П.Цэрэндагва: Би дүрд тоглодоггүй. Би жүжигт амьдардаг юм

"Тамгагүй төр" жүжгийн Эгэрэгийн дүрийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Биеийг идэх өт бие дотроос гардаг, төрийг идэх өт түшмэл дотроос гардаг” хэмээн тодорхойлсон байдаг. Харин  хүмүүсийн "хараалыг идсэн" түшмэлийн дүрийг Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва бүтээж, 21 жил тайзан дээр Эгэрэг болон "хувирсан" билээ. Тиймээс түүнийг тайзан дээрээс Эгэрэгийн дүрээр мэндчилэхээс өмнөхөн уулзаж, тус жүжгийн талаар цөөн хором ярилцлаа.

   Тэр цагаан цамцны зах гялалзуулан, саарал цувны хормой дэрвэлзүүлж, цаанаа нэг гүжирмэг, эрэмгий, газар хүртэл минийх гэсэн шиг товолзтол алхалж яваа нь өөртөө итгэлтэй, бардам сэхүүн харагддаг. Сэлэмний ир мэт хурц, зоримог, буцашгүй, цуцашгүй  хязгааргүй тэмүүлэлдээ хүрэх гэж гал мэт асч, дөл мэт бадарч явдаг тийм жүжигчин түүнээс өөр хэн байдгийг би мэдэхгүй юм.
   Тэр цагаан шүд яралзуулан, уруул дээрээ бүгээн инээмсэглэл эсгэн, тунгалаг хар нүдээ бүжиглэх мэт солбицуулан дүүхэлзээд гарч ирэхэд урлагийн тайзанд нар мандах мэт гэгээ татуулж, үзэгч олны сэтгэл сэргээнэ. Үгээр жонглёрдож тоглох авьяастан гэвэл түүнийг л хэлнэ. Тэр үгээр сүмбэр цагаан уул ч босгоно, сүндэр саарал барилга ч барина. Түүний хэлсэн үг үзэгчдийн сэтгэлд биш зүрхэнд сум мэт тусна.
  Тайзан дээрээс үзэгчдэд үгээ шидэж хүргэнэ гэдэг эгэлгүй хүний л үйл. Ийм нэгэн үгийн шидтэн уншигч таны хэтэрхий ойрын танил, садан шиг санагдах вий. Түүнийг Монгол Улсын ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва гэх. Энэ хаяг сонсоход Танд цэргийн найз Цэрэн шиг чинь бодогдож байна уу?                                                                                                                                                                          / СГЗ Ж.Пүрэв, "Тэнгэр ивээлт жүжигчин"-нийтлэлийн хэсгээс/

"Тамгагүй төр" жүжиг энэ жил 21 нас хүрлээ. Хүнээр зүйрлэвэл эд хав тэнийж, эрийн цээнд хүрсэн гэлтэй. Кинонд дүр бүтээдэг жүжигчин, театрын жүжигчин хоёрын ялгааг МУСГЗ "Хасар" Жаргалсайхан хэлэхдээ, "Кинонд нэг удаа жүжиглээд тэр дүр дахиж өөрчлөгдөхгүйгээр хадгалагдан үлддэг. Харин театрын жүжигчин өнөөдрийн алдаагаа мэдэрч маргааш нь түүнийгээ засч, өдөр бүр "өнгөлөгдөж"  байдаг. Тиймээс ч театрт өдөр бүр шинэ жүжиг тавигддаг гэж бид ярьдаг. Өчигдрөөс илүү өнөөдөр сайн байна. Жүжигчин ч байнгын бэлтгэлтэй байдаг учир чадвар нь улам хурцлагдаж байдаг" хэмээсэн юм. Тиймдээ ч УДЭТ-ийн тайзнаа хамгийн олон жил тасралтгүй тавигдаж буй "Тамгагүй төр" жүжиг он цагийн уртад улам тунгалагшиж, чанаржсан нь эргэлзээгүй юм.

Тус жүжиг, Арчуг хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш хэмээн бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Жүжгийн үйл явдлын зангилаа эндээс эхэлдэг.

-Сайн байна уу. Нэг жүжигт нэг дүрийг 21 жил бүтээнэ гэдэг хэр элбэг тохиол вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлж болох уу?

-"Тамгагүй төр" жүжиг анх тавигдсанаасаа хойш 21 жил өнгөрчээ гэдэг тодорхой хэмжээний цаг хугацааг туулсан юм байна гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Энэ жүжиг яагаад ингэж урт наслах болов оо гэдэгт тал талын хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Хамгийн гол нь театрын урын сангийн бодлогод зохиолын хувьд, жүжгийн анх хийсэн хийцийн хувьд, уран бүтээлчдийн ажилласан ажиллагааны хувьд, тодорхой нэгэн цаг үеийг давж дамжиж энэ олон жилийг туулж, өнөөдөр энд хүрч ирсэн учир нэгэн шинж бүрдэж байгаа болов уу.

Нэг жүжигт хэдэн хүн яаж тоглосон бэ гэдэгт жүжигчин хүн хариулаад сууж байх ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг би мэдэхгүй. Аливаа жүжиг, жүжгийн зохиолоос хамааран асар их ялгаатай. Жүжигчдийг солих уу, үгүй юу гэдэг найруулагчийн цэвэр өөрийнх нь шийдлийн асуудал  гэж би боддог.

Миний хувьд энэ жүжигт 21 жилийн хугацаанд 3 хаан, 3 хатан, 4 хүүтэй хувь зохиолоор учирч ажиллаж, амьдрах боломжийг орон зай цаг хугацааны дунд надад оноосноороо миний уран бүтээлийн ажилд сонирхолтой нэгэн цаг үе болж өнгөрөв үү дээ гэж би дотроо боддог. Хамгийн анх тавигдаж байхад тоглож байсан хаана нь Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай байлаа. Миний эх хатанд Болормаа, бага хатанд Гавьяат жүжигчин Оюунчимэг, Хүүд Доржсүрэн тоглож байв.

Энэ жүжиг бол гарцаа байхгүй миний уран бүтээлийн замнал, цааш яаж явах вэ гэдэг шалгуур байсан. Театрт өмнө нь хэрэгжүүлж байгаагүй тэр зүйлийг сэдэж  шингээж ажилласнаараа уг жүжгийн онцлог нь юм шүү гэж би бардам хэлэхийг хүсч байна. 

Ч.Найдандорж найруулагчийн гол санаа нь "Уг жүжигт дуудлагат уншлага буюу эгшиглэнт чанарын тухай жүжгийн хэллэг бүр дээр анхаарч ажиллана шүү" гэсний би одоо тодхон санаж байна. Үүнийг сонсоод "За би чинь юу билээ" хэмээн халшрах зүйл гарч байсан. Гэхдээ бид үүний ард гарч чадсан. "Тамгагүй төр" жүжгийн яруу найрагч хүн бичсэн төдийгүй, төрд ажилласан, зовлон жаргалыг нь мэдсэн юмыг сэтгэж чаддаг, юмыг тээж чаддаг, юмыг үүрч явж чаддаг хүн бичсэн юм байна гэж анх уншиж байхдаа бодсон гэдгээ нуугаад яах вээ.

Л.Жамсранжав гуай тэр үед "За даа би энэ дүрийг барахгүй байх. Гооёо багш минь л байсан бол ёстой яг роль нь энэ байлаа даа" хэмээн хэлж байсныг ч би одоо санаж байна. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл найруулагчийн болон зохиолчийн илэрхийлэх гэсэн төрт ёсны талаарх санаа тэртээ тэргүй хэлэгдчихсэн. Харин энэ жүжгийн хэл нь ямар байх юм бэ гэдэг асуудал бидний өмнө тавигдаж буюу монгол хэлний эгшиглэнт чанарыг гаргаж ирэх үүрэг гарцаа байхгүй бидний өмнө тавигдаж, гаргаж ирэх тийм нөхцөл байдалд биднийг тулгасан. Тиймээс ч энэ жүжгийн оршин тогтнох төдийгүй, энэ жүжиг амжилттай болох үндэс нь энэ байсан юм болов уу гэж би бодож байна. 

-21 жилийн өмнө тайзан дээр амилсан Эгэрэг, өнөөдрийн Эгэрэг хэрхэн өөрчлөгдсөн бол...?  

-Хүн өөрчлөгддөг. Дүрийн мөн чанар ч гэсэн өөрчлөгдөхийг үгүйсгэх тийм номыг би сонсоогүй. Хувьсан өөрчлөгдөх жамын тухай яриваас бүх зүйл өөрчлөгдөнө. Аа харин, жүжгээр хэлэх гэсэн, илэрхийлэх гэсэн санаа өнөөдөр өөрчлөгдсөн үү, үгүй юу гэдгээс эхлэн хөөвөл  хүнд ярих яриа гарч ирнэ. Үнэхээр хүн санадаг, сэрдэг, боддог, ухаардаг байсансан бол төр ингэж дампуурч явах байсан ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй байна. 

Жүжигт эсрэг дүр гэж байдаггүй, амьдралд адгийн муу хүн гэж байдаггүй. Энэ доогон болсон үзэл бодлоосоо бид салах хэрэгтэй

-21 жилийн өмнөх үзэгч, өнөөдрийн үзэгч хоёрын хандлага хэрхэн хувирч, хувьсан өөрчлөгдсөн бол...?

-Бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж, хүмүүс уншихаа байчихсан юм байна даа гэдгийг л мэдэрч байна. Залхуу нь давамгайлаад уншиж чадахгүй байгаа бол адаглаад ирээд үзнэ үү гэж хүсэх байна. Чихнийх нь хулхи онгойж, нүднийх нь хөшиг нээгдэх болов уу л гэж горьдож энэ ажлыг би хийж сууна даа.

-"Тамгагүй төр" эмгэнэлт жүжиг. Эмгэнэлийн эхлэл нь юу юм бэ?

-Өөрийн бодолгүй эргүүтэж эхлэхээс л эхлэх байх даа.

-Үзэгчид үзвэрээ сонгож орж ирдэг. Та үзэгчээ захиалах байсан бол ямар үзэгч захиалах байсан бэ?

-Надтай санал бодлоо хуваалцах хүмүүс л орж ирээсэй гэж би хүснэ.

-Та тайзан дээр Эгэрэг болон хувирдаг. Нэг талаасаа та Эгэрэг. Гэтэл Эгэрэгийн дүрийг хүмүүс сөрөг талын дүр гэж хардаг. Тэгэхээр "таныг" сөрөг гэж харж байна ч гэж хэлж болох юм. Эгэрэг зовлонгийн үндсийг таригч мөн үү. Та өөрийн дүрийг өмгөөлөх үү. ?

-Эгэрэг ямар зовлон тарьсан юм бэ. (уурлав) Эерэг дүр, эсрэг дүр гэдэг ойлголтыг бид болих хэрэгтэй. Хэдэн жил л ярьлаа. Жүжигт эсрэг дүр гэж байдаггүй, амьдралд адгийн муу хүн гэж байдаггүй. Энэ доогон болсон үзэл бодлоосоо бид салах хэрэгтэй. Хэнийг сайн, хэнийг муу гэдэг юм бэ? Хэн муу гэж цоллуулдаг юм. Хэн сайн гэж цоллуулдаг юм. Би өмгөөлнө. Эгэрэг бол төрийг эзэнтэй байлгах гэж тэмцсэн хүн. Эгэрэг муу хүн, сөрөг дүр гэж хэлдэг. Төр тэгээд эзэнгүй байх ёстой юм уу, эзэнтэй байх ёстой юм уу. Эгэрэг төрийг эзэнтэй айлгахын төлөө л ажилласан. Би Эгэрэгийг өмөөрөхийн дээдээр өмөөрч, хайрлахын дээдээр хайрлаж энэ дүр дээр ажилласан. Тэрийгээ ч би буруу гэж боддоггүй. 

-“Биеийг идэх өт бие дотроос гардаг, төрийг идэх өт түшмэл дотроос гардаг” гэдэг үг жүжигт гардаг...?

-Аливаа юмыг сайн муу гэж харахаасаа урьтаж энэ хүний сайн чанар нь юу юм гэдгийг олж харах хэрэгтэй. Жүжигчин хүн хүмүүсийн эсрэг гэж хэлдэг тэр дүр дээр ажиллахдаа "Энэ хүн яагаад ингэж хэлүүлж байна вэ. Энэ хүний зөв ч байж болно шүү дээ" гэдэг талаас нь харах хэрэгтэй. 

Зохиолч муу гээд биччихсэн дүрийг би аваад, дээрээс нь муу гэж хараад, дүрээ бүтээхдээ муу бүхнээр нялаад байх юм бол... Мэдэхгүй юм даа. Ямар дүр болж хувирахыг би мэдэхгүй юм.

Чиний хэлж буй үг үнэн, үйлдэл бодит байж болох гэдгийг би үгүйсгэхгүй. Гэхдээ би энэ төрийг эзэнтэй байлгах гэж тэмцсэн. (Би гэнээ. Солиотой хог шүү. Эгэрэг шүү, Эгэрэг тэмцсэн юм).Жүжиг үзээд үзэгч өөрийн ухаан бодлын савны хэмжээгээр  хутгаж авч гардаг. Хүн болгон өөрийнхөөрөө л хүлээн авна. 

Зохиолч муу гээд биччихсэн дүрийг би аваад, дээрээс нь муу гэж хараад, дүрээ бүтээхдээ муу бүхнээр нялаад байх юм бол... Мэдэхгүй юм даа. Ямар дүр болж хувирахыг би мэдэхгүй юм. Эгэрэг чинь би шүү дээ. Хүн өөрийгөө муу гэж бодож болох уу?

Энэ бол миний ертөнцийг үзэх үзэл, миний эмзэглэл, миний энэ жүжгээр дамжуулаад хэн нэгэн ухаараасай, бодоосой, хичээгээсэй, санаасай, сэдээсэй гэсэн хүсэл минь. Зорилго минь юм шүү. Бид хүнийг муулахаас урьтаж яагаад ийм болчихсон юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Муугийн хөрсийг хэн тавьж, муугийн үрийг хэн суулгасан юм бэ гэдэг гол зангилаа юм болов уу гэж  би мунхаглаж байгаа шүү дээ.

Би хайрласан. Миний буруу юм уу. Биш ээ. Эгэрэгийн минь буруу юм уу. Эгэрэг хайрласан.

-Төрийг эзэнтэй байлгах гэж тэмцсэн нь Эгэрэгийг өмгөөлөх шалтгаан болно гэж үү?

-Төрд эзэн байтугай, эмэгтэй хүнд эзэн байхад яагаад болдоггүй юм бэ. Эр нөхөр нь эзэн болж чадаагүй тэр эмэгтэйд эзэн болоод очсон Эгэрэгт буруу байгаа юм уу. Би чамайг жаргаана гэж авчирч суучихаад, хайрлаж чадаагүй, үнэрийг нь хүртэл мартчихсан тэгээд үр хийж чадаагүй эр хүнийг эр хүн гэх үү. Тэгээд хаан гэв үү. Эмэгтэй хүнийг хайрлаж чадаагүй, эзэмшиж чадаагүй байж төрийн тамга атгаж чадах уу. Би тэр эмэгтэйг хайрлалаа. Тэр хүнийг үртэй болголоо миний буруу юм уу. Биш ээ "миний" Эгэрэгийн буруу юм уу. Хаан хүний эрхээр, эр хүний ёсоор эмэгтэй хүнийг жаргаана гэж авч суучихаад жаргааж чадаагүйгээ энэ төрөөс боллоо гэх үү. Би энэ эмэгтэйг жаргааж чадахгүй гэдэг чинь эрэгтэй хүний амнаас гарч болох үг мөн үү. Бодоод нэг үзээрэй.

Бид бүгд зөв ярьдаг. Гэхдээ хэн ч юу ч хийдэггүй хүн сүрэг болсон.

-Сайн, муу гэдэг үг байдаг юм чинь утга оноох хэрэг болох байх... Таныхаар...?

-Үүнийг хүн бүр өөр өөрсдийн савны хэмжээгээр тунгааж, ухааны цараар сэтгэх биз ээ. Би аливаа зүйлтэй санал сэтгэгдэлээ хуваалцана уу гэхээс бус хэн нэгэнд тайлбарладаг хүн биш, цаг нь ч биш. Бидний сонгож авсан нийгэм чинь энэ.  Бэлэнчлэх сэтгэлгээ газар авч, одоо бүр депатут нь очиж хогийг нь цэвэрлэж өгөх ёстой болж байна. Бид бүгд зөв ярьдаг. Гэхдээ хэн ч юу ч хийдэггүй хүн сүрэг болсон. Социализмийн үед бид юм хийдэг хүн сүрэг байсан юм шүү. Ялгаа хаанаа байна. Тэр ялгааг олж харахын тулд жүжиг үзэхэд илүүдэхгүй болов уу гэж мунхаглана. Утаанаасаа салчих боломж бидэн байсан ч сэтгэл дутсанаас болж хүүхдүүдээ хордуулаад, хүүр үйлдвэрлээд сууж байна шүү дээ. Түй чёрт...

-Эгэрэгийн хүү үхдэг хэсэг дээр та хашгардаг. Тэр хашгараан хүүгээ гэсэн Эгэрэгийн үнэн зүрхний хашгараан байв уу. Цэрэндагва гэдэг хүний уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэлийн дүнд үнэн болж хувирсан хашгараан байв уу. Та хэрхэн дүрдээ ордог вэ. Тэр дуу хоолой жүжиг үзсэн хүн бүрийн сэтгэлд цуурайтаж үлдсэн гэж би боддог?

-Жүжгийг тоглоно гэж хэлдэгтэй би санаа нийлдэггүй юм. Жүжигт амьдрах гэж л хичээх ёстой. Би надад өгөгдсөн орон зай, цаг хугацаанд, хөшиг нээгдэж, хаагдах хооронд Эгэрэгээр л амьдрах юмсан гэж тэмүүлдэг. Мөн чанарыг нь ойлгох юмсан гэж... Сайн муу, сайхан муухай ямар л хэмжигдэхүүн байна тэр бүх зүйлийг бидэнд бурхан адилхан өгсөн. Жүжигчин хүнд үүнийг харуулах бүрэн боломжийг өгсөн юм болов уу даа. Гэхдээ орон зай цаг хугацааны дотор тэр боломжийг ашиглах ёстой. Тиймээс л Цэрэндагва та нарын хараалыг идсэн дээрэмчин, хайрыг татсан хутагт, нүдний үзүүрт орох хулгайч болж байна. Энэ зан чанарууд бүх хүнд бий. Та нарт нээж харуулах боломж нь л байгаагүй. Жүжиглэх нь хүн судлал, амьдрал судлалын шинжлэх ухаан учир их юм унших хэрэгтэй гэж миний багш нар хэлдэг байсан.

Би тайзан дээр байхдаа амардаг. Хүн хараад намайг ажиллаж байна гэж харах байх. Гэхдээ л би тэр үед л амарч чаддаг. Харин одоо ингээд бэлтгэл хийгээд сууж байхдаа бодож, гэртээ харих үедээ ажиллаж байдаг.

-"Хасар" Жагаа гавьяат таныг Цагааны Цэгмид гуайгаас бусад бүх алтан үеийн жүжигчинтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан болохоор тэднээс олон зүйлийг шингээн авч, хойч үедээ өвлүүлэн яваа хүн гэж хэлсэн. Танд алтан үеийнхэнээс авч үлдсэн, дараагийн үе хадгалж үлдээсэй гэж онцлох тийм зүйл би юу?

-Би дэг сургууль авч үлдсэн. Адаглаад хувцсаа зөв өмсөх хэрэгтэй. Зохиолын үгийг дамжуулах биш зохиолын үгээр амьдрах хэрэгтэй гэдэг тэр зарчим алтан үеийнхэнээс авч үлдсэн алтан сургааль. "Чи намайг... Хүн урдаа хоёр нүдтэй байхад би ардаа нэг нүдтэйг мартаж" гэдэг бол зохиол. Зүгээр хэлчихвэл хэлчих нь шүү дээ. Гагцхүү цаад талд нь гомдож хэлэх юм уу, баярлаж хэдэх юм уу, занаж хэлэх юм уу, малтаж хэлэх юм уу, зүхэж хэлэх юм уу, өршөөж хэлэх юм уу...

Би Цэцэр хатанд,... Би гэж дээ Эгэрэг шүү дээ... Эгэрэг үнэхээр Цэцэр хатанд хайртай байсан учраас түүнийг хөнөөж чадаагүй. "Би энэ хутгыг чам руу эргүүлээд дүрчихмээр байна. Гэвч илж байсан хөх минь энд сэрийж харагдаад намайг зовоож байна" гэдэг хэсгийг хараад одооны хүүхдүүд жаахан бардам баймаар байна шүү дээ. Эр хүн эмэгтэй хүнийг тэгж хайрлаж хүндэтгэхээс өөр илүү яах юм бэ. 

-Та "Тамгагүй төр" жүжгийн аль хэсэг нь өнөөгийн нөхцөл  байдлыг илүү хурцаар илэрхийлнэ гэж бодож байна?

-Уран бүтээлч хүн аливаа зүйлд туйлшран хандах хандлагаас болгоомжилж, үргэлж зайлсхийж байх ёстой гэж би мунхаглана. Театр бол чи ингэж бод хэмээн тулган хүлээлгэдэг газар огт биш. Орж ирсэн хүнтэй санал солилцож, сэтгэл бодлоо хуваалцах тэр талбар нь байх ёстой юм болов уу даа. Театрт хүн зохиол сонсох гэж орж ирдэггүй юм аа. Энэ жүжигчин ямар үйлдэл хийх нь үү, үүниг хэрхэн харуулах нь уу, энэ бүхэн яаж тэсрэх нь вэ,  нугарах нь уу, хугацах нь уу гэдгийг харж байж өөрийнхөө амьдралд байгаа зүйлтэй харьцуулан, зэрэгцүүлж харж, хамтарч амьдраад энэ нөхцлөөс ухаан бодлын цар, савныхаа хэмжээгээр хутгаж аваад гардаг. Тиймээс театр илүү амьтай, илүү үнэтэй байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (18.205.176.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mongol (59.153.114.42) 2019-02-03 14:05:06
Hel am holuur baig. Lut jujigchindee
Уншигч (202.9.42.11) 2019-02-01 00:54:35
Хүний дээд сайхан хосууддаа.Ёстой энэ 2 минь мөнхрөөсэй гэж боддогдном.Бахархаад үг олдохгүй ийм сайхан сайхан улс шүү.Шижир алтууд
Shuten bishregch (64.119.21.101) 2019-02-01 00:43:39
Mongolin kino urlagt domog bolj uldsen mundag hun shu TSerendavga Mendbayr guia 2bol urt nasalj udaan jargaj ushuu ch olon uran buteeld munhurch duree uldeegeerei
Odnoo (103.57.94.190) 2019-01-31 23:01:23
Mundag hun shuu!! Hooloig n sonsohod l yamar saihan medremj turdug bilee ...
Бүрэнзаяа (103.229.121.180) 2019-01-31 17:29:31
Гайхалтай