Э. Баатарцогт: Дараах 1 сая гаруй хүн одоо тараагдах 1072 хувьцааны ногдол ашиг авч чадахгүй. Тиймээс...

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө мэндэлсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт эзэмшүүлэхээр болсон. Тэгвэл хувьцааны ноогдол ашгийг ирэх гуравдугаар сараас олгох боломжтой гэсэн мэдээллийг Засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа юм. Энэ талаар 1072 Мэдээллийн албаны менежер Э. Баатарцогттой ярилцлаа.

-Улаанбаатар хотод байгаа иргэд брокерийн компаниар дамжуулаад шууд дансаа нээлгэж байгаа. Гэхдээ хөдөө орон нутагт байгаа иргэдэд данс нээлгэх боломж хомс, брокерийн компани хүрэлцэхгүй байгаа гэж олон нийт хэлж байна. Хувьцаа тараагдах талаар яригдаж эхэлсэн энэ үед иргэдийн данс нээх боломжийг хэрхэн бүрдүүлэн ажиллаж байна вэ?

-Ерөнхийдөө 50 брокерийн компани үйл ажиллагаа явуулж байна. Брокерийн компани бол  зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн зах зээл дээр арилжаанд ороход хүмүүсийг зуучлан хувьцааны данс нээдэг байгууллага. Аймгийн төв дээр бол брокерийн компаниуд байгаа тэндээ очоод нээлгэж болно. Гадаадад байгаа иргэд бол элчин сайдын яамаараа дамжуулаад нэхэмжлэл хийлгээд нээлгэх боломжтой байгаа. Хэрэв хотод амьдарч байгаа бол харъяалал харгалзахгүй хамгийн сайн гэсэн брокерийн компани дээр очоод нээлгэх боломжтой байгаа.

Дансаа нээлгээгүй 1 сая гаруй хүн одоо тараагдах 1072 хувьцааны ногдол ашиг авч чадахгүй болоод байна. Тиймээс яаралтай дансаа нээлгэх шаардлагатай

-Дансаа нээлгээгүй иргэд хэр олон байгаа вэ?

-Одоогийн байдлаар 1 сая 400 мянган хүн хувьцааны данс огт нээлгээгүй байна. 1 сая 100 мянга нь хувьцааны данс нээлгэчихсэн байгаа. Хүмүүс ойлгохдоо 1072 хувьцааны данс нээлгэчихлээ гэж ойлгоод байгаа, үгүй энэ бол зүгээр л хувьцааны данс. Өөрөөр хэлбэл та өөрөө хувьцааны арилжаанд орох боломжтой болж, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа 220 хувьцаат компанийн хувьцаанаас худалдан авах боломжтой гэсэн үг. Тэрнээс биш 1072 хувьцаа бол одоогоор нээгдээгүй байгаа. Нээгдэх гол шалтгаан нь бол иргэдийг мэдлэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой ойлголттой болгох.

-Хөдөө орон нутгаар данс нээж байгаа ханш болон хугацаа их зөрүүтэй байгаа. Яагаад вэ?

-Дансны тухайд нээлгэж байгаа хүн маш их байгаа. Ачаалал их гэсэн үг. 50 брокерийн компани дээр хувьцааны дансны бүртгэл авч байгаа ч гэсэн яг шивж оруулж байгаа байгууллага нь төрийн байгууллага байдаг болохоор хугацааны хувьд тэндээ удаж байна. Энэ асуудлыг түргэсгэхийн тулд бид Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцааны ноогдол ашиг тараах асуудал яригдаад эхлэхээр 1 сая 400 мянган хүн дансгүй байна энэ хүмүүсийн дансыг яаралтай нээж өг гэсэн шаардлага тавьсан.

Харин 5000 төгрөгний асуудал болохоор иргэдийн хандах хандлага нь хэдэн төгрөг хураагаад хэн нэгний халаасанд ороод байна гэж ойлгоод байгаа юм шиг байна. 2000 төгрөг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн шимтгэлд явдаг, 3000 төгрөг нь брокерийн компаниудын үйл ажиллагааны үйлчилгээний хөлс байгаа юм. Тэр 7000 төгрөг 10000 төгрөгөөр хол нээж байгаа нь бол 2000 төгрөг нь clearing дансны доод талын үлдэгдэл, хэрвээ та зөвхөн хувьцааны данс нээгээд орхих бол 5000 төгрөгөөр нь нээчих нь, арилжаанд орох шаардлагатай гэвэл 7000 төгрөгөөр нээнэ гэсэн үг. 10000 төгрөгний хувьд бүр хол Баян-Өлгий, Ховд зэрэг газруудад очиж өөрсдийнхөө зардлыг гаргаж явж байгаа брокерийн компаниудын үйлчилгээний хөлс нэмэгдэж байгаа. Тэрнээс биш хэн нэгний халаасанд ороод байгаа юм биш, энэ байгууллагууд чинь өөрсдөө бизнесийн байгууллага ашиг олох ёстой гэдгийг л иргэд ойлгох хэрэгтэй. 

-Хувьцааны ноогдол ашиг хэзээнээс өгч эхлэх вэ?

-Энэ оны гуравдугаар сард гэхэд өгөх боломжтой болсон гэсэн мэдээлэл гарсан. Ноогдол ашиг өгөх шийдвэр нь гараагүй байгаа. Компаний тухай хуулиар 4 сард ТУЗ- ийн хурал болж байж шийдвэр нь гарах ёстой.

- Тэгэхээр иргэд шууд одоо 3 сараас эхлээд авч эхлэнэ гэж ойлгож болохгүй юм байна тийм үү?

-Иргэдийн 70 орчим хувь нь хувьцаагаа зарах бодолтой байгаа. Нэгдүгээр асуулт нь хувьцаагаа хурдан нээлттэй болго, хоёрдугаар асуулт нь ноогдол ашигаа өг гэсэн. Иргэд ойлгохдоо сар болгон маш их мөнгө аваад ажил хийхгүй амаа ангайгаад Арабын шах шиг сайхан амьдрах юм байна л гэж ойлгоод байгаа юм. Уг нь бол ноогдол ашиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгө олгодог гэхдээ энэ мөнгийг олгох нь зөв юмуу эсвэл ирээдүйд илүү өгөөжөө өгөх дэд бүтцийн төслүүдээ явуулсан нь дээр юмуу гэдэг шийдвэрийг  хуулийнхаа дагуу ТУЗ-н хурлаар шийддэг.

-Хувьцааны захиран зарцуулах эрх нээгдэхээр зарах, арилжаалах хүсэлтэй иргэд маш их байгаа. Тэгвэл энэ хувьцааг зарах нь зөв юмуу ,буруу юмуу?

-Хүмүүс 100 мянгаар зарчихъя , 1 сая төгрөгөөр зарчихъя гээд байгаа, энэ бол зардаг хувьцаа биш гэдгийг л иргэд ойлгохгүй байна. Энэ бол 100 жил хадгалдаг хувьцаа. Яагаад гэвэл компани чинь өөрөө 8 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 8 жилийн хугацаанд 40 сая тонн нүүрс олборлож борлуулсан. Тэгэхээр компаний үнэ цэнийг ойлгох ёстой. Зардаг биш хадгалдаг хувьцаа гэдгийг. Цаашдаа энэ хувьцаа нь сургалтын төлбөрийн зээл, байрны 30 хувийн эпотикийн урьдчилгаанд барьцаа хэлбэрээр ашиглах ч боломжтой.

- Эрдэнэс Таван Толгой ХК-ний 1072 хувьцааны үнэ цаашид өсөх боломж нь хэр вэ?

-2017 он 2018 он хүртэл энэ компани нь бэлэн болон бэлэн бусаар улс төрчдийн буруу шийдвэрийн дагуу 681 сая доллар тараасан байгаа. Энэ компани бол ард иргэдэд үр ашига а өгсөн. 2018 оны санхүүгийн үзүүлэлтээр бол 721 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан улсын төсөвт 510 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж татвар төлсөн. Энэ үзүүлэлтүүдээс харахад энэ компаний цаашдын хувьцааны үнэ цэнэ бол олон улсад өсөх хандлагатай. IPO хөрөнгө оруулалт татахаар хувьцааны үнэ угаасаа өсөөд эхлэнэ.

-Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол нь юу вэ. Банкинд мөнгө хадгалуулснаас юугаараа илүү ашигтай юм бэ?

-Өнөөдөр зах зээлийн 96 хувийг банк эзлээд байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 28 жилийн турш банкаар л үйлчлүүлж мэддэг, банкинд л мөнгө хадгалдаг, банк л мөнгийг эргэлдүүлдэг гэж ойлгосоор ирсэн. Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулснаараа та эх орондоо хөрөнгө оруулж байна, дотоодын аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгө оруулж байна гэсэн үг. Тэр байгууллагуудад ажлын байр нэмэгдэнэ, тэр байгууллагыг ашиг орлого нэмэгдэнэ, үйл ажиллагаа нь улам тэлнэ, тэр байгууллага Монгол улсад татвар төлнө. Харин таны банкинд хадгалуулсан мөнгө бол банк хадгаламж эзэмшигч хоёр л ашгийг нь хүртэж байгаа. Бүр цаашлаад хадгаламж эзэмшигчээсээ илүү банк ашиг олж байгаа. Хөгжилтэй орнуудын гол санхүүгийн зах зээлийн хөгжил нь бол хөрөнгийн зах зээл, банкны зах зээл хоёр нь ижил түвшинд байж нөгөө зээлийн хүү нь бага байдаг. Банкинд хэвтэж байгаа сул мөнгө нь илүү их үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн зах зээл дээр хувьцааг авдаг.

Эрдэнэс Таван Толгой компани бол стратегийн том ордуудын хамгийн анхны ард түмэнд өгч байгаа өмч.

-Цаашдаа хувьцааг захиран зарцуулах эрх нээгдсэн ч зарахгүй хадгалах нь хамгийн зөв арга гэж ойлгож болох уу?

-Тэгэхээр ЭТТ-ийн хувьцаа буюу 1072 хувьцаагаа зах зээл дээр нээлттэй болсны дараа зараад эхлэх юм бол хувьцааны үнэ унана. Энэ бол эрсдэл, 1072 хувьцаа 1 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол үнэ нь унана, иргэдийн гар дээр бүртгэлтэй байгаа хувьцааны үнэ унана, компаний үнэ цэнэ унана. АНУ-н Форд компани 1903 онд байгуулагдаж байсан. 116 жилийн түүхтэй АНУ-н иргэдийн мэдэлд 99 хувь нь байдаг . Тэндээс ганц ширхэг ч хувьцаа нь зарагдаагүй. Тийм болохоор иргэд нь эндээсээ үр ашгийг нь хүртээд дэлхийн 10 топ компаний нэг болж чадсан. Ийм жишгээр бид үр ашигаа хүртээд явах ёстой. Эрдэнэс Таван Толгой компани бол стратегийн том ордуудын хамгийн анхны ард түмэнд өгч байгаа өмч. Ард түмэн өөрсдөө манай компаний хувьцааг сая төгрөгөөр авч хөрөнгө оруулсан эзэн гэсэн үг. Дараа дараагийн ийм ордууд бий болоход энэ асуудлыг алдахгүй, хохирохгүйгээр оролцох боловсролыг л олгох гэж эхлүүлсэн ажил. 

​1072 хувьцаагаа баталгаажуулах 4 алхам: Энд дарна уу.

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Монгол Улсын иргэн бүрийн эзэмшдэг 1072 хувьцааны мэдээллийг үндсэн таван эх сурвалжаас мэдэх боломжтой талаар тус компанийн дэргэд байгуулсан “1072 хувьцаа” мэдээллийн төвөөс мэдээллээ. Үүнд:
  • Тус төв дээр ирж лавлах, зөвлөгөө, мэдээлэл авах,
  • Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очих,
  • 1800-1072 дугаар руу утасдаж асуух,
  • Интернэтээр орж харах,
  • 158989 гэсэн дугаар руу мессеж илгээх юм.

Сэтгүүлч Ш.Нандин-Эрдэнэ

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.161.74) 2019-03-01 11:12:44
Yuyu geed hutsaa bga novsh ve ene odoo arabin shah geh shig tom2 hutsdag golog vee
Баттулга (112.72.11.102) 2019-02-08 09:42:52
Ок