Transparency International: Монгол Улс хагас ардчиллаас дарангуйллын ардчилал руу шилжих аюултай байна

Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгуулагаас “Авлигын индекс 2018” тайланг танилцуулж хэвлэлийн хурал зохион байгууллаа.

 “Авлигын индекс 2018” судалгаагаар Монгол улс 37 оноо авч хагас ардчилалаас дарангуйллын ардчилалд шилжих аюултай гэж Transparency International байгууллага дүгнэлээ. 

Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас 1995 оноос хойш улс орнуудын “авилигын төсөөллийн индекс”-г гаргаж байгаа юм. 0-100 хүртэлх оноо өгч дүгнэдэг бөгөөд 100 оноо авсан бол авлига огт байхгүй гэж үздэг бол 50-аас доош оноо авсан тохиолдолд ноцтой хэмжээнд гэж үздэг байна.

Хуульч Ц.Цогт хэлэхдээ, “Манай орны хувьд өнгөрсөн онд 36 оноо авч 103-р байранд жагсаад байсан бол энэ онд 37 оноо авч 93-р (97) байранд орсон юм. Гэвч харамсалтай нь 1 оноо нэмэгдэж 10 байр урагшилсан ч авлигын эсрэг ямар нэгэн ахиц дэвшил гарсангүй.” гэсэн юм.

Индексээс харахад  2018  онд авлигын эсрэг дэвшил дийлэнх орнуудад гараагүй бөгөөд авлигыг хязгаарлаж чадахгүй байгаа улсуудад авлига нь тухайн улсын  АРДЧИЛЛЫН ТОГТОЛЦООГ сулруулж   байна.

Дэлхийн 180 орнуудын дунд явуулдаг уг судалгааг 13 эх сурвалжаар тодорхойлж,

  • Жинхэнэ ардчилал
  • Гажуудсан ардчилал
  • Хагас ардчилал
  • Дарангуйллын ардчилал гэсэн 4 үндсэн дүгнэлтэнд хуваан авч үздэг байна.

“Авлигын индекс 2018”- аар хамгийн өндөр оноог буюу 88 оноог авснаар Дани улс тэргүүлж, 87 оноотойгоор Шинэ Зеланд улс хоёрт орсон бол 10-13 оноогоор Сомали, Сири, Өмнөд Судан хамгийн сүүлийн байранд жагсжээ.

Монгол улсын хувьд хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсноос авлига газар авч байгаа нь авлигын индексийн оноо хангалттай өсөхгүй байгаагын нэг шалтгаан болж байна хэмээн “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллага  дүгнэжээ.

Мөн “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигыг бууруулах 4 зөвлөмж гаргасан байна. Үүнд,
  • Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, түүн дотроо шүүх засаглалын хараат бус байдлыг хангах
  • Авлигын эсрэг хууль бас авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах
  • Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх
  • Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах
Улс орнуудын жишээ

Ардчилал нь суларч  улмаар авлига нь бэхжсэн орнуудыг Турк ба Унгар тэргүүлж байна. Турк улс 41 оноо авсан ба 2013 оноос 9 оноо доор байна. Freedom in the World Index  Турк улсын ардчиллыг ‘partly free’ ангилаас    ‘not free’  ангилалд шилжүүлжээ. Туркийн  ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлсэнээр  хяналт ба тэнцвэрийн тогтолцоо алдагдаж ардчиллын институцууд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг Туркт хязгаарлаж байна. 

Туркийн  ерөнхийлөгчийн жишээ бол сул ардчилалтай оронд эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж ардчиллыг сулруулж,  ял шийтгэлээс зугатах замыг сонгодогын баримт юм.Эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж  үлдэхийн тулд мөн улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж, эсвэл тэдэнд албан тушаал эрх мэдэл өгч байна.  Унгар улс 2014 оноос хойш 54 онооноос 8 оноо алдаж 46 оноо авсан. 1989 онд Коммунист дэглэмээс салсанаас хойш  улс төрийн эрх чөлөөний оноо нь 2018 онд  хамгийн бага болжээ.  Унгар ба Туркийн жишээ бол хуулийн засаглал суларч иргэний нийгмийн ба хэвлэлийн эрх чөлөө багассаны илэрхийлэл мөн. Унгарын жишээ мөн л  эрх мэдэлтэнгүүд хуулийн засаглалыг сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдагын тод жишээ юм. 2010 оноос Унгарын ерөнхий сайд  Viktor Orbán  намын нөхрөө улсын прокуророор томилж, Үндсэн хуулийн шүүхийг дэмжигчдээрээ бүрдүүлж, Авлигын эсрэг шүүх байгуулсан ч шүүгчдээр нь засгийн газрын хараат шүүгчдийг томилжээ. Авлига өндөр орнууд улс төрийн сөрөг хүчиндээ халтай бөгөөд тэдэнд эрсдэлтэй байдаг. Улс төрийн аллага  өндөр орнууд  авлига өндөр байгааг манай судалгаа онцолж байна. АНУ 71 оноо авч 4 оноо алдсан ба сүүлийн 7 жилд хамгийн бага оноог  2018 онд авсан ба шилдэг  оноотой 20 орноос хасагдлаа.АНУ бага оноо  авсан нь энэ улсад  хяналт ба тэнцвэрийн тогтолцоо өөрчлөгдөн муудаж, улс төрийн өндөр түвшинд ёс зүйн хямралд орсон үетэй нь давхцаж байна.  АНУ засаг захиргаа хаагдаж зогсолт хийсэн,  улс төрийн ба нийгмийн туйлшрал явагдаж, иргэд засгийн газартаа итгэл алдаж, популизм оргилдоо хүрчээ. Энэ нь  иргэд нь АНУын суурь ардчиллын институцид итгэх итгэлийг алдагдуулсан явдал боллоо. Энэ онд 35 оноо авсан Бразил улсын хувьд сүүлийн 7 жилд хамгийн бага оноо бөгөөд өнгөрсөн оноос 2 оноо  алдлаа. Бразил улсыг  мөн л популист удирдагчид олон жил удирдаж  популизм газар авч байгаа  билээ.

Ш.Нандин-Эрдэнэ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.