BBC Radio-гийн онцолсон уран бүтээлч Bodikhuu: Хөгжим намайг ганцаардуулдаг

Энэ удаагийн "Залуусын дуу хоолой" буландаа орчин үеийн аялгуут хэмнэл бүтээгч, Underground Instrumentalist Bodikhuu буюу С.Мөнхбаатарыг урьж оролцууллаа. Түүний хөгжмийг дэлхийн алдарт BBC Radio хүртэл онцлон эгшиглүүлсэн. Тэрээр 2011 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвисаар, одоо 8 дахь цомог "Moscow"-гаа гаргах гэж байна.

-Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны удахгүй гаргах гэж байгаа "Moscow" цомгийн талаар ярьж эхлүүлье?

-Урьд нь би Бразилыг санагдуулам Rio, Японыг санагдуулам Tokyo гэдэг цомгууд гаргаж байсан. Rio цомог маань Бразилын 60-70 оныг санагдуулахаар харин Tokyo цомог маань 80-90 оны Япон улсыг санагдуулам. Шинэ цомгоо би Москва гэж нэрлэсэн. Арай ч совиет орос биш, 70-90 оны оросын хөгжмийн уур амьсгалыг мэдрүүлэхийг зорьсон. Цомгоо 300 хувь хэвлээд, одоо цомгийнхоо Launch Party-г хийхээр төлөвлөж байна.

-Москва цомог ямар форматаар гарах вэ?

-CD-гээр 300 хувь хэвлэгдсэн. Хэвлэгдсэн бүх цомгоо зөвхөн нээлт дээр ирсэн хүмүүстээ өгнө. Event дууссаны дараа Bandcamp дээрээ тавина. Бас Spotify дээр тавих бодолтой байна.

-Та урьд нь олон цомог гаргаж байсан. Энэ цомог нь юугаараа ялгаатай вэ ?

-Бидний дээд үе, эцэг эхчүүдийн амьдралыг оросын дуу хөгжим, пянз, страдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Мөн 90 он гарснаас хойш телевиз радиогоор оросын олон кино, дуу явдаг байсан. Тэр зүйлсийг бодож энэ цомгийг хийсэн. Онцлох зүйл нь гэвэл Rio, Tokyo 2-ыг бодвол бидэнтэй илүү ойрхон. Оросууд бидний хөршүүд шүү дээ. Бид оросын школаар нэлээд явсан.

-Rio цомгийг 5 хоногийн дотор бичиж байсан гэсэн. Шинэ цомгоо хэр удаан бичсэн бэ?

-Москва цомгийг хийхийн тулд би маш их хөдөлмөрлөсөн. Маш их дуу сонсож, цуглуулсан. Бараг 150 гигабайт дуу хөгжим татаж аваад сонссон шүү. Тэр дундаасаа зөвлөлт оросын жазз, страд зэрэг урсгалаас тастаж ашигласан. Мөн өөрийнхөө төсөөлөлд нийцэх дүрсийг зураг, концерт, кинонаас зунжингаа хайсан. Цомог минь одоо л бэлэн болоод гарах гэж байна.

-Монголд том пянзны цуглуулгатай хүмүүс зөндөө байдаг. Та цомгоо гаргахын тулд энэ хүмүүсээс туслалцаа авсан уу ?

-Үгүй. Надад энэ тэндээс цуглуулсан 100-аад пянз байдаг. Тэнд ихэнх нь оросын пянзнууд байдаг юм. Тэр пянзнуудаасаа заримыг нь ашигласан. Ихэнх дуугаа татаж аваад хэрэглэсэн.

-Та урьдын ярилцлага дээрээ хэзээ нэгэн цагт пянз гаргах бодол байдаг гэж ярьж байсан. Пянзаа хийж байгаа юу?

-Пянз хоёр сарын нэгэнд хэвлэлтээс гарч байгаа. Нэг талд нь “Bodionova” нөгөө тал “Rio” цомгууд байх болно. Нийт 500 хувь хэвлэгдэж байгаа. Монголд 100 нь зарагдана. Үлдсэн 400-г нь гадаадын пянзны дэлгүүрүүдээр тарааж зарах бодолтой байна. Пянз гэдэг илүү бодитой зүйл. Одоо CD-ний борлуулалт пянзнаас бага болж байгаа байх шүү. Дуугаралт нь ч зуун зуун жилээр хадгалагдаад явж чадахаар.

-Саяхан BBC радиогоор таны дуу эгшиглэж байсан. Бас пянзнуудаа гадагшаа гаргана гэлээ. Гадаад сонсогчид хэр их байдаг вэ?

-Тийм хүмүүстэй нэлээд таарч байсан шүү. Над руу бичээд сэтгэгдлээ хуваалцаж байсан хүмүүс олон байдаг.

-Токио, Рио, Москва гээд гурван хотын өнгөрснийг санагдуулам дуу хийж байсан. Хэзээ нэгэн цагт futuristic уран бүтээл гаргах бодол бий юу?

-Энэ миний хуучны, гоё хөгжим сонсдогтой минь холбоотой байх. Одоо чанартай хөгжимтэй амьд хөгжмийн хамтлагууд ховордсон. Хүний хөгжмийг ашиглаж хөгжим хийдэг хүмүүс ихэвчлэн хуучин пянзнаас ухаж хийдэг. Бөмбөрийн дуугаралт ч их чухал. Бас 90 оны хип хоп өнгө аясыг шингээсэн. Магадгүй ирээдүйд синтисизер ашиглаж “сансрын” дуугаралт шингээх байх. Энэ талаар бодож байсан. 

-Та энэ гурван хот руу өөрөө очиж үзэж байсан уу ?

-Очиж байгаагүй. Бразилаас ирсэн нэг монгол эмэгтэй надаас “чи хэдэн онд Риод очиж байсан бэ” гээд асууж байсан. Би харин "үгүй ээ би хөдөөнөөс ирсэн" гэж хэлж байсан./инээв/ Зарим хүмүүс намайг очиж үзээд, мэдэрчхээд хийсэн гэж боддог юм билээ. Харин би заавал очихгүйгээр мөрөөдөж хийсэн. Рио цомгийн талаар хэд хэдэн бразил хүнээс магтаал сонсож байсан. Би өмнө жил анх удаа л гадагшаа явж үзсэн. Шанхай хотод очоод нүд тайлсан даа./инээв/

-Та одоо ахиад өөр хотын өнгөрсөн лүү буцъя гэж бодож байна уу?

-Мэдээж. Энэ цаашаа үргэлжлээд явна. Улаанбаатар гэдэг цомог хийх бодолтой байна. Урьд нь Welcome to Ulaanbaatar гээд гаргаж байсан. Гэхдээ тэр миний хамгийн анхан шатны бүтээл байсан юм. Яг одоогийн сурч мэдсэн төвшнөөрөө Moscow, Tokyo шиг, Ulaanbaatar гэсэн цомог гаргана.

-Хэрвээ цаг хугацаагаар аялж болдог байсан бол ямар хотын хэдэн он руу буцах вэ?

-Миний дуртай он бол Америкийн 74 он. Яагаад гэвэл тэр үед Soul funk, Jazz хамтлагуудын ид үе нь. Би их ухаж сонсдог. Яг энэ үед л гайхалтай уран бүтээлүүд олноороо мэндэлсэн байдаг. Эсвэл Rio хотын 70-аад он.

-Хоёр жилийн өмнө өөр шиг тань Underground Instrumentalist чиглэлээр уран бүтээл хийдэг хүн Монголд байдаггүй. Тийм болохоор ганцаарддаг гэж хэлж байсан. Одоо ямар вэ?

-Ганцаардсаар л байна /инээв/ Залуус яагаад миний туурвидаг жанр дээр тууштай байж чаддаггүйг мэдэхгүй юм. Трап чиглэлээр инструментал хийдэг хүмүүс л их харагддаг. Гэхдээ трап дан инструментал гаргахад хангалтгүй. Яагаад гэвэл дээр нь дуулах зориулалттай болохоор. Гадаадад над шиг төрлийн уран бүтээлчид хар мянгаараа байдаг.

-Та инструменталист байхаасаа өмнө дуулдаг байсан гэсэн. Дахиад дуулах бодол бий юу?

-Дуулах бол миний мөрөөдөл. Магадгүй би энд оюутан болж ирчхээд, хөгжим биш дуу бичих талыг бариад явж байсан бол нэлээд хэдэн дуу хийчих байсан байх.

-Танд хүмүүст сонсгож байгаагүй хэдэн зуун дуу, sample байгаа вэ?

-Би дуу болгоноо компьютер дээрээ хийдэггүй. AKAI MPC-ний минь хардан дээр ч хэдэн зуун дуу байгаа. Нийт хийсэн хөгжим минь 1000 давсан байх.

-Таны хийдэг зүйл ямар чадваруудыг хамгийн их шаарддаг вэ ?

-Тууштай байхыг шаарддаг. Маш их хүсэл, зорилго, тэмүүлэл тууштай чанар хэрэгтэй.

-Таны цахим хуудаснаас хөгжмийг номтой зүйрлэж ухаж ойлгох ёстой гэж уншиж байсан. Тэгвэл та ямар ном уншиж байна вэ?

-Би ном унших гэхээр залхуурчхаад байдаг юм. Гэхдээ ном бол маш чухал том зүйл гэдгийг бол мэднэ. Ном уншдаг хүмүүсээсээ уучлалт гуйя/инээв/

-Та хөгжмөөрөө юу илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Би хөгжмөөрөө дулаахан мэдрэмжээ хуваалцахыг хүсдэг. Монголын тал газар салхины өөдөөс сөрж байгаа юм шиг мэдрэмж. Гоё мөртлөө, салхины өөдөөс гэсэн үг. Арай ч Lo-Fi биш нэг тийм Funky. Доторх зүрх сэтгэл урагшаагаа тэмүүлсэн тийм мэдрэмж.

-Хөгжим танд юуг өгсөн бэ?

-Заримдаа би их чухал асуулт дээр тулгамдаад байдаг юм./инээв/ Магадгүй хөгжим надад тууштай занг хайрласан байх. Бас намайг хэн ч биш байхад өөрийгөө олоход минь тусалсан.

-Өнгөрсөн оны хамгийн том сургамж юу байв?

-Миний сонсдог гурван гадаад продюсер бараг хоёр сардаа нэг албум гаргадаг. Цаг алдаж болохгүй, байнга л хөгжим хийж, хөгжиж байх ёстой гэдгийг ухаарсан. Парти, шоу цэнгээн бол тийм ч чухал биш. Гоё парти боллоо гэхэд тэр өдрөө л хэдэн хүмүүст гоё байгаад мартагдах зүйл. Өдөр шөнөгүй хөгжмөө хийж үр бүтээлтэй байхгүй бол өөрийгөө их голдог болсон.

-Bodikhuu гэхээр шөнийн бүүдгэр гэрэл эсвэл дээр үеийн хальсны камераар хийсэн зураглал төсөөлөгддөг. Та уран бүтээлээ шөнө хийдэг үү? 

-Дэлхий даяар уран бүтээлчид бүгд шөнө ажилладаг. Өдөр хийх гэж үзэж байсан л даа. Гэхдээ цонхоор маш их гэрэл орж ирээд, гадаа амьдрал буцалж байхад бүтээл туурвих энерги орж ирдэггүй юм. Цонхоо хаагаад, харанхуйд хийх гэхээр бас болдоггүй. Далд ухамсарт минь “өдрийн цагаар хийж байгаа шүү” гээд мессеж ирээд байдаг. Хүмүүс унтаж амарч байх үед, шөнө дунд л сэтгэл санаа тайвшраад хөгжим хийхэд сайхан байдаг. Хотын чимээ, уур амьсгалд ер нь л хэцүү шүү. Заавал өдөр хийнэ гэвэл хотоос зайдуу, нуурын эргийн модон байшинд суугаад хийхэд сайхан байх.

-Хамгийн том сургамж авч байсан зүйл юу вэ?

-Би 2014 оны зуны 3 сар барилгын кран дээр ажилласан. Тэр үед үнэхээр үсээ зулгааж, харамсмаар байдаг байсан. Өдөржин ажилладаг байлаа. Халуун наранд шарагдаж, хүйтэнд хөрдөг тийм ажил байсан. Ядаж байхад гав ганцаараа. Цалин бол голох юмгүй. Тэр ажил бол мөнгөний төлөө махан биеэ золиосолдог тийм л ажил байсан. Хийж бүтээе гэсэн залуу хүний сэтгэл эрмэлзлээ хүлчихсэн юм шиг санагддаг байлаа. Өдөр болгон энэ талаар боддог байсан. Ажлаа тарчхаад шөнө нь суугаад хөгжим хийх гэж хүртэл үзсэн. Орой 3 цаг хүртэл хөгжим дээрээ ажиллачхаад өглөө 7 гэж босоод ажилдаа явах гэж үздэг байлаа. Кранчин гэдэг өөрөө маш хариуцлагатай, эрсдэлтэй ажил. Өмнө шөнө нойр дутуу авснаас болоод ажлаа хийж байхдаа унтчих гээд үнэхээр хэцүү. Тийм ажлын хажуугаар хөгжим хийх гэдэг боломжгүй гэдгийг ойлгосон. Тэгээд би бодсон. Мөнгөний хойноос явах уу? Мөрөөдлийн хойноос явах уу? гэж. Мөрөөдлийн хойноос явахад цаг хугацаа маш их шаардана. Гэхдээ би адаг сүүлд нь харамсахгүй гэдгээ ойлгож авсан.

-Кран дээр өдөржин ганцаараа сууж байхад ямар хөгжмийн санаанууд орж ирдэг байсан бэ?

-Бороо орсны дараа хотыг дээрээс нь харахад ямар гайхалтай өнгөлөг гээч? Сэтгэл зүрх минь “сугараад” гараад явах гэж байгаа юм шиг догдолдог. Тийм болохоор хүмүүстэй би тэр мэдрэмжээ хуваалцахыг хүсдэг байсан. Гоё зүйл, гоё хайрыг мэдрүүлэхийг юмсан гээд ажил тарахыг их хүлээдэг байсан даа. Тэр үед би ажлынхаа хажуугаар, долоо хоногийн эцэст DJ хийдэг байлаа. Гэхдээ намайг зорьж хүмүүс нээх ирдэггүй байсан юм. Маш эрт очоод нөтбүүкээ тавьчхаад DJ сетээ бэлддэг байхдаа би Гэгээн өглөө дууныхаа санааг олсон. Rio-ийн санааг Кран дээрээ сууж байхдаа олж байсан. Тэгээд хүйтрээд барилгын ажил ч тарсан. Би хөгжмөөр “ангаж, цангачихсан” байж билээ. Ер нь кран дээр гэрээ их санадаг байсан/инээв/

-Залуу хүнийхээ хувиас нийгэмд ямар 3 зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж боддог вэ?

-Нэгт, Биднийг төлөөлөх хүмүүс залуу үе байгаасай. Хоёрт, Сошиал ертөнц хяналттай байгаасай. Зарим хүмүүс үнэхээр дэндүү гэмээр юм дур зоргоороо бичдэг. Гуравт, Залуус мөнгө биш мөрөөдлөө дагаасай.

-Бага насныхаа талаар яриач?

-Аав ээж хоёр минь бага байхад хоёр тийшээ болж байсан. Аав минь жоохон балгачихдаг байлаа. Тэр явдлаас болоод их ганцаарддаг, бүрэг ичимхий хүү болсон байх. Арван жилдээ дуугуй, ичимхий байсан ч гэсэн орилоод хэлчихмээр үг их байдаг байсан. Найм дугаар ангиас 10 дугаар анги хүртэл хип хоп хамтлагт дуулдаг байлаа. Тайзан дээр жинхэнэ тэсэрдэг хэрнээ тайзнаас буугаад их л ичимхий хүүхэд байсан даа. Хамаатны ах минь над руу хотоос дууны кассет явуулдаг байсан юм. Камертон 18 нас, Хар сарнай гээд л сонсож өгдөг байсан. 

-Таныг хамгийн их дэмжсэн хүн хэн бэ?

-Дундголын Болдоо гэдэг хүн бий. Би яг энэ урлагт дөнгөж ороод удаагүй байхдаа анхны хэдэн хөгжмөө хийчхээд, Болдоод сонсгож байсан. Түүнээс хойш надтай хамтарч ажиллаж, дэмжиж байна. Хамгийн эхнээс нь хамгийн ихээр дэмждэг байсан хүн гэвэл миний Батхүү гэдэг найз. Одоо миний хийж байгаа зүйл бол бид хоёрын мөрөөддөг байсан амьдрал. Бид хоёр багаасаа үргэлж хөгжмийн талаар ярьдаг байлаа. Олж авсан жаахан мэдээллээ хуваалцаад явдаг хоёр жаал байсан юм. Урьд нь миний артист нэр Munk байсан юм. Найз минь энэ хорвоогоос явсны дараа, нэрээс нь санаа авч Bodikhuu болгосон. Миний жинхэнэ нэр Мөнхбаатар. 

-Та найздаа зориулж уран бүтээл гаргаж байсан уу?

-Найзыгаа алдсаны дараахан би 24 цагийн ажил хийдэг байсан. Нэг өдөр ажил дээрээ хөгжмөө аваачаад шөнөжин дуугаа нухаж хоносон. Тэгээд сууж байхад гэнэт найз минь бодогдоод шөнөжин уйлж билээ. Тэр үедээ зохиосон дуугаа би хүмүүст сонсгоогүй. Хааяа сонсохоор яг тэр үе минь санаанд ордог. Миний найз миний нөгөө тал байсан.  

-Өнөөдрийн Bodikhuu-г бүтээхэд таны ямар зан хамгийн их нөлөөлсөн бэ?

-Даруухан ч гэсэн зүрх сэтгэл минь тэмүүлж байгаа тийм зан минь байх. Яг оноод хэлнэ гэвэл ганцаардмал зан минь. Ганцаардал сайн бас сөрөг талтай. Би ганцаардаж байж өөрийгөө бусдад ойлгуулах тэр зүйлийг бүтээсэн. Хөгжим ер нь хүнийг их ганцаардуулдаг.

-Цаг хугацаагаар аялаад дөнгөж хөгжимтэй холбогдож эхэлж байсан Bodikhuu-тэй уулзвал юу гэж хэлж зөвлөх байсан бэ?

-Зөвлөх юм бараг байхгүй. Би хааяа ямар замаар явж ирсэн талаараа боддог. Энэ бүх хөгжил, тэмцэл чинь байх ёстой зүйл. Туулах ёстой замаа туулаад өдий хүртэл явж ирсэн.

-Гадаад чөлөөт уран бүтээлчдийг хараад байхад тань шиг дууны ремикс хийдэг хүмүүс олон харагддаг. Тэд кино, анимейшны хэсэгүүдийг нийлүүлж, эффект өгөөд, дээр нь өөрсдийн аяа дэвсээд, интернетэд байршуулдаг. Та ч гэсэн дуугаа ингэж дүрсжүүлдэг санагдсан. Клипэндээ ашиглах дүрснүүдээ яаж сонгож авдаг вэ?

-Би монтажаа ихэвчлэн өөрөө хийдэг. Tokyo цомогт минь Tokyo гэдэг ая байгаа. Тэр хөгжмийн видеог Magnolian хамтлагын Дөлгөөн хийж өгч байсан. Би бичлэгээ туйлын сайхан байгаасай гэж бодож хийдэггүй. Хөгжмийг чинь  гоё дүрсжүүлээд өгье гээд олон студи надад санал тавьж байсан. Надад нээх онц санагддаггүй. Ингэж хийгээд байгаа зорилго минь хөгжмөө хүргэж, бүрэн гүйцэд ойлгуулах гэсэн л оролдлого юм.

-Тэгвэл та өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?

-Хувь хүн талаасаа би их хоцрогдмол байх. Одоо хүртэл бараг хүүхдээрээ шүү. /инээв/ Хөгжим дээр бол өөр. Хөгжмийг сонсохдоо би задалж сонсдог. Хөгжим сонсох гэдэг миний хувьд өнгөцхөн зүйл биш. Үргэлж л суралцаж байдаг.

-Монголын дуу хөгжмийн салбар, манайхны хэлж заншсанаар “Рок попын тогоо” гэдэг зүйлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Рок попын тогоо бараг хөмөрчихсөн шүү дээ. Сараа, Ариунаагаар бараг дуусаж байна даа. Рок попын тогооны шинэ үеийнхэн гарч ирсэн ч гэсэн social хөгжсөнөөс болж, дуу нь газар авахгүй байна. Дээр үед мэдээлэл бага байсан болохоор баахан л хит дуу байдаг байлаа. Одоо бидэнд хөгжмийн сонголт маш их байна. Би энэ рок попын халуун тогоо гэдэг зүйлээс тусдаа байхыг хүсдэг.

-Цагаа хэрхэн хувиарлаж ажилладаг вэ?

-Цомгийн ажилтай үедээ тодорхой хувиар гаргаад, ажлаа хийгээд явдаг. Харин жирийн үедээ сэтгэлийнхээ тааллаар болдог доо /инээв/

-Одоо ямар албум сонсож байна вэ?

-Хэдэн хоногийн өмнө DJ Harrison гэдэг шинэ артист олж мэдсэн. Түүний цомгийг сонсоод, судлаад явж байна.

-Хөгжим хийх явцаа яриач?

-Би хөгжмөө нэг нэгээр нь хийхээ больчихсон. Шууд цомгоор нь гаргадаг болсон. Эхний ээлжид цомгийн агуулгаа бодож олдог. Тэр тийм ч хэцүү процесс биш. Дараа нь хүсэж байгаа дүрслэлээ хайж олдог. Ингээд сэдвийнхээ дагуу дуунуудаа цуглуулаад, MPC-лүүгээ хийдэг. Хөгжмийн хамгийн гоё гэсэн 30-40 секундийг аваад loop үүсгэдэг. Loop дээрээ бөмбөр, bass зэргийг нэмнэ. Ер нь аяаа маш олон элементээр давхарладаг. Тэгээд mixing хийнэ дээ.

-Өнгөрснийг мэдрүүлдэг артист ирээдүйгээ яаж төсөөлдөг вэ?

-Би маш их хөгжим хийхийг хүсэж байна. Намайг хөгширчихсөн байхад хөгжмөөр минь дамжуулж намайг ойлгоосой.

-Амжилтыг юу гэж тодорхойлдог вэ?

-Амжилт гэдэг хийж бүтээсэн зүйлийн үр дүн. Хүн болгоны амжилтыг дүгнэх өнцөг өөр. Гэнэт нэрд гарах эсвэл мөнгөтэй болно гэдэг амжилт биш.

-Хөгжим, дуу хийж эхлэх гэж байгаа доод үеийн чөлөөт уран бүтээлчиддээ юу гэж хэлж зөвлөх вэ?

-Хөгжим хийх, ер нь дуртай юмаа хийх одоогийн Монголын нийгэмд маш хэцүү. Эцэг эхээс авахуулаад маш их эсэргүүцэлтэй тулгарна. Мөнгө төгрөг ч гэсэн тийм амар байхгүй. Тулгарах бүх эсэргүүцэл, дарамт шахалтын эсрэг юу хийж чадах вэ гэвэл хийж байгаа зүйлдээ уус. Улам сайн хий. Харин болиод өөр зүйл хийхээр шийдвэл энэ бол ялагдал. Манай гэрийнхэн “наадах чинь мөнгө олох юм уу?” гээд олон удаа асууж байсан. Харин би тэр бүхний цаана гараад, хөгжимдөө уусаад тэр бүх эсэргүүцлийг давж гарсан.

-Хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?

-Би ижилхэн юм хийдэг гурван продюсерыг сонсдог. Damu the fudgemunk, Kan kick, Ras G. Гэхдээ хамгийн мундаг нэг продюсер бий. Хэд хоногийн өмнө би маш их сэтгэлээр унасан. “Би юу хийгээд байгаа юм бэ?” гэж бодсон. Тэр үедээ дуртай продюсерээ сонсоод эрч хүч аваад буцаад ажилдаа орсон. Гуниглах үед минь үргэлж тэд хүч өгдөг шүү. Надад пянз хэвлэж өгч байгаа газар минь хэд хоногийн өмнө тест пянзыг минь гаргасан байсан. Тэр хэвлэсэн газрын залуу тест пянзыг минь Ras G-д бэлэглэсэн байна лээ. Тэгээд миний хамгийн мундаг гэж боддог продюсер Ras G барьчихсан байгаагаар нь надад зургийг нь явуулсан. Энэ миний хувьд маш том зүйл болсон шүү.

Bodikhuu-ийн цомгийг барьчихсан байгаа продюсер Ras-G

-Хэцүү үеэ хэрхэн давж туулдаг вэ?

-Би ер нь нэлээн эмордог хүн шүү. Найзуудтайгаа цуг байж байхад гэнэт л бодол хувираад, сэтгэл санаа сонин болчихдог. Тэр үед чихэвчээ зүүгээд, дуугаа сонсоод алхдаг. Нээх тийм гомдлын мэдрэмж төрдөг. Юунд ч гомдоод байдаг юм бүү мэд. Тэгээд л чин сэтгэлээсээ эмордог. /инээв/

-Улсынхаа ирээдүйг яаж төсөөлдөг вэ?

-Ер нь энэ байдлаараа их харанхуй байна. Аль аль тал дээрээ. Гадагшаа явж, эргэж ирээд, том бүтээн байгуулалт хийх залуустаа л найдлага тавьж байна. Олон үе дамжсан төрийн томчууд байгаа цагт харанхуй арилахгүй байх.

-Манай урилгыг хүлээж авч, ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.