​Ахмадын зориулалттай амралт сувиллын байршил, үнэ ханш

Хавар цагт ихэнх хууч өвчин сэдэрч, нуруу, үе мөчний өвдөлт ихсэх хандлагатай байдаг. Тиймээс байгалийн увидаст рашаан, шавар болон бариа засал, физик, уламжлалт эмчилгээ хосолсон ахмадын зориулалттай амралт сувиллуудын үнэ ханш, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг N24 мэдээллийн сайт хүргэж байна.

НЭГ: “ШАРГАЛЖУУТ” РАШААН, СУВИЛАЛ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүурлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зохимжтой. Рашааны халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй тул биеийн дулааныг дээшлүүлэх, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.

ХОЁР:ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй.

 ГУРАВ: ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

ДӨРӨВ: “АР ЖАНЧИВЛАН” РАШААН

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл 12 нугалаа гэдэсний хүндрэпгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

ТАВ:ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай.

ЗУРГАА:ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай.

ХАСУ ШИВЭРТ” РАШААН СУВИЛАЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд оршдог. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээтэй. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай. Мөн “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьсны харшил болон бусад өвчнийг анагаадаг.

МОЙЛТЫН ТОХОЙН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн Хан Хэнтийн Дархан цаазат байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг.

Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээ зэргийг танд үзүүлнэ.

ГУРВАННУУРЫН РАШААН, СУВИЛАЛ

Онон, Балж голын сав газар, Дэлүүн болдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн Холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал суманд байдаг энэхүү рашаан, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 540 км зайтай. Амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчинд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үед тохиромжгүй.

ЗАРТЫН РАШААН, СУВИЛАЛ

Завханы Их-Уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газар байрладаг рашаан, сувилал нь нийслэл хотоос 760 км-ийн зайтай оршдог. Нийтдээ 15 төрлийн рашаантай бөгөөд хоёр нь халуун. Үе мөч, ядаргаанд сайн. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайн өвчнийг эмнэхэд тустай. Мөн Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчнийг анагаадаг.

 

Б.Бадамцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.