Б.Анхбаяр: Газрын тосны үйлдвэрээс хэрэглэгчдэд хүрэх нэгж бүтээгдэхүүний үнийг Засгийн газар, Сангийн яам тодорхойлно

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар УУХҮЯ-ы Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Анхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

Монголын төр сүүлийн 20 гаруй жил газрын тосны үйлдвэр барих талаар тасралтгүй  ярьж, шав тавьж, үе үеийн Засгийн газар шийдвэр гаргасан ч хэрэгжүүлж чадаагүй. Энэ удаа өмнөх шийдвэрүүдээс ялгаатай нь санхүүжилт баталгаатай. Учир нь Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихаар зээлийн шугамаа нээгээд ажиллаж байгаа юм.

-Газрын тос олборлолтыг 100 хувь БНХАУ-ын компани хийж байгаа шүү дээ. Ер нь одоо олборлолт хийж буй БНХАУ-ын хоёр том компани үндсэндээ өөрсдөдөө түүхий эд бэлтгэх зорилгоор хайгуулыг хийж, олборлолт эхлүүлсэн гэж ойлгож байна. Тиймээс зах зээлийн үнээр Монголын тал авна гэдэг санал тавьж хоёр тал тохиролцсон ч гэсэн бэрхшээл үүсэх магадлалтай биш үү. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үүнийг зохицуулж байгаа юм уу?

-Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газар илүү нарийн мэдээлэл өгнө гэж бодож байна. Ерөнхийдөө бид БНХАУ-ын олборлолт хийж буй компаниудтай уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд БНХАУ-ын Петро Чайна, Тачин тамсаг компаниуд “Хэрвээ та бүхэн газрын тос боловсруулах үйлдвэрээ барих юм бол нийлүүлэлт хийнэ. Бид бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгасан дагуу түүхий тос нийлүүлнэ гэсэн. Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрмийг дагана” гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар гэхээсээ илүүтэйгээр Газрын тосны тухай хуульд үүнийг нарийн зохицуулж өгсөн байдаг. Хэрвээ Монгол Улс Боловсруулах үйлдвэр барьж байгуулах юм бол одоо олборлолт хийж буй компаниуд тус үйлдвэрт түүхий тос нийлүүлнэ хэмээн хуулиараа зааж өгсөн гэсэн үг юм. 

-Газрын тосны боловсруулах үйлдвэр барихад хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж үзэж болох уу?

-Эрх зүйн орчин гэхээс илүү, энэ бүхэн бүгд хуулин дээрээ тусгагдсан байгаа. Нэгд, Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд эхний ээлжид газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдээр хангана. Хоёрт, 2014 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дээр, Газрын тос боловсруулах зөвлөмж гаргасан. Үйлдвэр барьсан тохиолдолд дотоодын түүхий эд дээр түшиглэж газрын тосны боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй гэсэн.  Гуравт, Газрын тос олборлож байгаа компаниудтай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ бий. Хэрвээ Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд бид олборлосон газрын тосоо, түүхий эдээ өгнө хэмээн мэдэгдсэн. Аль, аль талаасаа л дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

-Хуулиндаа тэгээд тусгасан ч гэсэн өгөхгүй байх боломжтой гэсэн шүүмжлэл яваад байгаа л даа. Энэ талаар...?

-Хуулиндаа нэн тэргүүн ээлжинд өгнө хэмээн тусгасан болохоос хэдий хэмжээтэйг, хэдий хугацаанд гэдэг талаар нарийвчлан тусгаагүй нь үнэн. Үйлдвэрийн ажил жигдрээд эхлэх үед худалдаж, худалдан авах гэрээг хийнэ. Тэгэхээр энэ гэрээн дээрээ тухайн нарийн асуудлуудыг тусгаж өгөх шаардлагатай. 

-Үйлдвэр барих хугацаанд эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил хийгдэнэ гэсэн үг үү?

-Цаашдаа ажил жигдрээд ирэхээр Газрын тос үйлдвэрлэн  боловсруулах компани болон Монгол Улсын Засгийн гаүар Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудтай худалдан авах гэрээг хийнэ.

-Ашиглалтын баталгаат нөөц нь хэдэн жилийн баталгаатай вэ?

-Нийт гурван талбай дээр газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр нь нийт 332 сая тонн гэж тогтоосон. Ашиглалтын баталгаат нөөц нь одоогоор 43, 26 сая тонн байна. Нэг компани ойролцоогоор жилд нэг орчим сая тонныг олборлож байгаа гэж бодохоор 40 орчим жилийн баталгаат нөөц бий гэсэн үг. Энэ компаниудын олборлолтын тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээг хэрхэн авах вэ гэдэг дээр үйл ажиллагаа чиглүүлээд явуулна.

-Үйлдвэрийн төслөөс шугам хоолойн төслийг салгасан гэж сонссон. Шугам хоолойны санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

--Шугам хоолойн асуудлыг Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслөөс салгасан. Анх Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл хэмээн хамтад хэрэгжүүлэхээр тооцоолж байсан бол явцын дунд шугам хоолойг салгаж тусад нь төсөл болгож хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэтхэг улсаас өгч буй нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрээ барьж, шугам хоолойны хөрөнгийн эх үүсвэрийг  өөр сувгаас олъё гэж шийдвэрлэсэн. Төслийг салгасан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Энэтхэг улсын талаас шугам хоолойг 600 орчим сая төгрөгөөр барина гэж ТЭЗҮ дээр тусгасан. Энэ бол дэвшилтэт технологи. Олон улсын туршлагаас ажиглахад тус хоолойг хот суурин газрын ойр, байнгын цахилгаан үүсгэвэртэй ойр газар байршуулдаг. Харин манай улс хүнгүй шахуу тал дээгүүр 600 орчим километр татуулах гэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын зардал өндөр гарсан. Тиймээс шугам хоолойн талаар судалсан. ОХУ болон БНХАУ энэ талаар илүү өндөр туршлагатай юм билээ. Тиймээс илүү хямд өртөгтэй, манайд тохирсон хоолой бариулах боломжтой гэж харж байна. Тус улсуудтай ч холбоо тогтоож, нааштай хариу авсан.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Алтанцэцэг нар оны эхэнд Герман улс руу айлчилж шугам хоолойны санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн. Нэлээн шааштай хариу авсан. Яриа хэлэлцээрийн үр дүнд аль нь бидэнд илүү боломжтой, хүртээмжтэй, ашигтай гэдгийг Загийн газраар шийдвэр гаргуулах асуудал одоо үлдсэн.

-Анх 2020 онд ашиглалтад оруулна гэж ярьж байсан. Харин  2023 онд ашиглалтад оруулна гэж мэргэжилтэн нь мэдээлэл хийсэн. Одоо 2025 онд ашиглалтад орно гэсэн мэдээ хэвлэлээр яваад байна. Яг хэзээ ашиглалтад орох бүрэн боломжтой юм бэ?

-Ийм том хэмжээний мега төслийн хувьд яг сонгогдсон хэмжээнд, энэ хугацаанд дуусгана гээ төлөвлөсөн хугацаандаа дуусгадаг жишээ их ховор. Монгол Улсад ийм томоохон хэмжээний төсөл хэрэгжиж байсан туршлага бага. Тиймээс бид цаг хугацааны эрсдэлийг тооцоолж, няхуур хандаж байгаагаа нуухгүй. Нөлөөлөх маш олон хүчин зүйл байгаа. Ерөнхийдөө 2023 оны эхний улиралд уу, 2020 оны сүүлчийн улиралд ашиглалтад орох уу гэдэг дээр л хугацаа яригдаж байна.

-Одоо баригдаж буй Газрын тосны үйлдвэрээс нэг литр бензин 900 төгрөгний үнэтэй гарна гэдэг олон нийтийн дунд багагүй маргаан өрнүүлсэн. Тиймээс үйлдвэрээс гарах үнийн талаар бус хэрэглэгчийн гар дээр орох үнийн талаар төсөөллийг хэлж болох уу?

-Бид НТЭЗҮ-г үндэслэн үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний үнийн талаар мэдээллийг л өгч чадна. Одоо баригдаж буй Газрын тосны үйлдвэрээс нэг литр бензин 800-900 төгрөгний үнэтэй гарна гэдэг үнэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам үйлдвэрийг барьж байгуулах, ашигтай ажиллуулах, түүхий эдээр хангах асуудлыг л хариуцаж ажиллаж байгаа. Цаашаа хэрэглэгчдийн гар дээр яаж хүрэх вэ, санхүүжилтийн механизм ямар байх вэ гэдгийг Засгийн газрын шийдвэр, Сангийн  яамны бодлого л тодорхойлно.

-Ярилцлсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (54.226.23.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.26.240) 2019-02-11 13:52:30
yun 2023 on be.uildver barih geseer baital hamag tuuhii tosiig chini udur shunugui zuuguud duuslaashte