Д.Цогтбаатар: Эдийн бэлэг бус сэтгэлийн өглөг хамгийн том буянд тооцогддог

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай шашны тухай үзэл бодол, мөн чанарын талаар ярилцлаа.  

- Монголчуудын 50 гаруй хувь нь бурхны шашныг шүтдэг. Бурхны шашны гол мөн чанар юунд оршдог вэ?

Бурхан багшийн номлосон номлолоор бурхан гэдэг нь та өөрөө юм. Түүнээс биш би бурхан та бүхэн намайг шүт гэж огт номлоогүй. Таны хийж байгаа үйлдэл, бодож буй сэтгэл зөв буюу товчхоноор хэлбэл арван цагаан буяныг хийж байвал энэ нь бурхан багш юм.  

-Арван цагаан буянд юу, юу ордог вэ?

-Амнаас үг хэлээгүй мөртлөө хэн нэгэнд атаархах, бусдын тухай таагүй сэтгэл өөртөө хураах, амьтныг тарчлаах нь арван хар үйл болно. Ерөнхийдөө бие, хэл, сэтгэлээр цэвэр ариун, зөв үйлийг үйлдэж байвал арван цагаан буян гэж ойлгож болно.

-Монголд Нирун улс, Их Монгол улс, Улс төрийн бутралын үед бурхны шашин гурвантаа өөр өөр урсгалаар дэлгэрсэн байдаг. Тиймээс бурхны шашны урсгал чиглэлүүд хүмүүсийн дунд ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Одоо ямар чиглэлийг баримтлан хөгжиж байна вэ?

-Өндөр гэгээн Занабазарын үеэс эхлэн сүүлчийн удаа дэлгэрсэн байдаг. Бурхны шашны гол урсгал бол Богд Зонхов ламын Гэлэгвай буюу шарын талын урсгал юм. Үүнээс гадна Ловон Бадамжунай гэдэг ламын хар тарнийн урсгал гэж байдаг.

Хэн нэгэн хүнээс алгаа тосоод гуйгаад байвал амьдрал дээшлэхгүй.

-Та бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа хүний хувьд бусад шашнуудад ямар байр суурьтай ханддаг вэ?

-Бурхан багш бусад шашны тухай хэлэхдээ эхлээд тухайн шашныг муулахын тухайд биш номлол, сургаалыг нь судлан давуу болон дутагдалтай талыг нь мэдэж гэмээн хандах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Би бусад шашныг ер нь үгүйсгэдэггүй. Бүх шашин номлол эцсийн дүндээ бусдын сайн сайхан байдлын төлөө зүтгэж байгаа гэхдээ түүнийг толгойлж яваа багшаас хамаараад гажих тохиолдол байдаг. Тэр нь тухайн шашныг дордуулж, хүмүүст сөрөг хандлагыг бий болгож байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Та өөрөө л хичээ, тэгвэл та сайхан амьдарна. Хэн нэгэн хүнээс алгаа тосоод гуйгаад байвал амьдрал дээшлэхгүй.

Бурхны шашинтан гээд ажил хийхгүй амьдралаа бодохгүй байгаад байвал улс орны амьдрал дээшлэхгүй шүү дээ.

- Шашин хүнийг мунхруулна гэж их ярьцгаадаг. Энэ тал дээр тайлбар хэлж болох уу?

- Хувь хүний өөрийн бодол юм даа. Бусдад хэлж үзэл бодлоо тулгах нь буруу юм. Шашин гэдэг нь эцэстээ зөв амьдрах тухай л сургаал юм. Бурхны шашинтан гээд ажил хийхгүй амьдралаа бодохгүй байгаад байвал улс орны амьдрал дээшлэхгүй шүү дээ. Бурхны шашинтан гээд заавал бурхан шүтэх биш хувь хүнээсээ хамаараад аав ээж, төрсөн нутаг, уул ус, багшдаа мөргөж, зөв сэтгэл сайн зам мөрөөр явах ёстой. Хоёрдугаарт бурхан багшийн өөр нэг чухал номлол нь өөрийн бус бусдыг гэх сэтгэлд оршдог. Тухайлбал, та нэг тарни уншихдаа эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар төвшин байх болтугай, дараа нь бусад хүмүүсийн бодсон санасан ажил үйлс бүхэн бүтэмжтэй байх болтугай, эцэст нь өөрийнхөө тухай бодох ёстой байдаг. Өглөг гэдэг бол заавал хэн нэгэн хүнд эд баялаг өгснөөрөө биш сэтгэлийн сайхнаар тус хүргэж байвал их өглөг болдог. Бурхны шашны давуу тал үүнд оршдог.  

-1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе бурхны шашны хувьд маш эмгэнэлтэй үйл явдал болсон. Энэ тухай юу гэж боддог вэ?  

-Ер нь ядуу дорой улсын нэг эмгэнэл юм уу даа. Монгол улс хоёр том гүрний дунд оршин тогтнохын тухайд яах аргагүй харийн бодлого шаардлагаар болсон зүйл. Асар өндөр үнээр Монгол улсын тусгаар тогтнол бий болсон шүү дээ. Маш олон сэхээтний давхарга болон чадалтай хүмүүсээ хэлмэгдүүлсэн. Үүнийхээ үрийг одоо амсаж байна.

-Бурхны шашны хамгийн том байгууллага болох Гандантэгчэнлэн хийдээс түмэн олондоо ямар буяны үйл ажиллагаанууд явуулж байна вэ?   

-Бурхны шашны тухай мэдлэг олгох, сүсэгтнүүдэд зориулсан анхан шатны маш олон сургалтууд явагддаг. Мөн төдийлөн яригддаггүй буяны байгууллагууд байдаг. Тухайлбал, төв Гандантэгчэнлэн хийдийн харьяа хүүхдийн цэцэрлэг, танин мэдэхүйн радио гэх зэрэг. Миний хувьд Гандантэгчэнлэн хийдийн зурхайч ламын хувьд зорьж ирсэн хүмүүст чадлынхаа хэрээр зөв замыг олоход туслан, засал ном хийж өгдөг.

- Гандантэгчэнлэн хийдээс ямар нэгэн хандив өгдөг үү?

-Хэлж, мэдэгддэггүй ч маш их хандив өгдөг. Хүмүүс, том компаниуд хандив өгч телевизээр сурталчилгаагаа хийх юм. Ядарсан нэгэн зовлонгоо хэлээд ирэхэд овоолсон хөрөнгө биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд өгөөд явуулдаг. Гадаадад нэг монгол эмэгтэй хүүхдээ хагалгаанд оруулахад их хэмжээний мөнгө хэрэг болсон. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр ах дүү нар ч тусалж чадахгүй байтал эмч нар хүүхдийн хагалгааны мөнгийг өөрийгөө мэдэгдүүлэхийг хүсээгүй ачтан төлсөн тухай хэлж, хүүхэд аврагдсан байдаг. Тусалсан хүн баатар болохыг хүсээгүй зүгээр л туслахыг хүссэн байна шүү дээ. Үүнтэй адилаар бурхны шашин байнгын чимээгүй байдлаар хандив өгч байдаг.

-Ер нь шашин гэж туйлшралгүй худал хэлж хулгай хийхгүй, сайн санаж явах нь энгийн хэрнээ маш зөв зам юм биш үү?

- Шашныг үнэний ном сургаал гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор бол зөв амьдрах ухаан юм даа. Шинжлэх ухаан талаас ярьвал зөв амьдрах арга. Хэн нэгэн алдаж байгаа хүнд бурууг нь ойлгуулж үүнийхээ оронд өөр хүнд тусал эсвэл эцэг эхээс заяасан бусдаас өөр давуу боломжоо ашигла гэж зааж өгөх нь шашны үйл юм. Өглөгийн дээд нь сэтгэлийн өглөг. Сэтгэлийн өглөг бол хязгааргүй. Жишээлбэл, банкнаас боодол мянгатын дэвсгэрт аваад гудамжаар явж буй хүмүүст тараавал 100 хүнд л өгнө. Гэтэл надад огт мөнгө байхгүй мөртлөө бусдын төлөө мэддэг авралын номоо уншвал маш олон хүнд сэтгэлийн өглөг болдог. Хоолны газрын үүдэнд гуталгүй гуйлгачин хүүхдийн хажуугаар зөрөхдөө хоол аваад өгчих юмсан, дулаан гутал өмсүүлэх гэсэн сэтгэл зүрхний бодол дараагийн хүнийг хоол авч өгөх, гутал өмсгөх буяны үйлд хөтөлдөг.

-Бурхны шашин бусад шашнуудыг бодвол байгаль дэлхийтэй их ойр холбоотой байдаг. Тухайлбал, уул усандаа мөргөх, лам хүн газар нутаг уул усаар даяанч хийгээд явдаг. Гэтэл суурин соёлд шилжсэнээр байгаль дэлхийгээс холдоод байх шиг. Бурхны шашны ирээдүй ямар байх бол?

-1990-ээд оноос эхлэн бурхны шашин сэргэсэн. Өнгөрсөн зуунд харанхуйжих хоцрогдох байдалд орсон. Бид нар гэхэд овгоо мэдэхгүй байсан. Харин ардчилал гарч хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, төрсөн нутаг усаа шүтэх зэрэг нь чөлөөтэй болсон. Бурхны шашин зөвхөн хүний тухайд биш эх дэлхий амар амгалан байгаасай гэж номлодог шашин. Бурхны шашны хамгийн том давуу тал нь эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн амар амгалангийн төлөө залбирах явдал. Эх болсон зургаан зүйл хамаг амьтанд бүхий л зүйл орно. Хүн, амьтан, тэнгэр, бэрд гэх мэт газрын гүнд буй тамын амьтдыг ч багтаадаг. Шинжлэх ухаан сүүлийн үед бурхны шашны эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж байдаг тухай баталж байна. Бурхны шашин эрт үеэс сүнс гэж байдаг тухай номлосон. Гэтэл сүнсний асуудал олон зуун жилийн турш маргаантай явсны эцэст бодитой зүйл гэдэг нь нотлогдлоо.

-Техник технологи, шинжлэх ухаан хурдацтай хөгжих тусам хүмүүс шашнаас хөндийрөх хандлагатай байна. Та үүнтэй эсрэг байр суурьтай байна. Шинжлэх ухаан хөгжих тусам шашны мөн чанарыг илрүүлж байна гэж ойлгох уу?

-Шинжлэх ухаан бол юмыг бодитой судалдаг шүү дээ. Бурхны шашин эх болсон зургаан зүйл гэж юуг ярьж байна вэ? Үүнийг шинжлэх ухаанчид судалж эхэлсэн. Газрын хоёр мянган метрийн гүнд амьд зүйл байдгийг нээх гэх мэт. Гэтэл 2500 жилийн өмнө буддын шашин энэ тухай номлочихсон байдаг. Харин бусад шашны тухайд бурхны шашин шиг онож номлосон зүйл нь хомс юм шиг санагддаг. Гагцхүү шинжлэх ухаан сэтгэхүй талыг нь орхигдуулж байгаа нь хамгийн аймшигтай. Зөвхөн батлахын тухайд явдаг. Гэтэл буддын шашны хамгийн чухал нь дотоод сэтгэлийг номхтгох тухай номлол. Нийгэмд гараад буй таагүй үзэгдлүүд сэтгэлтэй холбоотой. Монголын уламжлалт сургалтын систем алдагдчихсан. Гэр сургалт үгүй болж, өнөөдрийн боловсролын систем дутагдалтай байсаар. Эхлээд хүн болох тухайд номлох нь буддын шашны номлол. Тийм учраас хүүхдэд тавдугаар анги хүртэл нь дүн тавихгүй байх хэрэгтэй. Мөн ажилд сургах ёстой. Ардын уламжлалт шагай наадгай тоглуулж, багш нь хэлц үг зааж, оньсого таавар таалгах маягаар сургалт орох нь ихээхэн ач холбогдолтой.

-Зарим лам нар хар үйл буюу бусдад хараал хийж өгөх тохиолдол байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Иймэрхүү зүйлс сонсогддог. Уулын мод урттай богинотой гэгчээр олон дотор тийм зүйлс ажиглагддаг байх. Тэр хүмүүсийн чаддаг юм гэж юу байхав. Тухайн хүмүүсийн мэдлэг боловсролыг далимдуулж, ашиглаж байгаа хэлбэр. Бурхны шашны зам мөрийг сонгосон хоёр хүүхэд байлаа гэж бодоход хоёулаа багшдаа туслахын сацуу тоо бодох, унших, бичих ухаанд суралцана. Мөн ёс суртахуунтай болно. Ингээд хоёр хүүхдийн ялгаа аяндаа харагдана. Ном сурах авьяастайг нь цаашид гүн ухааны номын сургуульд явуулж, харин мэдлэг ухаанд суралцсан нөгөө хүүхдийг аав ээждээ туслан амьдралын мөрөө ол хэмээн явуулдаг.

Одоогийн хүмүүсийн оюун ухаанд их дээд сургуульд заавал суралцах тухай ойлголт байдаг. Бүх хүмүүс дээд сургууль төгсөх албагүй. Уг нь хүүхдүүдийг багаас нь зөв ёс суртахуунтай, мэдлэг ойлголттой болговол дээд сургуульд явах эсэхээ шийдвэрлэх чадвартай болно шүү дээ. Энэ жилийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг нэгэн гагнуурчин охин авсан. Тэр охин бол би гагнуурчин болно гээд өөрийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлж чадсан байна шүү дээ. Ёс суртахуунтай ихэнх зүйлс холбоотой. Чамд би сайхан харагдахын тулд дээд сургууль төгсөх ёстой гэсэн өчүүхэн бодол тээн буруу замаар явж байна.  

-Удахгүй Монгол түмний уламжлалт цагаан сар боллоо. Бурхны шашны тооллоор шинэ шарагчин гахай жил гарах гэж байна. Та түмэн олонд хандан мэндчилгээ дэвшүүлэх үү?     

- Ирж буй "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл дэвшүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.173.48.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.