Б.Очирбат : “Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна” гэсэн зарууд залилан гэдгийг анхааруулж байна

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн Хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Очирбаттай жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг авто сургуулиудад тавьдаг хяналт болон жолооны үнэмлэхийн талаар ярилцлаа. 

Эрүүл мэндийн үзлэг нь жолоочид тавигдах хамгийн чухал шаардлага 

- Жолооны шалгалтыг өгч тэнцсэнээс хойш хэдий хугацаанд жолоочийн үнэмлэх олгодог вэ?

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн бэлдэцийн хомсдолтой холбоотойгоор одоохондоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу түр үнэмлэх олгож байгаа. Хэвийн нөхцөлд манай байгууллага ажлын 3 хоногт жолооны үнэмлэхийг хэвлэж олгох боломжтой. 

- Жинхэнэ жолооны үнэмлэхийг хэзээнээс олгож эхлэх вэ?

- Жолооны үнэмлэхийн бэлдэцийн хомсдол, тендерийн асуудалтай холбоотойгоор  /Тендерийн үйл явц сүүлийн шатанд явагдаж байгаа/ энэ оны эхний улиралд багтан олгож эхлэх төлөвлөгөөтэй байна.

- Жолооны шалгалтыг ямар давтамжтайгаар авч байна вэ?

- Манай байгууллага тээврийн хэрэгслийн жолоодох эрх олгох, шалгалт авах үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулдаг. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон Замын цагдаагийн тасгаас орон нутагт шалгалтыг авч байгаа. Нийслэлд манай байгууллагын байцаагч нар шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Шалгалт авах үйл ажиллагаа тогтмол ажлын өдрүүдэд явагдаж байна. Онолын шалгалтыг цахимаар, хотын жолоо болон дромын шалгалтыг дадлага  хэлбэрээр зохион байгуулдаг.

- Жолооны үнэмлэхийн шинэ ангиллын эрх нэмж авахын тулд яах вэ?

- Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам гэж байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан журам байгаа. Журамд ангилал нэмэх хүсэлт гаргасан иргэн тээврийн хэрэгсэл жолоодох сургалтын байгууллагад хандаж, хүсэлтээ гаргах ёстой. Сургалтын байгууллага ангиллын хүсэлтийн дагуу гэрээ байгуулдаг. Гэрээний дагуу сургалтад хамрагдаж, хамрагдсаны дараагаар сургалтын байгууллагаас үнэлгээний хуудас олгодог. Дараа нь сургалтын байгууллага нэгдсэн шалгалтын бүртгэлд тухайн иргэний мэдээллийг оруулдаг. Ингэж тухайн ангилалд тохирох шалгалтыг авсанаар жолооны үнэмлэхийг олгодог.

- МУ-ын жолооны үнэмлэхтэй иргэн олон улсын үнэмлэх авахын тулд яах вэ?

- Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 2 сард баталсан Тээврийн хэрэгсэл жолоодох журмын дагуу ОУ-ын жолоодох эрхийн үнэмлэхийг олгож байгаа. Энэхүү үнэмлэх нь нэг жил 20 мянга, хоёр жил 40 мянга, гурван жилийн хугацаатай авбал 60 мянган төгрөгийн төлбөртэй.

ОУ-ын жолооны үнэмлэх нь нэг жил 20 мянга, хоёр жил 40 мянга, гурван жилийн хугацаатай авбал 60 мянган төгрөгийн төлбөртэй.

Тухайн журамд бүртгүүлэх материалыг заасан бөгөөд үүнд иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт /нүдний өнгө, үсний өнгө, биеийн өндөр, жинг тодорхой бичнэ/ зэргийг оруулдаг. Хүсэлтийн дагуу ажлын хугацаанд ОУ-ын жолооны үнэмлэхийг 1-2 хоногт олгох боломжтой.

- Гадаадын иргэн Монгол Улсын жолооны үнэмлэхийг авахын тулд яах вэ?  

- Замын хөдөлгөөний дүрэм болон ОУ-ын конвенцэд зааснаар МУ-ын нэгдэн орсон конвенцэд нэгдсэн улсын иргэний гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг манай байгууллагаас баталгаатай бол шууд сольж олгодог. 

МУ-ын нэгдэн орсон конвенцэд нэгдсэн улсын иргэний гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг манай байгууллагаас баталгаатай бол шууд сольж олгодог.

Конвенцэд нэгдээгүй улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй гадаад иргэнд МУ-ын замын хөдөлгөөний дүрмийг судлуулан онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд үнэмлэхийг сольж олгодог.  

- Согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан иргэний жолооны үнэмлэхийн эрхийг хасдаг. Жолоочийн эрхээ сэргээхийн тулд яах вэ?  

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах хэд хэдэн тохиолдол байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрсөн тохиолдолд эрхийг хасах арга хэмжээ авдаг. Тухайлбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг жил, хурд хэтрүүлсэн бол 3 сарын хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг. Мөн зөрчил гаргасны улмаас зөрчлийн 10 оноо дуусч, жолооны үнэмлэхийн эрх хүчингүй болдог. Эрх сэргээх хугацаа болсон тохиолдолд ТҮЦ машинаас тухайн жолооч хурууны хээгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх лавлагааг авна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас жолоодох эрхээ хасуулсан бол эрүүл мэндийн тодорхойлолт шаардлагатай. Ингээд лавлагааг авсанаар нийслэл, орон нутагт Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын ТББ-уудад сургалтад сууна. Тус сургалтын байгууллагаас манайд ирсэн мэдээллийн үндсэн дээр жолоодох эрх сэргээнэ. 

Жолоодох эрх сэргээх лавлагааг авсанаар нийслэл, орон нутагт Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын ТББ-уудад сургалтад сууна. Тус сургалтын байгууллагаас манайд ирсэн мэдээллийн үндсэн дээр жолоодох эрх сэргээнэ. 

- Жолооны үнэмлэхийн эрхээ сэргээхийн тулд шалгалт өгөхгүй гэсэн үг үү?

- Хуучин журамд эрхийг сэргээхийн тулд сургалтад суун, шалгалтад тэнцсэнээр эрх сэргээдэг байсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 7 сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журмыг шинэчлэн баталсан. Энэ журамд эрх сэргээхийн тулд шалгалт авах зохицуулалт байхгүй. Гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёл сахилгатай оролцох, архи согтууруулах ундаа, сэтгэл зүйн нөлөөллийн сургалтад сууснаар жолоодох эрх сэргэх боломжтой болно. 

Гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёл сахилгатай оролцох, архи согтууруулах ундаа, сэтгэл зүйн нөлөөллийн сургалтад сууснаар жолоодох эрх сэргэх боломжтой болно.  

- Цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна” гэсэн зарууд их байна. Зарын дагуу холбогдохоор авто сургуульд сурсан иргэдтэй таны мэдээллийг хамт бүртгэлд оруулан жолооны үнэмлэх гаргана гэх юм. Ийм хэлбэрээр жолооны үнэмлэх гаргах боломжтой юу?  

- Сүүлийн үед  цахим орчинд энэ чиглэлийн мэдээллүүд их тавигдаж байгаа. Тиймээс манайх энэ чиглэлийн мэдээлэлд давхар хяналт тавьж ажилладаг. 2018 оны байдлаар хяналт шалгалт тавьж ажиллахад манай алба хаагчдын нэрийг барьсан, улмаар залилангийн шинжтэй, хүмүүсийг хуурч мөнгө залиласан асуудлууд илэрсэн. Мөн энэ мэдээллүүд сургалтын байгууллагуудын өрсөлдөөн, олон хүн сургалтандаа хамруулах бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдож иймэрхүү зарууд тавигддаг. Цахим орчинд жолооны үнэмлэхийн эрх сэргээх, ангилал дарж өгөх, үнэмлэх гаргах тухай мэдээллүүд нь хүнийг янз бүрийн байдлаар залилах хэлбэрээр тавигдаж байгаа. Тиймээс мэдээллүүдийг нягталж, яг жолооч бэлтгэх сургалтын байгууллага, албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нягталж байж, мөнгөө шилжүүлэн суралцахыг анхааруулж байна. Ер нь шинээр жолооч болох, нэмж ангилал авах иргэд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад хандах ёстой. Хандсанаар сургалтын байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээний дагуу сургалтын байгууллага үнэлгээний хуудас олгодог. Үнэлгээний хуудсыг үндэслэн манай байгууллагаас шалгалт авдаг.

- Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 21346 авто осол бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөнд зөрчил гаргасан жолоочийн жолооны үнэмлэхээр ямар авто сургууль төгссөн эсэхийг мэдэх боломжтой юу. Авто сургуулиудын сургалтын үйл ажиллагааны чанарын асуудал дээр тайлбар хэлэх үү?

- Манай байгууллагааас шалгалтын үйл ажиллагаанд хүний нөлөөллийн оролцоог багасгах, аль болохоор шударга, иргэдэд нээлттэйгээр шалгалтыг зохион байгуулах арга хэмжээг авдаг. Тиймээс 2018 оноос цахим шалгалтын системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Цахимаар шалгалт өгөх нь шалгуулагч өөр хүний тусламж, оролцоогүйгээр онолын тестийг бөглөж, үнэлгээ шударгаар гарах боломжийг нээж өгсөн. Тээврийн хэрэгслийн жолоочийг чанартай, чанаргүй бэлтгэж байна гэдэг асуудлыг зам тээврийн осолд шинэ жолооч хэр их зөрчил гаргаж байна, жолооны сургалтаа төгсөөд 5-10 жил болсон жолооч хэчнээн хувиар осолд нөлөөлж байгаа эсэхийг тээврийн цагдаагийн газрын албанаас хийгдэж байгаа нарийн судалгааны үндсэн дээр гаргана. Энэ талаар тодорхой судалгаа хийгдэж байгаа. 2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох зохицуулалт байхгүй байна.

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох зохицуулалт байхгүй байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хяналт тавих, бүртгэх, сургалтын үйл ажиллагааг нь шалгах зохицуулалттай болсон. 2015 оноос хойш жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг адистатчилах, холбогдох стандартын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавих, үнэлгээ өгөх ажил хийгдээгүй. Өнгөрсөн оны 2-р улиралд энэ үйл ажиллагааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан. Тус яамнаас ирсэн мэдээллээр 339 тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудыг стандарт шаардлага хангасан гэж үнэлэн, гэрчилгээг авсан гэсэн мэдээллийг манай байгууллагад ирүүлсэн.  

- Авто сургуулиуд сургалтын нэгдсэн төлөвлөгөөг баримталж сургалтын үйл ажиллагааг явуулдаг уу? 

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заахдаа тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журамд сургалтын төвийн үйл ажиллагааны журмыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хамтран батлахаар зааж өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын яам хамтран батлан мөрдүүлэх тухай дээрх хуульд зааж өгсөн.  Энэхүү хуулийн заалтыг дагаж сургалтын хөтөлбөр батлагдан мөрдөгдөж байгаа.

- Жолоочийн эрүүл мэндийн байдлыг хэрхэн хянаж, үнэмлэх олгодог вэ?

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эрүүл мэндийн байгууллагаас тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндэд тавигдах шаардлагын жагсаалт, мөн эрүүл мэндийн үзлэгийн хуудас, эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлэхээр заасан байдаг. Өнөөдөр тус хуулийн энэ заалт хэрэгжээгүй байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эрүүл мэндийн байгууллагаас тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндэд тавигдах шаардлагын жагсаалт, мөн эрүүл мэндийн үзлэгийн хуудас, эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлэхээр заасан байдаг. Өнөөдөр тус хуулийн энэ заалт хэрэгжээгүй байна.

Манай байгууллагаас энэ чиглэлийн эрүүл мэндийн үзлэг, шаардлагын талаар холбогдох байгууллагуудад мэдээлэл танилцуулахаар ажиллаж байна. Жолоочид тавигдах гол шаардлага бол эрүүл мэндийн байдал байдаг. Жолоочийн эрүүл мэндийн үзлэг шаардлагад хяналт тавьж ажилладаггүй учир МУ-ын авто тээврийн ослын шалтгааныг тодорхойлох боломжгүй байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолооны үнэмлэх авах боломжтой байдаг уу?

- Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой зохицуулалт бий. Энэ нь ямар хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгээс шалтгаалан, тээврийн хэрэгсэл нь ийм шаардлагатай байна, эмчийн ийм үзлэгт орсон байна гэдэг зохицуулалт юм. Үүнд хамгийн чухал шаардлагатай зүйл нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлэх ажил байна.

- Танд нэмж тайлбарлах зүйл байна уу?      

- Өнгөрсөн онд манай байгууллагаас 60 мянга гаруй хаяж гээгдүүлсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгосон. Тиймээс иргэдэд хувь хүний хариуцлагаа ухамсарлан жолооны үнэмлэхээ хаяж, гээгдүүлэхгүй байхыг уриалж байна. Мөн үнэмлэхээ гээсэн, хулгайд алдсан иргэд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн байр, Драгон, Дүнжингарав худалдааны төвүүдэд ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнүүдэд өөрийн биеэр очиж жолооны үнэмлэхийн захиалгаа өгөх боломжтой. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж арга хэмжээ авхуулсан бол торгуулиа төлсөн байх ёстой. Үнэмлэхийн төлбөр болох 12500 төгрөгийн төлбөрийн баримттай өөрийн биеэр очиж нөхөн авна. Өөр ямар нэгэн илүү материал бүрдүүлэх шаардлагагүй. Орон нутагт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хандан материалаа өгөх боломжтой. Мөн манай байгууллагаас “Монгол шуудан” компанитай гэрээ байгуулж, жолооны үнэмлэхийн захиалга авч хүргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэд “Монгол шуудан” компанид хандан захиалгаа өгөөд үнэмлэхээ буцаан авах боломжтой.  

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!  

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Тилеубек (202.126.88.52) 2019-02-13 00:42:06
Би в.с.е.ангилалтай мэргэшсэн үнэмлэх яаж авах боломжтой
(66.181.160.48) 2019-02-12 11:38:19
Chi ooroo zalillagchiin neg
(103.57.92.98) 2019-02-12 10:15:47
mongo bvl hytaduudad joloonii unemleh bitgii hel irgenii unemlehtei hytaduud zondool bdg ym bn lee hudlaa meden budliad bhiin ard tumen medehgui gj boddog ymuu hudlaa yrihaas oor ymgui luivarchod
Иргэн (150.129.141.146) 2019-02-09 10:35:56
Хамгийн арчаагүй ажилаа хийдэггүй газар. Энэ их түгжрэл замбараагүй урсгал сөрөх,аваар ослын ихэнх хувь танайхаас болж байгаа, ямар ч чанаргүй жолооны курсууд, ямар ч хяналт байхгүй худлаа хуурай хууль ярьж ярилцлага өгөхөөс цаашгүй.