Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" жүжгийн эх зохиол

Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуайн бичсэн "Тамгагүй төр" эмгэнэлт зохиолын эх зохиолыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тус зохиолыг 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулсан бөгөөд энэ долоо хоногт УДЭТ-ийн тайзнаа 21 дэх жилдээ тоглогдоно.

 

Хүннү хаадын явдалд гарах дүрүүд: Арчуг Хаан, Эгэрэг Хааны өрлөг, Цэцэр Хааны их хатан, Гүргэл Хааны бага хатан, Ачир Их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц хүү, Хүчир Бага хатнаас төрсөн хааны нуган, Есөн бөө, Зургаан ятгачин бүсгүй, Эхэсийн цацарын хөгшин залуу эмс, Зар мэдээч, Босуул, хэвтүүлүүд, хөлөг баатрууд 

Эхлэл

Ширэглэгэ 

Ганц саглагар модны дор. Оройн наран жаргах үе. Нурамшиж байгаа гал тойрон сууцгаасан хүннүчүүд. Есөн бөө хэнгэрэг дэлдэн есөн зэрэг бууж байна. Зээглэн суусан хүмүүс дунд цас цагаан өмсгөлт сая төрсөн хоёр эм, гөрөөсний арьсан өлгийтэй ихэр мэт хүүхэд нэг нэгээр тэврэн суух нь олон хэрээнүүд дундах хун мэт харагдана.

Бөө нар: - /хэц хэнгэрэг дэлдэн/ 
Дайван хөх тэнгэр
Дайрт бор газар хийгээд
Есөн, есөн, есөн
Ерөн есөн тэнгэр
Бууж хайрла
Хүүе, хүүе, хүүе 
/хэнгэрэг нижигнэн намсах зуур хүмүүс навтас мөргөн сөгдөх нь өвс лугаа . . . Бөө нар ухасхийн хоёр хатны гөрөөсөн өлгийт хүүхдүүдийг шүүрэн авч байхуйц, нэг хэсэг бөө нь галд давс цацахуй дор гал удгалан улам дүрэлзэн асна. Бөө нар хоёр хүүхдийг галын дээгүүр нар буруу эргэлдүүлэн ширгэлэх ину: 
Хаан эзний нуган
Хар сүлдний туган
Барсын зулзага мэт хоёр үрийг
Бачимдах галд амсуулъя
Ширгэ . . .
Ширгэ . . .
Ширгэ . . .

Сүлдээ эс мартах
Сүү хөхөснөө мартаж чадах
Төмөрзүрхэт хоёр үрийг
Түрэмгий галд амсуулъя
Ширгэ . . .
Ширгэ . . .
Ширгэ . . .
/ширгэ, ширгэ. . . гэсэн дагасан уухай нүргэлэн, гэрэл бүдгэрсээр. . ./ 

*Нэгдүгээр бүлэг
1-р үзэгдэл 

Их цацарт. Хаан Арчуг, Эгэрэг түшмэл хоёр. 
Арчуг - Эрхэт тэнгэр төрд минь
Хэрүүлийн үр цацаж
Энэ барс жилд
Хоёр нуган үр заяав
Тэнгэрийн сугыг чөтгөр гижигдэж
Тэднийг надад илгээсэн байлгүй
Хоёр гуравхан хоногийн зайтай
Хорвоод ирэхдээ яадаг байна аа
Хорин жил
Хормой нь нороогүй их хатан
Сая нуган үр төрүүлэв
Садар салхи л түүнтэй нөхцсөн биз
Yнгэж би тэрнийг таалах нь битгий хэл
Yнэрийг нь хүртэл мартаад олон оныг үзэв 
Эгэрэг - Толгой чинь биш
Бие чинь дийлсэн өдрөө
Тоос цусан дунд та
Мартсан байж мэднэ
Их хатнаасаа төрсөн хүүдээ
Итгэж нэг өхгүй л байнаа даа
Нүгэл баймаар юм
Нүдний салхинаас бусад юм
Хааны их хатанд
Хүрдэг гэж үү? Би мэдэхгүй юм 
Арчуг - Билбүүр үг
Битгий ярь Эгэрэг минь
Би мэдэж байна
Бие нь загатнасан эм хүн гэдэгт
Битүү нүх гэж үлддэггүй юм
Би мэднэ
Битгий намайг ховсд
Итгэе гэхэд
Итгэж болохгүй байна
Эгэрэг минь
Инээмээр байна. . .
Хавирган завсраараа гараа оруулж
Халуун зүрхээ базлаа ч
Худлаагийн усан шүүс гарч
Хурууны үзүүрт үнэн юм торохгүй байна
Биеэ мэдэхээ байсан аа
Би хүлээн зөвшөөрлөө ч
Биенд эргэх халуун цус минь
Толгой дохитол лугшихгүй байна
Эгэрэг - Уймарч байна та
Урагаа сэжиглэх болчихож
Арьсаа хазаж байж
Амьдаа мэдэх болох нь
Сүүдэртээ хүртэл итгэж чадахгүй бол
Сүнс чинь гэрээ олохгүй болно
Хаантан минь
Арчуг - Таагдахгүй оньсого надаар
Таалгах гэсэн. . .
Тайлбарлаж өг гэж чамайг явуулсан
Тамлан тэнгэр чамд гялайлаа. . .
өлгийтэй байхдаа мэдэгдэхгүй ээ
өөдөс болгон жижигхэнээрээ адилхан
өссөн хойноо танигдана. . .
өр өмөртөл танигдана. . .
Тэр цагт
Тэнэг миний
Гэнэдэх эртдэж
Гэмших оройтно
Эгэрэг - Хүннү төр барих
Хүү чинь
Их хатнаас чинь гарсан
Итгээгүйн чинь хохийг дуудах
Хүү байх ёстой
Дагаж ирсэн хаан хуулийг
Хэрвээ зөрчвөл
Далай олон танд
Хилэгнэн зэвүүцнэ
Энэ хүүг хаан суулгана гэдэгт
Эргэлзэж байгаа юм байна та
Эрэг дээрээс булгаран
Усанд унах гэж байгаа мод шиг санагдаж байсан
Yр жимсээ танихгүй
Намар сэгсэрдэг
Yлгэртсэн модод шиг. . . 
Арчуг - Yнэнийг би бусдад харамлаж чадахгүй ч
Энэ эгшинд өөрөөсөө ч харамлаж байна
Хаан сэнтийд хоёр бөгс багтдаггүй юм
Харин нэг толгой л багтдаг юм
Балгахан жаргалтай шөнүүдийг
Нэгэн дэрэн дээр шатаасан
Бага хатнаасаа гарсан үрийг
Хаан ширээнд суулгана
Мичид дээр минь түгэхээ болиг яахав
Миний үнэн газарт бас буй
Цэцэг шиг ариухан түүний умайд
Цэнгэлийн үзүүр минь загас шиг их жаргасан
Халгисан их хүсэл тачаал минь
Хаанаар гулгисанд би эргэлзэхгүй
Битгий толгойг минь эргүүлэх гэж оролд
Биенээсээ урваж, нүүр ардаа гардаггүй юм
Билүүдсэн үгийг хэчнээн удаан хадгалсан ч
Хэлсэн цагт л аманд үлддэггүй юм 
Эгэрэг - Сүүтэй ямаа бараадсан өнчин ишиг шиг
Сүр сүндэрт таныг насаараа дагаж
Айдаг олныг бодвол
Арай л ойрхон оршиж
Алдаанд чинь золиос болж
Алдарт чинь ивээс болж
өдий хүртэл явсандаа
өөрт чинь санаснаа айлдчихлаа. . .
өршөө намайг. . . 
Арчуг - өөрийн бодлоосоо буцахгүй ээ би
өлгийтэй байхад нь би хаанд өргөмжилнө
Хааны дэргэд
Хаан өсөхийг
Хагацал, баярын
Хорвоо хараг! 
Эгэрэг - Аргиж дээ! гэхэд
Арай ахадмаар байна
Итгэлээ та надаас
Шоргоолж шиг зөөж байгаа бол
Энэ толгойгоо би
Тэдний чинь хоолонд өгмөөр байна
Арчуг - Итгэдэг дээ, чамд би
Эгэрэг минь
Yг болгоныг дагаж жиргэхийг
Итгэл гэдэггүй юм. . .
Энүүн дээр л бид хоёр
Нэг юмыг зэрэг харж чадахгүй нь
Аранганд хэдрэгдүүлсэн мэт толгой лугшиж байна
Амар байлгаж үзээч намайг!
Эгэрэг - Элчээр явуулсан захидлын хариу шиг
Энэ явдлын хариу хурдан ирнэ 

Арчуг - Элчийн эргэж ирэх ирэхгүйг
Эрхэт тэнгэр л мэддэг шүү дээ!
Элч халиваас
Ирэх хариу нь хамт халидаг бус уу?
Эгэрэг - Хяслын төлөө совинтож байгаад
Хүслээ өчихөө мартах шахаж
Адилхан хоёр нуган үрсийг
Алагчилахгүй үзэж
Илүү дутуугүй
Ижил өлгийд өлгийдөж
Идэр болохын цагт нь
Илдийг хүртэл адилхан агсуулахыг л
Хаан танаас гуйя!
Арчуг - Тэр харин бололгүй дээ!
Тэг гэж би зарлиг болъё! /Эгэрэг мэхийн гарч одно/
Арчуг - Хорвоо надад яаж хорсохоороо
Хоёр гуравхан хоногийн зайтай
Хоёр нуган төрүүлж өгдөг байна
Хачин юм. . .
Хүссэний минь төлөө
Бялууруулж байхаар
Хяссанаараа гөлийж байхгүй яагаав
Бяртай тэнгэр минь. . .
Би өөрийнхөө мэдэлд байна
Миний мэдэлд төр байна
Эхний бодсон зөв байдаг
Эргэцүүлэх ихэдхээр тэнэг болдог
Ингэхэд би
Их хатантайгаа
Янаглаж, халаглах нь битгий хэл
Яаж инээдгийг нь хүртэл мартсан билээ . . .
Тоосоор хээлтэх, цэцэг шиг
Тэр яахлаараа нуган төрүүлдэг билээ . . .
Тэр миний үр биш,
Тэнгэр та харсан даа!
Бороотойгоо цуг асгарч надад хэлж өгөөч!
Буруу надад байвал ниргэж өгөөч!

/Арчуг алгаа гурвантаа ташихад шивэгчин эмч орж ирэн, хааныг хажуулуулан барьж, өгөх ялдар зургаан ятгатай бүсгүй ятгална. Хөгжмийн эгшиг асар яруу, уянгалах ажаам . . ./

/харанхуйлал/
Ганц саглагар модны дор Эгэрэг, их хатан Цэцэр хоёр үнгэлдэн ноололдож байна.
Цэцэр - Хүү уйлж байх шиг байна
Хөх ивэлчихлээ . . . 
Эгэрэг - Ангир уураг гэдэг
Аав хүү хоёрт 
Адилхан ивэлдэг юм /инээнэ/
Цэцэр - Явъя!
Янаг ихдэх дэмий . . .
Эгэрэг - Яараад яахав
Ярих юм байна
Хийх ч юм байна
Бие нь өтөлсөн чоно гэлээ ч
Бэлтрэгээ танихтайгаа байна
Цэцэр - Юу ярина чи
Юун чоно
Эгэрэг - Чиш! Чанга битгий хашгир!
Чамтай отолдог чоныг хэлж байна
Цэцэр - Арай чи хааныг хэлээгүй биз дээ
Алдас болно
Эгэрэг - Цагаан санаат, хар явдалт минь
Цаадах чинь бүхнийг гадарлаж байна
Миний хүүхэд биш гэж
Мэлзэж байхдаа, шүд нь шажигнаж байсан
Цэцэр - Хаан гэдэг тэнгэр заяат тул
Хардаг сүлд нь хажууд нь тул
Сар нарны 
Совинтой буюу . . .
Эгэрэг - Эмийн тэнэг газарт яргаж
Эрийн тэнэг тэнгэрт хадна
Эхсийн цацарт бушуу очиж
Эмгэдийн үүргэлэх хооронд амжиж
өлгийтэй хоёр хүүхдийг соль
өдийд л хийхгүй бол хожимдоно
Цэцэр - Яаж болох билээ
Ядаж олдсон ганц үр минь
Эгэрэг - Бага хатныхаа хүүг ширээнд зална гэж
Бараг л биеэ цавчин андгайлж байна
Зөнтэй хаан
Зөвийг нь барьж байна
Балгардсан энэ үед нь
Бодсоноо хийж авбал
Бага хатны хүүгээ заллаа гээд
Бид хоёрын үрийг залах нь тэр
Бага хатан гэнэн
Барагтай бол ялгахгүй
Хөхөө амлуулж чадахгүй
Уйлж суусан амьтанд
Хүний минийхээ ялгах
Ухаан сууна гэдэг өдий
Цугаарыг захирсан их хааны
Цус нь бид хоёрынх байх болно
Амь ухаан суугаад ирэхийн цагт
Аав чинь хэн бэ? гэдгийг чөмгөнд нь би хэлээд өгнө
Цэцэр - Ойлгохгүй байна би . . .
Олны нүднээс айж байна
Аймаар юм ярих юм
Арай би чадмааргүй . . .
Эгэрэг - Хүү уйлж байх шиг байна
Хулчийхад битгий булаалга
Эрийг битгий хэл төрийг дийлэх зоригийг
Энүүнд л чи гарга
Цэцэр - Yрээ төөрүүлтэл чивчирэх сэтгэл
Yнэндээ надад алга
өшөө атааны золиосонд
өдий болсноо эс мэдэв би . . . /уйлна/
Эгэрэг - Хүнийг төрхөө олоогүй байхад нь
Гөлгийг нүдээ нээгээгүй байхад нь төөрүүлдэг юм
Битгий нялхар тэнэг эм минь
Би дараачийн хааны эцэг . . .
Хайш хайшаа хаанд дарагдсаны
Хариуг авч бахаа хангамаар байна
Эрт гундсан үзэсгэлэн чинь
Хааны дурыг гутааж
Элэгнээс чинь унасан үрд чинь
Хаан болохын заяаг дутаасан
Хяслын энэ орчлонгоос
Хариугаа би авах гэж байхад
Урт бодохгүй
Усан нүдлээд . . .
Цэцэр - Чамаас би гуйя
Чадахгүй нь би . . .
Чиний үр билээ
Энэ хүүхэд . . . /уйлан сөгдөнө/
Эгэрэг - Ээ чааваас . . . тэнэг минь
Эрх ямба, . . . эд агуурс
Эзэрхэн эдлэх эрх дархаа
Эхүүн нулимсаараа угааж байна чи . . .
Энийг л чи хийхгүй юм бол
Энхрий явснаа би мартана
Нуудгай үр минь хаан суух
Нуур шиг их жаргал эдлэх
Тэр цагийг би харж байна
Тэмдгэрч байгаа үүрийн туяа шиг тод харж байна
Хормой дээрх алтнаасаа атган
Хонь мал руу нүүлгэж
Хөх газар дээр биш
Хүн дээр гишиглэж яваа чамайг харж байна
Хорссон боолын шүд ярзайж
Хотолзох нурууны нь яс шажигнаж байгааг ч сонсож байна /тэчъяадан байж ядна/
Энэ боломжийг 
Эс ашиглаваас
Их хатан
Бага явдалт чамаас
Yнссэн уруулынхаа мөрийг
Биенээс чинь илдээр ухаж авч
Yхсэн зовлогоор чинь
Тасын тахилга үйлдэнэ
Цэцэр - Тэнгэр минь
Чиний хаанаас чинь
Энэ цус мэт үг урсаж
Миний толгойг
Будаж байна вэ?
Тэнгэр минь /ухаан алдан унана/
Эгэрэг - Андуурагдам байхад нь
Амжиж солихгүй бол
Алдана даа чи . . .
Амь чинь ч
Алдааны чинь үнэд хүрэхгүй /харанхуйлал/

2-р үзэгдэл 

Эхэс, нялхсын цацарт, цэнхэр үдэш 
Хойморт навчин шүхрийн дор их бага хоёр хатан гөрөөсний арьсан өлгийт хоёр хүүхдээ хөхүүлэн нойрсуулан байна. Хоёр талд зээглэн суусан эхэс, эмгэд, эмс, бүүвэйн дууг хөгжөөнө. Бүүвэйн дууны уянгалаг агаад зөөлөн тул тэд бүгд өөрсдөө ганцхан дуурах бүлгээ . . . / 
Цэцэр - Тэнгэр минь
Эгшгинд согтож 
Алжаасан бие зовхи чинь 
Анилдаж байна . . .
Гадаалж од харж
Нүдээ сэргээтүгэй 
Гайхах явдал үгүй
Бид хоёр хүүхдээ нойрсуулж байя /эхсүүд, ашгүй дээ гэсэн шиг алавхийн гарч одоцгооно /.
Гүргэл - Их хатантаан
Мэлрэг цэцэг хүртэл хаяагаар үнэртэн мансууруулж 
Миний сормуус хацар дээрээ байн байн унах бүлгээ . . . 
Хүүг минь та ажирч байгаарай 
Хүйтэн салхинд нойроо хийсгэчихээд ирье.
Цэцэр - Тэг дүү минь
Тэгэлгүй яахав /Гүргэл гарч одно/ 
/Цэцэр ганцаар үлдэн нилээд хавьчиж байснаа, хоёр хүүхдийг сольсноо, тэвчиж чадахгүй дахин буцаана. Тэгснээ дахин сольж бага хатны хүүхдийг тэврэн авахад хүүхэд нь часхийн уйлна. Энэ үес эхсүүд болон Гүргэл орж ирмэгц сандран хөхөө бага хатны хүүхдэд үмхүүлнэ . . . тэгснээ Цэцэр ихэд чанга мэгшин уйлна/
Гүргэл - Хатан авхай юунд
Хатгуулсан мэт 
Хайлав? . . . 
Цэцэр - Олон та нарын араас гарч 
Одонд харагдъя гэтэл
Орилон уйлав энэ хүү . . .
Yйлийн үрдээ гомдож 
Өөрийн эрхгүй хайлав би . . . /уйлагнан/
Та нарын минь нойр үргэв үү? 
Эхэс - Тэглээ . . . 
Агь нарыг харж 
Анилгүй хонодог нүдэн
Аргагүй хааяа чилэх юм . . .
Эгэрэг өрлөг хилэгнэж 
Эхэс биднийг буримдаж
Унтсан нүд байвал 
Ухаж хаяна гэдэг . . .
Ээ тэнгэр минь . . . 
Гүргэл - /солигдсон хүүгээ тэврэн/
Хөх шөнийн үнэгтэй тоглон,
Бөх унтжээ, миний хүү . . .
/Бүүвэйн дууны эгшиг улам уянгалаг яруу зөөлөн сонсогдох ажаам…/ /харанхуйлал/
Ганц саглагар модны дор /өдөр/ 
Ганц гоёмсог сэнтий, сүү мэт цагаан өнгөт эсгийг дэвсжээ… Хоёр талаар зээглэн зогссон өрлөгүүд, хатад эмч, хөгжимчид, хааны магтуу өргөн байна. Арчуг хаан Гүргэл хатны хамт гөрөөсний арьсан өлгийт хүүхдээ тэвэрсээр гарч ирэн хаан сэнтийд дөхөхүй дор их хэнгэрэг дэлдэнэ. Хаан сэнтийнээс адис авч гурвантаа мөргөөд сөгдөн сууж 
Дээр хөхрөгч тэнгэр 
Дээдсийн сүнс өршөө
Цуутай дээдэстэй 
Цусны аргамжаатай хүүгээ
Цугаарын хаанд өргөмжлөв 
Өтгөс дээдсийн ёсыг урагшлуулж
Өлгийтэй байхад нь их дор суулгав, би 
Амин хайртай бага хатнаасаа гарсан нуганг 
Амьд ахуйдаа хаан болгов, би . . .
Төр самуурч 
Гэр үймэхээс эмээхгүйг бодов, би . . .
Амь тавин алалддаг энэих орыг 
Амьд байхдаа эзэнтэй болгов, би
Хөлд орох анхны алхам нь хүртэл 
Хүннү төрийн төлөө байг гэж бодов, би
Хэлд орох анхны үг нь хүртэл
Хүннү гэж хэлэг гэж санав, би 
Хүннү төрийн хаанаар 
Хүүгээ өргөмжлөв, би . . . 
/өлгийтэй хүүгээ сэнтий дээр тавихад хүмүүс баярлалдан урдах дудар мэт бяцхан бөмбөрийг нүдэв, хашгиралдана. Энэ нь уухай мэт эмхтэй биш байх болно./ 
Эгэрэг - Хааны бага хатны нуган их ор суув 
Yсэрсэн цус тэнгэрт хүрэхийг үзэв би . . .
Yнэндээ би азтай хүн бүлгээ . . . /ихэд баяр хөөртэй/
Хаан цусанд од унаж 
Харгуйгаа сольж урсав 
Тэр нь намайг дайрч урсав 
Тэнгэр намайг татаж босгов 
Арчуг - Эгэрэг чи 
Утга юутай үг 
Унагаж өнгөрөв? . . . 
Эгэрэг - Баярласан хүний үг 
Нулимс шиг дураараа унах юм . . .
Бага хатны нуганг их ор суухад
Бараг би зогсоогоороо нисэж байна хаантан минь 
Зар мэдээч - Арчуг хааны нуган 
Ачир хөвүүн хаан суувай 
Дагатугай . . .
Сөгдтүгэй . . .
Биширтүгэй . . .
/хүмүүс бүгдээр, газар мөргөн сөгдөнө. Их хэнгэрэг, хөгжим дуурьсан харанхуйлал/

Хоёрдугаар бүлэг
3-р үзэгдэл 

Их цацарт
Арчуг хаан, Ачир хоёр . . .
Арчуг - Миний тэнэгхэн үр минь, би 
Хүний замаас гадуур явсангүй 
Улиран ирэх он тоолон 
Ухааны минь зул дальдчиж 
Төрийг сэтгэх нь битгий хэл 
Гэрийг сэтгэж чадахаа болив 
Хан хүү чи юу бодно?
Ачир - Хамаг хүн хайлж 
Хаан эзэн халихад
Хасаг тэрэг хяхнан
Их хориог зориход 
Энэ тухай бодно доо 
Арчуг - Би чиний өсөхийг хүлээж 
Чи миний үхэхийг хүлээж
Чамд жам хань болж
Надад тэнгэр хань болох нь дээ 
Ачир - Наад яриаг чинь би мэднэ
Начигай онгон надад зөндөөн ярьсан 
Арчуг - Амьгүй онгон ярьдаггүй юм хүү минь 
Харин хардаг юм . . .
Нас нь тэнгэр мэт мөнхөрсөн тэд
Надад яриагүй үгээ чамд л ярив гэж дээ 
Ачир - Ярьсан . . . ярьсан 
Ярьж байхдаа тэр амьсгаадаж байсан 
Арчуг - Надтай чи андуураад байнаа даа 
Алдрай нялхаас чинь эхлээд
Амьсгаа минь хүртэл чамайг тойрч
Хоточ нохой шиг
Хойно урд чинь гарч явсан . . .
Ачир - Унхиагүй хэвтүүлүүдээс болж 
Унаганд өшиглүүлсэн минь хялуутаж
Тархи мансуурч
Тайван байхаа би байсан
Энэнээс л болж миний хүү унадаг, тусдаг болсон гэж 
Ээж надад – уйлж хэлсэн 
Арчуг - Зоргоороо эрх дураараа чинь 
Зовлон чамд авчирсан хэрэг . . .
Тэнгэрийн хүлэг чам дээр
Тэмдэг тавьж тамгалсан хэрэг . . .
Тархин дотор чинь, хөлөө хийчихсэн биш
Тэнэглэх гэдэг өөртэй чинь цуг төрдөг . . .
Ухаантай хичнээн байх гэлээ ч
Уг борив чинь багадах тул
Гаднаас чам руу асгасан ухаан
Гарз төдий болон замхарч
Тэнэг эмийн нулимс шиг 
Тэр чигээрээ хальж асгардаг . . .
Харамсаж байна . . . би
Харцын нулимсаар
Хирийг чинь угааж өсгөсөнсөн . . .
Бүсэлхийнээс чинь дээш толгойгоо гаргасан хүн
Би л ганцаараа байсан . . .
Ачир - Нуурын хөөс хөл долоох шиг 
Нуршихийг чинь би зөндөөн сонслоо
Яршиг
Ядарч байна. Залхаж байна. 
Арчуг - уурсан/
Яршиг гэнээ
Яаж чи хэлж зүрхлээв
Чамайг үгүйд хаан байсан хаан
Чиний урд амьд зогсож байна. 
Ачир - Яг тийм байна. 
Явах гэж 
Яарсан хүн 
Миний өмнө зогсож байна. 
Арчуг - Өтгөсийн сүнс намайг залхааж байна. 
Өлгийтэй байхад нь хаанд өргөмжилдөг буруудаж . . .
Хүн болохыг чинь харж байж болгодог байж
Хүндэтгэл дэндүү эртдэж . . .
Нүдээ нээгээгүй гөлгөнд хаан ширээ зааж өгч
Нүгэл би үйлдсэн байна. 
Ачир - Би 
Бие гүйцсэн хаан
Их залхаж байна. 
Илдээр наадах цаг болчихож
Хөгшин албат минь 
Хөөс сахруулан уурлаад яахав 
Аав минь та 
Амьд хүн цавчиж наадахыг надад болгоо 
Олиггүй амьд сүгнүүд зөндөөн байна
Олдохгүй бол олзны хүмүүсээс өгчих 
Арчуг - Юу гэнээ чи хө 
Юутай тэнэг аашилна чи 
Толгойг
Тоглоомонд өгдөггүй юм.
Ачир - Цус гарахгүй юм цавчихаар 
Бах ханахгүй юм 
Цугаарын хаан шүү би 
Би . . . би . . .
/ гэснээ муужирч унан татна. Ачир уурсахдаа татаж унадаг хуучтай ажаам/ 
Арчуг - Хөөе зарцас 
Хан хүү уначихлаа
Арчилж сэхээ 
Алтан сэтгүүрээр шүдийг нь хөш 
Жагар зандан үнэртүүл 
Заамыг нь ярж салхи амсуул 
/зарцас сандран орж, арчлан бөндөгнөлдөх дор Ачир, сэхэж өндийж ирнэ./
Арчуг - Явцгаа /хүүгээ аргадан тэвэрч/
Аавын нь хэлсэн үгний
Төвөргөөн нь жаахан хатуудлаа . . .
Архаг энэ өвчнөөс чинь салгаж
Амьддаа би чадахгүй нь
Юутай харуусал . . .
Ачир - Зүгээр би ингэдэг юм . . .
Зүүдлээд өнгөрөх шиг . . .
Дараа нь бие хөнгөрч
Далавч ургах шиг болдог
Арчуг - Ашгүй дээ үр минь
Аядуу юм яръя хоёулаа
Аав хоёр байна даа 
Эрэмдэг ужиг өвчтэй гэсэн чи 
Эр хүн болжээ 
Хасын цагаан царайны нь гэрэлд 
Элчийн захиа уншиж болохоор 
Хатан авч өгье аав нь.
Ачир - Энэ дэмий 
Эгэрэг өрлөг надад хэлэхдээ 
Эцгийгээ үхэхээр чи 
Эхтэйгээ гэрлэнэ гэж хэлсэн 
Эрхэт төрийн ёс тийм гэсэн 
Арчуг - Ээ тэнэг минь
Галзуурсан мунхагийн туйл минь
Гаргасан умайдаа дахиж багтах нуу? 
Чиний амнаас үг биш
Могой унах шиг
Зүлгэж ирсэн тэр могой
Зүрхийг минь хатгах шиг
Даанч дээ даанч үр минь
Дальгүй шувуу байж болно
Нисэхгүй л байна биз. 
Даанч ийм тэнэг байх гэж . . .
Нусаа цэвэрлэж чаддаггүй амьтан 
Цусаа цэвэр байлгахыг яаж ч мэдэх вэ? Дээ 
Ээ тэнэг 
Тэнгэр минь би таны өмнө 
Yе дамжин яллагдах 
Yйл юу хийсэн билээ . . .
Ачир - Хүний хэлснийг л хэллээ
Хүн сүрдмээр ч юм биш
Арчуг - Хаан биш юм байна чи 
Харах гэхэд зовхи даагдахгүй байна 
Эхийн чинь нүдний цагаан булан 
Их далайн сувд шиг цагаан сан 
Чиний нүдний булан 
Цус бударсан улаан 
Мунхагийн элч чөтгөрүүд намайг шоглож 
Муу бүхний өөдсөөр чамайг эвлүүлж 
Эндүүрлийн гэнэн сиймхийг ашиглан 
Эхийн чинь хэвлийд шургуулсан байх . . .
/хаан уурсан илдээ сугалан хүү рүүгээ дайран/
Ачир - Нэг нь илдгүй байхад 
Нөгөө нь дайрдаггүй юм . . . эцэг минь 
Ингэдэг юмаа гэхэд 
Ид хав биш . . .
Дарцаг салхинд хийсэх шиг 
Даанч даржин санагдаж байна
Илдээ огшоочих 
Арчуг - Ингэнэ гэнээ чи 
Идүүрээ олоогүй гөлөг 
/Гүргэл хатан орж ирнэ/ 
Гүргэл - Яаж байндаа та нар минь. 
Яс булаалдан сэгэн дээр хэрэлдэх нохос мэт 
Ачир - Ээж минь 
Эцэг надад
Илд сугалахыг зааж дуусав /гарч одно/
Гүргэл - Яагаав 
Яасан их уурлаав? Хаантан минь 
/хаан илдээ газар хаян Гүргэл хатнаа тэврэн эхэртэн мэгшсэнээ/
Арчуг - Чи уул юмаа гэхэд 
Чиний цаан уул байхгүй юм шиг 
Чи ус юмаа гэхэд 
Чамаас өөр мөрөн байхгүй юм шиг
Би чамайг хайрласан сан . . .
Амь тавин хайрласан
Ганц эмзэг минь . . .
Алганы минь хээг дагаж бөмбөрсөн 
Ганц сувд минь . . .
Ийм хүүхэд чи бид хоёрын 
Хайр нийлэх уулзвараас 
Их хүслийн минь торгон үзүүрт
Ургалаа гэж үү? 
Итгэмээргүй юм . . .
Эргэж гүйцлээ толгой минь
Тэнэг байж болно
Тэхдээ ийм тэнэг байхдаа яахав дээ
Энэ надад юу гэж хэлсэн гэж санана
Эх хүний чих бузартмаар үг хэлсэн
Яавч би энэ үгийг чамд хэлж зүрхлэхгүй нь
Яс минь цайсан цагт, сүүжнээс минь асуугаарай
Гүргэл - Чиний дэргэд 
Цаадах чинь нялх
Чигээ олоогүй
Цадсан болхи шүү дээ хаантан минь
Арчуг - Амраг хатан минь 
Арьс махаа урсан чиний зөвөө
Амьдсан бол миний эх ч гэсэн
Арчуг минь нялх амьтан гэж
Тоог нь алдтал хүн цавчсан
Гарыг минь илж
Толгойг минь сүү ивэлдэг
Цээжиндээ наах л байсан биз 
Хар толгойгоо бодвол 
Хүүгээ уучилж болно
Хаан төрөө бодвол 
Уучилж үл болно 
Төрийн дор 
Хаан хатан хоёр буй 
Тэнгэрийн дор 
Хилэнц – аврал хоёр буй
Арав алхахад найм нь алдаа 
Адсага мэт араншинтай, бас хэрцгий зайдан 
Хүний нүд жавраар хайрсан 
Хүүтэй юм байна, чи бид хоёр.
Гүргэл - Атаа тэнгэр 
Заяасан нь энэ 
Алалтай бишдээ
Хаантан минь 
Арчуг - Хэрэгтэй цагт цусаа цэвэрлэ гэж 
Хан эцэг минь хэлдэг байсан
Би тэгэх цаг болжээ
Битгий гомдоорой хатан минь
Билүү мэт бодол, шийдэл
Бие ухааныг минь ирлэж дууслаа
Өршөөгөөрэй хатан минь
Өнөөдөр ухаарсан ухаарал биш шүү энэ
Би их бодсон 
Битүү бүхнээ онгойлгож бодсон 
Гүргэл - Учир битүүлэг үг юунд ярина
Ухаж би эс ойлгов хаантан минь 
Арчуг - Сүү минь халхлаад 
Чамайг ойлгуулахгүй юм шиг байна
Сүнс минь ч тэг гэж хэлэхгүйг
Би мэдэрч байна
Yйлийн үртэй хатан минь
Yзэж л байж чи мэднэ дээ
Yргэсэн гөрөөсний нүд шиг
Нүд чинь хоёр тийшээ бөмбөрч
Yг чинь эвлэж өхөө больж
Бие чинь салгалан чичирч байна
Цацартаа очиж нойрс
Цагаан зүүд үзээрэй 
Гүргэл - Яах гэж байгаагаа 
Ядахдаа надад хэлчих 
Yгүй та . . .
Арчуг - Яв даа хатан минь 
Ганцхан удаа би хааны авираар аашилъя
Гарзыг нь хожим тэнгэр нөхнө биз 
Гүргэл - Та нэг л хачин байна 
Танаас би холдмооргүй байна.
Арчуг - Цочирдож зовохын хэрэггүй 
Цонхигор цагаан саран мандчихаж . . .
Ужиг өвчинд нэрвэгдсэн мэт саран
Уйтгар, гайхширал хоёрыг чинь хуваалцана
Гүргэл - Yгүй надад нэг л . . .
Хар совин толгойд хэрээчилж
Хажуунаас чинь явмааргүйч юм шиг 
Арчуг - /уурсан/ 
Yзэгдэхгүй болоод өгөөч 
Yйлийн үр минь . . . /хашгирч/ 
Гараад өгөөч лай минь 
Ганцааранг минь бодож байгаатай минь орхичих
/Гүргэл хатан алавхийн гарч одохуй дор Босуулууд орж ирнэ /
Арчуг - Намжирт Цацарын хормойгоор шурган ирэх 
Намрын цатгалан царцаа мэт та нар юунд ирэв 
Амар баймаар байна. Намайг битгий анзаар 
Амь нас, бодол хоёр бие биенээ химлэж байна. 
Yхдлийн хэвлий дэх өтнүүд мэт 
Yймэлдэн язганаж дотроос зулгааж байна 
Явцгаа /Босуулууд сандран явцгаана/
Арчуг - /уйлан хайлан/
Хархан нялхаас нь эхлээд
Хатуу үг хэлэх нь битгий хэл 
Хялайж ганц хараагүй юмсан . . .
Бурманд шигдсэн зөгий шиг . . .
Буурал болтлоо үнгэсийм сан . . .
Гомдоо биз надад
Гомдог яахав 
Голдоо ортол гомдог 
Дуулгагүй толгой мөгөөрс байдаг 
Дуулж үзээгүй үг мэс байдаг 
Цугаар Хүннү гүрний төлөө 
Цусаа би цэвэрлэнэ
Хайртай бүхнийхээ цээжнээс
Халуун зүрхээ би татаж авна
Өөртэй минь адилхан юмыг хүүгээсээ
Өөдсийн чинээнийг ч олж үзсэнгүй 
Өөрийгөө хүртэл сэжэглэж үнэртдэг 
Өөнтөг сэтгэлийн минь гай биз 
Ийм хаантай төр орхино гэхээс 
Ичиж байна . . . Би 
Их хаадын цусан хэлхээ, булшнаас нь хүртэл ичиж байна. 
Ирэх өдрийн өглөө мандах нарнаас би ичиж байна.
Хатан минь чиний буруу гэж ердөө байхгүй 
Халуун бие чинь алтан хундага шиг цэвэрхэн 
Бал, хорын алиныг ч хийж залгисан 
Байдгаараа үлдэх мөнхийн шидтэй тамлан 
Чиний бүх юманд бузар байхгүй 
Миний л бузар булай 
Бузар нь ариунаа цэвэрлэдэг 
Бусад нь сохорч амьдардаг тэнэг хорвоо 
Дур, зорго ухаан хоёроо хурааснаас минь хойш 
Дуртай болгон нь төр булаалдаж 
Бие биенээ хөнөөж 
Бишгүй их дайтах биз 
Идэх гэж дурладаг 
Мэдэх гэж дурладаг 
Тэнэгүүдийн тоглоом болох төрийг 
Тэнгэрийн дор би орхиж чадахгүй 
Хүүгээсээ би маргааш хагацана
Хүннү төр тэнэгээсээ хагацана
Мянга мянган жилийн одод бие биендээ шивнэж 
Миний зөв гэсэн бурууг, нараар цагаатгана. /харанхуйлал/

4-р үзэгдэл

Их цацарын гадаа 
/Арчуг хаан хоймор ганцаараа заларчээ. Цагаан эсгий дээр хавирган саран хэлбэртэй сууцгаасан хүмүүс. Тэдний дунд Гүргэл хатан цав цагаан хувцас өмсөж. үсээ задгай асгаруулан суужээ . . . Ачирыг нөмгөлөн ам дөрвөлжин улаан эсгий дээр сөгтгөн суулгажээ. Хажууд нь хөлөг баатрууд хашин харгалзаж зогсох бүлгээ . . . 
Арчуг - Тэнэглэсэн байна би
Тэнгэрийн дор нэг л хаан
Өөрийнхөө он цагийг эзэлж
Өнгөрсөн хойно нь их орыг нөхдөг нь учиртай
Өтгөсийн сүнс олон шөнө надад шивнэлээ
Өнгөрсөн шөнө намайг бүүр зандчиж хонолоо
Энийг хий гэж сэлэм гялалзах мэт аянга цахиж
Элийрэхээр минь бороо толгой дээрээс асгарч
Эцэг тэнгэр хилэгнэж хонолоо . . .
Булингартсан цусаа тунгаа гэлээ . . .
Буруу муруйгаа тэгшил гэлээ . . .
Хүннү төрд нэмэр болохгүй
Хүүгээ чи мохируул гэлээ . . .
/Арчуг хэсэг дотогшоо мэгшин уйлав. Энэ үед хүмүүсийн уулга дуун алдалт/
Арчуг - Ёр зүүдний, боол би . . .
Ёсоор болгохоос яая гэхэв . . .
Хаад ихэсийн сүнсний айлдал
Хад нурах шиг дарж байна
Эцэг гэдгээ нэгэнтээ мартаж
Эзэн хаанаа үзүүл гэж
Тэнгэр хашгирсан зарлигтай
Тэрсэлдэж би яасан ч чадахгүй . . .
Өөрийн үрээ мохируулах надад хэцүү гэлээ ч
Төрийн хэцүүгээс бага нь байлгү ёсоор болгохоос . . .
Эгэрэг - Хаантан минь
Дахиад үр төрүүлж чадахгүйгээ мэдсээр атал
Даяарын урмыг хугалж, гайхашруулж, үрээ хөнөөх чинь ямрав
Тэнгэрийн үгийг зөв сонссон гэж
Тэгтлээ та итгэж байна гэж үү
Yйлийн үргүй таны үр гэж 
Yндэс угсаа чинь мөн гэж 
Дэргэдэх өвс ургамал 
Дээр хөхрөх одмичид батална
Уур цухлаа намдааж 
Уужирч бодвол яасан юм бэ…?
Энэ хүү ямар гэмтэй билээ…?
Арчуг - Илд далайхад бяр нь ил хүрэх 
Их хэрэгт ухаан нь үл хүрэх
Энэ чинь үхүүлэхийн шалтаг биш гэж үү?
Эгэрэг минь битгий сүүтэлз . . .
Хэлсэндээ би хүрч явсан . . .
Хийсэндээ гэмшиж явсан удаагүй
Далайсан илдэндээ би
Цус амсуулж байж хуйлдаг байсан
Дараа нь би
Цухалын буданд толгой норгож яваагүй
Болгоохын урд нь
Бодох минь байсан болохоор
Алдах гэдгийн дээгүүр
Алхаж өнгөрч явсан
Ёсоор болго
Эгэрэг - Хаан, хан хүүгээ алж байсан 
Хар түүх би сонсоогүй
Өлмийд чинь сөгдье би
Өршөө энэ хүүхдийг . . .
Уйтай энэ эгшинг харах азгүй нүдээ
Ухаад би хоёр алганд чинь атгуулъя
Арчуг - Гайхаж байна би . . . Эгэрэг минь
Гай зовлонг баяр ба баясгалан шиг үздэг
Авир зан чинь нисэн одож
Арилж үгүй болснйг өнөөдөр харж байна
Хагацалд зөөлөрдөггүй элэгтэйсэн чи
Хүйтэн салхи үйл бүхний чинь цаана шуурч байдагсан . . . 
Эгэрэг - Хуруугаа зажлаад ясанд нь хахчихсан юм шиг 
Хувь заяаныхаа эрхэмсэг боол байж зөндөөн явлаа . . .
Цаг нь болсон, хэлэх үгэндээ 
Цацаж хахаж байна би . . . /хааны өлмийд сөгдөн унана/
Арчуг - Энэ бие амьд байна
Эргээд бүх буруугаа даахтайгаа байна
Хүмүүс намайг үзэн ядавч
Хүннү төр надад баярлаж байгаа . . .
Ёсоор болго
/гэхүй дор хэнгэрэг дэлдэн ам дөрвөлжин улаан эсгий дээр сөгдөн суусан Ачирын нурууг хугалж их цагаан нөмрөг нөмрүүлнэ. Энэ үед Хүчирийн эх гэгдэх их хатан Цэцэр часхийн ихэд бархирч хашгичин уйлна./
/хөгжим/
Эгэрэг - Хатантан та юутай муухай хашхирав?
Хаан хүслээ хангаж байхад . . . 
Цэцэр - Магад би биш
Махбодь минь хашгирав
Биен дотор эргэх 
Бүх цус минь нүдээр гарчих шиг болов
Арчуг - /гөлөрч мэлэрсэн Гүргэл хатанд дөхөн очиж тэврэн/
Хатан минь би чамд
Хайртай билээ . . . би . . .
Энэ явдлын дараа
Эх хүн жаргаж чадахгүй гэдгийг
Би мэдэж байна
Биеэ дүүртэл мэдэж байна
Өдөр мандсан нарны хэлтэрхийг
Шөнө нь тэвэрч нойрсдог байсан
Тэр минь чи байсаан . . .
Өндрийн живаа ододоос
Ганц од дэргэдээ буулгасан
Тэр минь чи байсаан . . .
Хайртай бүхнээсээ
Хагацах өдөр чинь энэ гэж
Хувь заяаны минь зурлага дээр
Хурц илдээр сийлсэн байна
Нуган үрийнхээ хойноос
Нулимсандаа хайлж суугаа чамайг хараад
Бие сэтгэл үйрч элс шиг чимээгүй нурж
Байх газаргүй галай мэт газар мөргөчиж суумааргүй байна
Амьд зовохоор үхэж жаргах эрхийг
Амраг хатан чамдаа би өгч байна
Адтай хайр, хаан зовлогоо бодвол би
Амьд чамайгаа үлдээж эдэлж явмаар байна
Хамгийн сүүлчийн удаа
Хаан гэдгээ мартаж өлмийд чинь сөгдье
Эцсийн удаа гишгэсэн газрын чинь
Эсгэлэн шороог би ус шиг залгилъя 
Гүргэл - Зовлонгоос хүртэл харамлаж чаддаг 
Их хайрыг чинь мэдэрлээ хань минь
Золоор би
Эцсийн амьсгалынхаа босгон дээр мэдэрлээ
Чи надад үнэн хайртай юм байна
Чимээгүйхнээр чиний дүрийг би нүдээрээ залгилж байна
Хаан биш хүн бие чинь
Хамаг биеийг минь дүүрч байна
Зорго биш хайраараа
Зовлонг минь амгалангаар сольсон чамд гялайлаа . . .
Боллоо
Болгоо намайгаа . . .
Арчуг - Удаан гээч нь хоёулаа духаа нийлүүлье
Уураг тархинууд минь ясаа нэвтлэн үгээ ололцог
/хөгжим үхмэл эгшин/
Арчуг - Боллоо
Ёсоор болго
/эрхрэн хашгирах дор эрсүүд толгойг гэдийлгэн ам руу нь жад нэвт дүрэн хоёр нүхийг битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээнэ. Хүмүүс дундаас Хүчир хүү - Ээжээ хэмээн дуу алдан хашгирна/
Цэцэр - Би дэргэд чинь байхад чи яав?
Хүчир - Би айхдаа таныгаа л дуудав
Цэцэр - Өдий болсон эр хүн
Өөрт адилхан ирэх юмнаас айдаггүй юм
Тэртээ тэргүй чи хаан болно
Тэхдээ тэнгэрт гарч хаан сууна
/хаан сэнтий дээрээ унаж ихэд мэгшин уйлж, толгойгоо үгтээн бархирах нь тортой бар мэт. Гайхширсан олон чив чимээгүй болно/
Арчуг - Энэ ертөнцийн чулуу бүхнийг нүд
Энэ хорвоо миний зовлонг мэдэг
Алив хөгжимчид хөгжимд . . .
/ийнхүү хашгирахад хөгжим. Хөгжимчид нулимсаа арчин арчин ятга ятгална./

Гуравдугаар бүлэг:
5-р үзэгдэл 

Ганц саглагар модны дор Эгэрэг, Цэцэр хоёр 

Эгэрэг - Хүчирийг хаан болно гэж
Хүн болгон шуугьж байна
Ёс бусын совин буруу эргэж
Ёстой юм ёсоороо болох нь . . .
Гэхдээ гэрэл нүдээ аниагүй байна
Энэ хааны цусан үрийг таслах
Эцсийн боломж бас надад үлдсэн
Цэцэр - Их цацарын үүдэнд хаан тааралдаж
Инээх аядсанаа . . .
- Yнэний хэвтэр дээр 
Худлаа цагирагладаг бол . . . гэж
Учиргүй их инээснээ
Уйлаад явчихсан
Хаан элийрсэн байх аа . . .
Эгэрэг - Хүчир маргааш өглөөний нарыг үзэхгүй
Хүнд их наран өнөөдөр түүний зүрхэнд үүрд жаргана
Гэхдээ үхлээс сугарсан наран дахиад л мандана
Гэнэн тэнэг хүмүүн гэгч үхсэн хойноо мандахгүй
Цэцэр - Хүүгий минь . . .
Хүчирийг минь . . .
Чи чинь
Эгэрэг - Дуугаа тат
Хүчир
Хүү минь гэнэ шүү
Чиний хүү, хүний хүү болж яваад алагдсан . . .
Энэ хүүгийн дотор
Эргэж буй цусанд нь
Чиний нэг ч дусал цус байхгүй
Цэцэр - Цээжээ хөнгөртөл хөхүүлж
Цэцэг шиг энхрийлж өсгөсөн
Эх нь билээ би . . .
Эгэрэг - Зөнөсөн хааны үрийн өмнө
Зөв буруугаа хэлүүлээд зогсож чадахгүй
Зөөлөн нь хатуугаа биш
Хатуу нь зөөлнөө иддэг цаг
Цэцэр - Yхэл хагацал, аллага гэхээр
Цээжинд цус амтагдаж байна
Чиний залгилах гэж байгаа цус
Надад амтагдаж байна
Хүүгээ би
Хүний гэлээ ч харж явмаар байна
Хөлийн нь шилбийг илж
Хөлсний нь үнэрийг үнэрлэж явмаар байна
Тэрний минь битгий хөнөө гуйя
Тэнэг шүү чи . . .
Эгэрэг - Өөрийнхийгөө хүнээр алуулчихаад
Өрөөлийнхийг хайрлаж суух хэрэг үү
Yгүй дээ би тэвчихгүй
Yндсээ цавчуулчихаад ургаж байдаг цэцэг гэж бий юу?
Yзсэн үү чи
Цэцэр - Чи цэцэг биш өргөс байх 
Хаан ширээнээс бусад
Хаана ч ургаж чадахгүй
Өргөс байх
Эгэрэг - Тийм ээ би өргөс байж . . .
Тэхдээ учир буй . . .
Сувай эм чамайг үртэй болтол
Сул газраас чинь хатгасан өргөс байх
Цэцэр - Би чамайг зөвхөн
Биеэрээ ойлгож байж . . .
Одоо л чи миний
Орой руу орж ирж байна
Орох уу? гэж хэлж биш
Гарах уу гэж хэлсээр орж ирж байна
Юунд чи хариулахгүй байна
Юм битгий хэл үг гээдэггүйсэн
Эгэрэг - Чамайг яахаа бодож байна
Цэцэр - Бодох юмнаас чинь ч айхгүй байна
Боллоо би хорвоог чамаар ойлгож танилаа
Цухал тухлын энэ хорвоо
Цусаар гулгиж байгаа цагт
Сүү залгилж өссөн хүний дотор
Сүүдэр ургаж харласныг үзлээ байна
Энэ сүүдрээ чи үр дээр минь битгий тусга
Энийг л чамаас гуйя
Эгэрэг - Чадахгүй ээ би чадахгүй
Бодсоноо хийхгүй байж чадахгүй
Хор хонзонд би шатаж байна
Хорссон зүрх минь чулуу шиг улайсаж байна
Дээрээс нь халуун цус асгахаар хөрдөг юм
Дэндүү их авалцан шатаж байна
Дуугай бай
Долоон бурхны муруйг газраас засдаггүй шиг
Дотор бодлын минь муруйг хэн ч засахгүй
Миний өмнөөс илд минь гаслаж байна
Тэр цусаар цангажээ . . .
Цэцэр - Тэгвэл намайг ч гэсэн
Эгэрэг - Самрыг цөмөхөд яс нь хоосон үлдэж
Хүний хөлд гишгэгдэн бутарч
Идээ нь ам руу орон
Хүний гэдсийг баярлуулдаг
Чамайг зовлонгийн модонд хүлж үлдээнэ . . .
Чийхарч буусан шүүдэр нулимсыг чинь залгилж
Насны төгсгөлөө хүлээж
Наранд бөгсөө ээж хэвтэнэ биз
/Эгэрэгийн цаашаа харан зогсох зуур жижиг илд гаргаж Цэцэр алахыг завдан чарлан дайрна/
Эгэрэг - Хүн урдаа хоёр нүдтэй байхад
Би ардаа нэг нүдтэйг чи мартаж . . .
Хааны хэрмэн дотор
Хамаг амьтны алган дээр
Дээд доод хоёр нүхээрээ бордуулсан
Дэндүү тэнэг нялцгай эм минь
Хаяад буусан буурины дээрх 
Цонхигор өвс шиг хүүхэн
Хүн алж чаддаггүй юм
Дур зоргоо илэрхийлж байгаа чинь сайхан байна
Дутуу төрснөө мэдэж аваагүй чинь муухай байна
Эргүүлээд энэ мэсийг чам руу дүрчихье гэж бодсон ч
Илж байсан хөх чинь 
Энүүхэнд сэрийж харагдаад намайг зогсоож байна
/Хоёр гарыг нь урдаа барьж ийш тийш сэгсчин байгаа нь үзэгдэнэ/
Эгэрэг - Эрийн өмнө
Эм хүн хүчгүй
Илүүлж үнгүүлж байхдаа л таарсан болохоос
Илд барих та нарт зохихгүй
Умдаг чинь чамайг
Хатан болгосон болохоос
Ухаан чинь чамайг 
Хатан болгооогүй
/түлхэн, газар унана, мэгшин уйлж буй цагаан өмсгөлт Цэцэр бадам цэцгийн ганц дэлбээ газар хэвтэх мэт/
Эгэрэг - /Том чулуу өргөн ирж/
Энэ чулууг чам дээр би алдчихмаар байна
Энгэр зөрүүлэхдээ чиний чарлаж жийсэн чулуу
Уг нь энэ чулууг би
Чам дээр алдчихвал
Орчлонгоос чиний явах
Онголох ажил хоёр чинь зэрэг бүтэх юмсан . . .
Хүнд энэ чулууг
Хүчирийн цээжин дээр алдах нь илүү амттай
Энэ чулууг чам дээр алдчихад 
Элс шиг үйрнэ чи
Дээрээс чинь энэ чулууг хаяхад
Дэлгэсэн арьс л болно чи
/хаях мэт далайснаа хажуу тийш шиднэ/
Энэ удаа чамайг 
Энэлэл зовлонгийн шүдгүй ам руу шидэж
Амьд үлдээе
Эм шоргоолж минь

ТӨГСГӨЛИЙН БҮЛЭГ

/Тэнгэр газрын савслаганд тээр дээр хаан сэнтий халзалж дэвссэн цагаан эсгий авансценд тулжээ. Хоёр талаар нь газар одод буусан мэт түүдгийн гэрэл . . ./
Арчуг - /газар сөгдөн/
Ээ хөх тэнгэр минь
Энэ биенд минь юу үлдэв
Тамга илд хоёр барьж явсан гар минь мойж
Төрийг сэтгэж явсан толгой минь цайлаа . . .
Надад одоо юу үлдсэн билээ . . .
Төр залгах хүү алга
Бие залгах хатан алга
Хүчирийг би өнөөдөр
Хаан ширээнд зална
Хүннү төр 
Эзэнгүй байх ёсгүй ээ
Хүний гэж харддаг байсан
Хүнд бодлоо хүчээр орхиж
Худлааг зөвшөөрч үнэн болгож
Хувь заяаныхаа салтаан доогуур шургана би
Ээ чааваас
Илдэн дор дэвсээгүй толгойгоо
Худал, хуурмагийн дор
Ивэж өх нь . . .
Миний юм нэг ч байхгүй нэгэн бие
Хүүхдийн сэтгэл шиг энэ цагаан эсгий дээгүүр гишиглэж
Хэн ч бай хаан цусны улбаагүй хүнийг бүү суулга гэсэн
Хаан ширээн дээр очиж сууна
Юутай харуусал
Яая гэхэв дээ Би цөхөрч байна
Ядахдаа ингэснийг минь тэнгэр та болгоо
Би судсаараа 
Өөрийгөө хүлж байгаад энэ хэргийг хийлээ
Битгий намайг залхаа гэж
Өршөөл би яасан ч гуйхгүй . . .
Тэнгэр минь
Зар мэдээч - Ээ хаантан минь өршөө /шууд газар мөргөн унана/
Арчуг - Ёсоо залгичихсан амьтан чи
Ямар ёр удаж ирэв
Чихгүй загас ч цочтол хашгираад
Чи юу гэж явна
Амандаа чи сүү балгаж ирэв үү
Аа эсвэл цус балгаж ирэв үү
Түгдчилгүй 
Түргэн хэл 

Зар мэдээч - Хүчирийг үүрээр хөнөөсөн байна
Хэн хэрэхсэн нь, тодгүй
Арчуг - Юу?
Yнэн хэлэв үү чи? . . .
Yзсэн үү? нүдээрээ 
Зар мэдээч - Цусаа дэвсэн хэвтэн байгаа
Хүчирийн өлмийд
Цэцэр хатан цурхирч байхыг нь хүртэл харсан . . .
Арчуг - Ээ харла
Эвгүй юм болж . . .
Эгэж үз мэдээч минь /мэдээч явна/
Тэнгэр миний 
Тэнэглэхийг зөвшөөрсөнгүй
Тэр дор нь хариу ирүүллээ
Тэнгэр зарлигийг би зүрхээ алгандаа атган
Хавирганыхаа ясаар тэмтэрч уншиж байна
Төрийн хайрцагны цоожинд
Түлхүүр хүн шургуулж оролдож
Хаан сэнтийний хөл доогуур
Хараал шургачихаж
Хөөе хэвтүүл ороод ир
/хэвтүүлүүд гүйн орж ирнэ/
Арчуг - Та нар
Хүннү төр
Хаан цус хоёр
Ариуслаа гэж
Ард болгон сонстол хашхир
Бүсээ тасартал тод бахир
Биеэ задартал чанга хашхир
Ганц модон дээр
Аянга буух шиг хашхир
Газар тэнгэр
Айн сонстол хашхир
Хүннү төр мандаж байна гэж
Хүн болгон сонсохоор хашхир
Хэвтүүлүүд - Ёсоор болгоё хаантан минь /гарцгаана/
Арчуг - Хааны тархин дотор мөхсөн төр
Харцын тархинд мандаж байгаагаараа байг
Төр хувцасаа тайчин хаяж
Түмний дундуур шалдан явдаггүй юм
Төр, ёс ямбаны хувцсан дотроо
Төмөр илд, цагаан сүү хоёрыг нууж явдаг юм . . .
Төрийн үнэнг хаадтай нь булдаг ч
Тэр үнэнг дараачийн хаан нь амандаа үмхэж төрдөг юм
Таг харанхуй байна миний дотор
Тас үсэрч байгаа
Хаадын цусан дээснээс хичнээн зуурлаа ч
Хариугүй би алдуурч байна
Би мөхнө
Бас унана, унахдаа
Өвгөн модод
Өтөө няцалж унадаг шиг
Төрийн булайг үүдсэн нэгнийг
Дарж унах учиртай атал
Хорын охийг даргитал буцалгаж
Харын хохио дуудуулж дуусах гэж үү
Хөвсөлзөн нүүх чөлөөт үүлэн та
Тэнгэрийн хирийг арчих атлаа
Хөөнөөс хар хүний явдлыг
Арчихаа сэжиглэдгийн чинь учрыг одоо л ухлаа
Хожимдож ухаарлаа . . .
Хорвоо өдөр шөнө хоёроос биш гаслан хяслан 
Хоёроос бүтсэн юм байна
/Эгэрэг орж ирнэ
Эгэрэг - Ёсолж нялганах зав алга хаантан минь
Ёр билгийн шувуу минь өнөөдөр өндөглөлөө
Олон онд тэр дэгдээхэй байсан ч
Одоо тэр тас боллоо
Төрийн идээг тонших цаг нь болов
Арчуг - Хачин юм ярих юм Эгэрэг минь
Хажуугаар минь наад үгс чинь хийсэж байна
Харин би чиний нүүрнээс
Хатгалдах тулааны үед ч үзээгүй
Хачин их эр зориг, ид хавыг
Харж байна
Чиний нүүрний баярын гялбаанд чинь
Миний нүд гялбаж тархи зангирч байна
Чиний тэжээсэн шувуу биш
Миний тэжээсэн шувууны бие гүйцсэн бололтой юм
Эгэрэг - Та бид хоёр үг таргалуулж суугаад яахав
Тамгаа өгчих
Сэтгэлээ барихыг хүсье
Сэнтийг чинь бол бөгс минь олоод суучихна
Арчуг - Юу /хүйтнээр инээнэ/
Чамд тамгаа өх
Газар алдах хоёрт ялгаа юу байна
Гутал дээгүүр гүйж байсан шоргоолж
Малгай дээгүүр гүйх нь . . .
Эрүүл байна уу? чи
Эгэрэг минь
Эгэрэг - Таныг ингээд харж байхад
Мухар нүдэнд амь хоохойлон шургасан
Мий муурын бөгс тонтгонох мэт байна
Удам тасарсан төрийн толгойд
Ухаантай цог зальтай нь л сууна биз дээ
Байдлын үнэн, он цагийн үнэн хоёр
Багтаж ядан чихцэлдэж байгааг
Мэдрэхгүй байгаа бол
Миний таны өмнө
Мэхийсэн бүхэн минь алдас болно
Алив хаантан тамгаа өгчих
Алган дээр тавьчихаад мэхийн сөгдөхөө мартав аа
Арчуг - Болоогүй ээ Эгэрэг минь
Чи дэндүү яарч байна
Хаан хүн
Сэнтий тамга хоёроо өгдөг юмаа гэхэд
Цаана нь үлдсэн хаан зүрхээ өх үү үгүй юу гэдэг . . .
Чи ганцаараа хариулчих асуулт биш
Би
Хүннү төрийн тамгыг барих
Хүнгүй болчихоор нь
Хоёр сүүн уулын цаана
Хорин улаан горхины уулзах газар булчихсан
Есөн үеэр сахиж
Ерхөг өвсийг нь ч битгий хөдлөг гэж
Нэгэн биений эрхтэн шиг итгэлт отогтоо
Захиад онголчихсон
Чи олохгүй
Чамд олдохгүй
Өөрийгөө идэх өт
Биен дотроос гардаг шиг
Төрийг идэх өт
Түшмэл дотроос гардгийг
Ихийн их мэддэг мөртлөө
Эгэрэг чамайг гэж мэдээгүй минь алдас болж
Хэн хаан суусныг
Тэнгэр бууж ирж үздэг юм
Хэрэггүй амьтан байвал
Тэрнийг булчихаад буцдаг юм . . .
Эгэрэг - Адтай хөгшин араатан
Адармаа битгий гарга
Би Хүннү гүрний хаан, тамгаа аль
Арчуг - Гар чинь цустай
Тархи чинь устай
Төр барьдаггүй . . . юм
Эгэрэг минь
Их амархаан
Чи тамгатай болж болно
Ядуу боолын тойгны 
Ясаар нь тамга сийлж
Цусанд нь дүрж тамгална биз
Их хэцүү . . .
Их гүрний хаан байх
/Эгэрэг сэнтий рүү, Арчуг ч бас цагаан эсгийний хоёр талаар аажуухан алхалж эхэлнэ, хаяа зогсонгоо/
Арчуг - Нүглийн чинь тухай
Нүд чинь надад амнаас чинь түрүлж хэлж байна
Эгэрэг минь
Yхэхээс чинь өмнө
Yг чамд шигтгэж өгье
Балархай санагдаж байгаа бие энэ бүхэн
Бага хатныхаа цээжин дотор
Би тамгаа хийгээд онголчихсон . . .
Умайд нь хаан багтаж болсон юм
Цээжинд нь тамга багтаж болноо доо
Энэ төрийн тамгыг би
Эхийн сүүнд ороогоод булчихсан . . .
Сүнс нь саамшихын цагт
Сүү үнэртсэн энэ газар дээр
Хүннү улсын 
Хаан тамгаа атгаж төрнө
Чихэнд чинь биш
Биенд чинь илдээр хэлчихье
Чиний хаан болох хол байгаа биз
/Арчуг илдээ Эгэрэгт дүрэхэд Эгэрэг илдээ Арчугт дүрнэ. Хоёр илдэнд сүлбүүлсэн хоёр хүний силуэт. Дундуур нь хаан сэнтий алтран харагдана. Хэрээний дуу тэгснээ хөгжим нүргэлэн эгшиглэнэ./

Ардын Уран Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Төгсөв.

/1998 оны хавар-зун-намар/

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.