дээр хүрэхээр тэр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тусгаар тогтнол, тогтвортой хөгжил, гэрэлт ирээдүй, Үндсэн хуульт байгуулал зэргийн биелэл, баталгаа болж хувирах төдийгүй нэг хүний дарангуйлал, харгис дэглэм, колоничлолын эсрэг хана хэрэм болж хувирна. Гэвч тэр өөрөө Үндсэн хуульдаа халдах нь хууль ёсны нэмэлт, өөрчлөлт. Тэд өөрсдөө Үндсэн хуулиа засварлах гээд явж байхад нь Ерөнхийлөгч нь ч Үндсэн хуулийг нь засах, засварлах тухай үг хэлэх эрхгүй шахам. Учир нь Үндсэн хуулийг эвдэх, засварлах, дэвсэх нь зөвхөн УИХ-ын, түүний гишүүдийн онц эрх. Хэн нэгэн, түүний дотор Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч, түүний хэлтгий, хазгай, хэтэрхийг заавал тэд бүгдээр боорлоно. Ард түмний, ардчиллын, хүний эрх, эрх чөлөөний, Үндсэн хуулийг зөрчсөн, бараг л ардын, төрийн дайсан болгох нь халаггүй. Энэ бүх зан чанар нь ч АИХ-аас ул мөртэй. Тиймээс тэд ард түмэн-төрийн биелэл, ангид хүчирхэг этгээд.

Гэхдээ УИХ-ын АИХ-аас өвлөж авсан түлхүүр эрх мэдэл нь түүний гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө, өөрөөсөө шууд томилж байгуулдаг, төдийгүй тайлагнуулдаг эрх мэдэл. Өөрөөр хэлбэл УИХ яг АИХ-ын адил Засгийн газрын дээр орших босс нь. Энэ нь УИХ-ыг парламентаас, улмаар парламентын засаглалын парламентаас ялгах зарчмын гол ялгаа нь. Парламентын засаглалаас зөвлөлийн засаглалын ялгагдах нэг том ялгаа нь зөвлөлийн засаглал уг тодорхойлолтоороо коммуны, зөвлөлийн засаглал учир түүнд зөвлөлөөс гадна хаан, эсвэл ерөнхийлөгч байх тухай ойлголт байдаггүй. Зөвлөл өөрөө л засаглах ёстой. Гэхдээ бүгд найрамдах байгуулалд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг өөр өөр байгууллагууд хэрэгжүүлдэг ёс нэгэнт тогтсон байсан учир зөвлөлийн засаглалд ч зөвлөл өөрөө, биеэрээ бүх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй юм. Тиймээс тусдаа Ардын Комиссариат, Засгийн газар, СнЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх. Харин зөвлөлийн засаглалыг парламентын засаглалаас ялгах зарчмын ялгаа нь зөвлөл өөрөө комиссаруудаа томилох, буюу АИХ нь СнЗ-өө өөрөө өөрөөсөө шууд томилдог явдал. Харин парламентын засаглал нь парламентаас тусдаа хаан, эсвэл ерөнхийлөгч байхыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй, хаан эсвэл ерөнхийлөгч засгийн газрыг байгуулахыг, гэхдээ парламентын дэмжлэгийг авах этгээдээр байгуулахыг зөвшөөрдөг юм. Чухам тиймээс л Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Андорра, Бельги, Дани, Лихтенштейн, Люксенбург, Монако, Голланд, Норвеги, Испани, Швед, Японы угсаа залгамжилсан хаад, Австри, Финланд, Исланд, Ирландын ард түмнээрээ сонгогдсон ерөнхийлөгчид, Герман, Итали, Швейцарын парламентын оролцоотой сонгогдсон ерөнхийлөгчид, Грекийн парламентаараа сонгогдсон ерөнхийлөгч нь ерөнхий сайд, сайд нараа томилдог юм. Томилдогт нь ч учир утга байдаг юм. Тиймээс УИХ-ын Ерөнхий сайдыг, улмаар сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилох эрх мэдэл нь парламентын засаглалынх бус харин зөвлөлийн засаглалын зөвлөлийн буюу АИХ-ын эрх мэдэл. Чухам энэ эрх мэдэл УИХ-ыг зөвлөлийн засаглалын зөвлөл болгож байгаа гол эрх мэдэл нь.

Гэтэл 1992 оны Үндсэн хууль нь УИХ сонгуулийн үрээр засгийн газрыг байгуулах, олонх болсон, эсвэл олонх бүрдүүлсэн нам, эвсэл засгийн газрыг байгуулах, УИХ нь Ерөнхий сайд, сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилохоор заасан ч; УИХ-ын гишүүд нь “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (ҮХ 1992, 29.1.) гэснээр УИХ, тэр тусмаа УИХ-ын олонх Засгийн газрыг байгуулах авч УИХ-ын гишүүд нь орж болохгүй гэж заасан хэрэг байв. Ийнхүү дээр дурдсан хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг нийлүүлэн төвлөрүүлэх парламентын засаглалын зарчмыг, хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалыг салгах ерөнхийлөгчийн засаглалын зарчимтай зэрэгцүүлэн тавьсан нь харилцан бие биеийг нь үгүйсгэсэн хэрэг байв. Дээрээс нь Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч зөвшилцөн оролцохоор заасан нь ерөнхийлөгчийн ч төдийгүй парламентын засаглалын ч ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан юм. Гэтэл зөвлөлийн засаглалд зөвлөл (АИХ) өөрөө засгийн газраа (СнЗ) байгуулдаг төдийгүй, зөвлөлийн (АИХ-ын) гишүүд нь, парламентын засаглалд парламентын гишүүд өөрсдөө засгийн газрыг бүрдүүлдэг юм. Тиймээс дээрх заалтууд нь зөвлөлийн засаглалын уламжлалтай, парламентын засаглалын эрмэлзэлтэй УИХ-ын хүсэл зоригт гал ус шиг харшилж байсан юм. Энэ харилцан бие биеэ үгүйсгэсэн эсрэг тэсрэг заалт, үзэл санаанууд бүх зөрчил, тэмцлийн, бүх дайн дажин, бүх хөнөөлийн эх сурвалж. Гэхдээ УИХ-ын гишүүдийг Засгийн газраас хяссан, хассан заалтыг УИХ-ын хязгааргүй эрх мэдэл, түүний зөвлөлийн засаглалын уламжлал, парламентын засаглалын амбицтай харьцуулан харвал тэдгээр хориглосон заалтууд нь үлгэрлэвэл хүчирхэг араатныг идэшнээс нь дэрсэн тороор тусгаарлаж хясах, хасах гэсэн оролдлого мэт байв.

Тиймээс УИХ нь Монголын ард түмний, Монголын төрийн оюун санаа төдийгүй хамгийн эрх мэдэлтэй, онцгой эрхтэй, хамгийн хүчирхэг бүтээц, Монголын төр хэмээх Франкенштейний тархи, оюун санаа, хүсэл зориг, шунал санаархал нь. Оюун санаа, хүсэл зориг, шунал тачаал хэнбугайг ч удирдана, захирна, зална, айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ. Тиймээс УИХ хэмээх энэхүү оюун санаа, хүсэл зориг, шунал санаархал нь хэмжээ, хязгааргүй эрх мэдэл, хүчээрээ бусдыгаа айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ, дарангуйлна, эрх мэдлийг нь булаана. Ард түмний сонгон байгуулсан Засгийн газрыг ч айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ, дарангуйлна, авч хаяна. Засгаа алгасах, түүнийг хянах, мөрдөх төдийгүй давхар, дээр нь хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллагууд ч байгуулж, өөрөө эрхэлнэ. Өөрөөр хэлбэл засаг дээр засаг байгуулна. Тиймээс УИХ Монголын Үндсэн хуулийн байгууллын Франкенштейн, Монголын эмгэнэлт хувь заяаны эзэн, гавьяатан, буруутан.

ЕРӨНХИЙЛӨГЧ, НАМ БА ЗАСАГ

Үндсэн хуулийн хамгийн гол шийдэх ёстой асуудал бол гүйцэтгэх эрх мэдлийг буюу засгийн газрыг байгуулах асуудал. Монгол улсын Үндсэн хуулийн 33.2-т зааснаар “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” нь “Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрх” байв. Харин “Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд томилох,...огцруулах” (25.6) нь УИХ-ын “онцгой бүрэн эрх байв. Мөн Үндсэн хуулийн 39. 2. “Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, харин  39. 3-т “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно”. Энэ бол Засгийн газрыг байгуулах талаарх Үндсэн хуулийн бүх заалт. Тиймээс Ерөнхийлөгч олонхтой, эсвэл УИХ дахь намуудтай зөвшилцөн Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой байв. Харин томилогдсон Ерөнхий сайд “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ” Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулах ёстой байв. Мэдээж УИХ Ерөнхий сайдыг ч, сайд нарыг ч “хүн бүрээр хэлэлцэж томилох” байв.

Ерөнхийлөгч УИХ-д олонх болсон намтай, эсвэл УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ёстой байсан учир зөвшилцлийн санаачлагч нь Ерөнхийлөгч байв. Зөвшилцлийн талууд нь Ерөнхийлөгч ба нам, эсвэл намууд байх ёстой байв. Улмаар нам гэж юу болох, намыг хэн төлөөлөх нь тодорхойгүй байв. Мөн намууд буюу олон намтай зөвшилцөх нөхцөлд Ерөнхийлөгч нам тус бүртэй зөвшилцөх, эсвэл бүх намуудыг нийлүүлэн зөвшилцөх, хэрвээ намуудыг нийлүүлэн зөвшилцөх бол намууд ижил тэгш саналтай байх, эсвэл суудлынхаа тоогоор, эсвэл саналын хувиар дуу хоолой эзэмших эсэх нь мөн тодорхойгүй байв. Мөн зөвшилцөл гэж юуг хэлэх нь тодорхойгүй байв. Ерөнхийлөгч ба нам хоёр хэрхэн зөвшилцөлд хүрэх, санал зөрөлдвөл хэрхэн шийдэх нь тодорхойгүй байв. Мөн олон нам байвал тэд хоорондоо хэрхэн зөвшилцөлд хүрэх нь тодорхойгүй байв. Эцэст нь аль тал нь нэр дэвшүүлэхийг мөн тодорхой заасангүй. Ерөнхийлөгч, эсвэл олонх нам, ялангуяа, олон нам байгаа нөхцөлд, нам дэвшүүлэх ёстой бол аль нам нь дэвшүүлэх, эсвэл нам тус бүр ерөнхийлөгчтэй зөвшилцөх бол тус бүрдээ өөрсдийн нэрийг дэвшүүлэх, эсвэл нийлж нэр дэвшүүлэх бол хэрхэн нэр дэвшүүлэгчээ тодруулах ёстойг мөн тодорхой заасангүй. Өөр нэг том асуудал нь Ерөнхийлөгч яагаад УИХ-ын сонгуулиар УИХ-д олонх суудал, эсвэл суудал авсан намуудтай зөвшилцөх мөртөө яагаад УИХ зөвшилцөлд оролцох ёсгүй нь тодорхойгүй байв. Өөрөөр хэлбэл эдгээр заалтууд нь дэндүү олон асуудлыг тодорхойгүй орхисон, буюу дэндүү олон асуудлыг мэдээжийн мэтээр авсан байлаа.

Гэвч эдгээр тодорхойгүй асуудлуудын заримыг хэрхэн ойлгож байсныг шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар УИХ-ын 1992 оны 7 сарын 6-нд баталсан УИХ-ын тухай, 1993 оны 6 сарын 5-нд батaлсан Ерөнхийлөгчийн тухай, хоёрдугаар УИХ-ын 1997 оны 2 сарын 6-нд баталсан УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиуд тодруулах. УИХ-ын тухай хуулийн 36-р зүйл Ерөнхий сайдыг томилох асуудлыг зохицуулсан бөгөөд 36.1-д “Ерөнхийлөгч” Үндсэн хуульд заасан “журмаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах тухай саналаа...УИХ-д өргөн барих” ба 36.3-т “Ерөнхий сайдад нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид Улсын Их Хурал зөвлөх” гэж заасан нь зөвшилцлийг эхлүүлэх буюу санаачлах этгээд нь Ерөнхийлөгч байсныг төдийгүй зөвшилцлийг санаачлагчийн хувьд Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн нам эсвэл намуудтай зөвшилцөх ёстой гэж ойлгож байсныг харуулах мэт. Учир нь УИХ “дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид зөвлөхөөс” бус Ерөнхийлөгч ба олонх нам, ба намуудад зөвлөөгүй байгаа юм. Мөн жилийн дараа батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2-т Ерөнхийлөгч “Хэрэв УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөж нэгдсэн саналд хүрч чадаагүй бол санал нэгдсэн бөгөөд УИХ-д авсан суудлын нийлбэр нь УИХ-ын нийт суудлын 50-аас дээш хувийг эзэлж байгаа намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулна” гэж заасан нь дээрх ойлголтыг мөн дэмжиж байгаа юм. Энд хэрэглэгдэж байгаа нэгдсэн санал эсвэл санал нэгдсэн гэдэг үгс нь Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд хэн байх талаар өөрийн саналтай байх төдийгүй, тэр саналтай намууд нэгдэх ёстой гэдгийг заах. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгч өөрийнх нь саналтай санал нэгдэхгүй байгаа нам ба намуудыг зөвшилцлөөсөө хасаж, өөртэй нь санал нэгдсэн намуудтай зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэйг харуулж байна. Гэхдээ тэр намууд нь парламентын олонх болох ёстой. Энэ нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлж харин тэрээр УИХ-ын олонхын дэмжлэгийг авах ёстой байсан гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвшилцөл нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн этгээддээ УИХ-ын олонхын дэмжлэгийг л хангах үйл явц гэсэн үг. Үүнийг нотолж байгаа эрх бол Ерөнхийлөгч өөртэй нь санал нийлэхгүй бол парламентад хамгийн олон суудал авсан намыг ч гэсэн зөвшилцлөөс хасах эрхтэй байсан явдал. Энэ нь зөвшилцлийг санаачлагч нь Ерөнхийлөгч төдийгүй, зөвшилцөл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд хэнийг зөвшилцөлд оруулах нь Ерөнхийлөгчийн эрх байсныг харуулж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн зөвшилцөл нь Ерөнхий сайд, засгийн газрыг дэмжих парламентын олонх бүрдүүлэх зорилготой үйл явц байсан болж байгаа юм.

Харин Үндсэн хуулийн 33.2 Ерөнхийлөгчийг “УИХ-д олонх суудал авсан намтай…зөвшилцөхөөр” заасан учир УИХ-д олонх суудал авсан нам байвал Ерөнхийлөгч уг намтай зөвшилцөх ёстой байсан бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.2 ч мөн “УИХ-д олонх суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэл” гэж уг заалтыг дахин нотолсон байгаа юм. Гэхдээ эдгээр заалтуудын аль нь ч УИХ-д олонх суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гаргана гэж заагаагүй. Тиймээс Ерөнхийлөгч зөвшилцлийг эхлүүлэгч буюу санаачлагч, зөвшилцөл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал төдийгүй олон намтай зөвшилцөхөд намууд Ерөнхийлөгчийн саналтай нэгдэх ёстой байсан учир, олонх суудалтай намтай зөвшилцөхөд ч Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэн зөвшилцөх эрхтэй гэж ойлгогдож байсан байгаа юм. Гэхдээ олонх суудалтай нам Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй байх эрхтэй байсан гэсэн үг. Чухам энэ нөхцөлд УИХ-ын тухай хуулийн 36.3-т заасан шиг Ерөнхийлөгч “дахин өөр хүний нэр дэвшүүлэх” ёстой байсан эсэх, мөн олонх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй байсан нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ дээрх бүх хуулиуд олонход тийм эрхийг илэрхийгээр өгөөгүй байгаа юм. Тиймээс олонх суудал авсан намтай зөвшилцөхөд ч тэр Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой байсан гэж ойлгож байсан бололтой.

Энэ ойлголтыг дэмжих өөр нэг жишиг бол Үндсэн хуулийн 39. 2-т зааснаар “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх” явдал. Энэ заалт нь “Ерөнхий сайд...саналаа” гэж тодорхой заасан учир санал гаргах эрх нь Ерөнхий сайдынх гэдгийг тодорхой харуулж байгаа юм. Мөн УИХ-ын тухай хуулийн 37.1 “Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэх” ба дэвшүүлсэн этгээд дэмжигдээгүй нөхцөлд мөн л Ерөнхийлөгчтэй зөвшилцөж “Ерөнхий сайд...өөр хүний нэр дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлнэ” (37.3) гэж заасан байгаа юм. Энд анхаарах ёстой зүйл бол УИХ-ын тухай хуулийн 37.1 “Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж” гэж зааснаас бус “Ерөнхий сайд саналаа” гэж тодотгоогүй байгаа юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд сайд нараа нэрлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх (prerogative) болсон юм. Тиймээс хэдий “Ерөнхий сайд саналаа” гэдэг шиг тодорхой заагаагүй ч Ерөнхий сайдыг нэрлэхэд Ерөнхийлөгч саналаа олонх болон бусад намуудтай зөвшилцөх байсан гэж ойлгогдож байгаа юм. Ямар ч байсан 1992 оны 7-р сард УИХ-ын тухай, 1993 оны 6-р сард Ерөнхийлөгчийн тухай хууль тус тус батлагдаж байхад ингэж ойлгож байсан нь илэрхий байгаа юм.

Харин дараагийн нэг чухал асуудал нь Ерөнхийлөгч чухам яагаад “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөх” ёстой буюу яагаад зөвхөн намтай эсвэл намуудтай зөвшилцөх ёстой байсан бэ гэдэг явдал. Үндсэн хуулийн 16.10-т зааснаар Монгол улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасныг үзвэл нам нь олон нийтийн бусад байгууллагын нэгэн адил иргэдийн байгуулах, тэдний сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийн биелэл болсон байгууллага. Гэтэл УИХ нь “далан зургаан гишүүнтэй” (21.1.) “гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн учир УИХ нь гишүүнээс, иргэнээс бүрдэх. Энд нам сонгох тухай заалт огт байхгүй. Улмаар “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” мөн юм бол яагаад Ерөнхийлөгч УИХ ба түүний гишүүдтэй Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх асуудлаар үл зөвшилцөх гэж? Яагаад Ерөнхийлөгч нам ба намуудтай зөвшилцөх гэж?

Энэ мэдээж Үндсэн хуулийг бүтээгчдийн хувьд тун мэдээжийн асуудал байсан нь ойлгомжтой. Харин тэдний мэдээж нь чухам юу байсан, улмаар тэр нам гэгчид зөвшилцөх эрхийг өгөхдөө тэд Монголын ард түмний нэрийн өмнөөс бүтээж байгаа, улмаар Монгол улсын иргэд өөрсдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн эрх мэдлээ бариулахын тулд сонгон байгуулах “төрийн эрх барих дээд байгууллага” болох УИХ-ын эрх мэдлийг тэд өөрсдөө ийнхүү тэр нам гэгчдээ өгч байгаагаа мэдэж байсан уу гэдгийг л дээрх асуултууд байцаагаад байгаа юм. Тэдний мэдээж нь харин тэдний тархи, зүрхийг эзэгнэгч “улсын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч ... бүхнийг ялагч...нам”, “энхрий хайрт нам” нь байсан юм. Тийм ч учир тэд “нэг намын засаглалыг” (партократ) төдийгүй “нам төвт” ёсыг халж байна гэж тунхаглаж байсан ч хэрэг дээрээ намд зөвшилцөх эрхийг өгснөөрөө намаа төрийнхөө орой дээрээ залж байсан юм. Мөн тэд “төр төвт” ёсыг тогтоож байна гэж тунхаглаж байсан ч дассан сурсан АИХ-аараа УИХ-ыг төсөөлж байсан юм. Чухам тэдний сурц, дадал, зуршил буюу мэдээжид нам улс орныг удирдаж, Засгийг бүрдүүлж, харин ард түмэн, АИХ ёсчлогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан учир тэд УИХ-д томилох нэртэй батлах (confirmation), ёсчлох функцийг л үлдээсэн хэрэг. Ийнхүү тэд хэрэг дээрээ Монголд намын засаглалыг хэвээр хадгалж үлдсэн юм. Мөн тэдний хувьд зөвшилцөх нам, намуудыг ч хэн төлөөлөх нь ч мэдээж байсан бөгөөд тэр нь намын дарга, “улс төрийн товчоо” нь байсан юм. Тиймээс л нам зөвшилцөх нь мэдээж, намыг хэн төлөөлөх нь ч мэдээж байсан юм. Тиймээс тэдний мэдээж нь намын засаглал тогтоогоод зогсохгүй намын дарга, удирдлагын засаглалыг тогтоож байсан юм.

Гэхдээ чухам энэ мэдээжийн зүйлээ хийж байхдаа тэд УИХ-ын, УИХ-ын гишүүдийн, ард түмний, сонгогчдын эрхийг зөрчих төдийгүй ардчилал буюу ардын эрхт ёс, сонгууль, бүгд найрамдах төр ёсыг ч үгүйсгэж байв. Учир нь иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулан эрх мэдлийн төлөө тэмцэж их хуралд олонх болсон ч Монголын ард түмний эрхээ бариулахаар байгуулсан нь нам биш төр засаг, тэдний сонгосон нь намын дарга, удирдлага биш УИХ түүний гишүүд бас Ерөнхийлөгч. Тиймээс нам биш харин Монгол улсын Үндсэн хуулиар “Монголын ард түмэн бид” бүгдийн, бүгдээрээ оролцон, бүгдийнхээ төлөө байгуулсан УИХ-тай нь Ерөнхийлөгч нь зөвшилцөх ёстой юм. Гэтэл тэдний мэдээж нь бүр “УИХ-д суудал бүхий нам … Ерөнхийлөгчид … нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж иргэнд биш намд, нам намдаа УИХ-д суудалтай намд гэж иргэний ч, эвлэлдэн нэгдсэн иргэдийнхээ ч эрхийг хассан байх. Хэрвээ тэднийг мэдээж нь хөтлөөгүй бол, хэрвээ тэд үнэхээр ардчилсан “төр төвтэй” тогтолцоо байгуулсан бол нам биш УИХ зөвшилцлийн нөгөө тал болох байсан бөгөөд тэр нөхцөлд УИХ-ыг хэн төлөөлөх вэ гэдэг асуулт босож ирэх нь мэдээж. Тэр асуулт босож ирэхэд тэд “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” (ҮХ 24.1) гэж заасан шигээ шийдэх байсан ч байх. Тэр ч байтугай УИХ-ын тухай хуулийн 28.2-т заасан шигээ “УИХ-д хамгийн олон суудал авсан нам…УИХ-ын даргын сонгуульд эхэлж нэр дэвшүүлэх”, 28.3-т “УИХ-ын гишүүн УИХ-ын дарга, дэд даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлж”, 28.4-т зааснаар “нэг...хоёр түүнээс дээш хүний нэр дэвшсэн...нууц санал хураалт явуулж...олонхын саналаар сонгох” замыг ч хэрэглэх байсан биз. Учир нь УИХ-ын гишүүн бүр “ард түмний элч...нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” ёстой бөгөөд хэд хэчнээн санал авснаасаа үл хамааран гишүүн бүр иргэнийхээ нэг адил нэг санал эзэмшдэг юм. Тиймээс тэд УИХ-ын гишүүдийн эрхийг улаан цайм зөрчихгүй, зөрчүүлэх ч үгүй байсан биз.

Иргэн, гишүүн бүр ижил тэгш нэг санал эзэмших нь тэгш эрх, шударга ёс, ардчиллын суурь төдийгүй “Монголын ард түмэн бид” бүгдийн, бүгдээрээ оролцон, бүгдийнхээ төлөө байгуулсан бүгд найрамдах төрийн утга учир нь юм. Тиймээс иргэдийн “ашиг сонирхол, үзэл бодлын” эвлэл, нэгдэл, бүлэг, анги, хэсэг, тал, талцал (part, party, particularism) болох намд бүгдийн эрхийг эрх мэдэл өгөх нь бүгдийн хэсэг, анги, тал, талцалд онц тусгай эрх (entitlement) олгож байгаа хэрэг тиймээс бид бүгдийн, бүгдээрээ оролцон, бүгдийнхээ төлөө байгуулсан бүгд найрамдах төрд ч, бид бүгдийн тэгш эрх, шударга ёс, ардчилалд харш юм. Чухам эл учир энэ нь зөвшилцөл буюу зөвийг олох, зөв шийдвэрт хүрэх арга ч биш юм. Харин бүгдээрээ зөвийг олох, зөв шийдвэрт хүрэх арга бол зөвийг шилэх (select), зөвийг сонгох (choose), зөвд итгэх (elect) арга бөгөөд тийм ч учир бид сонгууль (election) хийж зөвийг шилж, зөвийг сонгож, зөвд итгэдэг юм. Гэхдээ нүд болгонд, үзэл болгонд, амьдрал болгонд зөв байдаг учир хүн болгон өөрийнхөө зөвийг шилэх, өөрийнхөө зөвийг сонгох, өөрийнхөө зөвд итгэх эрхтэй байх ёстой юм. Чухам тийм ч учир хүн бүрийн шилэх, сонгох, итгэх эрх “чөлөөтэй”, “шууд” байх ёстой бөгөөд чухам тийм ч учир шилэлт, сонголт, итгэлт нь хувийнх байх учиртай юм. Чухам хувийнх учир нууц байх ёстой юм. Чухам хувь хувийн үзэл бодол, үнэт зүйлс, эрх ашиг нийлж байж хувийн ч нийтийн ч эрх ашиг, хувь заяа зөвөө олж, хувь болгон хувиа оруулж, хувиа хүртдэг учиртай юм. Тийм учраас бүгдийн, нийтийн зөвшилцөл бүгдийн нийтийн тэгш, чөлөөтэй, шууд, нууц сонголт юм. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн зөвшилцөх тал байх байсан бөгөөд тиймээс Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж УИХ нь нууц санал хурааж олонхын саналаар дэмжвэл дэмжиж няцаавал няцаах үйл явц байх ёстой байсан юм. Чухам үүнийг ч итгэл үзүүлэх, хүлээлгэх эсвэл үл хүлээлгэх, үл үзүүлэх ч гэдэг юм.

Гэвч Үндсэн хууль бүтээгчид УИХ-ын, УИХ-ын гишүүдийн, ард түмний, сонгогчдын эрхийг зөрчих төдийгүй ардчилал буюу ардын эрхт ёс, сонгууль, бүгд найрамдах төрт ёсыг үгүйсгэж бүгдийн төрийн эрх мэдлийг эрх мэдлийн төлөө илэрхий тэмцэгч анги, намд төдийгүй түүний дарга, удирдлагад өгөөд зогсохгүй зөвшилцөл хэмээхээ ч хэрхэн явуулах арга зам мөр тогтоолгүй орхисон нь зөвлөлийн төдийгүй намын, намын төдийгүй олигарх засаглал тогтох суурь болж өгсөн юм.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бат (92.124.204.29) 2018-12-24 19:43:28
Юун олон юм бичдгийн. Нэг л юм бичээч.