"Жаргаагүй нар" УДЭТ-ийн тайзнаа мандана

СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол, драмын театрын найруулагч СТА Ч.Түвшингийн найруулгаар бүтсэн  “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг гурав дахь жилдээ /2019.01.23,24/ УДЭТ-ын тайзнаа мандана.

Академич Б.Ринченээс Д.Нацагдорж гэж хэн байсан тухай асуухад, “Түүнийг өнгөрсөн хойно нь хүмүүс их магтах юм, Нацагдорж бол магталтгүй сайн хүн байсан” хэмээн хариулсан байдаг. 

Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн 5-н засаглалын үед Д.Нацагдоржийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлэх эл жүжиг нь  зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж бодол эргэцүүлэлийн уран бүтээл юм. Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билэгт оюуны  гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн нь түүнийг үеийн үед бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршжээ.

ХХ зууны Монгол Улсын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, зохиолч, нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн Д.Нацагдоржийн эрхэлж байсан ажлыг тоочвол...
  1. Богд хаант Монгол улсын Цэргийн явдлын яамны сургагч бичээч,
  2. Ардын засгийн Цэргийн явдлын яамны бичээч,
  3. Цэргийн явдлын яамны орлосон туслах түшмэл,
  4. Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын гарын түшмэл,
  5. Цэргийн явдлын яамны дэргэдэх Хувьсгалт залуучуудын эвлэлийн “Жавхланг бадруулагч” үүрийн нарийн бичгийн дарга,
  6. МАН-ын Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн туслах түшмэл,
  7. МАН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын туслах, Бүх цэргийн зөвлөлийн Сурган гэгээрүүлэх тасгийн дарга,
  8. 1923 оны 2 дугаар сарын 16 Монголын анхны Ерөнхий боловсролын дунд сургуулийг нийслэл хүрээнд байгуулсан,
  9. Намын Төв Хороо, Засгийн газраас залуу Нацагдоржийг Хуучны сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтын хошуу «одоогийн Архангай аймгийн Их тамир сум» мөн аймгийн Шива  ширээт хутагтын шавьд ардчилсан засаг захиргаа байгуулах засгийн газрын төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ. Энэ үед Д.Нацагдорж 17 настай хөвгүүн байлаа.
  10. 1923 оны 9 дүгээр сараас 1924 оны 4 дүгээр сар. Дотоодыг хамгаалах газрын коммиссарын ажлыг хавсран хийж байв.
  11. МАН-ын Төв хорооны Зохиолын хэлтсийн дарга, МАН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга,
  12. 1924  өөс 1929 он хүртэл Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнгийн сул цалинт оюутан байжээ.
  13. Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Ардын цэрэг” сонины эрхлэгч,
  14. Монгол улсын Засгийн газрын нарийн бичгийн дарга,
  15. Бүх цэргийн зөвлөлийн Цэргийн бичиг зохиох хэлтсийн дарга,
  16. Эвлэлийн Төв хорооны даргын орлогч,
  17. МХЗЭ-ийн Төв хорооны ший жүжгийн эрхлэгч,
  18. Бүх цэргийн зөвлөлийн Сурган боловсруулах хэлтсийн дарга,
  19. Пионерийн Төв товчооны дарга, Бүх цэргийн зөвлөлийн туслах түшмэл,
  20. Төмрийн заводод орчуулагч, “Залуучуудын үнэн” сонинд утга зохиолын ажилтан,
  21. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны кабинетийн орон тооны оюутан (эрдэм шинжилгээний ажилтан),
  22. Шинжлэх ухааны хүрээлэнгийн өрнө дахины хэлний орчуулагч,
  23. Төв театрт мэргэжлийн зохиолч,
  24. Түүхийн тасгийн эрхлэгч, Дуун ухааны тасгийн эрхлэгч, судлагч...

Түүний дардан биш амьдралын түүх, хэрийн хүнд үл тохиох хувь тавьланг тайзнаа залуу жүжигчин  Б.Шинэбаяр амилуулна. Аугаа үйл хэрэг, хүсэл тэмүүлэл, мартаж боломжгүй гайхамшигт зохиол бүтээлээрээ уншигч түмний зүрхэнд "Жаргаагүй нар" болон мөнхөрсөн Д.Нацагдорж цэл залуу 31-хэн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн орост нэг жил, германд гурван жил сурч, нам төрийн зүтгэлтэн, олон нийт, сайн дурын байгууллагуудын анхлан санаачлагч, үүсгэн байгуулагч, сонин хэвлэлийн нийтлэлч, сэтгүүлч, яруу найрагч, орос, герман хэлний орчуулагч, хэл шинжээч, толь зүйч, нэр томьёо зохиогч, утга зохиол судлаач, угсаатны зүйч, түүхч гэх мэтээр маш олон салбарт өндөр үр бүтээлтэй ажилласан төдийгүй хилс хэргээр хоёр ч удаа шоронд орсон байдаг.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/168/  авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.