Хоол хүнсний хэрэглээ дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг

Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 11 хувийг хоол хүнс болон түүний тээвэрлэлт үүсгэдэг.

Үнэтэй ресторанд хоолонд орж, ширээ дүүрэн эгнүүлэн тавьсан олон орны хоолыг төрөл бүрийн хачир, халуун орноос ирсэн жимс, амттанаар даруулан идэж, аяга кофе эсвэл шинэ вино шимэн тамшаалж дуусаад ширээн дээрээ хоолныхоо талыг үлдээгээд гардаг хүн догь гэж та бодож байна уу. Магадгүй догь байж болох юм. Гэхдээ үүнтэй хэзээ ч санал нийлж болохгүй.

Таны энэ их тансаглалын өчүүхэн хэсгээр дэлхийн хаа нэгтээ өлсөглөнд нэрвэгдэн тарчилж буй нэгэн гэр бүл бүхий л өдрийн турш гэдэс цатгалан, сэтгэл өег байх боломжтой. Газар зүйн онцлог, эдийн засгийн нөхцөл байдал, хувь заяа, шашин шүтлэгтэйгээ уялдуулаад өөрийгөө бид өмгөөлж болох ч, атга гурил, кг мах гар дээр ирж бүтээгдэхүүн болон ширээ дээр тавигдахын тулд ямар шат дамжлага, цаг хугацаа, хүн хүчний хөдөлмөр, энерги эрчим хүч, газар нутаг, ус болон тэжээлийн хангамж, үйлдвэрлэлийн процесс шаардагддагийг ихэнх нь тархиндаа бодож ч үзээгүй байх.

“Өнгөрсөн”, “Ирээдүй” юугаараа ялгаатай вэ. Гол ялгаа нь “Сонголтын тоо”, өнөө үед сонголт ихэссэн, улам ч нэмэгдэнэ. Бидний зах замбараагүй хэрэглээ тансаглал ирээдүйн зайлшгүй хэрэгцээ шаардлага, боломжийг хумсалдаг. Хүн төрөлхтөн сонголтын чанар, үр дагаварт нь багахан анхаарахад дэлхийн насыг уртасгаж болно. Үүнийг зарим талаараа минималист байдал гэж үзэж болно.

Жишээ 1: Аяга сүү уухдаа та доорх сонголтоос алийг сонгохыг илүүд үзэх вэ? 

Малын гаралтай нэг аяга сүү дунджаар 650 куб метр талбай, 74 л ус ашиглаж бүтдэг. Харин веган сүү буюу овьёос, бүйлсний сүү нь үүнээс 10 дахин бага хэмжээтэй газар ашиглаж, будааны сүү нь 20 литрээр бага ус зарцуулагдаж бий болдог. Сонголтоо хасахгүй танахгүйгээр, сонголтоо эерэгжүүлж бас эрүүлжүүлж болно.

Жишээ 2: “Кофе уух” таны сонголт ямар нөхцөлүүдтэй уялддаг гэдгийг та мэдэх үү?

Оффисын ажилчид ажлын ачаалал, цагаасаа хамаарч 2 аяга кофег нэг хоногт ууж л орхидог. Энэ нь жилд 0.31 тонн кофег нэг хүн хэрэглэдэг буюу 1300 км газрыг туулахад зарцуулах түлш, 49 хоног энгийн нэг өрхийг цахилгаан болоод дулаанаар хангахад түүнээс ялгарах хүлэмжийн хийтэй тэнцэнэ.

Харин кофе шоп ороод аяга кофе захиалаад, түүнийгээ гартаа барьж гараад 15 минутын дараа хэрэглэж дууссан цаасан аягаа дахин ашиглахгүйгээр хаядаг /таныг хогоо хогийн саванд ангиллын дагуу хаягдаг гэж найдаж байна./

Соруул, таглааны хэсэг хуванцраар хийгдсэн 450 жил, аяганы дотор ус нэвчүүлэхгүй халуун барьдаг хэсэг 10-20 жил газрын хөрсөнд задарч байгальд бүрэн шингэж дуусна. Ингэхдээ маш хөрс болоод орчин тойрноо гүн хордуулдаг.  

Жишээ 3: Амьтдыг идэж бас өмссөөр байх уу?

Долоо хоногтоо багадаа 1-2 удаа үхрийн мах хэрэглэдэг байх нь жилд 604 кг хүлэмжийн хийг буюу машинаар 2500 км явах, онгоцоор Лондон - Малага нисэхтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг ялгаралыг үүсгэдэг ба үүний талбай ашиглалт зургаан теннисний талбайтай тэнцэнэ. Цагаан хоолтноос ялгарч буй хүлэмжийн хийн ялгарал улаан маханд /Таван хошуу мал багтана./ дурлагдсадаас 2 дахин бага байдаг. Ерөнхийдөө шат дамжлага багатай үйлдвэрлэгчээс шууд органик хоол хүнсийг бага хэмжээгээр хэт цадталаа бүү хэрэглэхийг зөвлөе.

Хүнс тэжээлийн баглаа боодолд хэмнэлт хий, хөргөж эсвэл халаах хоол бүү сонго. Хоолоо аль болох өөртөө тохируулах хаягдалгүй байхаар гэрийн нөхцөлд бэлдэж идээд хаягдал гарвал түүнийг дахин ашиглан бордоо болгоход суралц. Хог болгоныг хайрлаж амьтдыг идэхээ бас өмсөхөө багасгая. Улаан махны хэрэглээнээс татгалзъя. Бидний хоол боловсруулах эрхтэн тогтолцоо маханд зориулагдаагүй, харин цагаан мах буюу загас тахиа гахайн махыг түлхүү хэрэглэж эхлэе. Хэт идэхгүй, улаан мах сонгохгүй, органик хүнс хэрэглэх нь эрүүл бие, эрүүл байгаль орчин, эерэг үр нөлөөг авчирна. Ид гэхдээ хайрла. Дуртай зүйлээрээ тансаглаж болох ч хайртай зүйлсдээ Ирээдүйг үлдээе

Сэтгэгдэл:
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.