Шинэ онд шинэ хүн болно гэсэн зорилго хэзээ ч биелдэггүй гэдгийг судалгаагаар тогтоожээ

Олон хүн шинэ оноо шинэ хүн болж эхлүүлнэ гэж боддог ч энэ мөрөөдөл нь ерөөсөө биелдэггүй гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Гэхдээ зорилго биелдэггүй гол шалтгаануудыг тэд тодруулж, зөвлөгөө гаргасан байна.

Та чадахаасаа их зүйл төсөөлжээ

Шинэ жилдээ өөрчлөгдөнө гэж төлөвлөгөөгөө гаргаж байхдаа бид өөрчлөхийг хүссэн зүйлээ ерөнхийгөөр төсөөлдөг. Жишээ нь шинэ жилдээ идэх дэглэмээ өөрчилж, эрүүл хооллоно гэж зорилго тавьдаг. Тодорхой нэг дэглэм барих уу эсвэл өглөө бүр иддэг талхныхаа оронд жимс идэх үү? Энэ нь хэтэрхий тодорхой биш байдаг. Иймээс тодорхой эхлэх цэгээ олох нь чухал юм.

 Нэг жил урт хугацаа

Хүн нөхцөл байдал, эргэн тойрондоо тохируулж зуршлаа өөрчилдөг. Амьдралд гэнэтийн зүйлс их тохиолддог шүү дээ. Жишээ нь өглөө болгон 8:30-с ажилдаа очно гэсэн зорилго тавьсан байна гэж бодъё. Гэхдээ ажлаасаа гарч эсвэл халагдаж болохыг тооцоолоогүй байдаг. Эсвэл өглөө болгон хийнэ гэсэн дасгалаасаа уйдаж ч болно. Бүтэн нэг жилийн турш ганц зорилгод тулгуурлан амьдрах хэцүү. Учир нь зорилго биднийг дагаад хувьсдаг.

Хэтэрхий эрт, хэт ихийг хийхийг оролддог

Он дуусахтай зэрэгцээд хүмүүс ч ядарсан байдаг. Тэд шинэ оныг тайван, удаанаар эхлэх ёстой ч өөрсөддөө шинэ амьдралын эрч хүч хайх цаг хугацааг өгдөггүй. Сэтгэл, бие махбодийн хувьд сул үедээ шинэ оны зорилгоо амархан умартдаг байна. Хэдийгээр зорилгодоо үнэнч байх хэцүү ч эцсийн дүнд том өөрчлөлт авчирч болдог. Өөрийгөө хөгжүүлж, ойлгоход туслах зорилго тавьхад л гол нь оршино. 

Тэгвэл хэдхэн сар болоод хаяхааргүй, мартахааргүй биелэхээр зорилго яаж тавих вэ? 

Бүтэн жилийнхээ сэдвийг сонго

Шинэ ондоо, өдөр тутмын амьдралдаа хүсч буй зүйлтэйгээ холбоотой үг эсвэл тарни бодож олоорой. Таны сонгосон үг "Хялбархан" байя гэж бодъё. Энэ үед өөрийнхөө үйлдлүүдийг хялбархан байдалтай нийцүүлж болохыг санаарай. Энийг зуршил болгоорой. Шинэ зорилгодоо хүрэхэд тань туслах шинэ хүмүүс, дадал зуршлийг амьдралд тань авчрах болно. 

Том зорилгоо жижиг зорилтуудад хуваа

Том зорилгууд биднээс хэт хол бүтэхгүй юм шиг санагддаг. Хүсч байсан хугацаандаа хүрч чадахгүй бол шантарч, сэтгэл санаагаар унах нь бий. Урам зориг хүсэл эрмэлзлийг төрүүлдэг шүү дээ. Юуны түрүүнд богино хугацаанд хүрч болохоор бяцхан зорилтууд тавь. Жишээ нь бизнес эхлүүлье гэвэл нэг сард зөвлөгчтэйгөө уулз. Бизнесийнхээ төлөвлөгөөг гурван сар гэхэд гаргаж, долоон сар гэхэд веб сайтаа байршуул. Харин есөн сар гэхэд мөнгөний хуримтлал үүсгэ. Ингэснээр ахиц дэвшлээ тодорхойлж, дараагийн зүйлдээ бэлэн байх болно.

Бүлэгт хуваа

Эрүүл мэнд, карьер, санхүү, харилцааны талбар дээрээ тус тусдаа зорилго тавь. Жишээ нь харилцааны талбар дээр найзуудтайгаа сар болгон оройн зоог барих,  эрүүл мэндийн тал дээр сар болгон фитнест явах зэрэг зорилго тавьж болно. Эд бол хүрч  болохуйц, амархан  зорилтууд. Жижиг ч гэсэн таны амьдралын олон талбарт өөрчлөлт авчирж чадна. 

Зорилгоо баталгаажуул

Зорилгоо шийдсэнийхээ дараа өдөр тутмын амьдралдаа сатаарахаас сэргийл. Зорилгоос чинь ухрааж болзошгүй нөхцөл байдлуудыг тодорхойл. Жишээ нь эрүүл амьдрахын тулд дэглэм болон дасгал сургуулилалтад суурилсан зорилго тавьсан байна гэж бодьё. Гэхдээ та томилолтоор явахаа мэдэж байвал өөртөө тохирох, хоолны газар, фитнессийг эртнээс хайж олоорой. Өөдрөг байж сорилтуудад бэлэн байх хэрэгтэй. Гэнэтийн зүйлд арга байхгүй гээд бууж өгч болохгүй юм шүү. Эцсийн эцэст бодит биш зорилго битгий тавиарай.

 

Эх сурвалж: BusinessInsider

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.