О.Төмөрбаатар: Монгол залууст дэлхийд өрсөлдөх чадвар байдаг ч хэлний мэдлэгтээ хүлэгддэг. Тиймээс...

Энэ удаагийн "Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагын зочноор Монголын шилдэг загварын гэрэл зурагчдын нэг Төмөрбаатарыг урьж ярилцлаа. Тэрээр гэрэл зургийн чиглэлээр огт сураагүй ч амжилттай яваа залуу уран бүтээлч юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Би бол 25 настай Төмөрбаатар гэдэг зурагчин залуу байна. Улаанбаатар хотод төрж өссөн. Залуучуудад орчин үеийн соёлыг түгээх зорилготой хүн. “Sisley”, “Pedro”, “Michel&Amazonka”, “93//Kidult” зэрэг брендүүдтэй хамтарч ажилладаг. Хамгийн сүүлд “Голомт” банкны захиалгыг гүйцэтгэсэн.

-Та энэ ажлуудаа хэрхэн амжуулж байна. Цагаа хэрхэн хувиарладаг вэ?

-Чөлөөт уран бүтээлч болохоор өглөө яг хэдээс босоод, хэдэд хуралд орно гэсэн юм байдаггүй. Өдөр бүр өөр, өөр байдаг. Ажлаа бол зураг авалтаа төлөвлөөд, зургаа дараад, янзлах дарааллаар хувиарладаг. Би хэзээ ч захиалга овоолж авдаггүй. Нэг юмаа бүрэн дуусгачхаад дараагийнх руугаа ордог. Тийм болохоор чанартай гүйцэтгэж чаддаг. Мэдээж захиалгаа аль болох хурдан хийж гүйцэтгэхийг хичээдэг. Зураг авалтаа нэг хоёр өдөрт багтаан, дараагийн хоёр хоногтоо янзалж дуусгадаг. Ингээд өөртөө ганц өдрийн амралт өгөөд дараагийн ажилдаа ордог доо.

-Та анх энэ салбарт орж байсан талаараа яриач?

-Надад гэрэл зургийн салбарт орох боломж бараг байгаагүй. Миний өсөж төрсөн гэр бүлийн хүрээнд тийм үнэтэй лаг мэргэжлийн камер авах боломж  ховор байсан.Тийм болохоор цагийн ажил хийж авсан анхны камераар л бүх зүйл эхэлсэн дээ.

-Та яагаад гэрэл зураг сонирхох болсон бэ?

-Би гитар тоглодог, зураг зурдаг, бүжиглэдэг хүүхэд байсан. Арван жилдээ “The Colors” хамтлагийн гитарчинтай хамт гитар тоглодог байлаа. Бас бүжгийн ч хамтлагт байсан. Ер нь манай найзууд бүгд урлаг сонирхдог энэ нь надад их нөлөөлсөн дөө. Гэрэл зургийн талаарх анхны ойлголтоо Америкт сурагч солилцоогоор явж байхдаа тэндхийн хүүхдүүдээс олж авч байсан.

-Та арван жилдээ хаана сурдаг байв?

-Би 38 дугаар сургууль, Өсвөрийн залуу техникчдийн ордон, Монгол Энэтхэгийн хамтарсан сургуульд сурч байсан. Америкт сурагч солилцоогоор бол Лой Норрикс ахлах сургуульд сурч байсан. Тэгээд Беркли сити коллежид сурч байгаад сургуулиа хаяад Монголд ирсэн.

-Та яагаад Америкт сургуулиа хаясан юм бэ?

-Дэндүү олон юм сонирхож, юу хийхээ тодорхойлоогүй, зорилгоо ухамсарлаагүй байсан болохоор сургуулиа хаясан. Олон монгол залуус гадаадад очоод ажил хийж олсон мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлнө гэж боддог. Би ч бас тэгж л бодоод очсон. Гэтэл сурахынхаа хажуугаар ажиллах биш, ажиллахынхаа хажуугаар сураад эхэлсэн. Ингээд дүн ч огцом муудсан. Тэр үед дизайнерын сургуульд орно л гэж боддог байлаа. Тэд нар нь гуч дөчин мянган долларын төлбөртэй болохоор тэтгэлэг л авах хэрэгтэй юм билээ. Харин загварын сургуулийн тэтгэлэг гэдэг бол бас тийм амархан олддог юм биш. Үнэхээр л гоц авьяастай байж л авна. Магадгүй эдийн засаг, улс төрийн чиглэл байсан бол тэтгэлэг авах боломж илүү өндөр байх байсан.

-Та анх гэрэл зургийн салбарт орж байхдаа шантарч бууж өгч байв уу?

-Би гэрэл зургийн чиглэлээр огт сурч байгаагүй. Олон улсын харилцааны эдийн засгийн харилцааны мэргэжилтэй хүн. Тийм болохоор шантрал биш эргэлзээ их байсан. Мэргэжлээрээ ажиллах уу эсвэл гэрэл зурагчнаараа явах уу гэж. Гэхдээ дуртай юмаа нэгэнт эхлүүлээд явж байсан учир тууштай байхаар шийдсэн. Тууштай байдал их чухал юм билээ. Ямартай ч энэ эргэлзээ удаан үргэлжлээгүй. Надад олон сонголт байсан ч дизайн хувцас, соёлд дуртай болохоор гэрэл зургаа сонгосон.

-Залуу хүнийхээ хувьд манай нийгмээс юуг өөрчлөгдөж шинэчлэгдээсэй гэж хүсдэг вэ?

-Залуучууд маань өөрсдийнхөө дуу хоолой, хүч чадлыг ойлгоосой гэж хүсдэг. Сонгуулийн үеэр залуучуудын ирц хамгийн муу байдаг. Харин улс төрчид өөрт нь санал өгөх хүмүүст зориулж мөрийн хөтөлбөр, бодлогоо тодорхойлдог. Тийм болохоор залуучууд орхигдоод байна. Залуучууд өөрсдийнхөө төлөө зөв бодлого шаардаж, дуу хоолойгоо хүргэж чаддаг байх ёстой. Саяхан Францад бензиний үнэ нэмэгдэхэд шар хантаазтангуудын бослого болоод юу боллоо доо.  

-Таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу вэ?

-Гүүрнээс үсэрсэн.

-Яагаад?

-Үсэрч үзмээр байсан юм./инээв/ Америкт Bungee Jumping хийж үзсэн. Өндрөөс айдаг болохоор энэ надад айдсаа даван туулсан их том алхам болсон.

-Тийм байлгүй дээ. Сая их буруугаар ойлголоо шүү. Танд залуучууддаа зөвлөмөөр зүйл юу байна?

-Залуучууд маань хэл сайн сураасай. Монгол хэл дээр сөөм мэдлэг байгаа бол англи дээр ахиад сөөм мэдлэг, хятад дээр бас ийм мэдлэг байна. Энэ бүгдийг олж мэдэн өөртөө чадах чинээгээрээ боломж бий болгоосой. Ингэж байж л хөгжиж, дараагийн төвшиндөө хүрч чадна. Миний харж байгаагаар мундаг авьяастай чадварлаг дизайнерууд зөвхөн хэлний асуудлаасаа болоод Монголын зах зээлээсээ гарч чадахгүй байна. Хэлний мэдлэгээр л бусад орнуудтай харилцаа холбоо үүсгэн өөрийгөө таниулах боломжтой шүү дээ. Монгол залууст дэлхийд өрсөлдөх чадвар байдаг ч хэлний мэдлэгтээ хүлэгдээд байна. Тиймээс хэлний мэдлэгээ зайлшгүй сайжруулах хэрэгтэй.

-Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Амжилт бол нэр төртэй байх, хэлсэн үг нь хүмүүст даацтай хүрэх гэсэн шалгуураар хэмжигдэнэ. Их мөнгөтэй баян байлаа гээд амжилттай яваа гэсэн үг биш. Алберт Эйнштейн баян байгаагүй. Гэхдээ тэр үнэ цэнэтэй зүйлсийг бүтээсэн болохоор түүний хэлж байсан үгсийг хүмүүс одоо ч маш нухацтай хүлээж авдаг. Миний хувьд зураг урлаг сонирхдог хүмүүс, манай салбарынхан миний хэлсэн үгийг чухалчлан хүлээн авах л амжилт юм.

-Та бага нас, гэр бүлийнхээ талаар яриач?

-Би бол ганц бие ээжийн ганц хүү. Гэхдээ эмээгийнхээ ачаар хоёр ээжтэй юм шиг л өссөн дөө. Ээж маань эмч, эмээ маань холбоочин, харин өвөө маань төмөр замын хүн ч хэвтэрт байдаг байсан. Харин би бол нэг даруухандуу бондгор нөхөр байсан.

-Хэцүү зүйл тохиолдоход та яаж давж гардаг вэ?

-Миний гаргасан алдаанаас болж хэцүү зүйл тохиолдвол маш амархан давж гардаг. Би ингэх байсан байна шүү дээ. За одоо ингэе гээд гялс асуудлаа шийддэг. Харин миний хянаж чадахааргүй зүйлээс болж шантармаар хэцүү зүйл тохиолдвол би үүнээс цаашаа явах ёстой, илүү их зүйл хийж бүтээх ёстой хүн гэж боддог доо. Тэгээд би өөртөө: “Том зорилготой байж иймхэн юманд бууж өгөхгүй. Иймхэн юманд бууж өгөөсэй гэж ээж, эмээ маань намайг өсгөөгүй шүү дээ” гэж хэлдэг. Харин жижигхэн асуудал тулгарвал жимдээ яваад болчихдог.

-Та хэнээс урам зориг авдаг вэ?

-Ихэвчлэн кино найруулагчдаас авдаг. Кино найруулагчид маш олон юм зэрэг тооцоолдог. Хөгжим, гэрэл зураг, зураг авалт, найруулга, зохиол, хэлэх үгийг нь гээд их юм боддог. Тиймээс тэд олон талын авьяастай хүмүүс байдаг. Надад сүүлд “Blade Runner”-ийн найруулагч Денис Вилленеүве, “First man”-ийн найруулагч Дэмьен Шазелл их таалагдсан. Мөн “Jack Ass”-ийн Спайк Жонзе, “Fight Club”-ийн Дэвид Финчерт дуртай.

-Та өөрөө кино хийх үү?

-Тийм ээ, хийнэ. Футуристик кино хийх байх. Энэ гэхдээ тийм харь гаригтай кино биш шүү. Ирээдүйн талаар хамгийн боломжит байдлаар л хийнэ. Цаасан мөнгө огт хэрэглэхгүй, “Сири” өндөр төвшинд хөгжсөн байдаг ч юм уу тиймэрхүү фактд тулгуурласан бодит байж болохуйц зүйлийн талаар хийнэ. Хөгжмийн найруулгын хувьд бол чимээ багатай ч тухайн зүйлээ яг илэрхийлж чаддаг тийм даацтай аяс хэрэглэнэ.

-Залуу хүнийхээ хувьд улсаа ирээдүйг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Манай улсад шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн, хүмүүс нь өндөр боловсрол чадвартай байгаасай гэж хүсдэг. Үүнд залуучууд бид дор бүрнээ залхууралгүй, идэвхтэй байж өөрсдийнхөө төлөө тэмцвэл ихээхэн хувь нэмрээ оруулж чадах байх. 

-Сүүлийн асуултаа асууя. Та өөрөө сошиалд 32,8 мянган дагагчтай хүн. Тийм болохоор сошиалд активистуудад хандаж хэлэх үг байна уу?

-Орчин үед бүгд контент үйлдвэрлэх боломжтой болсон, үйлдвэрлэж ч байна. Гол нь контентоо чанартай хийгээсэй, тэгээд үүгээрээ хүмүүст зөв үлгэр дууриалал өгдөг байгаасай гэж хүсэж байна. Та нар бол яах аргагүй нөлөөлөгчид шүү дээ. Сошиал медиа хэрэглэнэ гэдэг бол маш их хариуцлага. Монголчуудад үлгэр дууриалал өгч байгаа хүмүүс нь нэг бол улс төрчид, нэг бол дурлалт хосууд л болоод байна. Харин тэднийг маш олон жаахан хүүхдүүд харж өсөж байна шүү дээ. Хүүхдүүдийн хамгийн их харж байгаа зүйл нь дурлалт хосууд, хайртай гэсэн юмнууд болоод байна. Өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө хайрлаж сурах ёстой насандаа ийм зүйлээр тархиа угаалгаж болохгүй шүү дээ. Энэ асуудалд би их шүүмжлэлтэй ханддаг юм.

Ер нь нийгэм солигдохын хэрээр ганц бие эмэгтэйчүүд, ганц бие эрчүүдээс илүү амжилттай явна. Үүнийг бас охид маань бодох хэрэгтэй. Саяхныг хүртэл эмэгтэйчүүдэд зөвхөн сайн гэрийн эзэгтэйн дүр хүчээр оногдуулдаг байсан бол одоо дэлхий даяар энэ ойлголт өөрчлөгдсөн. Тийм болохоор өчнөөн эмэгтэйчүүдийн хөлс хүчээр бүтсэн энэ зүйлийг нураалгүй хариуцлагатайгаар өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө олж нээх хэрэгтэй. Тэрнээс биш өөрийгөө олж нээгээгүй, өөрийгөө хайрлаж сураагүй байж өөр хүнийг хайрлана гэж байхгүй шүү л гэж хэлэе даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Turuu (178.251.14.226) 2019-01-08 00:52:33
Mongoliin Social yrtuntsuur zaluuchuudad uuriin content zurgaaraa tom Influencer bj chadaj baigaa mundag hun shuu. Eme hunees Ih zuiliig tal talaas suraltsaj chaddag. Tsaashdaa iim zaluuchuud iig dahin2 oroltsuulaarai
Zochin (66.181.189.19) 2019-01-07 22:05:06
Uneheer saihan yariltslaga boljee. Ene zaluug zugeer neg zuragchin l gej bodoj yvsanaas huvi hun talaas ni ogt meddeggui baij. Ih zov bodoltoi mundag zaluu baina. Iim humuus l amjiltand hurdeg baih daa.
Reader (103.229.123.28) 2019-01-07 21:12:59
Iim zaluus olon baigaasai