"The Colors" ноорог ярилцлага

Энэ удаагийн "Залуусын дуу хоолой" буландаа "The Colors" хамтлагийг урьж ярилцлаа. Тэд 2010 оноос хойш уран бүтээлээ туурвиж, 2011 оноос Playtime фестивальд тасралтгүй оролцож байна. The Colors хамтлаг сүүлд "Би тэнгэр лүү унаж байна" EP албумаа гаргасан бол одоо дараагийн цомог дээрээ ажиллаж байгаа юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танай хамтлаг одоо ямар уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байгаа вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлүүлье.

Тогтуун: - Жинхэнээсээ хоёр дахь цомгоо хийж байгаа.

-Жинхэнээсээ гэж юу гэсэн үг вэ?

Тогтуун: -Бид нар уг нь хоёр цомогтой. Гэхдээ өмнөх нь бүрэн хэмжээний цомог байгаагүй. EP album байсан. Тэглээ ч зарим нь миний зохиосон дуунууд биш. Сэтгэл хөөрлөөр бичсэн дуунууд. Тийм болохоор энэ удаагийнх бүрэн хэмжээний хоёр дахь цомог юм.

-EP Album-аа яагаад пянзаар гаргая гэж бодсон юм?

Тогтуун: -Одоо CD авдаг хүн байхгүй шүү дээ. Онлайн зүйлсэд хүмүүс илүү дуртай. Гэхдээ CD авах хүн байлаа гэхэд тэр хүмүүс зүгээр дурсгал болгож хадгалах гэж авдаг. Тийм болохоор хүмүүс хадгалахыг нь бодоод удаан настай гэж пянзаар гаргасан.

-Өмнө нь танай хамтлагт пянз байсан уу. “Дангийн даавуун майхан” дээр нэг пянз гардаг ямар учиртай вэ?

Тогтуун: -Тэрийг бид нар өөрсдөө хийчихсэн юм. Тэр үеэс л пянз хийнэ гэж мөрөөдөж байсан даа.

-Шинэ цомгоо ямар хэлбэрээр гаргах юм?

Төгөлдөр: -Тэр талаар бодоогүй байгаа. Дуунуудаа л зохиосон.

-Ямар уур амьсгалтай дуунууд орсон бэ?

Тогтуун: -Жоохон ийм./толгойгоо савав/ Доор нь рок гэсэн GIF оруулчхаарай./инээв/ Гэхдээ анхнаасаа дуу хийхдээ иймэрхүү уур амьсгалтай гэсэн юм бид нарт байгаагүй.

-Одоо хүртэл “чиглэлээ олоогүй” байгаа байх нь ээ? Та нар аль 2014 оны ярилцлага дээрээ “ямар чиглэлээр тоглодог вэ” гэхэд мэдэхгүй гэж хариулсан байсан.

Тогтуун: -Олоогүй л явж байна. Тийм болохоор уур амьсгал нь тийм гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь тэр чиглэлээ хэлчих юм бол хүмүүс дууриагаад эхэлнэ ш дээ./инээв/

-Танай цомгийн нэг клип жаахан “psychedelic” талдаа л харагдсан шүү. Энэ чиглэл рүү явах гээд байна уу?

Тогтуун: -Хүн болгон өөр өөрсдийнхөө өнцгөөс хардаг байх. Би бол өөрсдийнхөө хөгжмийг тийм урсгал гэж хэлж мэддэггүй. Гайхаад байдаг байхгүй юу. Яг ямар урсгал гэх юм бол гэж. Ядаж гадаадын тийм хамтлагтай төстэй юм даа гээд хэлэх гэхээр бас байхгүй. Яг ингээд хэсэг хэсгээр нь энэ тэндээс “аваад” хольчихсон юм шиг. Тэгээд “psychedelic” гэж хэлбэл “psychedelic” сонсдог хүмүүс бид нарыг “ална шүү” гээд уурлах байлгүй дээ. /инээв/

Төгөлдөр: -Ганц баригдаж байгаа урсгал гэвэл поп л байх тэ?/инээв/

Тогтуун: -Рок, поп, страд гэдэг урсгалд л баригдаж байна./инээв/

-Хамтлагаа байгуулж байсан түүхээ ярьж өгөөч?

Тогтуун: -Бид нар хамгийн анх охид уяраах гэж гитар сурсан./инээв/ Худлаа шүү.

Тэргэл: -Үнэн, үнэн./инээв/

Тогтуун: -Шинэ жилийн үеэр ээж урлагийн үзлэгт орох гээд гэрт бөмбөр авчирчихсан байсан юм. Тэр бөмбөрийн нь хажууд анх удаа сууж үзэхэд их гоё санагдсан. Эндээс л бүх зүйл эхэлсэн дээ. Бөмбөрийг шууд граштаа зөөж оруулаад “Манайхаан, бөмбөртэй болчихлоо” гээд энэ хэдийгээ дуудсан. Тэгээд бөөндөө бөмбөр тоглож үзээд гитартай болоё гэж шийдсэн. Тэр үед L Guards-ийн фэн клубт байдаг байсан болохоороо тэдний гитарыг зуун мянгаар худалдаж авч байсан. Дараа нь цэцэг төвөөс Бостон гээд амп зуун мянгаар авч байлаа. Ингээд нэг бөмбөр, нэг гитар, нэг амптай болсон доо. Энэ мэтээр юмнуудаа жижиг жижгээр нэмээд л яваад байсан.

-Та нар багаасаа хөгжимд дуртай хүүхдүүд байсан уу. Хэзээнээс амьд хөгжимд дурлах болов?

Тогтуун: -Багаасаа дуртай байсан юм байхгүй ээ. Төгөлдөр л бүжиглэдэг байсан. Харин би 2009 онд хөгжимд донтож байлаа. Тэр оны Playtime-г үзээд ямар гоё юм үзчих вэ гэж догдолж байсан.

Тэргэл: -Бид нар зүгээр амьд хөгжмийн давлагаанд өртчихсөн байх аа. Нэг хэсэг скэйтэрүүд, нэг хэсэг зурагчид, нэг хэсэг амьд хөгжмийнхөн ихээрээ гарч ирсэн шд.

Төгөлдөр: -Инди давлагаанд өртчихсөн./инээв/

Тогтуун: -Бид нарыг Hi Fi-ийн underground албум хөгжимд нэвт оруулсан.

-“Экотон”-д түрүүлж байсан талаараа яриач?

Тогтуун: -Экотонд аймаар азтай түрүүлсэн.

Төгөлдөр: -Бид нар аймаар азтай хүүхдүүд байсан. Тэр үед бидэнд болъё гэсэн бодол огт төрж байгаагүй.

Тогтуун: -Шантармаар үе огт байгаагүй. Бид нар аймаар даварчихсан байсан. Анх грашанд бэлддэг байхад өвөл яалт ч үгүй хүйтэн болоод бэлдэж чадахгүй болж байх үедээ хаашаа явлаа?

Тэргэл: -Баар маар хэссэн юм биш үү? 

Төгөлдөр: -Прага Марага, Голден Гейтс гээд явж өгсөн шд.

Тогтуун: -Бид нар 25-д амьдардаг байсан байж КТМС-ийн хойшоо зочид буудлын подвулд бэлддэг байсан. Тэрийгээ огтхон ч хэцүү байна гэж боддоггүй байлаа. Тэр үед үнэхээр гоё байсан. Нэг өдөр бид нар луу Hi Fi-аас залгаад “Аялал жуулчлалын яамнаас Экотон гээд тэмцээн зохиож байгаа юм байна. Та нар ороод үзээч” гэж хэлсэн. Тэр үед бидэнд бэлтгэлийн байр байгаагүй. Моханик бас өөрсдөө тэр тэмцээнд оролцож байж бидэнд бэлтгэлийн байраараа тусалсан. Биднийг дөнгөж байгуулагдахаас авахуулаад дэмжсэн хүмүүс бол Моханикийнхан шүү. Тэр үед “Моханик” СУИС-ийн хажууд бэлтгэлийн байртай байсан. Тэмцээн хоёр хоногийн дараа болох гэж байхад манай хамтлаг тэмцээнд орох дуугаа зохиогоогүй байсан гээд боддоо. Тэгээд “Моханик”-ийн бэлтгэлийн байранд манайх шөнө нь, тэднийх өдөр нь бэлдсэн дээ. Бид нар шөнийн 12 цагт Фантам дээр уулзаж бэлтгэлийн байр луу алхаж очоод, өглөөний 8 хүртэл бэлдэж байсан. Бид эхний шөнө нь аяа зохиогоод, дараагийн шөнө нь үгээ эцсийн байдлаар бэлдэж дуугаа бэлэн болгож байлаа. Тэмцээн болох өглөө нь шөнөжин бэлтгэл хийсэн хүмүүс гэртээ харьж унтаж байсан. Гэтэл орой нь тэмцээн дээрээ очтол Gee, Outlaw гээд массад алдартай уран бүтээлчид оролцож байсан. Тэмцээний ялагчийг мессеж саналаар тодруулна гэсэн болохоор бид нарт боломж байхгүй юм шиг санагдаж байсан. “Яаж энэ массыг барах вэ дээ, яах гэж оров дээ” гэж харамсаад тайзнаасаа бууя ч гэж бодсон.

Тэргэл: -Гэхдээ бид нар буугаагүй шүү. Шатны хажууд зогсож байсан.

Тогтуун: -“Гуравдугаар байранд Gee” гээд хэлэнгүүт нь бид нар “За тодорхой, тодорхой. Gee гуравт орж байгаа юм бол бид нар бүр сураггүй.” гээд байж байсан чинь бид нар нэгт орчихсон. Арван сая төгрөгийн шагнал. Уйлсан ёоо.

-Хоёр өдөрт зохиож, үзэгчдийн саналаар Gee-г түрүүлсэн дуу чинь ямар дуу байсан бэ. Ямар утгатай дуу вэ?

Тогтуун: -Бороос ногоон

Тэргэл: -Бор байсныг ногоон болгоё л доо.

Тогтуун: -Мэдэхгүй ээ, ямар ч утгатай юм. Харин хүмүүс ямар утгатайг нь тэр үедээ ойлголгүй саналаа өгчихсөн байдаг байхгүй юу.

Төгөлдөр: -Утгыг нь ная хүрчхээд тайлбарлая./инээв/

-Та нар дуугаараа хүмүүст юу хүргэхийг хүсдэг вэ?

Тогтуун: -Ер нь жаахан хувиа хичээсэн талдаа шдээ.

Төгөлдөр: -Өөрсдийнхөө талаар л дуулдаг юм доо.

Тогтуун: -Хүмүүст ийм, тийм юм хүргэе гэж боддоггүй. Өөрсдийнхөө л мэдрэмжийн талаар дуулдаг. Бид нартай адилхан мэдрэмжтэй, адилхан сэтгэлгээтэй хүмүүст л таалагддаг байх.

-Дуу хийх процессоо яриач?

Тогтуун: -Хэн нэгнээс дуу эхэлдэг. Жишээлбэл Төгөлдөр нэг ийм басс/инээв/ байна гээд эхэлдэг. Тэргэл эсвэл гитарын нэг рифф зохиочхоод нэг ийм юм байна гэж болж байна. Эсвэл би шууд ийм утгатай дуу хийе гээд бодоод ирдэг. Тэгээд бөөндөө дээрээс нь нэмээд тэгэе, ингэе гээд хийчихдэг.

-Дуртай цомгуудаа нэрлээч?

Жамуха: Toe – The book about my idle plot on vague anxiety   

Тогтуун: Tatsuro Yamashita  – Spacy 

Төгөлдөр: Michael Jackson – Off the wall, Night train – цэнхэр шувуу

Тэргэл: Kooks – Inside in/Inside out

-Та нарын амьдралдаа хийж байсан хамгийн галзуу, зоригтой үйлдэл юу вэ?

Төгөлдөр: -Бээжинд гарцгүй газраар зам гарсан. Тэр бараг амиа хорлолт шүү. Тийм том замаар./инээв/

Тогтуун: -Эхний цомгийн бүх юмаа бид нар өөрсдөө хийсэн. Өөрсдөө эх бэлтгэсэн. Ингэхэд маш тэнэг хоёр юм болсон. Моханикийн Цоожоод би “Бид нарт цомгийн гаднах юмыг хийдэг хэмжээнүүд хэрэгтэй байна аа. Та нар “Зуугийн ундаа” цомгийнхоо эх бэлтгэлийн файлыг өгөөч. Хэмжээг нь авах гэсэн юм.” гэж файлыг нь авсан. Манай хүн цомогт орсон арван дуу, ковер зураг, доторх ном яг бүх юмаа тэр чигээр нь явуулсан байсан. Тэгээд бид нар татаж аваад л тэндээс нь хэмжээ авч, өөрсдийнхөө цомгийг хийгээд “Colors” флашдаа хадгалсан. Тэр флашаа Хятадад аваачиж үйлдвэрт өгөөд, арав хоногийн дараа бид нар цомгоо хэвлэлтээс авахаар болсон. Гэтэл долоо хоногийн дараа гэнэт Моханикийн цомгийн файлыг устгаагүйгээ олж мэдсэн. Хамгийн аймаар нь хятад үйлдвэр юм чинь аль хамтлаг хэвлүүлэх нь цомог хэвлүүлэх гэж байгааг яаж ялгах вэ дээ. Тэгээд бид нар ухаан алдаж байгаа байхгүй юу. “Еээ, Моханикийн 1000 CD гараад ирвэл яана аа, тэгвэл Монгол руу буцахгүй ээ.” гээд сандарцгааж байтал азаар бид нарын CD гарсан. Тэгээд бөөн баяр.

Тэргэл: -Гэтэл нэг дуу нь байгаагүй.

Тогтуун: -Ингэж баярлаж гүйж, гүйж CD-гээ нэг өдөр нэлээн сайн тогтож хараад “Юу вэ манай цомог найман дуутай юм уу?” гэж гайхаад, тэгсэн өөдөөс “Есөн дуутай ш дээ”. “Үгүй ээ, найман дуу байна ш дээ” гээд гайхаад тоолоод үзсэн чинь найман дуу. Нэрсийг нь харсан чинь “Mind Oddity” байгаагүй.

Тэргэл: -Уг нь бид нар бөөндөө дахин дахин шалгасан. Үг үсгийн алдаа яаж гэж дамжуулж хараад байсан чинь бүтэн дуу орхичихсон байсан. Бүр манай гол дуу шүү дээ.  

Тогтуун: -Нэг хөндлөнгийн хүнээр заавал хянуулахгүй бол алдаа гардаг юм байна лээ.

-Тэр цомог гарахын өмнө гадуур баахан өнөөдөр хэдэн он бэ ноён тагтаа гээд шүршдэг будгаар биччихсэн байсан. Тэр санаа хэнээс гарсан бэ?

Тогтуун: -Бид нар өөрсдөө хийсэн. Тэр өдөр 20:00 цагийн үед фонтоо зурж эхлээд, шөнийн хоёр цаг болохыг нь хүлээж байгаад маск хар хувцастай бөөндөө гарч яваад баахан шүршсэн. Энх тайвны гүүр дөнгөж засвар хийчихсэн байхад шинэ будаг дээр нь “Өнөөдөр хэдэн бэ? Ноён тагтаа” гэж бичсэн. МУИС-ийн хоёрдугаар байр, ШУТИС-ийн хоёрдугаар байран дээр шүршиж байгаад хамгаалагчид нь хөөгдсөн. Олон газраар явсан дөө.

Тэргэл: -Тэгээд бүр үүр цайх хүртэл манартлаа юмаа шүршиж гүйсэн.

Тогтуун: -Гэхдээ хамгийн аймаар нь өглөө нь Фэйсбүүк ортол “өнөөдөр хэдэн он бэ, ноён тагтаа” гээд пэйж нээгдчихсэн байсан. Бид нар шууд тэр пэйж лүү нь юм бичсэн. Тэр үед “White Arch Studio”-той гэрээтэй байсан болохоор амжилттай айлгаж чадсан.

-Одоо ямар Label-д байгаа вэ?

Тэргэл: -Том толгойтнууд болсон.

-Танай хамтлагийн хэтийн төлөвлөгөө юу байна?

Тогтуун: -Хэдүүлээ тэгж ярилцаж байсан юм уу?/инээв/

Төгөлдөр: -Тэгж ярилцахгүй байх өө.

Тогтуун: -Байгуулагдсанаасаа хойш л өдөр болгоноо ярьсаар байгаад өдий хүрсэн. Тэрнээс биш одоо цомгоо гаргая, алаад өгье гэж төлөвлөж байгаагүй ээ.

Тэргэл: -Хамгийн хол ирээдүйгээ ярьж байсан юм гэвэл тэдэнд халтууртай шүү л гэж ярих байсан./инээв/

Жамух: -Гэхдээ ер нь цаашдаа төлөвлөсөн юм байгаа л даа.

Тогтуун: -Манай Жамуха л ирээдүйг төлөвлөнө./инээв/ Одоо гадаадын label-д л орчихвол эхний ээлжид болох байх аа.

-V-Rox-ийн тайз та нарын анхны гадаадын тайз байв уу?

Тэргэл: -Тэгэлгүй яахав. Анхных. Тэр чинь 2015 оны зун байсан.

Тогтуун: -Тийн. Ядаж байтал бид нарын дуртай орос хамтлаг “On-The-Go” бас тэнд тоглож байсан. Малчикийг гаргаж байх үедээ ичихгүй байнга тэдний хамтлаг руу дууны линкээ явуулдаг байсан. V-Rox-д бид нар ямар хамтлагууд орохыг нь мэдээгүй байсан юм аа. Очоод харсан чинь өнөө хамтлаг байсан. Дуу явуулдаг байснаасаа ичсэн ч гэсэн дуртай хамтлагтайгаа нэг тайзан дээр тоглох гоё байсан. Тэнд Японы Love Psychedelico гээд том хамтлаг бас байсан. Гадаадын тийм тайзанд тоглоод үзэх шал өөр юм байна лээ.

-Монголын тайзнаас юугаараа ялгаатай байв?  

Тогтуун: -Бид нар гадаадын хамтлагийг яаж хүндэлдэг билээ? Бидэнтэй яг л тэгж сайхан харьцаж байсан. Монголд бол өмнө нь шинэ хамтлагуудыг дээрэлхэж байгаа юм шиг хүндэтгэлгүй харьцдаг байсан. “Наад юмаа аваад ир, залгачих” гэх мэт. Харин тэнд бол шал өөр. Би микрофон, кейбоардаа тааруулаад зогсож байхад тэр хүн ирээд миний зогсож байгаа газрыг экслээд, микрофоныг хэмжээд авсан. Тэгээд гарч ирэхэд яг миний зассанаар бэлдчихсэн байсан. Тайзан дээр гурав, дөрвөн хүн зэрэг гарч ирээд бүгдийг нь гялс хийчихдэг. Харин бид нар чинь бол хамаг юмаа чирч гарч ирээд л, өнөөхөө залгаад л, хөглөөд л нэлээн юм болдог.

-Сүүлд Зандари фестивальд явсан талаараа ярьж өгөөч?

Тогтуун: -Саяны бид нар Зандари гээд фиствалд олон улсын хамтлагуудтай хамт оролцоод ирсэн. Тэнд оролцсон “JANBINAI” гээд Солонгос хамтлаг Coachella-д орсон байна лээ. Тэгэхээр бидэнд боломж байна. Бас “Hyukoh” байсан. Тэд нарын менежмент, систем их сайн юм байна лээ. Бид нар фестивалиуд руу өөрсдөө мэйл бичиж, өөрсдөө мөнгөө тоолоод байна. Харин Солонгосын хамтлагууд зөвхөн хөгжмөө зохиож, хөгжмөө тоглож байна шүү дээ. Саяны Зандари руу очсон бүх хамтлагуудыг нь улсаас нь дааж явуулсан байна лээ. Энэ гэхдээ хамтлагууд очиж тоглоод мөнгө авдаг биш, зардлаа төлж очиж өөрсдийгөө харуулдаг тийм зүйл юм л даа. Тэнд фестиваль зохион байгуулдаг Нацагаа ах шиг хүмүүс очдог. Тэд нар харж байгаад таалагдсандаа шууд дараагийн фестивальд очих урилга өгдөг. Бид нар ямартай ч ийшээ өөрсдийнхөө зардлаар яваад ирсэн. Одоо бас америк явна гэж байгаа. Гэхдээ байнга халтуур хийгээд байдаг орлоготой хамтлаг биш болохоор энэ ер нь их асуудалтай. Тэгээд үүнээс цаашаа яахаа мэдэхгүй байна. Тэгээд... За за би ер нь болилоо. Та нар аяллынхаа талаар ярь. За тэгээд сая амжилттай яваад ирсэн.

Төгөлдөр: -Ярь л даа.

Тогтуун: -Арван сарын дөрвөнд тоглолттой байхад арван сарын нэгэн, хоёрон, гурванд ургацын баяртай учраас хил хаана гээд. Тэгээд Солонгос руу шууд нисвэл нэг хүний сая 700 мянган төгрөг. Тэгээд зургуулаа болохоор арван сая гарчихна. Хэдүүлээ худлаа юм байна гээд хямарч байсан. Тэгээд нэгэнд нь УБТЗ-ын билетийн касс руу яриад асуусан чинь “Тийн өнөөдөр хил хаачихсан байна. Гэхдээ өнөө орой экспресс галт тэрэг хил давуулна” гэсэн. Тэгээд орой нь вагондоо сууж өглөө нь Эрээнд очоод, тэндээс Бээжин ороод нэг хоносон. Маргааш нь Сөүл рүү ниссэн. Тэр нь 300 доллар.

Төгөлдөр: -Санхүүгийн тайлан шиг болчихсон уу?/инээв/

Тогтуун: Бидэнд байрлах газар байгаагүй тэгээд сайхан сэтгэлтэй монгол хоёр охины гэрт хоносон. Гэрт нь очсон чинь яг ийм өрөө./ярилцлагыг хааш хаашаа 3 метр өрөөнд хийж байв/

Тэргэл: -Тэгээд тал нь ор. Бүгд хэвтэнгүүт ийш тийшээ холхих ямар ч зай байгаагүй. Зогсож байгаа зай нь дан гуталнууд. Тэр байранд наймуулаа. Бид нар газраар яг орных нь хажуугаас авахуулаад л чихцэлдээд унтсан. Тэндээсээ буцаж Бээжин рүү явж байхдаа онгоцонд Хятадын медиа фестиваль хийдэг хүнтэй санаандгүй таарсан. Зандарын бугуйвч монгол паспортыг харангуутаа, “Та нар хамтлаг уу, та нар Монголоос ирсэн үү?” гээд хостел захиалж өгсөн. Тэгээд Бээжинд сайхан амарсан даа.

-Та нар хаанахын хөгжмийн зэмсэг хэрэглэж байна?

Төгөлдөрийн гитар: Fender – Jazz Bass

Тогтууны гитар: Fender – Stratocaster

Тэргэлийн гитар: Epiphone – Casino

Жамухын бөмбөр: Ludwig, цангууд бол нууц

-Та нар хэцүү үеэ яаж даван туулдаг вэ?

Тогтуун: -Хэцүү байгаагаа хүлээн зөвшөөрөх.

Тэргэл: -Юу хүссэнээ хийх.

Төгөлдөр: -Унтах л хамгийн зөв арга.

Жамуха: -Мэдэхгүй ээ...

-"Би тэнгэр лүү унаж байна" цомгийнхоо талаар яриач?

Тэргэл: -Пянзаа гол дуугаараа нэрлэсэн. 
Тогтуун: -"Би тэнгэр лүү унаж байна" цомог бол 2017-2018 оны өдрийн тэмдэглэл шүү дээ. Энэ цомгийн мастерингээс бусдыг нь өөрсдөө хийсэн. Тэгээд өөрсдөө хийгээд муухай болчих вий гэж айгаагүй. Бид нар угийн 2017-гоос 2018 оны хооронд ийм л байсан. Би нэг хэсэг хамтлагаа хаяад сурна гээд Лондон явж байсан. Тэнд есөн сар болсон. Тэр үед Хүслэн маань өнгөрсөн. Англид байхдаа би зохиосон дуунуудаараа энэ пянзыг гаргасан. “Би тэнгэр лүү унаж байна” гэдэг дуу бол усанд орж байхад яг ая нэртэйгээ ороод ирсэн. Тийм новшийн үеийг туулж байхдаа бичсэн дуунууд болохоор аяндаа л иймэрхүү болчихсон. “Light within”, “Зүүдний бадарчин”-г өмнө нь биччихсэн байсан. Шөнө дунд цас орж байна бол угаасаа Lemons-ийнх.

-Та нар хэрхэн давж туулсан бэ?

Жамуха: -Давж гараагүй л байна.

Тогтуун: -Хүслэн өнгөрөхөд их хэцүү байсан. Бид нар хөгжмөө дахин тоглох уу гэж бодсон.

Жамуха: -Тэр үед хэцүү байна гээд өөрийгөө тусгаарласан бол тэсэхгүй байсан байх. Хамт байсан болохоороо л бид одоо энд байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шарх эдгэрч байгаа.

-Та нар Lemons шиг unplugged хийх үү?

Тогтуун: -Олон жил элээсний дараа хөгширчхөөд хийнэ.

Жамух: -Заавал хөгшрөөд хийх албагүй ш дээ.

Тогтуун: -Цаг нь ирэхээр л хийнэ.

Жамух: -Хиймээр санагдахаар л хийнэ.

-Хамгийн том сургамж авч байсан үйл явдал юу вэ?

Тогтуун: Хүнд юмаа даатгаж орхиж болохгүй, өөрийнхөө юмыг өөрөө хийх ёстой гэдгийг л маш сайн ухаарсан даа. Бид нар олон удаа хүнд ажил даатгаж орхиод, олон ажлаа баллаж байсан.

-Mind Oddity-гийн бассейнд хөвж байсан гитар L-Guards-аас авсан гитар мөн үү?

Тэргэл: -Гурван гитар хөвөө биз дээ?

Тогтуун: -Хүслэн маань L-Guards-аас гитар авч байсан нэг гитараа хөвүүлсэн шд. Хөвсөн  бөмбөр нь болохоор Моханикийн хамгийн анхны бөмбөр. Бид нар “хадгална, бараг л музейд тавина, бөмбөрийг чинь хайр гамтай эдэлнэ” гэж аваад дараа нь усанд живүүлчихсэн шд./инээв/

-Та нар одоо хэр их цагаар бэлтгэл хийж байна?

Тогтуун: -Бид нар тогтмол цаг нартай бэлдэхээ больчихсон.

Жамух: -Тэр чинь бид нарын аймаар том алдаа байхгүй юу. Цагаа бариад, юмаа тогтмол хийж заншаагүйгээс болоод их цаг алддаг.

Тэргэл: -Тэгж хийдэг байж байгаад хийхээ больчихсон юмаа. Бид нар өмнө нь 11-ээс орой найман цаг хүртэл өдөржин бэлтгэлээ л хийдэг байлаа.

-Та нарын хамгийн удаан хугацаанд бүтээж байсан дуу юу вэ. Түүхийг нь яриач?

Бүгд зэрэг: -Mind Oddity

Төгөлдөр: -Сансрын байранд байхаас эхлээд цомгоо бичүүлэх хүртэл зохиосон гэхээр хоёр жил болжээ. Тэр дуугаа байнга нухаагүй, сэтгэлд хүрэхгүй байнгуут нь хаячхаад л яваад байсан.

Тогтуун: -Цаг нь ирдэг гэдэг шиг өөрөө цаг нь ирээд л гарсан дуу даа.

Тэргэл: -Бөөнөөрөө сансрын байранд жам хийж тоглож байгаад анх санааг нь гаргасан.

Тогтуун: -Анх их “тэнэг” эхэлдэг дуу байсан юмаа.

-Тэгвэл хамгийн богино хугацаанд бүтэж байсан дуу юу вэ?

Тэргэл: -Хайр хүн бүрийн зүрхэнд бий.

Төгөлдөр: -Ганц, хоёр цагт бичсэн байх аа.

Тогтуун: -Бид нар бөөндөө маргалдсаныхаа дараа эвлэрээд шууд "Хайр хүн бүрийн зүрхэнд бий"-г зохиосон. Тагтааг бол шууд нойлд байхдаа зохиож байсан.

-Сайн уран бүтээлийг юу бий болгодог вэ?

Тэргэл: -Мэдрэмжээ дуулбал хүмүүст хүрнэ.

Тогтуун: -Үнэн юм л дуулах ёстой. Айж үзсэн хүн л айдсыг илэрхийлж чадна.

-Анхны playtime-ийнхаа талаар яриач?

Тэргэл: -Анхны playtime 2011 онд болсон. Тэр их урам өгсөн шүү.

Тогтуун: -Би шалгаруулалтыг нь л санаад тоглолтыг нь санадаггүй шд.

Төгөлдөр: -Рекламанд нь тоглуулаад, бөөндөө адилхан хувцас өмсөө биз дээ.   

Тогтуун: -Би сахал наасан жилээ л их сайн санадаг юм.

Жамуха: -Тэр чинь 2013 он байсан биз дээ.

Төгөлдөр: -Тэгэхэд Жамуха манай фэн байсан биз дээ./инээв/

Жамуха: -Би хажуу талын тайзанд чинь тоглож байсан шүү.

Төгөлдөр: -Энэ хамтлагт л орчих юмсан гээд дандаа боддог байсан шд./инээв/

Жамуха: -Ингэж ярих байсан юм уу тэ?

Тогтуун: Жамухыг кинонд яг тэгж гаргавал гоё тэ? Бөмбөрөө барьчихсан доторх хоолой нь би энэ хамтлагт л орчихвол гээд.

Төгөлдөр: Меркүри шиг үү?

Тогтуун: Нээрээ бид нарын хамгийн сүүлд хийсэн бэлтгэл Гэгээнтэнд байсан юм байна. Бөөнөөрөө Bohemian rhapsody үзсэн шд.

-Залуу хүмүүсийнхээ хувьд нийгэмд өөрчлөгдөөсэй гэсэн гурван зүйл юу байна?

Тэргэл: Хувь хүн соёлжих ёстой.

Төгөлдөр: Медиа чанаржих хэрэгтэй.

Жамуха: Бүтээлч байгаасай.

Тогтуун: Жаахан л ухаантай байгаасай. Мэдээллээ боловсруулж авч байгаасай. Facebook-ийн сонин мэдээлэлд битгий итгээч ээ. Баримттай юманд итгэе. Тэгээд хов живэнд дурлаж гүйхээ больцгооё. Бүгд дуртай юмаа, чаддаг юмаа хийцгээе. Бид чаддаг юмаа хийх гээд 2014 онд гар гараасаа хөтлөлцөөд их сургуулиа хаяж байсан.

Тэргэл: Одоогийн залуучуудын ордог сайт нь ихэсч, уншдаг юм нь нэмэгдэж, ярьдаг хэл нь олширсон болохоор арай өргөн хүрээнд сэтгэдэг болсон. Тиймээс нийгэм ер нь сайхан л болж байна. 

-Та нар хамгийн сүүлд ямар ном уншив?

Тогтуун: -Харуки Мурикари./бүгд инээв/ Сүүлд бид нар хамтлагийнхаа төсвөөс Төгөлдөрт ном авч өгсөн л дөө. Манай хүн тэр номыг уншвал “алах” гээд байна гэсэн. Тэгээд номын дэлгүүр ороод “Ямар ном гэлээ, Төгөлдөр өө” гэсэн чинь “Харуки Мурикари Ай Күй” гээд өөртөө итгэлтэйгээр хэлсэн. Уг нь Харуки Муриками 1Q84 байсан юм.

Төгөлдөр: -Би ална гээгүй ш дээ. Хийцгүйрч байхаар ном уншъя л гэсэн юм.

-Одоо байгаа та нарыг бүтээхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

Тогтуун: -Бид гадаад орчноос болж бухимдахдаа бэлтгэлийн байрандаа бүгдэг байсан болохоор ийм болсон байх.

-Та нарт дэлхийн зах зээлд гарах бодол байна уу?

Жамуха: -Монголд ийм сэтгэхүйтэй хүмүүс байдаг юм байна, ийм юм хийдэг юм байна гэж дэлхийд мэдэгдэхийг хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танай хамтлагийн цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (11)
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Uchral (202.9.44.40) 2019-01-27 01:24:16
Yg neg uur medremj avj chddag shuu haana ch duug ni duulaal yvj bdg humuus yu duulaad bgnbee geh tusam ulam changa duulaal :)) ulam iluu goy2 medremjuudee duugaaraa damjuulan bidentei huvaaltsaarai XD
Zochin (64.119.22.154) 2019-01-24 21:47:07
Goy asuultuud shudraga hariultuud uneheer saihan yriltslaga blje
Oyuka (202.21.115.165) 2019-01-23 14:56:23
Амьдралд минь өнгө нэмдэг шүү энэ хамтлаг. Баярлалаа
dalai (122.201.21.195) 2019-01-23 00:40:03
nadad lav neeh zorilgogu odor hongiig arai hiij ongorooj bgaa sanagdlaa
1 1 Хариулах
zochin (202.126.89.75) 2019-01-23 00:40:03
Hugjim toglood ter n duu bolood mongolchuuddaa tugeegeed uchnuun olon shin uyiin huuhduud zaluusiin ulger duirailal bolood yvj baiga zaluuchud, odoo havar Lemons Magnolian gsn hamtlaguudtai delhiin hemjeenii festivald oroltsoh geed yvj baina? You brain dead fucker
Boddog (203.91.115.40) 2019-01-22 06:57:47
Anh bombor togolj surch bhd mnai surguulid neg aygu emegtei hamtlag baidag bj bilee ter hamtlagiig anh harcheel ene hamtlagt l oroh ymsan geel morooddog bj bileee tged ysnbe geju ter hamtlagtaa orson l do ghde tsaashaa iluu hogjuul chadaagui ymdaa
(66.181.189.61) 2019-01-21 20:51:10
Анх удаа ярилцлага уншаад ингэж их инээлээ. Сайхан ярилцлага болжээ. Сайн асуултууд, шударга хариултууд байна.
tagtaa (202.55.188.44) 2019-01-21 15:22:25
hujgiltei, saihan yriltslaga boljee. Ene jiliin pt-iig tesen ydan huleej baina. Colors goy shuu!!<3
Nice (202.126.89.79) 2019-01-21 15:21:23
Colorsiin yariltslaga anh udaa unshjin goy sanagdlaa shuu. Gehdee biti aldatai bichldee Hel haagad bhda ydin be hil ntr gehku kk
(66.181.160.113) 2019-01-21 14:21:20
Монголд ийм хамтлаг байгаад нь баярладаг шүү Та бүхэнд амжилт хүсье.
Mundag (112.72.11.104) 2019-01-21 14:06:27
Mundag uhaalag zaluus bainaa. Hurdan gadaadiin labeld oroosoi.