Ц.Дэлгэрмэнд : Таны хүүхдэд хайрын даавар ихээр ялгарч байвал ирээдүйд илүү амжилтанд хүрнэ

Монголын гэр бүлийн амьдралд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, үр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжлээр өсгөх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.

- Гэр бүлийн гишүүдийн амьдралдаа баримтлах хамгийн чухал зарчим юу вэ?

- Хэд хэдэн зарчмууд бий. Гэр бүлийн хамтран амьдрах шийдвэрийг тухайн хүнтэй насан туршдаа хамт амьдрах итгэл, урам зориг төрсөн үед гаргах хэрэгтэй. Гэр бүл болсоноор үр хүүхэд, санхүүгийн хувьд өндөр хариуцлага хүлээдэг учраас эхнэр, нөхөр болсон хүндээ үнэнчээр, итгэлтэйгээр хамт амьдрах бат шийдвэрийг гарган амьдралдаа баримтлах ёстой.

- Гэрлэлт залуужиж байгаатай холбогдуулан гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагын асуудал хүндээр яригдаж байна. Гэр бүл салалтын шалтгаан нь юу вэ?

- Би эхлээд нэг зүйл хэлье. Залуу хүмүүсийн хувьд эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологийн талаар ойлголт маш дутмаг учраас хүүхэдтэй болох тухай төлөвлөөгүй байхад хүүхэдтэй болчихсон байдаг. Төлөвлөөгүй амьдрал, аав ээжийн үүрэг хариуцлага, ажил, стресс, санхүүгийн асуудал гэх мэт олон зүйлсийг биелүүлэх шаардлагатай болсоноор асуудлаа зохицуулж чадахгүй маргалдах, хэрэлдэх цаашлаад олон хүндрэлүүд гардаг. Бие биенийхээ гэр бүлтэйгээ танилцаж, амьдралын боломж нөхцөлөө тооцоолон гэрлэсэн тохиолдолд ирээдүйд гарах бэрхшээлүүд харьцангуй бага байдаг. Нэгэнт хүүхэдтэй болж хамтдаа амьдрах гэж үздэг. Маш олон зүйлийг таньж мэдээгүй хүмүүс гэрлэснээр бие биенийхээ байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Гэр бүл болохын тулд эхлээд суурь боловсролтой байх, дараа нь өөрийгөө таньж мэдсэн байх, түүний дараагаар бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар сууж эцэст нь урт хугацааны шийдвэр гаргах чадамжтай болсон байх хэрэгтэй.

Гэр бүл болохын тулд эхлээд суурь боловсролтой байх, дараа нь өөрийгөө таньж мэдсэн байх, түүний дараагаар бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар сууж эцэст нь урт хугацааны шийдвэр гаргах чадамжтай болсон байх хэрэгтэй.

Ингэж чадвар суусан хүмүүс бие биенийхээ байдлыг ойлгож насан туршдаа амьдрахад сэтгэл ханамжтай байхаа мэдэж, шийдвэрээ гаргадаг. Харин тодорхой чадваруудаа бий болгон хамтдаа амьдрахад асуудал үүссэн бол анх гэр бүл болохоос үүссэн асуудал гэхээсээ илүүтэй дараагийн шатны шалтгаанууд байдаг. Жишээлбэл, хүүхэдтэй болох үед нөхөр эсвэл эхнэр нь маш их асуудалтай байсан байж болно. Хэрвээ эхний шатны асуудлаа шийдвэрлэсэн ч гэрлэсний дараа асуудал үүсвэл тэр шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Залуу хосууд салж байгаа нь олон зүйлээс нөхцөлдөж байна. Тухайлбал, эхнэр хүн гэртээ 2 жил хүүхдээ харах журам бол эмэгтэйчүүдэд маш сөргөөр нөлөөлж байна.

Эхнэр хүн гэртээ 2 жил хүүхдээ харах журам  эмэгтэйчүүдэд маш сөргөөр нөлөөлж байна. 

Цэцэрлэг байхгүй гэх шалтгаанаар гаргасан журам байсан ч эргээд ажил төрөлгүй эмэгтэйчүүдэд маш их сэтгэцийн асуудалд орж байна. Тэгэхээр анхны шийдвэр зөв байсан эсвэл анхны хүүхэд дээрээ хэр их асуудалтай тулгарч байсан гэх хоёр шалтгаан бол гэр бүл салалтыг нөхцөлдүүлдэг. 

- Бие биедээ хайртай хэрнээ ажлын ачаалал, нийгмийн стрессээс болоод эхнэр нөхөртөө тавих халамж буурдаг. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

- Маш чухал асуудал. Ялангуяа залуу гэр бүл болох ажилд орох хоёр давхацдаг. Даргадаа таалагдах гэж хичээнэ, хамт олныхоо шаардлагад нийцэх гэж хичээнэ, шинэ төрсөн хүүхэд, эхнэр гээд зөвхөн өөрийгөө боддог байсан хүн олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээгээд ирэхээр ачаалал өндөртэй болдог. Энэ ачааллыг давах гэж явахдаа буруу үйлдэлд чиглэдэг. Жишээлбэл, ачаалал байна гэдэг бусдаас дэмжлэг авах хэрэгтэй болдог. Ихэнх тохиолдолд ачааллаа хуваалцах хүмүүс нь эхнэр нөхрүүд байвал илүү сайн. Хүүхэд ингэж өвдөөд, ийм зүйл тохиолдоод гэх мэтээр нөхөртөө ярьж, нөхөр нь шинэ хамт олонтойгоо буруугаар ойлголцож, тулгарч байгаа хүндрэлээ эхнэртээ хэлж хамтран бие биенээ сонсож байх нь чухал. Ярилцахад үүсдэг асуудал нь тухайлбал, би өөрөө ярьж байхад тэр намайг сонссонгүй, өөрийгөө яриад байна гэж аль аль нь тайлбарладаг. Хүний тухайн өдрийн харж байгаа үйл явдал таван мэдрэхүйгээр мэдэрч байгаа мэдрэмж нь ярьж байгаа хүнийхтэй адилхан байдаггүй.

Хүний тухайн өдрийн харж байгаа үйл явдал таван мэдрэхүйгээр мэдэрч мэдрэмж нь ярьж байгаа хүнийхтэй адилхан байдаггүй. 

Тэгэхээр огт өөр байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Огт өөр байгаа юм чин энэ хүний тухай эхлээд сонсож, дараа нь би өөрийнхөө тухай яръя гэсэн хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй. Хоёулаа харилцан ярих нь бас чухал. Тэгэхгүй чи өнөөдөржингөө гэртээ суучихаад би ажил хийгээд ядарч байна гэх зэргээр зөвхөн өөрийгөө ярилгүй эхнэрийнхээ хийсэн мэдэрсэн зүйлийг бас сонсох хэрэгтэй. Хоёрдугаарт, шинэ ажилчин болохоор бусдаас илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс ажилд орохдоо би бага насны хүүхэдтэй, эхнэр маань төрөөд удаагүй байгаа гэх ч юмуу бодит нөхцөл боломжоо хэлж ажлын тогтсон цагтай болвол бага стресстэнэ.

- Гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцах хэрэгтэй гэлээ. Ярилцах арга чадвар дутмаг эсвэл сэтгэлээ онгойлгож ярих сонирхолгүйгээс ярилцаж чаддаггүй. Энэ тал дээр зөвлөгөө өгөх үү?

- Над дээр ирдэг хүмүүс энэ асуудлыг байнга хэлж ирдэг ч ярилцахаар бүгд л ярьдаг. Монгол улс боловсролын түвшин өндөртэй. Ядаж л сургуульд байхдаа бал, харандаа ширээний хүүхдээсээ асуудаг. Харин асуухаасаа ичих, буруу хэлчих вий гэж эмээх, найзыгаа уурлуулчихна гэж айдаг. Яагаад гэвэл өмнө нь тийм зүйлтэй тулгарч байсан учраас дахиж гаргахгүйн тулд ярихгүй байх тохиолдол байна. Түүнээс биш ярьж чаддагүй хүн гэж байхгүй. Харин сонсож чаддаггүй хүн гэж байдаг.

Ярьж чаддагүй хүн гэж байхгүй. Харин сонсож чаддаггүй хүн гэж байдаг. 

Ярилцана гэхээр өөрөө ярих ёстой мэт ойлгодог. Миний туулж мэдэрсэн бүх зүйл чухал жишээ нь би хүчирхийлэлд өртсөн, хүнд зодуулсан гэх мэтээр өөрийгөө тулгаж ярьдаг. Гэтэл магадгүй нөгөө хүн нь түүнээс илүү аймшигтай зүйлтэй тулгарсан байж болзошгүй.

-Хүүхдийн 0-3 насанд бүхий л амьдралынх нь суурь тавигдсан байдаг гэж үздэг. Залуу хосууд ажил амьдралын боломжоос шалтгаалаад эмээ өвөөд дээрээ хүүхдээ өсгөдөг. Энэ насандаа заавал эцэг эхтэйгээ хамт байх ёстой юу?

-Судалгаагаар 3 хүртэлх насны хүүхэд ээнэгших гэсэн мэдрэмж авдаг. Ээнэгшил гэх энэ мэдрэмжээр окситоцин гэдэг гормон ялгардаг. Окситоцин гормон ялгарсанаар хүнийг хайрлаж сурдаг, хүнээс айж эмээхгүй харилцаж сурдаг хүүхэд бий болдог. Энэ даавар нь хүнийг тэврэх, нүд рүү харах, зөөлөн дуу хоолой сонсох, эхийнхээ сүүг хөхөх зэрэг олон үйлдэл хийхэд ялгардаг.  Тэгэхээр хүүхдийг хүнд хайртай, хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг, уян зөөлөн хүн чанартай болгож хүмүүжүүлэхэд окситоцин даавар чухал. Харин тухайн дааврыг эмээ, өвөө, аав, ээж бүх хүнээс авч болно.Гагцхүү өсгөж байгаа хүн нь тухайн хүүхдэд окситоцин дааврыг ялгаруулдаг байх нь чухал.

Хүүхдийг хүнд хайртай, хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг, уян зөөлөн хүн чанартай болгож хүмүүжүүлэхэд окситоцин даавар чухал. Харин тухайн дааврыг эмээ, өвөө, аав, ээж бүх хүнээс авч болно. 

-Монголчуудын дунд эмэгтэй хүн гэрийн бүх ажлыг хийх, эрэгтэй хүн гадуур ажлыг хариуцах ёстой гэсэн тогтсон ойлголт байдаг. Үүнтэй санал нэгддэг үү?

-Гадуур зохицуулж байгаа ажилд ихэвчлэн санхүүгийн асуудал болох бизнес эсвэл ажил хийх, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ээж эхнэртээ мөнгө өгөх гэх зэрэг ажлууд ордог. Эхнэрийн хувьд гэрийн ажил үндсэндээ хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах гэх зэрэг 5, 6 ажлын хүрээнд эргэлддэг. Үүнд бодлын алдаанууд байна. Уламжлалт нийгмийн үед эрэгтэйчүүд хонь малаа оторлоод хэдэн хоногоор явж, эмэгтэйчүүд гэр бүлийнхээ ажлыг айл саахалтаараа нийлж төвөгшөөлгүй хийчихдэг байсан. Хүн хүнээсээ дэмжлэг авч болдог үе байсан.

Уламжлалт нийгмийн үед эрэгтэйчүүд хонь малаа оторлоод хэдэн хоногоор явж, эмэгтэйчүүд гэр бүлийнхээ ажлыг айл саахалтаараа нийлж төвөгшөөлгүй хийчихдэг байсан. Хүн хүнээсээ дэмжлэг авч болдог үе байсан.  

Гэтэл одоо эхнэр дөрвөн хананы дунд хүүхдүүдтэйгээ гэрийн ажлаа хийж, эрэгтэй нь төлөх ёстой зээлийн хэмжээг барагдуулах гэж хичээдэг. Өмнө нь айл саахалтаараа хамтраад хийчихдэг зүйлийг ганцаараа хийгээд байна. Эхнэрийн гомдоллох, нөхрийн уурлах байдал яг адил буюу хоёуланд нь тусламж дутагдсанаас болдог. 

Тэгэхээр нэг нэгнийхээ ажлын ачааллыг ойлгож, харилцан туслалцах нь хамгийн зөв сонголт болсон. Түүнээс биш үглэх, дарамтлах, маргалдах асуудал гэж бодохгүйгээр ойлголцох л хэрэгтэй. Харин илүү сайн ойлголцох арга нь эмэгтэй хүн эрэгтэй хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэх ачааллаас нь хөнгөвчлөх буюу хоёулаа ажил эрхлэх, эргээд нөхөр нь орой аяга угааж, хоол хийхэд туслах хэрэгтэй. Нэг нэгэндээ өөрийнхөө байр суурийг чухал гэж батласнаар асуудал улам гүнзгийрнэ. Жишээлбэл, чи намайг үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй байхад авч гэрлэсэн гэх зэргээр яриад эхэлбэл маргаан үүсгэнэ гэсэн үг.

-Интернет орчин тэр дундаа фэйсбүүкийг хэтрүүлэн ашиглаж, ашигласныхаа хэрээр гэр бүлийн гишүүддээ тавих анхаарал халамж дутагдаж маргаан үүсдэг. Энэ тал дээр тайлбар хэлэх үү?

-Фэйсбүүкийг удахгүй хэрэглэхээ болино. Гэхдээ ухаантайнууд нь шүү дээ. Жишээлбэл, зарим хүмүүс фэйсбүүкт өнгөрүүлсэн 9 жилийнхээ амьдралыг биш үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх 50 жилийн амьдралыг бодоод үр хүүхдээ сонгоё гэдэг сонголтыг хийж эхэлж байна. Фэйсбүүкт хэт их цаг хугацаа зарцуулсанаас болж үр хүүхэд нь үл тоох, хөндийрөх хандлагатай болж хүмүүжсэн байдаг. Ухаалаг утас ашигласан, фэйсбүүк их хэрэглэсэн хүмүүс тэр хэмжээгээрээ үр хүүхдүүддээ окситоцин ялгаруулж, анхаарал тавиагүй байна гэсэн үг.

Ухаалаг утас ашигласан, фэйсбүүк их хэрэглэсэн хүмүүс тэр хэмжээгээрээ үр хүүхдүүддээ окситоцин ялгаруулж, анхаарал тавиагүй байна гэсэн үг.   

Дэлхий даяараа 9 жилийн хугацаанд сошиал медиагаас хамааралтай болж, донтолтын хэмжээнд хүрсэн. Сошиал орчноос маш олон замбараагүй мэдрэмжүүдийг нэг дор авдаг. Хайр, атаархал, үзэн ядалт, доромжлол, баяр хөөр гээд хүний байж болох 15 мэдрэмжийг нэг дор авч байна. Тэгэхээр хүний сэтгэц оюун, мэдрэлийн гормон гэх хамаг зүйлээр бид “тоглож” байна.  Хүн төрөлхтөн үүссэн цагаас нэг дор ийм олон мэдрэмж авч байсан үе байхгүй. Жишээ нь тэндээс нэг амьтан ирж байхад айх, нөгөө тийшээ харан хүүхэд рүүгээ инээж, эргээд амьтнаасаа сандарч зугтах гэх олон мэдрэмжийг тэр агшинд авахгүй шүү дээ. Зүгээр л амьтан ирж байгаа бол амьтнаас шууд хүүхдээ аваад зугатаах үйлдэл л мэдээж хийнэ. Тэгэхээр фэйсбүүкийг бид нийгэм гэж харах ёстой. Таньдаггүй хүнд хувийн амьдралаа яриад байдаггүй шиг сошиал орчинд тэгэж хандах хэрэгтэй. Бас нэг яриах зүйл нь сошиал орчинд бүх зүйл хадгалагдаж үлдэж байна. Тухайлбал, нэг хүнтэй бичсэн зурвас харилцаа нь хадгалагдан үлдэж, хайртай хүнийхээ тийм зүйлийг үзсэнээр сэтгэлийн хувьд маш хүнд мэдрэмжийг авдаг. 10 жилийн өмнө бол ийм зүйл байгаагүй учир төдийлөн хүндээр тусгаж авдаггүй ядаж итгэх итгэл нь сэргэдэг байсан. Хүн үзсэн харсан зүйлээ хэзээ ч үзээгүй юм шиг байж чадахгүй учраас маш аймшигтай дурсамж болон үлдэж, хэзээ ч арилдаггүй.

-Хүүхдийн өссөн орчин чухал. Архи уудаг аавтай өссөн хүүхэд ирээдүйд архинаас жигшин холддог уу эсвэл эсэргээрээ архи уудаг хүн болдог уу?  

-Маш хэцүү асуудал. Архины хамаарал гэдэг зүйл удам дамждаг гэсэн судалгаа байдаг. Нөгөө талаас эмзэглэмээр байгаа зүйл нь Монгол улсад архины хамааралгүй удам байгаа юу гэвэл маш бага магадлал байгаа. Бид 4 эмээ өвөтэй, гэр бүл болоод 8 эмээ өвөөтэй болно. Тэгвэл энэ 8 хүний аль нэг нь архины хамааралтай байсан бол удам дамжина шүү дээ. Тэгэхээр манай улсад архины хамааралгүй хүн байх боломж муу. Ази хүмүүсийн хувьд архины химийн элементүүдийг задлах чадвар муу байдаг. Тэгэхээр архийг их хэмжээгээр хэрэглэх тусам эд эрхтнүүдээ маш богино хугацааны амьдралтай болгож байна гэсэн үг. Архины хамааралтай болох магадлал өндөртэй гэдгийг санах хэрэгтэй. Монголын хамт олны соёл маш хэцүү. Ихэнхдээ л архи ууцгаадаг. Бид архи уудаг хэрнээ үр хүүхдээ архи уудаггүй хүн болно гэж итгээд байж байна. Тэгэхээр юугаар үлгэрлэх вэ гэхээр би архи уудаггүй гэдэг зүйлээр л үлгэрлэх ёстой. 

Бид архи уудаг хэрнээ үр хүүхдээ архи уудаггүй хүн болно гэж итгээд байж байна. Тэгэхээр юугаар үлгэрлэх вэ гэхээр би архи уудаггүй гэдэг зүйлээр л үлгэрлэх ёстой. 

-Залуу хосуудын дунд уур хилэн хамгийн том асуудал. Уур хилэнгээ хэрхэн зохицуулж, бие сэтгэлээ тайвшруулах вэ?  

- Эхлээд хэзээ уурлаад байгаагаа анхаарах хэрэгтэй. Өдөржингөө эсвэл бүх сэдэв тохиолдолд уурлаад байдаг хүн гэж байдаггүй. Тодорхой цаг хугацаанд, тодорхой темптэйгээр уур хүрдэг. Түүнийг уур бухимдлаа хорь гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл тухайн хүнд халдахаар зүйл болж байгаа учраас уурладаг. Тэгэхээр ямар нөхцөл байдал тохиолдохоор, ямар үг сонсохоор, ямар зүйл дээр уурлаад байгаагаа анхаарах хэрэгтэй. Тиймээс уурлаад байгаа асуудлаа олж, ойлголцох нь чухал. Хүүхэд өвдөх болгонд уурладаг эмэгтэй байж болно. Яагаад гэвэл ээж нойргүй хонож, маргааш нь ажил дээрээ ядардаг учраас ууртай хүн биш. Яагаад гэвэл хүүхэд өвдөснөөс үүсч байгаа нөхцөл байдлууд тухайн хүний амьдралаа энгийн байдлаар авч явахад нөлөөлж байгаа учраас уурлаж байна. Ууртай хүн гэж дүгнээд уураа барь чи, дандаа уурлаж байх юм гэж хэлж болохгүй. Ийм нөхцөл байдалд нөхөр, хамт олны туслалцааг авах хэрэгтэй.

- Залуу гэр бүлд хандан юу гэж хэлэх вэ? 

-Бүх л зүйлээ хэллээ. Залуу хосууддаа хандаад нэг нэгнээсээ шаардлагыг цааргалж хүлээж авах хэрэггүй. Шаардлагыг бодит эсвэл бодит бус гэдгийг анзаарах хэрэгтэй. Магадгүй буруу шаардлага тавьсан байж болно. Ийм тохиолдолд ул үндсийг нь олж, ярилцах хэрэгтэй.  Үнэхээр бодит буюу жишээлбэл оймс нь газраар хөврөөд, хүүхэд тоглоод байдаг бол ул суурьтай шалтгаан учраас оймсоо би өмсөөд тайлахдаа угаалгын савандаа хийчиж байя гэж шаардлагыг хүлээж авах чадвартай байх эхрэгтэй. Ингэж чадвал 5 жилийн өмнөхөөсөө ч илүү сайхан хосууд болж чадна. Шаардлагыг үглэх, зэмлэх байдал гэж ойлгосноос болоод өмнөх амьдралаасаа ч дордчихсон хосууд байна. Өндөр шаардлагад хүрнэ гэдэг бол сайн хүн болж байна л гэсэн үг.  

- Үнэтэй зөвлөгөө өгч ярилцсанд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье!  

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Алимаа (112.72.11.111) 2019-02-17 22:07:28
хүүхдийн хүнүүжилийн талаар зѳвлѳгѳѳ авмаар бна
(103.212.116.173) 2019-02-17 21:23:14
Дэндүү баялаг сайхан монгол хэлээ бүрэн дүүрэн хэрэглэж чадахгүй гадаад үг ихээр оруулах нь муу үр дагавартай юм. Сэтгүүлчид болон ярилцлага өгч байгаа хүмүүс үүнийг байнга анхаарч байх хэрэгтэй санагдана. Үгээ зөв сонгож хэлж чадвал орчуулагдахгүй үг гэж бараг л байхгүй дээ.
Оксиблабла (182.160.0.118) 2019-02-08 09:51:31
Нээх худлаа гадаад нэр ярьсан хүмүүс. Монголоор нь л хүмүүжүүлэхэд хүүхэд сайн хүн болж өснө.