Төлөвлөгөөний алтан гурвалжин буюу шилдэг төлөвлөлтийн нууц

Яагаад шинэ он, шинэ жилд хүмүүс дуртай байдаг вэ. Олон хүн өнгөрсөнд үлдсэн бүхнээ дүгнэж цэгнээд шинээр бүхнийг эхлүүлнэ гэдэгт итгэдэг болохоор дуртай байж магадгүй юм. Оны сүүлийн өдөр ирэх жилийнхээ шинэ зорилго, шинэ хүсэл мөрөөдлөө тодорхойлж, өөрийгөө шинээр бүтээхээр төлөвлөдөг олон хүн бий. Тэр л хүмүүст зориулж амжилттай төлөвлөгөө боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэхдээ мартаж болохгүй гурван чухал алхмыг хүргэж байна.

  Нэгт: Зорилго тодорхойл-Юуг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа ол

Цээжний пангаар төлөвлөгөөг шууд гаргаж болохгүй. Учир нь хүн хэт хэцүү зорилго тавьчихаад хүрч чадахгүй, төлөвлөгөө нь биелэхгүй тохиолдолд урам хугарах, дахин төлөвлөгөө гаргахаас цааргалах магадлалтай байдаг. Тиймээс яг юу хийх, юуг чин сэтгэлээсээ хүсч байна, юуг мөрөөдөж байна гэдгээ чи өөрөө яг таг мэдэж байгаа тохиолдолд төлөвлөгөөгөө гаргаарай. Бүхий л амжилттай явж байгаа лидерүүд, манлайлагчид, салбартаа тэргүүлэгчид “хэрвээ чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол, хамгийн зөөлөн салхинд ч хамхуул адил хийснэ” гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Тиймээс ямарваа нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд юун түрүүнд өөрөө өөрийгөө сонсож, хүсэл мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй. “Хүмүүс юу хүсдэгээ мэддэг хүнд илүү их хүндэтгэл үзүүлдэг” гэж Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour хэлсэн байдаг.

Хоёрт Тодорхой бай-Хүсч буй бүхэн тань тодорхой бол илүү амархан зорилгодоо хүрнэ

Салбартаа шагшигдсан мундаг мэргэжилтэн болно гэдэг бол хэтэрхий ерөнхий. Аа тэгээд зорилго ерөнхий байх тусам биелэх магадлал төдий чинээ бага. Хэдэн жилийн дараа, ямар ямар амжилт үзүүлж байж, хэдэн шатны албан тушаал дэвшиж байж, ямар шалгуураар хамгийн шилдэг нь болох уу, түүний төлөө өнөөдөр, маргааш, бүр өдөр бүр би яаж ажиллах уу гэдгээ тодорхой мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж та өөрөө түүндээ итгэнэ.

Өдөр бүр маш урт замыг тодорхой хугацаанд гүйж бэлтгэл хийдэг тамирчин ба өдөр бүр 3 цагийн турш 45 км замыг туулж, 2 цаг амраад дахин нэг цаг ойрын зайн гүйлт хийдэг цагийн хуваарьтай 2 тамирчны 2 дахь нь бэлтгэлдээ илүү их ач холбогдол өгч, илүү их сэтгэл ханамж аван мөн тэр хэрээрээ илүү их амжилтыг үзүүлж чадна. Учир нь тэрээр өөрийгөө юу хийж, хаана байгаагаа хэмжиж чадаж байна. Түүнийхээ хэрээр төлөвлөгөөгөө биелүүлэхдээ илүү урам зоригтойгоор, зорилгодоо хүрэх итгэлтэйгээр ажиллах болно.

Өглөө бүр ямар байшинд сэрж, ямар машинаар компани уруу явж, хэнтэй хамт оройн зоог барьж, маргааш нь хэрхэн хувцаслаад хаашаа явах вэ гэх мэт өөрийн хүсэж буй амьдралын хамгийн энгийн нэг өдрийг ч ямар байгаасай гэж бодож байна вэ.. Бүгдийг нь тодорхой болго, сэтгэлдээ төсөөл. Тэгээд хамгийн чухал нь тэр бүхнийг бий болгохын тулд ямар алхмуудыг хийх вэ гэдгээ тодорхой болго. Зорилго чинь тодорхой, биелсэн эсэхийг нь хэмжиж болохуйц байх ёстой. “Турах” гэж биш “10 кг хасах”, “Илүү өөртөө итгэлтэй болох” биш “Хэний ч өөдөөс эгцэлж хараад ярьж сурсан байх” гэх мэт.

Гурав: Хэмжүүр тогтоо- Хүсэл мөрөөдөл хязгааргүй ч цаг хугацаа хязгаартай

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Цагийг хий дэмий үрэгчид л өдрийг богинохон байдагт гомдоллож байдаг. Хэрвээ цагаа уртасгамаар байвал цагийн хуваарьтайгаар ажиллаж сур.” гэж хэлсэн байдаг. 2019 онд өөрийнхөө цагийг урт байлгаж, олон зүйлийг амжуулмаар байвал та цаг хугацаагаа нарийн сайн төлөвлөх хэрэгтэй. Үргэлж цагийн хуваарьтайгаар ажиллаж чадвал та илүү их ажлыг, илүү бага хугацаанд өндөр үр дүнтэйгээр амжуулж чадна. Хэзээ биелэх нь үл мэдэгдэх түмэн олон жагсаалт бүү гаргаарай. Юуг, яах гэж, хэрхэн, хэзээ, хаана, яагаад хийх вэ гэдгээ бодож тунгаагаарай.

Алдартнуудын хэлсэн төлөвлөгөө гаргахад тань туслах эшлэлүүдийг тоймлон хүргэе

Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү.  – Ж.Паттон

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.  – М.М.Пришвин

Оролдлого, тэвчээр, хөлс 3 нь амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм.  – Napoleon Hill

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийг л хий.  – Mahatma Gandi

Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай. Өөрийнхөө замыг өөрөө "зур"  – Ralph Waldo Emerson

“Ихэнх хүмүүс төлөвлөгөөг аймшигтай, хатуу, уйтгартай нэгэн хэмнэлд оруулдаг зүйл гэж ойлгодог. Харин миний хувьд төлөвлөгөө бол хэрхэн зугаатайгаар зорилгодоо хүрэх замыг зурсан зураг юм даа. Учир нь би амралтаа ч мөн төлөвлөж чаддаг.” Phnom Penh/ Архитектур, уран барималч

Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байгаа тодорхой бус байдлыг арилгахыг хүсвэл маш сайн төлөвлөгч бай. Мөн төлөвлөгөөндөө үнэнч бай. Ирээдүй чинь таны хүссэнээр өөрчлөгдөх болно. Дейл Карнеги/ Олон улсын хувь хүний хөгжлийн шилдэг ментор

“Оюун санаанд байгаа зорилгоос цаасан дээр буулгасан зорилгын биелэгдэх магадлал хамаагүй өндөр байдаг.”  Амжилтын нууц номноос...

Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж юуг ч гээдэггүй. Hэгэнт доторx xүнээ тaньж aвсан бoл өpөөл буcдыг oйлгодог.  – Стефан Цвейг

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна.  – Хонда Соичироо

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.