Үндэсний аюулгүй байдал: Харийн малын эмчийг ч сайн гэж биеэ даатгах Монголчуудын давалгаа

Сүүлийн үед үндэсний аюулгүй байдал гэдэг сэдэв нилээдгүй хөндөгдөж, олны сонорыг сэртхийлгэсэн, шуугиулсан олон ноцтой асуудлууд дуулдах болжээ. Мэдээж  үндэсний аюулгүй байдал гэдэг маш өргөн цар хүрээтэй, тэр болгоныг хадгалж, хамгаалж байх ёстой нэн чухал асуудал юм.


Хэл соёл, хил хязгаар, хоол хүнс, үр удам, үндэс угсаа, газар нутаг, харилцаа холбоо гээд энэ бүгд МОНГОЛ гэдгийг илтгэнэ. Гэхдээ үүн дундаас хамгийн чухал зүйл бол үндэстнийг бүрэлдүүлэх-улсын иргэд билээ. Улсын иргэн хүний эрүүл мэнд бол үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг мөнөөсөө мөн. Саяхан Киргизстан улсад иргэний жагсаал, хөдөлгөөнийг зохион байгуулсан нь төр засагтаа өөрийн орны иргэдийг хятад хүнтэй гэрлэхийг хориглосон хууль гаргахыг шаардсан байдаг. Хүн амын хувьд жижиг үндэстнийг биологийн эсвэл генетикийн аргаар эзлэх нь том гүрэнд хамгийн амар, цус гаргахгүй эзлэн авах бодлого. Гэвч 21-р зууны энэ их даяарчлагдаж байгаа эдүгээ цагт хэт үндсэрхэг үзэл нь сайн үр дагаварт хүргэхгүй гэх шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй юм. Хэдий даяарчлагдаж байгаа ч үндэсний аюулгүй байдлыг хадгалж, хамгаалах нь үндэстнийг оршин бий байх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг.

Анхааръя: Монгол хүний эрүүл мэнд "үл таних" харийнханы гарт байна.

Монгол улсад төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн олон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Орчин үеийн шинэ технологид суурилсан стандартын шаардлага хангахуйц томоохон эмнэлгүүд бий болохоос гадна гаднын хөрөнгө оруулалттай гэх жижиг олон эмнэлгүүд оршин тогтнодог. Тэдгээр эмнэлгүүд нь монгол улсын хууль, тогтоомж, журмыг мөрдөхгүйгээс гадна тусгай зөвшөөрөлгүй эм тариа, эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа нь маш анхаарал татаж байна. Жишээлэхэд, 2015 онд тухайн үедээ “МАРИЯ” нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэг нь хятад эмчтэйгээс гадна шинжилгээний хариуг хятад хэлээр гаргаж өгч (ЭМ сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалыг зөрчсөн), мөн стандартын бус эмчилгээ хийж байсанг хэд хэдэн танил хүмүүсээс (очиж үйлчлүүлж байсан) дуулж тухайн үедээ холбогдох хяналтын байгууллагад хандахад 7 хоног орчим хаасан ч, тус эмнэлэг дахин үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ нь хууль, хяналтын байгууллагад нөлөө бүхий этгээдтэй холбоотой болохыг харуулж буй юм. Сошиал хуудсанд энэ талаар мэдээлэл бичсэний дараа 9911-тэй дугаараас нэгэн эрэгтэй хүн залгаж “хүчний байгууллагад ажиллаж байсан хүн байна, наад постоо устгахгүй бол ...” гэхчлэн дарамт учруулахыг завдаж байсан юм. Гэсэн хэдий ч тухайн постоо устгалгүй байсаар харин ч газар авч дахин асуудал хөндөгдөж шалгуулахад хүрсэн байдаг. Тус үйлдэл минь хүний муу үзэхээр улайран зүтгэх мэт харагдах авч цаад мөн чанар бол хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, баталгаагүй эмчилгээ үйлчилгээг хийлгэхгүй байхад оршиж байсан юм.

Маш өндөр тунтай гормон эмчилгээ, интетферон эмчилгээг толгой дараалан хийж байгаа нь ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг генийн өөрчлөлтөд оруулах бүрэн боломжтой. Эдгээр "хууль бус" эмнэлгүүд ихэвчлэн эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь ч сонирхол татах асуудал мөнөөсөө мөн. Эмэгтэйчүүдийн өвчлөл үнэхээр өндөр байгаад эмнэлгийн эрэлт хэрэгцээ өндөр байна уу? Эсвэл өөр зүйл цаана нь агуулагдаж байна уу гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарынхан судалж үзээч гэж зөвлөх байна.

Миний мэдэхээр Нарантуул захын зүүн талд байдаг хятад эмч гэх нөхөр олон жил нэр усгүй дусал тариаг дархлаа сайжруулах гэх нэрийдлээр хийсэн байдаг. Манайхан 6 настнаас 60 настан хүртэл, төрийн өндөр дээд албан тушаалтнаас ТҮК-н ажилтан хүртэл очиж тариулж байсан түүхийг мэдэх юм. Тус эмнэлгийн Ван овогт гэх эмч нь хүний эмч ч биш, малын эмч гэж байгаа. Тэгээд өдрийн эмчилгээний өрөө бүхий сандлуудтай, түүн дээр нь толгой дараалан суулгаж нөгөөх нэр хаяггүй дуслаа урсгах. Өвдөг, тохой нь өвдсөн нэгэнд үерүү нь тариа шахах зэрэг эмчилгээ хийдэг. Хамгийн гол нь нэг тариулсан хүн хар тамхинд донтсон адил дахин очиж үйлчлүүлэх хүсэлтэй болдог гэнэ. Нөгөөх нэр хаяггүй дуслыг нь асууж тодруулах гэхээр уурлан "монгол эмнэлэгрүүгээ явбаа" гэхчилэн хөөх асуудал нэг биш удаа гарч байсанг олон хүн хэлж  байв. Одоо байр саваа томруулан Дүнжингаравын САНРАЙС хотхонд үйл ажиллагаагаа явуулж буйг дуулсан юм.

Энэ мэтчилэн нэр нь үл мэдэгдэх харийн эмнэлгүүд олширч байгаа нь тийм ч таатай асуудал биш юм. Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо сайнгүй байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Гэвч сайнруу нь очиж байна гээд хэсэгхэн зуур өөрийгөө хуураад асуудлыг улам хүндрүүлэхэд хүргэдэг тохиолдол бас л цөөнгүй. Очир анагаагч (Хуучин Мария эмнэлэг), Очирваань, Нууц увидас, Наранмандал, Найрамдал, Эрдэнэхун гэх мэтчилэн хятад эмчтэй маш олон (30 гаруй эмнэлэг) эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр эмч гэх нэртэй нөхдүүдийн Монгол улсад үйл ажиллагаа явуулах лиценз, тусгай зөвшөөрөл зэргийг дахин нягтлах, хийгдэж байгаа эмчилгээнд хяналт тавих, хэрэглэж буй эм тариаг шалгаж үзээсэй гэж иргэн хүний хувьд, эмч хүний хувьд холбогдох дээд байгууллагуудад хүсэх байна.

ОХУ-д генийн өөрчлөлтөнд оруулдаг хүнсний зүйлийг нутгаасаа гаргах саналыг ерөнхийлөгч дэвшүүлж хэрэгжүүлж байсан нь саяхан санагдаж байна. Тэр олон сая хүнтэй улс ийм болдого барьж байхад 3-хан сая хүнтэй манай улсад энэ олон эмнэлэг нь дороо л генийн өөрчлөлтийг хийх бүрэн боломжтой юм. Хүнсний аюулгүй байдал нь чухал хэдий ч генийн өөрчлөлтөнд оруулах хугацаа нь хүний амьдралын үеэр яригдах асуудал байдаг. Жишээлэхэд, АНУ-д түргэн хоол маш ихээр хөгжиж эрэлт хэрэгцээ өндөр байсан бөгөөд голцуу тахианы шарсан гуя идэх хүсэлтэй иргэдийн хэрэгцээг хурдан хангахын тулд тахианы гуяыг хурдан таргалуулагч бодис тарьж байсан нь хожим америк хүмүүс гуяараа бүдүүн, тарган болох суурийг тавьсан байдаг. Хоол хүнсэнд хэрэглэсэн генийн өөрчлөлтөд оруулах бодис ингэж үйлчилж байхад эм тариагаар хэрэглэх бодис нь хүний биед маш хурдан үйлчлэх бөгөөд шууд дараагийн үр удамд нөлөөлөх магадлал хэр их байхыг та бодож үзээрэй.

Нэр хаяггүй тариа, эм нь дотор юу байгааг бид гаднаас хараад мэдэх боломжгүй юм. Гормон өндөр тунгаар агуулсан эмийг эмэгтэйчүүдийн зарим өвчнүүд, булчирхайн эмгэг өвчнүүдийн үед их хэмжээгээр хэрэглэх болсон. Гормон бол нэг талаар эмчилгээ хэдий ч нөгөө талаар эсийн бүтцийг алдагдуулах хүчин зүйлийн нэг. Гоо сайхны зорилгоор гормоны хэрэглээ ихэссэн нь бас л асуудал дагуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагагүй эм, тариаг хэрэглэхээс зайлсхий, шаардлагатай бол мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглээрэй гэсэн зөвлөмж байдаг. Харамсалтай нь бид сайн л гэвэл юу ч байсан хамаагүй шахуулж, ууж, идэж байдаг нь хожим монгол гэх генийг үгүй болгох, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах томоохон суурийг бэлдэж байна гэсэн үг юм.

Бидний цөөхөн монголчууд үр удам, үндэс угсаагаа хадгалж үлдэхэд дан ганц төрийн ажил бус, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг дээрхээс ойлгосон байх гэж найдаж байна. Иргэний эрүүл мэндийн боловсрол, иргэн хүний эрх, иргэний үүрэг, иргэний оролцоо гээд бүх л зүйлд иргэн хүн голлох байр суурийг эзэлдэг. Харамсалтай нь иргэний эрхээ л ярихаас бус иргэний үүргийг ухамсарлахгүй болсон цаг үе иржээ. Иргэний үүрэг бол жишээлбэл, хууль журам зөрчиж үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, бусад аж ахуйн нэгжийг баримт нотолгоотой шалгуулах, хууль бус үйлдлийг таслан зогсооход чиглэгдсэн байх ёстой.

Япон улсад амьдарч байхад манай байрны настайчууд жинхэнэ чекист нөхдүүд байдаг байв. Гадны орны иргэдийг байнга тагнах ч юу юм, гэхдээ л анхаарлаа салгахгүй байдаг байсан. Хааяа нэг монголчуудаараа нийлж баяр тэмдэглэх зүйл гарна, жаахан дуу шуугиан гаргахад цагдаа аль хэдий нь ирсэн байдаг байлаа. Бид тэр өвгөн эмгэний хараанд нэг ёсондоо амьдардаг байв. Энэ нь үндэснийхээ эрх ашгийг нэгдүгээр тавьж амар амгалан амьдрахад иргэн бүр оролцож байдаг юм байна гэж тухайн үед бодож билээ.

Бид гаднынхан гэхээр нь амиа тавихаас наагуур болдог уриалагхан зантай хүмүүс. Гэтэл гаднынхан дотор хонь ч байна чоно ч байна. Инээсэн бүхэн нөхөр, уурласан бүхэн дайсан биш гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед фашист хэмээн нэрлэгдэж байсан герман, имерлист япон улсуудын армийн дарга нар бактериологийн зэвсгийг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Зарим нэг өвчнийг судалж түүний нян, вирүс зэрэг үүсгэгчийг шаазан битүү саванд хийн бөмбөгний дотор байршуулж алсын зайнаас өвчнийг илгээж иргэдийг халдварт өвчнөөр өвчлүүлж алж байсан гэгддэг. Гэтэл дэлхийн талыг эзэлж явсан эзэн хаан маань энэ аргыг аль эрт 13-р зуунд хэрэгжүүлж байсан нь өндөр хэрэм бүхий цайзад монгол цэргүүдээс амь зугтаан хоргодож байсан бөгөөд тахалтай тарваганы тулмаа хэрмийг давуулан оруулж нэгэн хотыг тахлаар өвчлүүлэн эзэлж байсан түүхтэй. Улс орны ийм аргаар эзэлж байсан түүх олон. Тийм учраас иргэн бүрийн эрүүл мэнд үндэсний аюулгүй байдлын хамгийн том хүчин зүйл гэдгийг бид мартаж болохгүй.  

Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулган

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (203.169.48.34) 2019-02-19 18:27:12
Маш чухал зүйл бичжээ, баярлалаа