Б.Жаргалсайхан: Жүжиглэж эхлэхдээ л сэтгэл зүрхээрээ би аль хэдийн "жинхэнэ" Арчуг хаан болон хувирсан байдаг

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, МУГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Тамгагүй төр” жүжиг энэ долоо хоногт УДЭТ-ийн тайзнаа 21 дэх жилдээ тавигдана. Тус жүжгийн гол дүр Хүннү гүрний хаан Арчугийн дүрийг МУГЖ Б.Жаргалсайхан амилуулна. “Хасар” Жагаа нэрээрээ олны танил тэрбээр УДЭТ-ийн тайзнаа 32 жил ажиллахдаа 70 гаруй жүжгийн дүрд тоглосон бөгөөд Арчуг хааны дүрээр дөрөв дэх жилдээ үзэгчидтэй учран золгож байна.

-"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт та Арчуг хааны хувцсыг өмсөөгүй, энгийн хувцастай байсан. Дээр нь хаан ширээ, театрын тайз болон хамтран тоглогчгүй... Тийм байсан ч таны нүднээс нулимс асгарч, ичиж байна гэдэг үг сэтгэл зурахаар их хүчтэй туссан. Жүжигчин хүн хэрхэн дүрдээ ордог юм бэ. Нэг минут та Арчуг байгаад эргээд таван минутын дотор Жаргалсайхан гэдэг хүн болж хүмүүстэй харилцах тэр сэтгэл зүйн давлагааны талаар ярилцлагаа эхлүүлж болох уу?

-Хэцүү л дээ. Их хэцүү... Зүгээр нэг хэлчхэж болно. Гэхдээ би сэтгэлээсээ бус худлаагаасаа жүжиглэхийг үзэн яддаг. Өөрийн сэтгэл зүй, эрүүл мэндийг бодоод зүгээр л нэг хэлчихмээр, зүгээр л нэг ярьчихмаар, энгийн л сайхан хийчихмээр санагдах үе хааяа тохиолдоно. Хүмүүсийн хэлдгээр халтуурдах гэх юм уу даа... (хэсэг бодов) Юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Энэ нэвтрүүлгийн бичлэгийн үеэр энэ сайхан уянгалсан шүлгийг энгийн сайхан уншихад ч амилна гэж бодсон. Бас би их театрт бус энгийн хувцастай байсан шүү дээ. Тархиндаа би эрүүл мэндээ бодоод, сэтгэл зүйгээ бодоод за ингээд зүгээр л хэлчихье гэж бодсон ч амнаасаа Арчугийн авиаг гаргахдаа л сэтгэл зүрхээрээ би аль хэдийн Арчуг болон хувирчихсан байдаг хэрэг. Аль ч дүр дээр тийм шүү дээ. Өөрийн эрхгүй дүрдээ татагдан ордог, уусан шингэдэг. Жүжиг тоглож эхлэхэд хувь Жаргалсайхан гэдэг хүн бус амилуулж буй дүр нь үзэгчидтэй харилцдаг. Харин жүжиг дуусаад үзэгчид алга ташихад Арчуг явж, Жаргалсайхан мэхийн ёсолдог юм болов уу. Дууслаа. Ёслолоо. Гэсэн ч миний дотор нэг зүйл үлдсэн байдаг.

Жүжиг дуусаад үзэгчид алга ташихад Арчуг явж, Жаргалсайхан мэхийн ёсолдог юм болов уу. Дууслаа. Ёслолоо. Гэсэн ч миний дотор нэг зүйл үлдсэн байдаг.

Дууслаа. Ёслолоо. Гэсэн ч миний дотор нэг зүйл үлдсэн байдаг. Жишээлбэл “Тамгагүй төр” жүжгийг чи үзээд тоглолт дууссаны дараа надад баяр хүргэхэд хувь Жаргалсайханы дотоод сэтгэл зүйд ямар нэгэн зүйл хадгалагдчихсан байдаг. Дүрээсээ бүрэн гартлаа хэсэг хугацааг зарцуулдаг байж магадгүй. Баяр хүргэе гэхэд Жаргалсайхан баярлалаа гэж хэлж байгаа ч нөгөө хүнд Жаргалсайхан бус, дууны өнгө өндөр нам өөр байх эсвэл биеийн хэлэмж үл тоосон мэт мэдрэмжийг төрүүлдэг байж магадгүй юм. Гэтэл би өөрөө өөрийнхөөрөө л хэлж байгаа хэрэг. Тэр хүнд тэгж хүрч байгаа хэрэг.

Жүжиг бүр дээр өөр л дөө. Хүнд жүжиг, стресстэй тоглолтын дараа хувцсаа тайлах гэхэд ч хүндэрчихсэн байдаг. Тоглолтоо дуусгаад машиндаа суугаад хурдан яваад гэртээ очоод унтахаар хэвтэнэ гэхэд ч ямар жүжигт ямар дүрд тоглосноос хамаарч машинаа барих, тэр өдөр орондоо ороод унтах хэв маяг, сэтгэл зүй их өөр, өөр байдаг.  Тайзан дээр инээж, уйлж, дуулж, ханиаж сэтгэл зүйн бүхий л хослолыг давхцуулан төр улсыг авч яваа хааны дүрийг бүтээнэ. Хүнд ачаалал ихтэй ийм жүжгийн дараа нэг хэсэгтээ сонин болчихдог. Юу гэж илэрхийлэх вэ... Хувцас хунараа тайлах гэж ч “нурж унадаг”. Нэг тоглолтоос нөгөө тоглолтод, нэг дүрээс нөгөө дүрд шилжиж тоглодог. Өнөөдөр орой би “Тамгагүй төр”-ийн Арчуг, маргааш нь би “Парисын дарь эхийн сүм”, Шөнө амталсан нулимст...

-Таны бүтээсэн дүрүүд таньд хэрхэн нөлөөлдөг вэ. Дан ялангуяа та их театрын тайзнаа арав орчим жүжигт хааны дүрийг амилуулсан байдаг. Жүжгээрээ дамжуулж хаан хүний зовлон жаргалыг илүү мэдэрсэн болов уу. Ямар хүн хаан, ямар хүн удирдагч байх ёстой байдаг юм бэ?

-Ямар хүн удирдагч байх ёстойг би мэдэхгүй. Харин өнөөдрийг хүртэл тоглосон дүр бүрээсээ би хүмүүжиж, тэр бүхнээсээ төлөвшсөн. Дүр бүхэн минь надад нөлөөлж ямар нэгэн зүйлийг үлдээдэг. Хасар-ын дүр ч Арчуг хааны дүр ч гэсэн чин үнэн, шударга сайхны төлөө дүр. Тиймдээ ч би шудрага зүйлийн төлөө өөрийгөө нээлттэй илэрхийлдэг.

Миний тоглож буй дүрүүдээс энэ зан чанар минь улбаатай гэж боддог. Дүр болгоноосоо жүжигчин хүн ямар нэгэн зүйлийг өөртөө нааж байдаг. Тоглож байсан дүрүүдээсээ улбаалаад тэр үү би зөв шударгуу талдаа байя гэж их хичээдэг.Ингээд хэлчихвэл буруудчих юм болов уу гэж хэлээ хазаж, амаа хамхиж байхын оронд хэлнэ гэснээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй

“Тамгагүй төр” зохиолыг Б.Лхагвасүрэн гуай өөрөө парламентад 4 жил сууж, жаргал зовлонг нь мэдрээд бичсэн. Зохиолыг өргөн хүрээнд нь авч үзвэл төр жолоодно гэдэг хүн бүхний хийдэг ажил биш. Хүссэн аавын хүүгийн чаддаг ажил ч биш. Анх “Тамгагүй төр”-ийн зохиолыг уншаад “хаан хүн төрийг авч явахын тулд үр хүүхэд, авааль эхнэрээ  үл хайрлах тийм хатуу сэтгэлтэй байж, төр улсаа төвшин амгалан байлгахын тулд олон зүйлийг давж гарах хэрэгтэй болдог юм” гэдгийг олж харсан. Түмний мэдэхгүй тэр зовлонг төрийн түшээд үүрч явдаг. Тоглож байсан хаадын дүр бүхэн минь нэг хүний төлөө асуудлыг шийдэх бус бүхэл бүтэн овог аймаг, улс гүрний амар амгалан сайн сайхны төлөө шийдвэр гаргахыг хаан хүн, удирдагч хүн зорьдог. Чин үнэн, шударга үйлийн төлөө заримдаа золиос гаргах хэрэгтэй болдог.

Үүнээс хойш дүр бүртэйгээ харилцах харилцаа, сургуулилтаа хийхдээ илүү нарийвчлаад харсан. Дөрвөн жил Арчуг хааны дүрд тоглохдоо 30-40 удаа амилуулсан байна.

Ганц “Тамгагүй төр” ч бус манай театрт “Хаан түүх” гурван бүлэг буюу киногоор гурван ангит жүжиг тавигдаж байсан. “Хаан түүх I,II,III” дээр Залуу хаан, Идэр насны ид хийж бүтээж буй хаан, Өтлөөд хүний гарт үрэгдэж буй хөгшин хааны дүрийг бүтээсэн. Хааны зовлон их гэдгийг ард түмэн ч мэднэ. Миний хувьд ч жүжгээрээ дамжуулж улс орны авч явах төрийн хүн байна гэдэг их хэцүү ажил юм гэдгийг мэдэрдэг. Төрийн хүн байна гэдэг тусгай хүний хийх ажил байдаг юм болов уу даа. Айл гэрийг авч явах аав хүний нуруунд ямар их ачаа үүрэгддэг билээ. Ямар их хариуцлага хүлээдэг билээ гээд төсөөлөөд үзвэл төр улсыг түшиж яваа хэнбугай ч их зовлонтой ажил хийж буй хүмүүс.

Дуртай болгон төр барьдаггүй гэдгийг “Тамгагүй төр” жүжгийнхээ,

"...Их амархаан
Чи тамгатай болж болно
Ядуу боолын тойгны 
Ясаар нь тамга сийлж
Цусанд нь дүрж тамгална биз
Их хэцүү . . .
Их гүрний хаан байх"

Их хэцүү  гэдэг хэсгээр л илэрхийлье.

-“Тамгагүй төр” бол эмгэнэлт жүжиг. Таныг Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай ямар ч дүрд шог аяс шингээдэг нь бусад жүжигчдээс ялгарах онцлог нь гэж нэгэн удаа тодорхойлж хэлж байсан юм. Та Арчуг хааныг хэрхэн амилуулж байна вэ. Л.Жамсранжав гуай, Г.Равдан гуайн бүтээсэн Арчуг, таны бүтээсэн Арчугт ялгаатай бас төсөөтэй тал бий юу?

-"Тамгагүй төр" жүжигт Арчуг хааны дүрийг бүтээж буй нь жүжигчин Жаргалсайханы хувьд том бахархал. Энэ жүжиг том сургуулилт болж жүжигчний чадварыг минь нэг алхмаар ахиулсан. Л.Жамсранжав гуай болон Г.Равдан гуайн үргэлжлэл гэж өөрийгөө дайчилж, хичээн тоглодог.  Тэд үнэхээрийн сайн тоглосон. Урд нь тоглож байсан жүжигчдээс тэс өөр байна гэж байхгүй. Найруулагч жүжигтээ тоглуулах жүжигчин бүрт хоёроос гурван тодорхой шаардлага тавьдаг. 

Л.Жамсранжав гуай агуу сайхан уянгалаг дотоод ертөнцийг гаргаж чаддаг байсан. Үүнийг нь би үргэлжлүүлэхийг хүсдэг. Шог гэх үү, егөөдсөн гэх үү... Тийм хэлбэрийг би Арчугт шингээсэн нь үнэн. Жаргалсайхан гэдэг хүний зан характераас Арчугт шингэсэн зүйл бий.  Жишээлбэл, Дагваа ахын тоглож байгаа Эгэрэгийн дүрд, эргээд хүүтэйгээ харилцаж байгаа хэсэг дээр егөөдсөн гашуун элэглэл байдаг юм. Аливаа утга санааг тэр чигт нь үзэгчийн өмнө дэлгэх бус егөөдсөн байдлаар хоржоонтой хүргэвэл илүү хүчтэй нөлөөлнө гэж бодож, тэгж амилуулахыг зорьдог.

Өнөөдөр бидний яриа хэдхэн үгийн дунд эргэлдэж байна. Харин "Тамгагүй төр" бол шүлэглэсэн хэлбэртэй, үг хэллэгийг солих аргагүй тийм яруу тансаг бичигдсэн зохиол.Тиймээс би 8 мөрийг нэг хэлбэрээр хэлэх үү, дөрвөн мөрийг нэг өнгөөр дуудах уу. Нэг амьсгаандаа хэдэн үг багтааж хэлэх вэ гэдэг дээр их ажилладаг. 

-Зохиол өөрөө улс төрийн өнгө аясыг их агуулсан. Б.Жаргалсайхан гэдэг хувь хүний өнөөгийн улс төрийн үзэл бодол ямар вэ. "Тамгагүй төр" жүжгийн аль хэсэг өнөөгийн улс төрийг тодорхойлохоор байна?

-Чи улс төртэй холбож нэг зүйл асуух гээд байх шиг байна. Өнөөгийн улс төр хэрүүлтэй маргаантай гээд янз бүрийн л асуудлууд байна. Энэ бүхэн жүжиг дээр ч гардаг.  Жүжгийнхээ хэсгээс,

"...Бузар нь ариунаа цэвэрлэдэг 
Бусад нь сохорч амьдардаг тэнэг хорвоо 
Дур, зорго ухаан хоёроо хурааснаас минь хойш 
Дуртай болгон нь төр булаалдаж 

Бие биенээ хөнөөж 
Бишгүй их дайтах биз 
Идэх гэж дурладаг 
Мэдэх гэж дурладаг 
Тэнэгүүдийн тоглоом болох төр..." гэдэг хэсгийг л онцолно. Одоо иймэрхүү л үйл явдал болж байж магадгүй юм. Гэхдээ сайнтай, муутай хорвоо гэдэг. Төр улс маань сайн, сайхан зөв шударга явах нь тодорхой. Бүр ч муу биш. Сайн явж л байгаа. Одоо байгаагаасаа илүү цэвэр ариун, шударга сайхан байхын төлөө олуулаа хичээж байна. "Тамгагүй төр"-ийг иргэд их үздэг. Бид ч, үзэгчид ч төрийн түшээ, төрийн албанд ажилладаг хүмүүсийг их үзээсэй гэж ярьдаг. Жүжиг үзвэл төрийг буруутгадаг хүмүүс "төр улс жолоодно гэдэг тийм ч амар ажил биш юм байна шүү дээ" гэдгийг бодож, хоёрыг тунгаах байх. Жүжигт өөрийн төр улсын төлөө өөрийн хүүг ч мохируулах тэр шударга байдлыг илэрхийлдэг. Төр жолоодох хүн гэдэг тусдаа л байдаг болов уу.

-Таны сэтгэлд нийцэх, "Тамгагүй төр" жүжгийн Арчуг хаан шиг хүүгээ мохируулах ч зоригтой тийм төрийн түшээ өнөөдөр манайд бий гэж та бодож байна уу?

-Байгаа шүү дээ.

-Олон нийт өнөөгийн улс төрд их шүүмжлэлтэй ханддаг?

-Аливаа бүхэн зуун хувь төгс байна гэж байдаггүй. Бидэнд таалагдах төгс гэж байхгүй. Төр улс маань оршин тогтнож байхдаа сайн муу хослоод л явна. Гэхдээ сайн нь үргэлж давамгайлж байдаг гэж би итгэдэг. Үзэгч бүр өөр, өөрийн бодол санаагаар дүгнэлт хийгээд гардаг. Гэхдээ төр түшилцэж яваа хүн ямар их ачааг нуруундаа үүрдэг гэдгийг "Тамгагүй төр" зохиол олон хүнд мэдрүүлнэ. Төр улсыг жолоодно гэдэг хатуу бас хүчир ажил гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Би Арчуг хааны дүрээрээ төр улсыг түшиж явна гэдэг "зовлон" үүрсэн ажил гэдгийг ухаардаг.

-Яагаад үзэх ёстой вэ?

-Үзэх ёстой. Яагаад гэвэл хүн ҮЗЭХ ёстой. ҮЗЭХ ёстой учир хүн ҮЗЭХ ёстой гэж л би хариулна. Жүжиг ҮЗЭХ ёстой.  Манай театрын хамгийн урт настай, удаан тавигдсан жүжгүүдийн нэг. Театрын тайзан дээр арав, арваннэгдүгээр сард тоглогдох ёстой байсан ч миний эрүүл мэндийн шалтгаанаас хамаарч хойшилсон. Одоо би эв эрүүл байна. Үзүүлээд өгнөө гэж л бодож байна. "Алаад өгнөө" (гараа атгаад инээв.)

-Таны бие одоо зүгээр үү?

-Бүрэн цэнэглэгдсэн, эрч хүчээр дүүрэн Жаргалсайхан тайзан дээр дүрээ амилуулна. 

-Таны амьдралдаа баримталдаг хамгийн гол зарчим юу вэ?

-Би аравдугаар ангиа төгсөөд Урнаатайгаа Алтан Москваг зорьж театрын сургуульд суралцсан. Бид хамтдаа 34 жилийн түүхийг бичилцэж явна. Бидний амьдралын гол зарчим нэг нэгэндээ нээлттэй байх. Хүн хүндээ үнэнч байх ёстой. Аливааг хэзээ ч нуун дарагдуулж болохгүй. Бодож санасан бүхнээ дотны хүндээ хэлж, өөрийгөө илэрхийлж байх нь нэг нэгэндээ итгэх итгэл, дотно харилцааг бий болгодог. Тэгж гэмээнэ нэг нэгнийгээ ойлгодог. 

Өнөөдөр би чамаас нэг зүйл нуулаа гэж бодъё. Чи бас нэг зүйлийг нуугаад өнгөрүүллээ. Ингэж нууж болдог юм байна. Нэг удаа... Хоёр удаа... Гурван удаа... Монгол жижигхэн. Дэлхий ч жижигхэн. Нууж дарсан бүхэн нэгэн өдөр ил болно. Тиймээс бие биетэйгээ нээлттэй байх нь бидний амьдралын аз жаргалын түлхүүр. Нээлттэй байвал амьдрал цэцэглэж дэлгэрч байдаг. Би хүүхдүүддээ нээлттэй бай, ажил хийж хөдөлмөрлө, толгойгоо ажлуул гэж захидаг.

Хэн нэгнээс хамаарлаа, төр засгаас шалтгааллаа гэж хэлэхээс урьтаж би юу хийсэн билээ хэмээж өөрийнхөө толгойг ажлуулж, гараа хөдөлгөх хэрэгтэй. Ажил хийвэл ам тосодно гэдэг үг бий. 

-Таны хүүхдүүд ээж, аавынхаа мэргэжлийг өвлөсөн үү?

-Манай гурван хүүхдийн хоёр нь урлагийн салбарт орж жүжигчин болно гэхэд би болиулсан. Харин одоо нэг хүүхэд маань өөрийнхөө хүсэл тэмүүллээр аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж байна. Үнэхээр жүжигчин болоод жаргал зовлонг нь амсаад явах байх л гэж бодож байна. Жүжигчний мэргэжил хэцүү... 

-Та юунаас урам зориг авч, өөрийгөө хурцалж тайзан дээр жүжиглэх эрч хүчээ сэлбэдэг вэ. Та хэцүү гэлээ. Хэцүү ч гэсэн хичээх шалтгаан нь юу байдаг гэж?

-Нэгт, Жүжгээ тоглоод дуусахад үзэгчдийн бэлэглэдэг тэр халуун алга ташилт намайг хамгийн ихээр цэнэглэдэг. Жүжигчин хүн бүр л энэ үгийг хэлдэг. Энэ жүжиг, тэр жүжиглэлт сайн бас муу болж энэ нь зөв тэр нь буруу болж гэж хэлдэг гэр бүл, найз нөхөд, үзэгчдээсээ урам зориг авдаг. Хоёрт, Би өөрийгөө дайчилж ажиллахыг зорьдог. Театрт шинэ үеийн төлөөлөл болсон сайхан залуу жүжигчид олноор төрөн гарч байна. Сайн, муу, чадвартай, чадваргүй ялгаагүй бүгд 100 хувь цэнэгтэй, эрч хүчтэй. Би энэ л эрч хүчтэй залуусаас дутахааргүй байж, тэднээс илүү байж үлгэрлэхийг хүсдэг. Би 100 хувь цэнэгтэй байх ёстой. 

Биеэ авч яваа минь, алхаж гишгэж, ярьж хэлж байгаа минь л үлгэрлээсэй гэж хүсэхээс хэлж загнаад зандраад байя гэж хүсдэггүй. Өөрөөрөө л үлгэрлэхийг хүснэ. Ярианы өнгөөрөө ч тэр... Гэдсээ даахгүй, гутлаа чирсэн Жаргалсайхан болчихвол хэн надаас үлгэрлэх билээ дээ.Тиймээс би үлгэрлэх ёстой.

-Үзэгч билетээ захиалдаг. Тэгвэл та үзэгчээ захиалах байсан бол"Тамгагүй төр" жүжгийг хэн ирж  үзээсэй гэж хүсэх вэ?

-Хүн бүр л ирж үзээсэй. Үзэгч бол үзэгч. Гэхдээ өнөөдөр хэрүүлтэй, маргаантай, тэмцэлтэй байна гэж бид хэлж байна. Тиймээс улс төрийн алба хашдаг, төрд ажилладаг хүмүүс ирж үзээсэй гэж хүсч байна. Жүжгээс төрийн хүний хариуцлага, хатуу чанд байдал... өөр өөрийн хэмжээнд их зүйлийг ухаараад гарна гэж найдаж байна. 76 ч гэлтгүй улс төртэй холбоотой хүн бүхэн үзвэл зөв бурууг тунгааж бодох болов уу.

аны жүжгийг үзсэн хүмүүсээс санаанаас гардаггүй, дурсамж үлдээсэн үзэгч бий юу?

-Жүжиг тоглоод дууссаны дараа их зүйл болно. Жишээлбэл, тэр хэсгийг нь үзсэн чинь үстэй толгой босч, хамаг бие арзайх шиг боллоо гэж хэлэх хүний үг их урам өгдөг шүү. Хамгийн том шагнал, хамгийн том дурсамж бол үзэгчдийн алга ташилт юм. 32 жилийг энэ театрын тайзнаа элээсэн болохоор жүжиг ямар болсон байна вэ гэдгийг үзэгчдийн алга ташилтаас л мэдэрдэг. Үзэгчид хэрхэн алга ташиж байгаагаас өөртөө дүгнэлт хийдэг. Алга ташилт бол үзэгчдийн үнэлгээ байдаг. Мэдрэгддэг юм аа... 

Зорилготой бол түүндээ итгэ. Өөртөө итгэ. Өөрийнхөө дүрд ор. 

-Та залуучууддаа юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Би нэг л зүйлийг театрын залуучууд бүртээ хэлдэг. Энэ театрт ямар зорилготой орж ирсэн бэ. Зорилгоо мэдэрч ажиллаарай. Хэн нэгнийг аялдан дагасан, дуугүй чимээгүй амьтан байж болохгүй. Зорилготой бол түүндээ итгэ. Өөртөө итгэ. Өөрийнхөө дүрд ор. 

-Та залуу хүний үнэ цэнэ, үнэлэмж ямар байх ёстой гэж боддог вэ. Мөн ямар чадварыг эзэмшсэн залуу хүн амжилтанд хүрдэг юм бол...?

-Залуу хүний үнэ цэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ... Та нар чинь өөртөө хязгааргүй итгэлтэй байж, тархиндаа мэдлэгтэй болохоор тэмүүлж, өөрийнхөө өмнө биелж болшгүй хамгийн том зорилгыг төсөөлж явах ёстой хүмүүс. Тэгээд түүнийхээ төлөө амьдрах хэрэгтэй. Өөрийгөө хэтэрхий томоор, хүршгүй холоор төсөөл. Хорин жилийн дараа чи эргэж харахдаа би хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэгдэж энэ хүрчээ гэж бодно. Хэтэрхий томдоо хүрээгүй байж болох ч дунджид хүрсэн л байх болно.

Ирээдүйгээ томоор төсөөлж чадаагүй хүн өнөө маргаашаа алдаж, хий хоосон сажилсаар хорин жилийн дараа ч өнөө л байрандаа байж байдаг. Хүсэл мөрөөдөлтэй байж түүнийхээ төлөө цуцашгүй ихээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Би Монгол залуу хүн бүрийг өөрийн ирээдүйг маш томоор төсөөлж, хязгааргүй мөрөөдөж, түүндээ хөглөгдөж хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг. Яг одоо л  "Би тийм зүйлийн төлөө амьдарна" гэдгээ тодорхойл. Ийм л байвал гоё.

-Хамтран тоглогчийнхоо хувьд та П.Цэрэндагва гуайг хамгийн сайн мэдэх хүн. Таны бусад жүжигчдээс ялгарах онцлог, жүжигчний уран чадвар талаас нь дүгнэж хэлсэн байдаг. Харин та П.Цэрэндагва гуайг тодорхойлж хэлж өгч болох болов уу гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлүүлье?

-Манай театрын хамгийн том үлгэр дуурайлал авах жүжигчин бол Цэрэндагва ах. Нэгт, Жүжиг тавигдахаас өмнө хоёр цагийн өмнө театрт бэлэн байх ёстой гэдэг бичигдээгүй хууль бий. Энэ бол Дагваа ахын алгасаж орхигдуулдаггүй том зарчим. Ирж нүүрээ будаж, хувцсаа өмсөөд тайзаа шалгаж гучин минутын өмнө тайзныхаа өмнө зогсох газраа зогсож байдаг. Хоёрт, Яг жүжгийн сургуулилт хийж байхад Дагваа ах хачин. Үймүүлээд л, бусниулаад л байгаа юм шиг энэ тэнд очиж, элдэв зүйл хийнэ. Гэтэл энэ нь өөрийнхөө дүрийг хайж буй эрэл хайгуул нь юм. Тиймээс ч Дагваа ах яг тоглолт дээр өөрийгөө олчихсон байдаг. Жүжиглэж байхдаа илүү үг хэлэхгүй, илүү үйлдэл хийхгүй. Бас юуг ч дутаахгүй. Өөрийн хийж буй ажилдаа үнэнч, хариуцлагатай байх ёстой гэдгийг том үлгэр жишээ. Сурах юм их бий. 

-1998 онд "Тамгагүй төр" жүжгийг анх тавигдаж байхад Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай тоглож байсан. Одоо 21 дэх жил... Таньд П.Цэрэндагва гуай их нөмөр болдог байх тийм үү?

-Цэрэндагва ах бол алтан үеийн төлөөлөл болсон аугаа жүжигчин. Тэр үеийн гайхалтай жүжигчидтэй тоглож, найзалж нөхөрлөж явсан учир ч тэднээсээ авч үлдсэн зүйл түүнд их бий. Бидэнд энэ бүхнээсээ өвлүүлж яваа мундаг хүн. Түүнээс нь би суралцаж дараагийн үедээ үлгэрлэхийг хүсч явна. Би Дагваа ахтай тоглож байхдаа айх аюулгүй байдаг. Маш том нөмөр нөөлөг, түшиг тулгуур минь... Бүх зүйл төгс болно гэж заримдаа байхгүй. Жишээлбэл, Бүдэрч унаад уншиж байсан мөртүүд толгойноос нисчихвэл үзэгчид, хамтран тоглогч нар мэдэхээс ч өмнө Цэрэндагва ах тосч аваад алдааг минь эвээд, аваад гарчихна. Алдаа гарвал бид бие биенээ эвээд гарна. Найдвартай харилцагч, Найдвартай тоглогч. Түшиг тулгуур минь... Залуу жүжигчидтэй тоглож байхад ийм асуудал гарвал Дагваа ах шигээ эвээд гардаг болно гэж боддог. 

Хэцүү, их хэцүү төрийн хаан байна гэдэг их хэцүү

Хэцүү, их хэцүү их театрын жүжигчин байна гэдэг ч их хэцүү...

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

 

Сэтгэгдэл: (7)
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.124.204.29) 2019-02-25 01:01:20
Маш баярлалаа! Жужигчин хунэй сэдьхэл гун их далай шиг байнаа.
(92.124.204.29) 2019-02-25 00:59:30
Дорж.
Х.Бат-Оргил (66.181.160.4) 2019-01-22 12:43:29
Сэтгэл зүрхээрээ мэдрэнэ гэдэг ямар сайхан хэрэгвээ. Сэтгэлээсээ л хийсэн бүх зүйл хамгаас үнэтэй баыдаг байх. Сайхан ярилцлага байна баярллаа
(202.9.43.134) 2019-01-20 16:53:20
Saihaan saihan. Xamgiin saihan eleg buten amidral ni. Ger buld az jargal sain saihniig husye
Нараа (80.130.42.223) 2019-01-16 18:21:03
Найздаа Уран бүтээлийн арвин их амжилт хүсье
. (202.9.42.179) 2019-01-16 17:57:21
.
(202.9.42.31) 2019-01-16 13:30:21
гоё