Э.Анударь: Миний үеийнхэн шинэ сэтгэлгээгээр нийгмээ дараачийн шатанд гаргах үүрэгтэй хүмүүс

N24 мэдээллийн сайт "Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагыг тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон хоёрхон ажилтны нэг болсон Оюу толгой компанийн Гадаад Харилцааны ажилтан Энхбаатарын Анударьтай ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. "One Young World Summit-д “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон хоёрхон ажилтны нэг болсон гэсэн. Кофи Аннан, Эмма Уатсон, Жастин Трюдо тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн оролцож байсан, олон улсын залуусын оролцоотой хөтөлбөрүүд дунд цар хүрээгээрээ хамгийн томд тооцогдох арга хэмжээ гэж дуулсан. Энэ хөтөлбөрийн талаар болон хөтөлбөрт хамрагдах боломжийг хэрхэн бүрдүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

-One Young World – ийн талаар түрүү жилийн тавдугаар сард анх Рио Тинто группийн шинэ төгсөгч нарын дунд тэмцээн зарлахад олж мэдсэн. Рио Тинто группийн хамгийн залуу ажилтнуудын дунд зарласан уг тэмцээнд онлайнаар видео илгээж оролцох байсан юм. 2018 оны Summit ийн гол сэдвүүд нь Боловсрол, Эрүүл мэнд, Байгал орчин, Ядуурлыг бууруулж Эдийн засгийг хөгжүүлэх болон Хүний эрх байснаас би Боловсрол сэдвийг сонгож өөрийн хүсэл тэмүүллийнхээ талаар ярьсан. Мэдээж яагаад намайг сонгох ёстой талаар ярих ёстой. Рио Тинто бол хүн төрөлхтөн, технологийн хөгжил дэвшилд нэн чухал материалыг олборлож, боловсруулдаг хөгжлийн түүчээ болсон 146 жилийн түүхтэй компани. Өнөөгийн эрин зуунтай холбож шинэ сэтгэлгээгээр дараачийн шатанд гаргах хамгийн чухал үүрэгтэй хүмүүс нь миний үеийнхэн учраас би хамгийн шилдэг сонголт байх болно гэж бодсон.

-Боловсролыг сонгож өөрийн хүсэл тэмүүллийнхээ талаар ярьсан гэсэн?

-Залуу хүн бүр өөрийн хүсэл тэмүүлэлтэй. НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтын 4-т чанартай боловсролыг дэмжих гэж байдаг. Энэ зорилтын дагуу би хүүхэд бүр боловсорч сурч мэдэх тэгш боломжтойгоос гадна, баримт нотолгоотой мэдээллийн эх сурвалжтай, өөрийгөө хөгжүүлж, өөртөө байгаа боломжоо эрт олж мэдээсэй гэж боддог. Ялангуяа шинжлэх ухааны салбарт охидын тоог ихсээсэй гэж хүсдэг.

- One Young World-д оролцсон өдрүүдийнхээ дурсамж болон ойлгож таниж мэдсэн зүйлсийнхээ талаар хуваалцаж болох уу?

-2018 оны Summit Нидерландын Гааг хотод болж 196 орноос 1,300 гаруй залуу манлайлагчид оролцсон. Рио Тинто компанийг албан ёсоор төлөөлж 2 ажилтан оролцсоны нэг нь би, нөгөө нь Америкийн Юта мужид байрлах Рио Тинтогийн Кенеккот уурхайн уулын инженер шинэ төгсөгч байсан. Оюу толгой, Кенеккот хоёулаа зэсийн уурхай гэдгээрээ бид хоёрын яриа их нийлж, ажлын онцлогийнхоо талаар ярихад сайхан байсан. Би боловсролын чиглэлээр, тэр байгаль орчны чиглэлээр сонирхолтой байсан болохоор хөтөлбөрөөсөө харж байгаад чухал чухал гэсэн хурлуудад суугаад бусад үед нь хурлын танхимаас гарч өөр бусад компанийн төлөөлөгчидтэй танилцах боломжтой байсан.

Ашигт малтмалын салбараас маш цөөн төлөөлөгч байснаас уул уурхайн салбарыг төлөөлж зөвхөн Рио Тинто компани оролцсон нь сонирхолтой. Coca cola, Unilever, Facebook, Loreal гэх мэт дэлхийд алдартай хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хажууд уул уурхайн компаниудыг хүмүүс сайн мэддэггүй. Ийм ч учраас салбарынхаа төлөөлөл болж, хариуцлагатай уул уурхай, аюулгүй ажиллагааны талаар бусдад тайлбарлах боломж олдсон.

Том компанийн төлөөллөөс гадна хувиараа өөрийнхөө санаачилсан төслөө танилцуулахаар ирсэн олон мундаг залуус байсан. Жишээлбэл интернетийг ашиглаж боловсролын цахим платформ байгуулснаар алслагдсан мужуудад суурьшиж байгаа хүүхдүүдийг сургалтын материалаар хангаж, хичээл орох боломжтой болсон нэг жишээ их таалагдсан.

-Одоогийн байдлаар ямар ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ?

-Би түрүү оны 9 сараас эхлээд хэлтэс дотроо “Брэнд болон Бүтээлч үйлчилгээний” багт шилжин 7 сарын хугацаагаар ажиллаж байна. Шинэ төгсөгч хөтөлбөрийн хүрээнд менежертэйгээ ярилцаад хөгжлийн төлөвлөгөө гаргадаг бөгөөд ажлын шаардлага, өөрийн сонирхлын дагуу үндсэн багаасаа гадна өөр багуудад тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг. Үндсэн багаасаа өөр өөр багуудад ажилласнаар төрөл бүрийн ур чадварыг эзэмшиж, үйл ажиллагааны процессыг ойлгоход маш том давуу тал болдог гэж бодож байна.

-Бүтээлч үйлчилгээний баг гэхээр их сонирхолтой юм. Яагаад ингэж нэрлэсэн юм бол. Мөн үр бүтээлтэй ажиллахад юу юу нөлөөтэй гэж та бодож байна вэ?

-Миний одоогийн байгаа баг харилцаа холбоонд шаардлагатай чанартай контентыг боловсруулж, компанийн брэнд хэрэгжилт болон өргөн хүрээтэй ажлын чиг хандлагыг анхаарч ажилладаг. Контент боловсруулах нь өөрөө бүтээлч ажил учраас тэгж нэрлэсэн юм болов уу.

Бидний хувьд бүтээлч шинэлэг санаа олохын тулд санаа бодлоо уралдуулсан хурлуудыг хийж их ярилцдаг. Багийн гишүүн бүр санал бодлоо илэрхийлж, ярилцах нь үр бүтээлтэй ажиллахад чухал гэж бодож байна.

-Цагаа хэрхэн хуваарилж ажилладаг вэ?

-Одоогийн багтаа шилжиж орсноор миний хувьд хотын оффист 5 хоног ажиллаад 2 хоног амардаг хувиараа сольж, уурхайн талбарт 14-7 хуваарьт орж ажиллах сонголтыг хийсэн. Уурхайд 14 хоног ажиллаад хотод 7 хоног амарна гэсэн үг. Мэдээж зарим хүмүүсийн хувьд илүү цагаар, хүнд нөхцөлд ажиллах нь таалагдахгүй байж болох ч, миний хувьд нэгэнт л уул уурхайн компанид ажиллаж байгаа юм чинь түр хугацаагаар ч болов жинхэнэ уурхайн амьдралыг мэдэрч, өдөр шөнийн ээлжээр энд ажиллаж байгаа 17 мянга гаруй ажилчинтай нэг дор ажиллаж, тэдний түүхтэй танилцах нэг том боломж гэж харсан.

-Бүтэлгүйтэлгүйгээр хүний амьдралыг, бас амжилтыг төсөөлөхөд хэцүү. Таны хувьд бүтэлгүйтэл гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Мэдээж хүмүүс ихэнхдээ алдаа гаргасан, эсвэл бүтэлгүйтсэн үедээ аль болох өөртөө сургамж боллоо гэж бодохыг хичээдэг байх. Би ч бас тэгж бодоод, яг юу нь болоогүй, би яавал дээр болох байсан гэх мэт маягаар тунгаан боддог. Бүтэлгүйтсэн ч гэсэн том зургаар нь харахад тийм ч том асуудал биш байсан гэдгийг мэдэрдэг.

-Залуу хүнийхээ хувьд манай нийгэмд өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж боддог ямар хандлага, ямар хүчин зүйл байдаг вэ. Гурвыг онцлон нэрлэж болох уу?

-Хамгийн нэгдүгээрт аюулгүй ажиллагааны соёл зөвхөн уул уурхайн салбарт биш бидний өдөр тутмын амьдралд тогтож хэвших ёстой гэж бодож байна. Би Оюу толгойд ажилд орсноосоо хойш жижиг ч гэсэн үйлдэл, дүрмүүдийг бүх нийтээрээ дагаж хэвшсэнээр бидэнд ямар эерэг нөлөөтэй болохыг ойлгосон. Шинээр ажилд орж байгаа хүмүүс уурхайн талбарт ирээд хүн бүр машинд суух бүртээ бүсээ зүүж байгааг, автобус болон онгоцноосоо үргэлж дарааллаараа бууж байгааг хараад өөрийн эрхгүй дагадаг. Дагаж хэвшээд гэрийнхэндээ түгээж байгаа нь маш сайн хэрэг.

Бас зөвхөн миний хувьд ч биш, миний үеийн залуус нийгэм дэх нэг хэвэнд баригдсан хэвшмэл ойлголтуудыг арилгахыг хүсдэг гэж бодож байна. Бидний эргэн тойронд болж буй төрөл бүрийн өөрчлөлтүүд магадгүй бүгд эерэг үр дүн дагуулахгүй ч гэсэн бид дор бүрнээ хүлээн зөвшөөрч нээлттэй хандаасай гэж боддог. Бүх юм үргэлж нэг хэвэндээ байхгүй шүү дээ.

-Залуучууд өөрт байгаа боломжоо хангалттай ашиглаж чадаж байна уу. Таны бодлоор...?

-Миний бодлоор залуучуудад зориулсан төрөл бүрийн хөтөлбөрүүд, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа ч гэсэн хөдөө орон нутагт, алслагдсан сумуудад мэдээллийн хүртээмж бага, Улаанбаатар хоттой харьцуулахад боломж бололцоо дутмаг гэж бодож байна.

Би оюутан байхдаа Оюу толгой компаниас хэрэгжүүлдэг Залуусын хөгжлийн хөтөлбөрт сургагч багшаар ажилладаг байсан юм. Энэ хөтөлбөрөөр арван жилийн төгсөх ангийн сурагчдаас гадна их сургуулийн тэтгэлэгт оюутнуудад багт хуваагдаж төрөл бүрийн дасгалууд дээр ажиллаад, өөрийнхөө мөрөөдлийн талаар, нийгэмд тулгарч буй асуудал, карьер ийн боломжит хувилбаруудын талаар олж мэдэхэд тусалдаг. Энэ хөтөлбөрт арван жилийн сурагч байхдаа тэнцэж хамрагдаад, их сургуульдаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, өөрийнхөө сонирхлын дагуу ажилд ороод амжилттай явж байгаа хүүхдүүдийг мэднэ. Өөрт байгаа боломжоо ашиглаж чадсан тэдгээр хүүхдүүдээр би бахархдаг.

-Амжилтыг та хэрхэн тодорхойлох вэ. Өнөөдрийн байгаа “таныг” бүтээхэд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлүүдийг нэрлэж болох уу?

-Аливаа боломж гарч ирэх үед өөртөө итгэхгүй айж эмээж байсан ч гэсэн өөрийгөө сориод хийсэн алхмууд л миний хамгийн зөв сонголтууд байсан гэж бодож байна.

-Таны ойрын 5 жилийн алсын хараа юу вэ?

-Манай компанийн алсын хараа “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг ур чадвар үнэт зүйлс бүтээлцэнэ" гэж байдаг нь миний ч гэсэн зорилго алсын хараатай нийцдэг. Бид Монголдоо хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, дэлхийд томоохонд тооцогдох гүний уурхайг бүтээн байгуулж байна. Ингэхдээ бас блокчлон олборлох технологийг ашиглаж байгаа нь монгол залууст үеийн үед дамжигдах ур чадвар, эрдэм мэдлэг бий болгох болно. Миний хувьд ажлын хажуугаар уурхай дээр хэрэгждэг аюулгүй ажиллагааны соёлоо зөвхөн уурхай дээр биш өөр газарт дэлгэрүүлж, аюултай гэж үзсэн ямарваа нэг асуудалдаа инженерийн шийдэл олж хэрэгжүүлэх гэх мэт сайн дурын ажлуудыг Оюу толгойн шинэ төгсөгч инженерүүдтэй хамтран төлөвлөж байна.

-Хэнээс их үлгэр дуурайл авдаг вэ?

-Хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ үлгэр дуурайлал авч байна. Миний одоогийн байгаа Брэнд болон Бүтээлч үйлчилгээний багийнхан маш богинохон хугацаанд их ачаалалтай ч гэсэн үргэлж чанартай контент бүтээхийг хичээн чармайж ажилладаг. График дизайнаас эхлээд видео боловсруулах гэх мэт маш олон төрлийн чадвар шаардсан ажлуудыг тэд хийдэг.

-Та улсынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Оюу толгойн шинэ төгсөгч найзуудтайгаа уулзаад ярилцахад их сайхан байдаг. Олон шинэ санаа, олон шийдлийг гаргадаг учраас ярьсан санаанаасаа эрч хүч авч, догдолдог.  2 сарын өмнө Оюу толгойн шинэ төгсөгчид Австралид болсон Рио Тинто группийн Ази Номхон далайн бүсэд ажилладаг шинэ төгсөгчдийн чуулгад оролцоод ирсэн. Төмрийн хүдрээс эхлээд уран, очир эрдэнэ олборлодог уурхайд ажилладаг олон залуус оролцсон энэ чуулганы хүлээн авалтыг нээж үг хэлэх боломж надад олдсон юм. Үгээ бэлдэж байхдаа би өөрөө ч анзааралгүй ухаарсан нэг зүйл байсан нь залуу үеийнхэн биднийг ямар сонирхолтой, боломжоор баялаг ирээдүй хүлээж байгааг бодсон мөч байсан. Яагаад гэвэл бид бүгд интернетийн эрин зуунд төрсөн, шинэ техник технологийг эрэлхийлдэг үеийнхэн. Тийм ч учраас би танхимд байгаа залуучуудад компани дахь хамгийн залуу ажилчид компанийн ирээдүйд ямар чухал үүрэгтэй болохыг, залуу үеийн хувьд тогтвортой хөгжлийн зорилтыг зөвхөн ажиллаж байгаа компанидаа биш цаашлаад уул уурхайн салбарт дэлгэрүүлж үлгэр жишээ болохыг уриалсан. Мөр зэрэгцэж яваа залуу үеийнхэндээ итгэдэг учраас би Монгол Улсынхаа ирээдүйгээ гэрэлтэй төсөөлж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (11)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.55.191.130) 2019-06-09 08:46:22
Amjilt Anu, uneheer baharhaj baina shuu " Alivaa bolomj garj irehed uurtuu itgehgui aij baisan ch zoriglon oroldood uzsen alhmuud l mini hamgiin zuv songoltuud baisan" ene ug ni uneheer taalagdlaa.
Hi (202.126.89.14) 2019-01-11 11:01:29
Амжилт хүсье!
Hi (202.126.89.14) 2019-01-11 11:01:29
Амжилт хүсье!
Амжилт (202.131.225.197) 2019-01-11 10:59:43
Эрч хүч, урам зориг өгсөн маш сайхан ярилцлага болжээ. Энэ охин шиг олон залуус байгаасай. Бидний ирээдүй гэрэлтэй.
Zaaasss (43.249.108.234) 2019-01-10 23:53:33
Ene odoo yu bee. Iim ym zondoo l bga shde. Zail zail.
Золзаяа (202.21.112.226) 2019-01-10 17:24:32
Ирээдүйдээ үнэхээр итгэж байна. Бидний ирээдүй гэгээлэг сайхан байх нь дан ганц биднээс л шалтгаална. Энэ хэдэн бохир улс төрчид тэдний утгагүй үг үйлдэл биш зөвхөн залуучууд бид л өөрсдийн хэн байх хэн болохыг бүтээнэ.
aaaa (202.126.89.156) 2019-01-10 16:58:08
ene turiin altan soyombo usegiig deed oroi ug ni dul shdee tegehed tsetseg shig yum mash ih bn ene dalbaa deer bgaa soyombo useg bish bn. humuusee anzaar ch baigaarai
Дэлгэрмаа (202.179.26.53) 2019-01-10 15:49:56
Нээх сайхан energy өгсөн нийтлэл болжээ.
(212.164.38.187) 2019-01-10 13:24:05
Riotento Mongold yu hiisen yum be. Heaterhii ih baylag zuuguud deereesn url uldeegeed baihshig.
0 1 Хариулах
(202.55.191.130) 2019-01-10 13:24:05
zuv bichij zurchaad olon yum yari
(206.48.240.166) 2019-01-10 12:50:37
ямар гоё гэгээлэг тэгсэн мөртлөө ухаалаг төлөвшсөн охин бээ. ярилцлагын уншаад ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдлээ, баярлалаа. ийм мундаг үе дэвшин гарч байхад Монгол улс алзахгүйштээ.