"Супер тархи"-тануудын багш Б.Баасандорж: Дараах гурван чадварыг эзэмшсэн шавь нар минь амжилт гаргадаг

Энэ удаагийн "Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагын зочноор өөрийн шавь нараа Геннисийн номд бүртгэгдтэл нь бэлдэж чадсан ОУ-ын хоёрдугаар зэргийн шүүгч, Оюун Ухааны Академийн дасгалжуулагч Б.Баасандорж багшийг урьж ярилцлаа. Түүний шавь нар дэлхийн өсвөрийн 17 рекордын 14-ийг нь эзэмшдэг.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байгаа вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлүүлье?

-Хамгийн сүүлд ой тогтоолтын 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шавь нараа бэлдэж оролцсон. Бид нийт 18 медаль авч, багаараа хүрэл медалийн болзол хангасан. 2018 оны Геннисийн рекордыг шинэчлэн тогтоосон. Харин би одоо нэг аппликейшн, гурван ном дээр төвлөрч ажиллаж байна. Аппликейшн их олон хүний хөдөлмөрөөр бүтэж байгаа. Би өөрөө IT инженер болохоор хөгжүүлэлтийг найзуудтайгаа хамтарч хийж байна. Бид өмнө нь дан цаасан материал дээр ажилладаг байсан. Үүнийгээ өнгөрсөн жил онлайн баазад төвлөрүүлж, харин энэ баазаа гар утас таблетд зориулж өөрчилж байна. Ингэснээр манай төгсөгчид өөрсдийгөө бие даан хөгжүүлж, ахиулах боломжтой болно. Номын хувьд IELTS-д өргөн ашиглагддаг үгнүүдийн номыг манай академи "Фаро" сургалтын төвтэй хамтран гаргаж байна, бас “Ой тогтоолтын суурь арга техникүүд” гэх бие даан суралцах ном ирэх сард гарна. Мөн Хятад хэлний ханз цээжлэх аргын ном хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Үүний тулд би өөрөө хятад хэл эхнээс нь сурч байгаа. Номоо ирэх онд гаргахаар төлөвлөж байна.

-Та энэ олон ажлыг яаж амжуулж байна вэ. Цагаа хэрхэн хувиарлаж байна?

-Би ихэвчлэн Google Calender ашиглан ажлын төлөвлөгөөгөө жилээр, сараар, долоо хоногоор нь гаргадаг. Манай академийн бүх ажилчид ингэдэг. Ер нь ихэнх зүйлсээ Google-тэй холбож онлайнжуулсан болохоор хаанаас ч ажлаа хийгээд явах боломжтой байдаг. Гэхдээ гэнэтийн ажил гарч магадгүй гээд дунд нь жаахан зайтай төлөвлөдөг. Би долоо хоногийн долоон өдөр ажиллаж, бүтэн сайн өдөр нь хагас амардаг.

-Та өглөө хэдээс босдог вэ. Ер нь таны өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө долоон цагаас босдог. Ингээд охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явдаг. Ажлаа тарж ирээд аль болох охинтойгоо тоглох цаг гаргахыг хичээдэг. Тэгээд орой нь сууж ажилладаг даа. Тэр үед л илүү бүтээлч байдаг юм.

-Та тэгвэл шар шувуу төрлийн хүн байх нь?

-Яг тийм.

-Та анх хэрхэн оюуны спортод хөл тавьж байв. Яагаад энэ спортод дурлах болов?

-Анх Хатнаа багшийг зурагтаар 30 үг цээжлэхийг нь хараад ямар гайхамшигтай юм бэ гэж бодож байлаа. Тэгээд л академийнхаа сургалтад ирж сууж байсан. Тэр үед /2009 он/ академи маань “Оюуны Хөгжил Оюуны Спортын Төв” ТББ нэртэй байлаа. Энэ сургалтад сууснаас хойш академитайгаа салшгүй холбоотой явжээ. Миний хувьд хамгийн үнэтэй дуудлага гэж одоо хүртэл бодож явдаг нэг дуудлага байдаг юм. Тэр бол Хатнаа багш маань над руу залгаж ажиллах санал тавьсан дуудлага юм. Оюуны спорт өөрөө гайхамшиг юм билээ. Би анх хичээллэж эхлэхээсээ өмнө хэзээ ч төсөөлж юм цээжилдэг гэж мэдэж байгаагүй. Зүгээр инээж байх үедээ юм тогтооно гэдэг гайхалтай хэрэг.

-Тэр үед та мэргэжлээ сонгочихсон байсан уу?

-Тийм ээ, би эмч болно гэж боддог байсан ч программист болсон. Тэгээд одоо багш хийгээд явж байна. Манай ээж, эмээ багш, ер нь ээжийн талынхан бүгдээрээ багш хүмүүс байдаг. Би багадаа багшийн мэргэжлийг их халширмаар гэж боддог байлаа. Яагаад гэвэл бага ангидаа эмээгийнхээ ангид сурдаг байсан юм. Эмээ маань өдөржин хичээлээ заагаад, оройжин бичиг цаастай зууралдахыг нь харах их хэцүү байдаг байсан. Тэгээд би яаж ч байсан багш болохгүй дээ гэж боддог байлаа. Гэтэл одоо багш болчихсон. Эмээ минь намайг багш болоод дөрвөн жил болсны дараа “Одоо л миний хүү багш хүний зовлон жаргалыг ойлгоно доо” гэж хэлж билээ.

-Тэгээд багш хүний зовлон жаргал нь юу байдаг юм байна?

-Хүүхдүүдтэй ажиллана гэдэг бол хамгийн гэгээлэг зүйл, хамгийн том аз жаргал. Би ямар ч уур бухимдалтай гаднаас орж ирсэн хүүхдүүдээ хараад зүгээр болчихдог. Би хүүхдүүддээ хичээл заахдаа маш их аз жаргал мэдэрдэг. Ер нь хийж байгаа ажлаасаа кайф авна гэдэг нь амьдарч байгаагийн гол шалтгаан. Зовлонгийн хувьд бол хүүхдүүдээ ямар нэг асуудалд орох вий гэж зовних л юм даа. Эцэг эхчүүдийн хэлээд байдаг шиг хүүхэд том болох чинь хэцүү юм байна./инээв/

-Таны шавь нараа Геннисийн номд бичигдтэл бэлдэж чадсан нууц юунд байна вэ. Таны багшлах арга барилын онцлог нь юу вэ?

-Би дан оюуны спортын тамирчид бэлдэхээс гадна зөв төлөвшилттэй хүүхдүүд бэлдэхийг зорьдог. Миний зарчим бол харилцаа, хүн чанар, хүнлэг сэтгэлийг тэргүүн болгох юм. Хүүхдүүдээ ингэж л сургадаг. Тэднийг эхлээд зөв чиглүүлж байж дараа нь оюуны спортоороо дагнуулдаг юм. Мянга сайн боловсролтой байлаа гээд хүнтэй харилцаж чадахгүй бол тэр хүн хэн ч биш болдог шүү дээ. Тэгээд хүүхдүүдээ хөгжүүлэхдээ “энэ чадаж байхад чи яагаад чаддаггүй юм” гэж ханддаггүй. Оронд “чамд ч гэсэн ийм болох боломж бий, хоёулаа хамтдаа хичээгээд үзье” гэдэг арга барилаар сургадаг. Мэдээж би хүүхдийн сонирхдог зүйлийг гүүр болгон хичээлээ заадаг. Бас чадахгүй байгаа хүүхдэд илүү анхаарч, тулж ажилладаг.

-Анх багшлаж эхлэхэд таньд ямар байсан бэ. Хүндрэл гарч байсан уу?

Өөрөө чаддаг юмаа чадахгүй хүнд ойлгуулна, заана гэдэг хэцүү зүйл. Ялангуяа хүүхдүүдэд ойлгуулна гэдэг маш хэцүү. Эхний хичээлээ би согтуу хүн шиг л зааж билээ. Өөрийнхөө алдааг харахын тулд ангийн хойно камераа зоон анхныхаа хичээлийг заасан. Дараа нь бичлэгээ үзээд ичих шиг л болсон доо. Тэгээд ганцаараа тольтой дасгал хийсээр чадвараа сайжруулсан. Өнөөдөр сурагчид маань намайг инээх үед инээж, харцаа доошлуулан анхаарлаа төвлөрүүлэх үед ижилхэн анхаарлаа төвлөрүүлдэг.

-Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Миний хамгийн том амжилт бол миний хүүхдүүд. Би багшлах санал авснаасаа хойш арван жил өөрөө тэмцээнд оролгүй, Монгол улсын өсвөр үеийн тамирчдыг бэлтгэхэд анхаарч ажилласан. Тэд маань одоо дэлхийд тэргүүлэх оюуны спортын аваргууд болсон байна. Өсвөрийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна шүү дээ. Шавь нарынхаа амжилтыг бүгдийг нь дурдана гэвэл олон өдөр болох байх./инээв/ Би шавь нараараа хаана ч бахархаж явдаг. Тэд маань энэ амжилтуудаас гадна зөв харилцаа, хүн чанар, хүнлэг сэтгэлийг тэргүүн болгож хүмүүжсэн хүүхдүүд шүү дээ.

-Таны амжилт гаргасан шавь нар юугаараа нийтлэг байдаг вэ?

-Дараах гурван чадварыг эзэмшсэн шавь нар маань амжилт гаргадаг. Нэгд, Сахилга бат. Хоёрт, Зөв харилцаа. Гуравт, Дэвшилтэт арга техник. Дэвшилтэт арга текникээр уйгагүй хөдөлмөрлө. "Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий" гэдэг дээ. Шавь нар маань энэ зүйлсийг зүрх тархиндаа шингэтэл ойлгосон учир тийм амжилтуудыг гаргасан. Мэдээж ганц хүний амжилт гэж хэзээ ч байдаггүй. Ялангуяа манай спортод тийм зүйл байхгүй. Амжилтад хүрэхэд нь эцэг эхчүүд, дэмжигчид, зөвлөгч багш, хамт олон нь их нөлөөлдөг. Ялангуяа эцэг эхчүүд. Эцэг эхийн дэмжлэг сул байх юм бол хүүхдүүд боломжоо барьж авч чаддаггүй. Хүүхдийг ганцхан нот зөв дараад сурахад нь ч урамшуулж, магтдаг байх хэрэгтэй. Эцэг эх нь дэмжсэн хүүхэд хурдан хөгждөг. Хүүхдээ урамшуулснаараа та хүүхдэдээ боломж нээж өгч байна гэсэн үг юм шүү.

-Шавь нараа олон улсын тэмцээнд авч явахдаа хэрхэн ажилладаг вэ?

-Их л тоо боддог доо. Төрөл бүрийн дараа гадаадын тамирчдын үзүүлэлтийг тооцоолж хэрхэн дараагийн төрлүүдээ гүйцэтгэх вэ гэж ярилцаж ажилладаг. Тэмцээн дээр тамирчид маань өөрийн хувийн амжилтандаа хүрэхгүй ч байх үе бий. Мөн амжилтандаа ханах ч үе бий. Энэ үед нь тэднийхээ сэтгэл зүйг зохицуулах тал дээр бас ажиллана. Тэгээд тэмцээний төрөл дуусах үед хуралдаж зөвлөгөө өгнө гээд их зүйл болдог доо.

-Зөвхөн оюун ухааны спортоор дагнан хичээллэх боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Гэхдээ санхүү, мөнгөний асуудлаас болж тамирчид маань ажил дээр гардаг. Ингээд ажиллаж эхэлсэн цагаас нь хойш амжилт нь буурч, бүр зодог тайлахад хүрдэг. Ер нь ажлаа гэх үү, бэлтгэлээ гэх үү гэх их том сонголттой тулгарч байгаа юм.

-Сүүлийн үед зөвхөн юм цээжлээд ямар ашигтай юм гэх яриа гарах боллоо. Оюун ухааны спортоор хичээллэхэд ямар ач тустай вэ?

-Энэ хүмүүсээс “Танд юм цээжлэх шаардлага гардаг уу?” гэж асуумаар байна. Тэгэхлээр манай спорт бусад спорттой харьцуулбал шууд амьдралд нөлөөлдгөөрөө онцлогтой. Хүссэн мэдээллээ тогтоож, хүссэн үедээ санах боломжтой болно шүү дээ. Хүмүүс “хий хоосон тоо цээжлээд яадаг юм?” гэж асуудаг. Бид дэмий тоо цээжлээгүй ээ. Зүгээр ой тогтоолтын хурдаа сорихын тулд цифрийг өгөгдсөн хугацаанд хэр олныг цээжлэх вэ гэдгээрээ л өрсөлдөж байгаа юм шүү дээ.

-Оюуны спорт хүүхдийн төлөвшилтөд яаж нөлөөлдөг вэ?

-Оюуны спорт хүүхдийг их өөрчилдөг. Ямар ч сөрөг хандлагатай хүүхэд орж ирсэн бай энэ спортод дурласан л бол тэр чигээрээ өөрчлөгддөг. Оюуны спорт тэр чигээрээ хайр, хүндлэл, үнэ цэнэ юм. Оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүд хүнтэй зөв харьцаж, биеэ зөв авч явах хүмүүжилд хамгийн эхэнд суралцдаг. Энэ бол спорт, тэр дундаа оюуны спорт шүү дээ. 

-Оюуны спортоор бие даан хичээллэх боломжтой юу?

-Мэдээж бие даан хичээллэх боломжтой. Гэвч хангалттай үр дүнд хүрч чадахгүй. Нэг газар очоод зогсоно. Хурдан үр дүнтэй суралцъя л гэж бодож байгаа бол танд чиглүүлэгч, зааварлагч багш зайлшгүй хэрэгтэй.

-Та хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?

-Хатнаа багшаасаа үлгэр дууриалал авдаг. Яаж энэ бүх ажлыг амжуулдгийг нь гайхдаг юм. Бас Сэнгээ гээд оюуны спортын ноён оргил болсон найз маань байна. Бид бие биенээсээ суралцдаг.  Тэгээд мэдээж хэрэг хүүхдүүдээс. Би тэднийг сургадаг ч гэсэн өдөр бүр тэднээс суралцдаг.

-Таны хувьд амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой бас галзуу үйлдэл юу вэ?

-Машинаа зараад хуримаа хийсэн маань миний хийж байсан хамгийн галзуу, зоригтой бас хэзээ ч харамсахааргүй сайхан үйлдэл минь дээ. Өнгөрсөн жил би машинаа зараад, өөр машин авах гэж гарсан юм. Тэгээд өдөржин хайгаад санаанд нийцэх машин огт байгаагүй. Ингээд би эхнэртээ “санаанд таарах машин алга аа, ингэж байхаар хоёулаа энэ мөнгөөрөө хуримаа хийе” гэж хэлсэн. Тэр маань эхэндээ гайхаж байсан ч зөвшөөрсөн. Ингээд бид бүхий л оройжин хуримынхаа талаар ярилцсан. Тэр өдөр үнэхээр гайхалтай байсан. Ингээд бид хуримаа ч хийсэн, машинтай ч болсон доо.

-Залуу хүнийхээ хувьд нийгэмд юуг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ?

-Мэдээж зөндөө олон зүйл бий. Гэхдээ тэр болгоны үндэс нь “би” өөрөө шүү дээ. Хүмүүс дор бүрнээ өөрчлөгдөж байж нийгэм өөрчлөгдөнө. Бид урдуураа нэг машин орууллаа гээд амьдралд ноцтой өөрчлөлт гарахгүй гэдгийг л ойлгочихдог болох хэрэгтэй. Нийгэм асуудалтай байлаа гээд бид муухай харилцаатай байх албагүй. Жижиг зүйлсээс эхлээд өөр өөрсдийгөө өөрчлөөсэй.

-Та залуучуудыг өөрт байгаа боломжоо бүрэн ашиглаж чадаж байна гэж үзэж байна уу?

-Бидний амьдарч буй үе бол хурдны галт тэрэг юм. Залуус бидний эргэн тойронд боломж дүүрэн байна үүнийгээ ч сайн ашиглаж боловсролдоо их анхаардаг болсон нь ажиглагдаж байна. Сайн боловсон хүчин болж салбар салбартаа тэргүүлж байна. Зоригтой хөдөлж алдсан ч харамсахгүй зорилгодоо тэмүүлж байна. Цогбадрах гээд оюуны спортын хошой аварга найз маань бий. Эдийн засагч мэргэжилтэй гэхдээ сонирхол нь хоол хийх. Тиймээс түүндээ хөтлөгдөн тогооч болж АНУ-д 2 жил гаруй хугацаанд сурч, ажиллан одоо Монголдоо өөрийн ресторанаа нээх гэж байна. Чи мөрөөдлийнхөө төлөө таван жилийг зориулж чадахгүй бол бусдын мөрөөдөлд 50 жилийг зориулна гэдэг шүү дээ.

-Та гадаад үг төсөөлж цээжлэх аргын талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Энэ арга маш хялбархан. Хүний тархи зургаар ажилладаг. Тиймээс юм цээжлэхийн тулд сэтгэл хөдлөлөө оролцуулж, төсөөлөн харах хэрэгтэй. Хүн олон жилийн өмнөх төрсөн өдрөө санадаг хирнээ, долоо хоногийн өмнө идсэн оройн хоолоо санах гэхээр санадаггүй. Энэ бол сэтгэл хөдлөлтэй холбоотой юм. Сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг тархи шууд хадгалдаг. Жишээлбэл “Nourish” буюу хооллож бордох гэдэг үг байлаа. Үүнийг монгол хэлэнд дуудлага нь төстэй сонсогдож буй “найрна ш дээ” гэх үгтэй Монгол орчуулгаа холбон ер бусын хошин өвөрмөрцөөр төсөөлөх юм. Энэ мэтчилэн хялбар аргаар өдөрт хэдэн зуун үг цээжилсэн ч болно.

Марталт нь өвчин биш тархиа хөгжүүлэхгүй байгаа хэрэг юм.

-Хүмүүс би их мартамхай, эсвэл ойрд их мартамхай болоод байна гэж ярьдаг шүү дээ. Та марталтын талаар тайлбарлаж өгөөч?

-Мартах нь тархины энгийн нэгэн хэлбэр. Хүн санаж л байдаг, мартаж л байдаг. Үүнийгээ би мартах өвчинтэй болж байна гэж эндүүрч болохгүй. Зүгээр л бид тархиа хөгжүүлэхгүй байгаатай холбоотой юм. Бидний ихэнх нь их сургууль төгссөнөөсөө хойш идэвхтэй суралцах үйл явцаа зогсоодог. Хөгжүүлсэн тархи, хөгжүүлээгүй тархи гэж л бий. Хэрвээ та амьдралын зөв хэвшилтэй байж чадвал мартахгүй байх боломжтой. Та зөв цагт унтаж амрах /22:00-04:00 хооронд тархи амарч байх ёстой/ эрүүл зөв хооллох, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өдөрт 30 минут ном уншихыг мөрдлөгөө болгож чадах юм бол таны тархи хэвийн байх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (7)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.191.220) 2019-02-04 14:16:34
Mundag hun ymaa
(112.72.11.113) 2019-01-19 22:31:42
surgaltin talaar medeelel oruulaach tehu hana yaj hiceeleldeg geh met. bayrlalaa
Amar (202.9.43.240) 2019-01-18 02:45:12
Unekheer ukhaantai bolovson zov zaluu um. Mash tom bayar khurgej ajlin ondor amjilt khusie! Ta bolon tani bagsh tani Mongolin khuuhed bagachuudad baragdashgui ikh ov soel oyunii tom khorongo oruulalt khiij baigaad bakharhaad barashgui ni ee. Udakhgui Mongol uls oyun ukhaanaaraa delkhiid nomer 1 bolno gedegt itgeltei baina. Amjilt!!!
Tuvshinbayar (103.26.193.90) 2019-01-17 10:24:28
Sain baina uu tanai Surgalt haana hicheelledeg ve
Зочин (103.26.193.3) 2019-01-14 17:53:03
Ёстой мундаг багш.багшийн эрдэм шавьд гэдэг биздээ
Zochin (93.36.219.112) 2019-01-14 15:21:40
Геннисийн номонд бүртгэгдсэн хоёрынх нь багш нь Сэнгээ нь биз дээ?
3 2 Хариулах
Б.Номинжаргал (202.55.188.34) 2019-01-14 15:21:40
Энэ хүний гурван шавь Геннисийн номонд бичигдсэн байдаг шүү.
Zochin (66.181.165.65) 2019-01-14 15:21:40
Lkhagvadulam geed shavi ni bas Genniusiin recordiig ezemshsen bna lee