Монгол Улсын 12 дахь УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын чуулган хуралдаж УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо. УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дараагийн даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн билээ. Өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн байна.

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргаар баталлаа. УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ Ийнхүү Г.Занданшатар Монгол Улсын 12 дахь УИХ-ын дарга боллоо.  УИХ-ын даргын хуулийн тогтоол хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан танилцууллаа.

Түүний өнөөдрийн чуулганы хуралдаанд хэлсэн үгээс онцлохыг тоймлон хүргэе.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа 

-Дотоодын бүтээгдэхүүнээ дэмждэг, хэрэглэдэг болцгооё. Татварын тухай хуулийн багц хуулийг УИХ-аар нэн яаралтай батлах ёстой. Үүний төлөө ажиллана. Аж үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд зээл санхүүгийн бодлогыг оруулж ирсэн. Цаашид импортын татварын асуудлыг ярина. Энэ мэт аж үйлдвэрээ бодлогын түвшинд дэмжиж байж эдийн засаг  солонгорно.

-Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авч, баялгийн хуваарилалтыг тэгш болгох ёстой. Тиймээс цаашид уул уурхайн салбар төдийгүй бизнесийн салбарт хууль ёсны дагуу ажиллаж буйг нь дэмжих ёстой. 

-Үндсэн хуульд Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт  байна  гэсэн заалт бий. ардчилсан төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Төрийн түшээд бид ард түмний  элч төлөөлөгч. Нийгмийн шударга ёс, хүсэмжлэл, шаардлагад нийцэж ажиллах ёстой. Үүний төлөө би ажиллана. 

-Ултөрийн талцал хуваагдлаас илүүтэй  эцсийн эцэст нийтлэг эрх ашгийн эрэмбэ ашгийг барьж ажиллана.

-Ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хоёрдугаарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна.

-Үндсэн хуульд хяналтын болон хариуцлагын тогтолцоог өөрчлөхгүйгээр бид цааш явахгүй болжээ. Үндсэн хуулиа өөрчил гэж ард түмэн МАН 65 суудал өгсөн.

-Би зах зээлийн эдийн засгийн үед хувийн хэвшлийнхэнд илүү боломж олгох ёстой гэсэн байр суурьтай байдаг. 

-Хэрэв сонгогдвол мөн өнөөдрийн нөхцөл байдлаас харахад ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай байгаа гэж харж байна.

-Төрийн түшээд бид ард түмний төлөөлөл байх учиртай. Тиймээс шударга ёс дээр суурилсан эв нэгдэл парламентын шинэчлэлийн гол зорилго байх ёстой. Улстөржилт, хуваагдал бол хоёрдугаар асуудал. Хамгийн нэгдүгээрт ард түмний эрх ашгийн төлөө бид нэгдэж ажиллах ёстой. 

УИХ-ын шинэ даргад УИХ-ын гишүүдийн хандаж хэлсэн үгээс онцлохыг тоймлон хүргэе.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Би бодохдоо УИХ-ын даргаар Нямдорж сайд орж ирнэ гэж бодсон. Эсвэл Аюурсайханыг оруулж ирэх байх гэсэн МАН залуу гишүүнээ дэмжээгүй бололтой юм. Яахав 50, 60 оны хөгшин хүн биш. 70-аад оны залуу хүн болох гэж байгаад баяртай байна. Г.Занданшатар уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой хэт ойр хүн дээ. Андын хувьд гуйхад энэ хоёроос хол байгаарай  амжилт хүсье"

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Оюутолгойн гэрээнд анхаарч ажиллах. Эрдэнэтийн асуудлыг цэглэх. Алдагдсан ордуудыг эгүүлэн ард түмнийх болгох. Монголбанк улс төрийн хараат байгаа. Энэ улстөрчдөөс хараат байдлыг нэн даруй засахгүй бол эдийн засгийн реформ тань амжилттай болоход хэцүү. 

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Би нэг л зүйлийг захья. Г.Занданшатар дарга та дээрээ ганцхан даргатай болсон. Хууль тогтоох дээд байгууллагын дарга хуульд л захирагдана. Тиймээс хуулиа дээдэлж ажиллахыг танд хүсье."

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "УИХ-ын дарга парламентын нэрийн хуудас шүү. УИХ-ын дарга муу ажиллавал 38 хүний гарын үсгээр огцруулах хуулийн заалт байгаа гэдгийг санаж ажиллаарай. 

-УИХ-ын гишүүн Л.Болд, "Нийгмийн хөдөлгөөнд хамтарч ажилалсан 5 гишүүн Баялагтаа эзэн Монгол гэдэг бүлэг байгуулсан. Энэ бол маш том агуулгатай шүү. Монгол ялна гэж юу гэсэн үг вэ. Монгол хүн баялагтаа эзэн болно л гэсэн үг" 

 Монгол Улсын түүхэнд 1990-ээс 2019 оныг хүртэл дараах 11 УИХ-ын дарга сонгогдон ажиллаж байв.
1 Раднаасүмбэрэлийн Гончигдорж 1990 - 1992
2 Нацагийн Багабанди 1992 - 1996
3

Раднаасүмбэрэлийн Гончигдорж

1996 - 2000
4
Лхамсүрэнгийн Энэбиш
2000 - 2001
5 Санжбэгзийн Төмөр-Очир 2001 - 2004
6 Намбарын Энхбаяр 2004 - 2005
7 Цэндийн Нямдорж 2005 - 2007
8 Данзангийн Лүндээжанцан 2007 - 2008
9 Дамдины Дэмбэрэл 2008 - 2012
10 Зандаахүүгийн Энхболд 2012 - 2016
11 Миеэгомбын Энхболд 2016 -2019
12 дахь УИХ-ын дарга Г.Занданшатар гэж хэн бэ?

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ШАГНАЛ:

  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.214.184.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.43.127) 2019-02-02 08:58:54
Өчнөөн жил дээр бсан,олигтой дорвитой ч үг хэлж байгаагүй энэ юм хийх үү?