"Залуу хосын аз жаргал ойлголцохоос эхэлдэг"

Улсын хөгжил иргэнээс, иргэний хөгжил ямар гэр бүлд өсөж хүмүүжсэнээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд гэрлэгчдийн нас болон эмэгтэйчүүдийн төрөлт залуужиж байгаатай холбогдуулан залуу гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж, сайхан амьдрах боломжид хөтлөх зорилгоор нийтлэлээ хүргэж байна.

Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн чухал нэгж билээ. Эрэгтэй эмэгтэй насанд хүрсэн хоёр хүн сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ баталгаажуулан насан туршдаа бие биедээ үнэнч байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлд шаардлагатай эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, нэгнээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг хүлээдэг. Улсын хэмжээнд нийт 885 мянга гаруй гэр бүл бүртгэлтэй байгаагаас 18-24 насны залуу гэр бүл 11 мянга орчим  /давхардсан тоогоор/ байна. Гэвч энэ тоотой зэрэгцэн гэр бүл цуцлалтын тоо дөрвөн мянгад хүрчээ.           

 Залуу гэр бүлүүдэд асуудал тулгарахад яах вэ?

        Аав ээж, эгч ах, сэтгэл судлаач, найз нөхдөөсөө тусламж хүсч болно. Энэ талаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Хулан дараах тайлбарыг өглөө.

Монгол улсын 21 аймагт 3 ажилтантай залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан байна. Тус хөгжлийн төвийн нэг ажилтан нь сэтгэл судлаач байдаг бөгөөд асуудал тулгарсан, тулж ажиллах шаардлагатай залуу гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Харамсалтай нь гэр бүлүүд хөгжлийн төвийн талаар хараахан мэдээлэлгүй байдаг тул мэдээллийг тараах хэрэгтэй байгааг хэлсэн юм.  

Ингээд гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.  

-Гэр бүлийн гишүүдийн амьдралдаа баримтлах хамгийн чухал зарчим юу вэ?

-Хэд хэдэн зарчмууд байгаа. Гэр бүлийн хамтран амьдрах шийдвэрийг тухайн хүнтэй насан туршдаа хамт амьдрах итгэл, урам зориг төрсөн үед гаргах хэрэгтэй. Гэр бүл болсоноор үр хүүхэд, санхүүгийн хувьд өндөр хариуцлага хүлээдэг учраас эхнэр, нөхөр болсон хүндээ үнэнчээр, итгэлтэйгээр хамт амьдрах бат шийдвэрийг гарган амьдралдаа баримтлах ёстой.

-Гэрлэлт залуужиж байгаатай холбогдуулан гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагын асуудал хүндээр яригдаж байна. Гэр бүл салалтын шалтгаан нь юу вэ?

-Би эхлээд нэг зүйл хэлье. Залуу хүмүүсийн хувьд эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологийн талаар ойлголт маш дутмаг учраас хүүхэдтэй болох тухай төлөвлөөгүй байхад хүүхэдтэй болчихсон байдаг. Төлөвлөөгүй амьдрал, аав ээжийн үүрэг хариуцлага, ажил, стресс, санхүүгийн асуудал гэх мэт олон зүйлсийг биелүүлэх шаардлагатай болсоноор асуудлаа зохицуулж чадахгүй маргалдах, хэрэлдэх цаашлаад олон хүндрэлүүд гардаг. Бие биенийхээ гэр бүлтэйгээ танилцаж, амьдралын боломж нөхцөлөө тооцоолон гэрлэсэн тохиолдолд ирээдүйд гарах бэрхшээлүүд харьцангуй бага байдаг. Нэгэнт хүүхэдтэй болж хамтдаа амьдрах гэж үздэг. Маш олон зүйлийг таньж мэдээгүй хүмүүс гэрлэснээр бие биенийхээ байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Гэр бүл болохын тулд эхлээд суурь боловсролтой байх, дараа нь өөрийгөө таньж мэдсэн байх, түүний дараагаар бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар сууж эцэст нь урт хугацааны шийдвэр гаргах чадамжтай болсон байх хэрэгтэй. Ингэж чадвар суусан хүмүүс бие биенийхээ байдлыг ойлгож насан туршдаа амьдрахад сэтгэл ханамжтай байхаа мэдэж, шийдвэрээ гаргадаг. Харин тодорхой чадваруудаа бий болгон хамтдаа амьдрахад асуудал үүссэн бол анх гэр бүл болохоос үүссэн асуудал гэхээсээ илүүтэй дараагийн шатны шалтгаанууд байдаг. Жишээлбэл, хүүхэдтэй болох үед нөхөр эсвэл эхнэр нь маш их асуудалтай байсан байж болно. Хэрвээ эхний шатны асуудлаа шийдвэрлэсэн ч гэрлэсний дараа асуудал үүсвэл тэр шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Залуу хосууд салж байгаа нь олон зүйлээс нөхцөлдөж байна. Тухайлбал, эхнэр хүн гэртээ 2 жил хүүхдээ харах журам бол эмэгтэйчүүдэд маш сөргөөр нөлөөлж байна. Цэцэрлэг байхгүй гэх шалтгаанаар гаргасан журам байсан ч эргээд ажил төрөлгүй эмэгтэйчүүдэд маш их сэтгэцийн асуудалд орж байна. Тэгэхээр анхны шийдвэр зөв байсан эсвэл анхны хүүхэд дээрээ хэр их асуудалтай тулгарч байсан гэх хоёр шалтгаан бол гэр бүл салалтыг нөхцөлдүүлдэг. 

- Бие биедээ хайртай хэрнээ ажлын ачаалал, нийгмийн стрессээс болоод эхнэр нөхөртөө тавих халамж буурдаг. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

- Маш чухал асуудал. Ялангуяа залуу гэр бүл болох ажилд орох хоёр давхацдаг. Даргадаа таалагдах гэж хичээнэ, хамт олныхоо шаардлагад нийцэх гэж хичээнэ, шинэ төрсөн хүүхэд, эхнэр гээд зөвхөн өөрийгөө боддог байсан хүн олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээгээд ирэхээр ачаалал өндөртэй болдог. Энэ ачааллыг давах гэж явахдаа буруу үйлдэлд чиглэдэг. Жишээлбэл, ачаалал байна гэдэг бусдаас дэмжлэг авах хэрэгтэй болдог. Ихэнх тохиолдолд ачааллаа хуваалцөах хүмүүс эхнэр нөхрүүд байвал илүү сайн. Хүүхэд ингэж өвдөөд, ийм зүйл тохиолдоод гэх мэтээр нөхөртөө ярьж, нөхөр нь шинэ хамт олонтойгоо буруугаар ойлголцож, тулгарч байгаа хүндрэлээ эхнэртээ хэлж хамтран бие биенээ сонсож байх нь чухал. Ярилцах тал үүсдэг асуудал нь тухайлбал, би өөрөө ярьж байхад тэр намайг сонссонгүй, өөрийгөө яриад байна гэж аль аль нь тайлбарладаг. Хүний тухайн өдрийн харж байгаа үйл явдал таван мэдрэхүйгээр мэдэрч байгаа мэдрэмж нь ярьж байгаа хүнийхтэй адилхан байдаггүй. Тэгэхээр огт өөр байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Огт өөр байгаа юм чин энэ хүний тухай эхлээд сонсож, дараа нь би өөрийнхөө тухай яръя гэсэн хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй. Хоёулаа харилцан ярих нь бас чухал. Тэгэхгүй чи өнөөдөржингөө гэртээ суучихаад би ажил хийгээд ядарч байна гэх зэргээр зөвхөн өөрийгөө ярилгүй эхнэрийнхээ хийсэн мэдэрсэн зүйлийг бас сонсох хэрэгтэй. Хоёрдугаарт, шинэ ажилчин болохоор бусдаас илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс ажилд орохдоо би бага насны хүүхэдтэй, эхнэр маань төрөөд удаагүй байгаа гэх ч юмуу бодит нөхцөл боломжоо хэлж ажлын тогтсон цагтай болвол бага стресстэнэ.

- Гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцах хэрэгтэй гэлээ. Ярилцах арга чадвар дутмаг эсвэл сэтгэлээ онгойлгож ярих сонирхолгүйгээс ярилцаж чаддаггүй. Энэ тал дээр зөвлөгөө өгөх үү?

- Над дээр ирдэг хүмүүс энэ асуудлыг байнга хэлж ирдэг ч ярилцахаар бүгд л ярьдаг. Монгол улс боловсролын түвшин өндөртэй. Ядаж л сургуульд байхдаа бал харандаа ширээний хүүхдээсээ асуудаг. Харин асуухаасаа ичих, буруу хэлчих вий гэж айх, найзыгаа уурлуулчихна гэж айдаг. Яагаад гэвэл өмнө нь тийм зүйлтэй тулгарч байсан учраас дахиж гаргахгүйн тулд ярихгүй байх тохиолдол байна. Түүнээс биш ярьж чаддагүй хүн гэж байхгүй. Харин сонсож чаддаггүй хүн гэж байдаг. Ярилцана гэхээр өөрөө ярих ёстой мэт ойлгодог. Миний туулж мэдэрсэн бүх зүйл чухал жишээ нь би хүчирхийлэлд өртсөн, хүнд зодуулсан гэх мэтээр өөрийгөө тулгаж ярьдаг. Гэтэл магадгүй нөгөө хүн нь түүнээс илүү аймшигтай зүйлтэй тулгарсан байж болзошгүй.

- Хүүхдийн 0-3 насанд бүхий л амьдралынх нь суурь тавигдсан байдаг гэж үздэг. Залуу хосууд ажил амьдралын боломжоос шалтгаалаад эмээ өвөөд дээрээ хүүхдээ өсгөдөг. Энэ насандаа заавал эцэг эхтэйгээ хамт байх ёстой юу?

- Судалгаагаар 3 хүртэлх насны хүүхэд ээнэгших гэсэн мэдрэмж авдаг. Ээнэгшил гэх энэ мэдрэмжээр окситоцин гэдэг гормон ялгардаг. Окситоцин гормон ялгарсанаар хүнийг хайрлаж сурдаг, хүнээс айж эмээхгүй харилцаж сурдаг хүүхэд бий болдог. Энэ даавар нь хүнийг тэврэх, нүд рүү харах, зөөлөн дуу хоолой сонсох, эхийнхээ сүүг хөхөх зэрэг олон үйлдэл хийхэд ялгардаг.  Тэгэхээр хүүхдийг хүнд хайртай, хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг, уян зөөлөн хүн чанартай болгож хүмүүжүүлэхэд окситоцин даавар чухал харин тухайн дааврыг эмээ, өвөө, аав, ээж бүх хүнээс авч болно. Гагцхүү өсгөж байгаа хүн нь тухайн хүүхдэд окситоцин дааврыг ялгаруулдаг байх нь чухал.

- Монголчуудын дунд эмэгтэй хүн гэрийн бүх ажлыг хийх, эрэгтэй хүн гадуур ажлыг хариуцах ёстой гэсэн тогтсон ойлголт байдаг. Үүнтэй санал нэгддэг үү?

- Гадуур зохицуулж байгаа ажилд ихэвчлэн санхүүгийн асуудал болох бизнес эсвэл ажил хийх, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ээж эхнэртээ мөнгө өгөх гэх зэрэг ажлууд ордог. Эхнэрийн хувьд гэрийн ажил үндсэндээ хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах гэх зэрэг 5, 6 ажлын хүрээнд эргэлддэг. Үүнд бодлын алдаанууд байна. Уламжлалт нийгмийн үед эрэгтэйчүүд хонь малаа оторлоод хэдэн хоногоор явж, эмэгтэйчүүд гэр бүлийнхээ асуудлыг айл саахалтаараа нийлж төвөгшөөлгүй хийчихдэг байсан. Хүн хүнээсээ дэмжлэг авч болдог үе байсан. Гэтэл одоо эхнэр дөрвөн хананы дунд хүүхдүүдтэйгээ гэрийн ажлаа хийж, эрэгтэй нь төлөх ёстой зээлийн хэмжээг барагдуулах гэж хичээдэг. Өмнө нь айл саахалтаараа хамтраад хийчихдэг зүйлийг ганцаараа хийгээд байна. Эхнэрийн гомдоллох, нөхрийн уурлах байдал яг адил буюу хоёуланд нь тусламж дутагдсанаас болдог. Тэгэхээр нэг нэгнийхээ ажлын ачааллыг ойлгож, харилцан туслалцах нь хамгийн зөв сонголт болсон. Түүнээс биш үглэх, дарамтлах, маргалдах асуудал гэж бодохгүйгээр ойлголцох л хэрэгтэй. Харин илүү сайн ойлголцох арга нь эмэгтэй хүн эрэгтэй хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэх ачааллаас нь хөнгөвчлөх буюу хоёулаа ажил эрхлэх, эргээд нөхөр нь орой аяга угааж, хоол хийхэд туслах хэрэгтэй. Нэг нэгэндээ өөрийнхөө байр суурийг чухал гэж батласнаар асуудал улам гүнзгийрнэ. Жишээлбэл, чи намайг үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй байхад авч гэрлэсэн гэх зэргээр яриад эхэлбэл маргаан үүсгэнэ гэсэн үг.

- Интернет орчин тур дундаа фэйсбүүкийг хэтрүүлэн ашиглаж, ашигласныхаа хэрээр гэр бүлийн гишүүддээ тавих анхаарал халамж дутагдаж маргаан үүсдэг. Энэ тал дээр тайлбар хэлэх үү?

- Фэйсбүүкийг хүмүүс удахгүй хэрэглэхээ болино. Гэхдээ ухаантайнууд нь шүү дээ. Жишээлбэл, зарим хүмүүс фэйсбүүкт өнгөрүүлсэн 9 жилийнхээ амьдралыг биш үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх 50 жилийн амьдралыг бодоод үр хүүхдээ сонгоё гэдэг сонголтыг хийж эхэлж байна. Фэйсбүүкт хэт их цаг хугацаа зарцуулсанаас болж үр хүүхэд нь үл тоох, хөндийрөх хандлагатай болж хүмүүжсэн байдаг. Ухаалаг утас ашигласан, фэйсбүүк их хэрэглэсэн хүмүүс тэр хэмжээгээрээ үр хүүхдүүддээ окситоцин ялгаруулж, анхаарал тавиагүй байна гэсэн үг. Дэлхий даяараа 9 жилийн хугацаанд сошиал медиагаас хамааралтай болж, донтолтын хэмжээнд хүрсэн. Сошиал орчноос маш олон замбараагүй мэдрэмжүүдийг нэг дор авдаг. Хайр, атаархал, үзэн ядалт, доромжлол, баяр хөөр гээд хүний байж болох 15 мэдрэмжийг нэг дор авч байна. Тэгэхээр хүний сэтгэц оюун, мэдрэлийн гормон гэх хамаг зүйлээр бид “тоглож” байна.  Хүн төрөлхтөн үүссэн цагаас нэг дор ийм олон мэдрэмж авч байсан үе байхгүй. Жишээ нь тэндээс нэг амьтан ирж байхад айх, нөгөө тийшээ харан хүүхэд рүүгээ инээж, эргээд амьтнаасаа сандарч зугтах гэх олон мэдрэмжийг тэр агшинд авахгүй шүү дээ. Зүгээр л амьтан ирж байгаа бол амьтнаас шууд хүүхдээ аваад зугатаах үйлдэл л мэдээж хийнэ. Тэгэхээр фэйсбүүкийг бид нийгэм гэж харах ёстой. Таньдаггүй хүнд хувийн амьдралаа яриад байдаггүй шиг сошиал орчинд тэгэж хандах хэрэгтэй. Бас нэг яриах зүйл нь сошиал орчинд бүх зүйл хадгалагдаж үлдэж байна. Тухайлбал, нэг хүнтэй бичсэн зурвас харилцаа нь хадгалагдан үлдэж, хайртай хүнийхээ тийм зүйлийг үзсэнээр сэтгэлийн хувьд маш хүнд мэдрэмжийг авдаг. 10 жилийн өмнө бол ийм зүйл байгаагүй учир төдийлөн хүндээр тусгаж авдаггүй ядаж итгэх итгэл нь сэргэдэг байсан. Хүн үзсэн харсан зүйлээ хэзээ ч үзээгүй юм шиг байж чадахгүй учраас маш аймшигтай дурсамж болон үлдэж, хэзээ ч арилдаггүй.

- Хүүхдийн өссөн орчин чухал. Архи уудаг аавтай өссөн хүүхэд ирээдүйд архинаас жигшин холддог уу эсвэл эсэргээрээ архи уудаг хүн болдог уу. Үүнд тайлбар өгөх үү? 

- Маш хэцүү асуудал. Архины хамаарал гэдэг зүйл удам дамждаг гэсэн судалгаа байдаг. Нөгөө талаас эмзэглэмээр байгаа зүйл нь Монгол улсад архины хамааралгүй удам байгаа юу гэвэл маш бага магадлал байгаа. Бид 4 эмээ өвөтэй, гэр бүл болоод 8 эмээ өвөөтэй болно. Тэгвэл энэ 8 хүний аль нэг нь архины хамааралтай байсан бол удам дамжина шүү дээ. Тэгэхээр манай улсад архины хамааралгүй хүн байх боломж муу. Ази хүмүүсийн хувьд архины химийн элементүүдийг задлах чадвар муу байдаг.Тэгхээр архийг их хэмжээгээр хэрэглэх тусам эд эрхтнүүдээ маш богино хугааны амьдралтай болгож байна гэсэн үг. Архины хамааралтай болох магадлал өндөртэй гэдгийг санах хэрэгтэй. Монголын хамт олны соёл маш хэцүү. Ихэнхдээ л архи ууцгаадаг. Бид архи уудаг хэрнээ үр хүүхдээ архи уудаггүй хүн болно гэж итгээд байж байна. Тэгэхээр юугаар үлгэрлэх вэ гэхээр би архи уудаггүй гэдэг зүйлээр л үлгэрлэх ёстой. 

- Залуу хосуудын дунд уур хилэн хамгийн том асуудал. Уур хилэнгээ хэрхэн зохицуулж, бие сэтгэлээ тайвшруулах вэ?

- Эхлээд хэзээ уурлаад байгаагаа анхаарах хэрэгтэй. Өдөржингөө эсвэл бүх сэдэв тохиолдолд уурлаад байдаг хүн гэж байдаггүй. Тодорхой цаг хугацаанд, тодорхой темптэйгээр уур хүрдэг. Түүнийг уур бухимдлаа хорь гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл тухайн хүнд халдахаар зүйл болж байгаа учраас уурладаг. Тэгэхээр ямар нөхцөл байдал тохиолдохоор, ямар үг сонсохоор, ямар зүйл дээр уурлаад байгаагаа анхаарах хэрэгтэй. Тиймээс уурлаад байгаа асуудлаа олж, ойлголцох нь чухал. Хүүхэд өвдөх болгонд уурладаг эмэгтэй байж болно. Яагаад гэвэл ээж нойргүй хонож, маргааш нь ажил дээрээ ядардаг учраас ууртай хүн биш. Яагаад гэвэл хүүхэд өвдөснөөс үүсч байгаа нөхцөл байдлууд тухайн хүний амьдралаа энгийн байдлаар авч явахад нөлөөлж байгаа учраас уурлаж байна. Ууртай хүн гэж дүгнээд уураа барь чи, дандаа уурлаж байх юм гэж хэлж болохгүй. Ийм нөхцөл байдалд нөхөр, хамт олны туслалцааг авах хэрэгтэй.

- Залуу гэр бүлд хандан юу гэж хэлэх вэ? 

- Бүх л зүйлээ хэллээ. Залуу хосууддаа хандаад нэг нэгнээсээ шаардлагыг цааргалж хүлээж авах хэрэггүй. Шаардлагыг бодит эсвэл бодит бус гэдгийг анзаарах хэрэгтэй. Магадгүй буруу шаардлага тавьсан байж болно. Ийм тохиолдолд ул үндсийг нь олж, ярилцах хэрэгтэй.  Үнэхээр бодит буюу жишээлбэл оймс нь газраар хөврөөд, хүүхэд тоглоод байдаг бол ул суурьтай шалтгаан учраас оймсоо би өмсөөд тайлахдаа угаалгын савандаа хийчиж байя гэж шаардлагыг хүлээж авах чадвартай байх эхрэгтэй. Ингэж чадвал 5 жилийн өмнөхөөсөө ч илүү сайхан хосууд болж чадна. Шаардлагыг үглэх, зэмлэх байдал гэж ойлгосноос болоод өмнөх амьдралаасаа ч дордчихсон хосууд байна. Өндөр шаардлагад хүрнэ гэдэг бол сайн хүн болж байна л гэсэн үг.  

        Залуу гэр бүлүүдийн тоо нэмэгдэх үзэгдлийг нийгмийн хөгжлийн эерэг болон сөрөг үр дагавартай холбон үздэг. Тухайлбал, эрүүл мэндийн боловсрол муу байгаагаас үүдэж үр хүүхэдтэй болсоноор гэрлэдэг. Нөгөө талаас нэгэнт бие биенээ таньж мэдэн тодорхой боловсролыг эзэмшиж, хамтран амьдрах шийдвэрийг гаргасан хүмүүс үр хүүхдээ насны залууд төрүүлж өсгөх зорилгоор гэрлэдэг. Аль ч тохиолдолд хамтран амьдрахаар шийдсэн залуу хосууд эхнэр, нөхөр, үр хүүхдийнхээ өмнө маш өндөр үүрэг хариуцлагыг үүрч байгааг ухаарах хэрэгтэй. Энэхүү ухаарлыг үргэлж амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хоорондоо сайтар ярилцаж ойлголцох, сэтгэл судлаачид ч хандах бүрэн боломжтой юм шүү.       

Идэр залуу насандаа хайр сэтгэлээ холбон Монголын залуу гэр бүл, үрсийн тоог нэгээр нэмэгдүүлсэн эгэл жирийн залуу Г.Галбадрахын гэр бүлтэй халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Тэрбээр гэр бүлийн харилцаанд олон асуудал үүсдэг ч ярилцаж, ойлголцох нь хамгийн чухал гэдгийг онцгойлон хэлж байлаа.

Сайн байцгаана уу. Танай гэр бүлтэй танилцаж байгаадаа таатай байна. Гэр бүлээ танилцуулаач? 

Нөхөр : Сайн байна уу? Намайг Галбадрах, миний эхнэрийг Үүрийнцолмон гэдэг. Ам бүл гурвуулаа. Хүү маань одоо нэг ой гурван сартай. Бид хоёр 21 настай. Би ШУТИС-д БАС-ын Усны инженерийн мэргэжил, манай эхнэр МУИС-д Сэтгүүл зүйн мэргэжлээр суралцдаг.                       

- Та хоёрын анх танилцсан түүхээс  ярилцлагаа эхэлье. Анх бие биедээ яаж дурлаж, үерхэж эхэлсэн бэ?

Нөхөр: Би 2015 он буюу нэгдүгээр курстээ “Сэлэнгэлэг оюутан клуб”-т элсэж орсон.  Клуб маань долоо хоногт тогтсон өдөрт хурал хийдэг. Хурал дээр 10  алхмын зайд нэг охин надруу хараад л зогсоод байсан. Яг тэр үед яасан хөөрхөн охин бэ яагаад надруу хараад байгаа юм бол гэж бодож билээ. Тэр өдрөөс хойш дугаарыг нь олж аваад фэйсбүүк хаягаар нь шууд харьцаж чадахгүй шөнө 02:47 минутанд “Сайхан амраарай” гэх мэт  мессеж бичээд нэлээд удсан. Нэг өглөө хичээлдээ явж байсан чинь ШУТИС-ийн байрны урд бид хоёр таарлаа. Клубын хурал дээр нэлээд хэд харсан болохоор мэндлэх байх гэж бодсон ч зөрөх шинжтэй явж байна.  Тэгээд “сайн уу?” гэсэн чинь “ Сайн” гээд л яваад өгсөн. Бие биенийхээ юу хийх дуртай, ямар  зүйлд сонирхолтой гэх мэтчилэн утсаар ярилцсаар байгаад өглөө зургаа, долоон цаг хүртэл ярьж сүүлдээ утас залгаастай чигээрээ хоёулаа унтаж билээ. Оюутны амралт дуусаад хотод ирээд анх удаагаа нүүр тулж уулзаж, би их сандарч байсан. Хамт байх хугацаандаа гадуур их алхана, зураг бичлэг их хийнэ, хамт хичээлээ хийнэ, бас их зүйл ярилцаж суудаг болсон. Тэр болгонд улам л татагдаж хамт баймаар санагдаж дурлаж эхэлсэн.

Эхнэр: Анх харсан мөч бол өвлийн нэгэн өглөө 07:40-ийн хичээлдээ хоцрох шахаад яарч явахдаа ШУТИС IV байрны гадаа мэндэлсэн тэр өдөр. Орой нь клубын хурал дээр таарч клубын гишүүн гэдгийг мэдэж бас нүдэнд өртөж эхэлсэн. Манай хүн анх клубт орж ирээд хурал дээр яагаад хараад байсан юм бэ гэж асуудаг. Би харин харсанаа огт санадаггүй.  Сүүлд клуб маань янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад бид хоорондоо гар нийлж ажиллан дугаараа солилцож, Галааг шөнө бүр мессеж явуулдаг байсныг мэдсэн. Хоорондоо харьцаж дотносох тусам бидний сонирхол мөрөөдөл нэг болж эхэлсэн. Манай хүнд дурлах шалтгаан бас нэг сэтгэл догдлуулж чаддаг зүйл нь маш энгийн мөртлөө гэнэтийн үйл хөдлөл үе үе гаргадаг. Цуг явж байгаад замаар гарахдаа гэнэт гараас атгаад гүйгээл би ард нь бүр догдлоостой гайхдаг. Тэгээд маш ихээр хайр халамжинд нь дасаж, биширч дуралсан даа. Сэтгэлд хамгийн гүн орж чаддаг зүйл бол халамж нь гэж боддог.  

- Ер нь үерхэх, хамт амьдарч эхлэх хоёр маш их ялгаатай гэж ярьдаг. Та хоёрын хувьд ялгаатай байсан уу?  

Эхнэр : Үерхэж байх хугацаандаа маш их зүйлийг ярилцдаг бие биенээ сайн  мэддэг болсон болохоор хамт амьдрахад эрс тэс ялгаатай зүйл байгаагүй. Харин ч илүү нэг зорилгын төлөө явахад улам ойр болгож нэг нэгнийхээ түшиг болж хэн хэнийхээ дутууг нөхөх боломжийг бүрдүүлж өгсөн.

Нөхөр : тийм их ялгаатай зүйл бол байгаагүй. Үерхэж байхдаа хичээлийнхээ хажуугаар л уулзаж цагийг өнгөрөөнө хамт амьдраад эхлэхээр хамтдаа байх хугацаа илүү урт болно, илүү их ярилцана бас нэг бодлын маш тайван нөхцөл бий болдог. 

- Бие биенийхээ хамгийн их таалагддаг зан чанараас хэлээч? 

Эхнэр : ер нь бүхий л зан чанар нь таалагддаг. Гэхдээ хамгийн их таалагддаг нь маш буурь суурьтай, маш үнэнч. Ямар ч зүйл дээр маш үнэнч аливаа зүйлийг хийхдээ яг л ном журмаар нь хийх гэдэг мөн найз нөхөд гэр бүл өөрийн эргэн тойрны хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг. Энэ зан чанарыг нь үнэхээр хүндэлдэг.

- Нөхөр : таалагддаг зан чанар гэвэл хөгжилтэй, их сахилгагүй, илүү зан байхгүй, өөрийнхөөрөө байж чаддаг. Яг  жоохон хүүхэд шиг л байдаг.

 Хайртай бүсгүй нь таны хүүг төрүүлж өгөх мөч ямар байв. Ер нь өөрийгөө хэр сайн аав, халамжит хань гэж боддог вэ? 

Нөхөр : хэзээ ч мартагдахааргүй хамгийн  сайхан мөч байсан. Яг тэр мөчид уйлж үзээгүй аав нар ховор байх. Цаанаасаа л баярлаад догдлоод уйлчихдаг юм билээ. Хүний сайн хань хүүгийнхээ сайн аав байхыг их л хичээдэг дээ. Миний амьдралын  хамгийн том шагнал эхнэр хүү хоёр минь болохоор элэг бүтэн аз жаргалтай байлгах юмсан гэж байнга хичээдэг.  

- Гэрийн ажил үүргийг хэрхэн хуваарилан хийдэг вэ? 

Нөхөр : гэрийн ажлын тал дээр “ чи энийг хийх ёстой би энийг хийнэ” гэсэн зүйл огт байдаггүй. Аль боломжтой зав чөлөөтэй нь гэрийн ажлаа хийдэг.  Ихэнхдээ хамтарч хийдэг. Бие биенийхээ ямар ажилд дургүйг мэддэг болохоор шууд өөр өөрсдийн хийх зүйлээ хийдэг. Жишээ нь би аяга угаах дургүй бол эхнэр маань аяга тавагаа угаачихдаг. Харин эхнэр маань хог шүүрдэх дургүй бол би шүүрдэх гэх мэт тиймээс гэрийн ажилд огт асуудал гардаггүй. Нэмж хэлэхэд бид хоёр хоол хийх сонирхолтой. Ярилцаж байгаад шинэ  содон, амттай хоол хийж идэхийг эрмэлздэг. 

- Хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг маш том тэсвэр хатуужил, ухаан байдаг. Өөрсдийнхөө хүүг ямар арга барилаар хүмүүжүүлж байна вэ? 

 Нөхөр : Бид хоёрын хувьд хоёулаа оюутан болохоор хүүгээ төрүүлээд эхнэр маань хагас семистерийн чөлөө авч харин би долоо хоног болгоны амралтын өдрүүдээр эхнэр хүү рүүгээ явдаг байсан. Хүүгээ дөрвөн сартайгаас нь эмээ өвөө дээр нь үлдээж хичээлдээ явцгаасан. Тийм багаас нь хүүг минь өсгөж байгаа аав ээж дүүдээ их баярлаж явдаг. Одоогийн бага балчир насны хүүхдүүд зодуулж, зэмлүүлж юмыг сурдаггүй юм шиг санагддаг. Олон талаас нь тайлбарлуулж, дараа нь гарах үр дүнг хэлж ярилцаж гэмээнэ аливаа зүйлийг ойлгож тэндээс хүмүүжлийг  олж авдаг болжээ. Тийм болохоор цаг үе нийгмийн уур амьсгалтайгаа зэрэгцэн хүүтэйгээ ярилцаж зөвшилцөх арга барилаар хүмүүжүүлэхийг хичээдэг.

Эхнэр : Хүүхэд хүмүүжүүлэхэд хамгийн гол зүйл бол үлгэр дуурайлал гэж боддог. Хүүхэд ээж аав, эргэн тойрны хүмүүсийг харж тэднийг дагаж дуурайж тэднээс цаг ямагт суралцаж байдаг. Миний хувьд авч үзвэл миний бага балчир насанд аав минь их нөлөөлдөг байсан. Бүжиг тоглоом дуу хөгжим гээд л харин том болох тусам ээжтэйгээ улам бүр адилхан болоод байх шиг гэрээ авч явах үр хүүхдүүдээ хайрлаж халамжлах гэх мэт мөн эр хүнийг ямар нэгэн зүйл дээр  аавтайгаа жишиж харьцуулах хандлага заримдаа гарч ирдэг. Тиймээс хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Зөв зүйл зааж, үргэлж үлгэр жишээ нь болохын тулд эцэг эхчүүд бид үргэлж ямар нэг зүйл сурч өөрийгөө хөгжүүлж үр хүүхэддээ ихийг зааж сургаж үлдээх хэрэгтэй гэж боддог.

- Гэр бүлийн аз жаргал, утга учир юунд оршдог юм бол?

 Нөхөр :  Гэр бүлийн аз жаргал утга учир нь бие биедээ итгэх итгэлцэл, маш том хүндлэл, бас уучлал дээр оршин тогтнодог гэж боддог. 

Эхнэр : Мөн хайр халамжаас л эхэлнэ. Бие биенээ халамжилж байгаа газар хайр байна, хайр байгаа газар итгэлцэл, хүндлэл, уучлал хэзээд байна гэж боддог.

- Та хоёр гаднаасаа их сайхан хосууд харагддаг. Гэр бүлийн дотоод уур амьсгал, аз жаргалаа хэрхэн бүтээдэг вэ?

 Нөхөр : Бид хоёр бие биенээ маш их эрхлүүлдэг. Ярьж байгаа зүйл хийж байгаа хөдөлгөөн нь яг л жоохон хүүхэд шиг байдаг болохоор эрхэлж тэндээс дотоод уур амьсгал аз жаргал бүрэлддэг.

Эхнэр : Тийм шүү. Дуу хоолойны өнгө аяс бас их чухал санагддаг. Өөрөө ч мэдэлгүй онцгүй өнгө аясаар ярихад л гэр бүлийн уур амьсгал аз жаргал айдас түгшүүр болон хувирна шүү дээ. 

- Хоёр өөр гэр бүлд өсөж торнисон хүмүүс хамт амьдарч, бие биенийхээ хэв маяг, ааш занг тохируулж амьдрах их хэцүү юм шиг. Та хоёрын хувьд ямар хүндрэлүүд гарч, яаж даван туулж байсан бэ?

Нөхөр : Мэдээж хүндрэлтэй асуудлууд гарна. Үл ойлголцол гарах үед тэр дор нь шийдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд их ярилцдаг. Болохоосоо болохгүй хүртэл ярилцдаг. Насан туршдаа хамтдаа гэж замаа нийлүүлсэн хэрнээ ярилцаад ойлголцохгүй, уучлалт гуйж, уучилж чадахгүй бол утгагүй. Гэр бүл болж байгаа бүх хосуудад үл ойлголцол гардаг. Өөр өөрсдийн гэсэн эвлэрэх ойлголцох арга байдаг байх. Бид хоёрын хувьд ярилцах л хамгийн чухал. Ярилцахдаа “чи” гэдэг талаас биш “би” гэдэг  талаасаа ярьвал илүү зүгээр.

Эхнэр :  Жишээ нь чи ингэсэн чи тэгдэг гэж хүнд буруу өгөх биш чамайг ингэсэн болохоор би тийм зүйл хийсэн, ийм байр суурьтай байсан гэх мэтчилэн. Бас ярилцаж байхдаа чанга дуугаар яриад ойлголцолд хүрэхгүй юм шиг санагддаг. 

- Ямар цаг үед биенийгээ улам ойлгож, хайрлах сэтгэл төрдөг вэ?

Эхнэр : Миний хувьд бол сэтгэлээр унасан, ядарсан, уурлаж гомдсон үед намайг тайвшруулж надад урам өгч түшиг тулгуур минь болдогт маш их баярладаг. Намайг үнэхээр аз жаргалтай тайван байлгаж чаддаг хүн дэргэд минь байхад маш их баярлаж энэ хэвээрээ   хайрлаад л  баймаар санагддаг. Заримдаа бүр хажууд байхад нь хүртэл санадаг хэхэ.

Нөхөр : Сэтгэлээр унах ядрах бэрхшээлтэй асуудал гарч ирэхэд үргэлж хажууд байж дэмжиж урамшуулж урам зориг өгч байдаг.

-Танай гэр бүлийн харилцаандаа баримталдаг хамгийн чухал зарчим юу вэ?

Нөхөр : Харилцаандаа баримталдаг зарчим гэвэл хараал хэлдэггүй, хүнийг ялгаж харьцах дургүй болохоор аль болох хүүхэддээ болон бусад найзууд дүү нартаа үлгэр дуурайлал болохыг хичээдэг.

- Танай гэр бүлийн хийдэг хамгийн дуртай, чухал зүйл юу вэ?

Эхнэр : Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай.

Нөхөр : Хүү, эхнэртэйгээ хамтдаа тоглон цагийг зугаатай өнгөрүүлэх л хамгийн сайхан

- Гэр бүлийн хувьд санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

Нөхөр : Хоёулаа оюутан болохоор тогтсон орлого байхгүй ээ. Байрны мөнгө, сургалтын төлбөр гээд аав ээж нараас маань л гардаг. Тийм болохоор хичээлийнхээ хажуугаар цагийн ажил нэлээдгүй хийж зарим хэрэгцээт мөнгөө өөрсдөө олдог. 

- Хүмүүс гар утас, фэйсбүүк гээд материаллаг зүйлээс ихээхэн хамааралтай болсон. Танай гэр бүлд энэ асуудал үүсдэг үү?

Эхнэр : Үүсдэггүй ээ. Аль болох хүүхдээ болон өөрсдөө утаснаас хол байхыг хичээдэг. Хүүхдийнхээ хажууд  утас огт хэрэглэхгүй гэсэн дүрэм гаргаад тэрийгээ мөрдөж эхэлсэн байгаа. 

- Залуу хосын хоорондын харилцаанд аав ээжүүд оролцох тал байдаг. Танай гэр бүлийн хувьд үүнийг хэрхэн даван туулдаг вэ?

Эхнэр : Манай гэр бүлд тийм асуудал гардаггүй ээ. Олгой хагарсан ч тогоон дотроо гэдэг шүү дээ асуудлаа өөрсдөө л шийдэх нь зөв.

Нөхөр : Ямар нэгэн асуудал гарсан үед ээж аав нар маань мэдчихээд гэр бүл харилцааны талаар зөвлөгөө өгдөг. Хэлээгүй байхад л бид хоёрыг гаднаас нь хараад л мэдчихдэг.

- Бие биедээ хамгийн их гомдсон зүйлээ хэлж, уучилцгаах уу?

 Нөхөр : Миний хувьд их гомдсон зүйл ерөөсөө толгойд орж ирэхгүй байна. Тухайн үедээ гомдож байсан ч тэгээд л мартчихдаг.

Эхнэр : Миний хувьд ч мөн адил асуудал гарсан даруйдаа учраа олоод эвлэрдэг болохоор амархан мартчихдаг.

- Архи амьдралын дайсан гэдэг. Танай гэр бүл үүнтэй хэр санал нэгддэг вэ?

Нөхөр : Санал нэгддэг. Монголчууд бидний нэг тулгамдсан асуудал гэж боддог. Огт байх ёсгүй зүйл ч  бас биш л байх. Манайхан тааруулж хэрэглэж чаддаггүй болов уу гэж боддог.

Эхнэр : Санал нэгддэг ээ. Архинаас үүдэлтэй үр дүнг багаасаа л харж ирсэн одоо ч гэсэн архинаас үүдэлтэй асуудал энэ нийгэмд хаанаас ч харж болж байна гэдэг үнэхээр эмгэнэл.

- Танай гэр бүлд сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай үе гардаг уу?

-Нөхөр : Сэтгэл зүйн үйлчилгээ гэхээсээ илүү залуу гэр бүлд хэрэгтэй зөвлөгөө, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээ мэдээлэл зэргийг түлхүү авахыг хичээдэг.

- Гэр бүл төлөвлөлт хийдэг үү?

 Эхнэр : Тийм. Бид хоёрын хувьд  энэ бол нэн түрүүнд яригддаг зүйл байгаа.

- Насан туршийнхаа ханийг сонгосон. Харамсах тохиолдол гарч байсан уу?

- Нөхөр : Харамсах тохиолдол хэзээ ч гарч байгаагүй. Харин ч улам сонголтондоо бат итгэлтэй байж түүндээ их баярладаг. Өөрийгөө хамгийн азтай залуу гэж боддог.

- Эхнэр : Анхнаасаа л ханиа зөв сонгосон гэж боддог байсан. Нөхөр маань одоо ч энэ бодлыг минь улам бүр баталсаар байдаг.

- Гадаадад хүн эхлээд сурч боловсрон өөрийн гэсэн санхүүтэй болсны дараагаар гэр бүл зохиодог. Харин Монголд эрт гэр бүл болж амьдрах нь элбэг. Үүнд ямар байр суурьтай хандаж байна вэ?

- Нөхөр : Гадаад дотоод гэлтгүй гэр бүл болох, хоёр хүн амьдралаа холбох гэдэг зүйл маш чухал. Насан туршдаа ач зээгээ үзээд амьдралын баяртай, гунигтай, зовлонтой бүхий л үед бүхий л зүйлийг хамтдаа туулах хүнээ сонгоно гэдэг маш чухал том сонголт. Тэр сонголтондоо бат итгэлтэй бол хоёр биендээ халамжтай, хүндлэлтэй, хайртай л бол харин ч эрт гэр бүл болсон нь дээр санагддаг. Арай л илүү хугацаанд хамтдаа байна гэсэн үг. /инээв/

- Эхнэр : Заримдаа тоглоом болгоод бид хоёр бие биенээ арай эрт миний амьдралд гарч ирэхгүй яасан юм бээ намайг зөндөө хүлээлгээд гээд л тоглодог. /инээв/

- Гэр бүл хараахан болоогүй байгаа болон шинээр гэрлэсэн залуустаа хандаж юу хэлэх вэ?

- Нөхөр : Өмнө нь хэлсэнчлэн бие биетэйгээ ярилцдаг, ойлголцдог нэгнээсээ уучлалт гуйж, уучилж чаддаг, хүндэлж халамжилж, үргэлж түүнийхэ гүнж, ханхүү, баатар нь байж хайрлаарай гэж хэлмээр байна.

- Эхнэр :  Миний хэлэх зүйл бол хосууд гэдэг нэг нэгэндээ уусч, зөөлөн нь хатуугаа зөөллөж, хоёр биенийхээ дутууг нөхөж хос багана болдог учир хосууд маань нэг нэгэндээ сайн үлгэр дуурайлал нь байгаарай. Үргэлж өөдөө өсөн дэвжиж бие биенээ хөгжүүлж яваарай. Энэ нийгэмд бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд хамгийн агуу зүйл бол зөв үлгэр дуурайлал, зөв хүмүүжил юм шүү.  

 

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Azzaya (64.119.19.63) 2019-02-15 21:12:03
Yasan hoorhiin be ger bvld ni az jargal hvsie vneher mundag shan hosuud. Bna
Гэргий (64.119.19.130) 2019-02-10 12:53:43
Олны танил гэлтгүй эгэл жирийн хүмүүс олонтой илүү ойр байж, нөлөөлдөг байх. Эд хөрөнгө, нэр төр гэх зүйлс энгийн хүмүүсийн амьдралаас хол сонсогддог юм. Аз жаргал хүсье!
Zochin (66.181.177.253) 2019-02-09 14:07:01
Ymar hoorhon ym be. Ger buld n az jargal sain saihniig husie. Ih zuil oilgoj avlaa bayrlalaa
Амьдрал (203.91.115.37) 2019-02-08 21:59:59
Гэр бүлд нь аз жаргал хүсье
zochin (66.181.191.60) 2019-02-08 15:15:53
Yamar huurhun 2 ve joohon huuhduud yum yariad bgm shg l urgelj iimeeree gegeeleg gerel tsatsruulsnaaraa bgarai tsag hugatsaa unguruh tusam biy biyniigee l gj amidraarai ❤️