Magnolian: Дуу бүхэн минь түүх, өрнөл, дүрүүдтэй байдаг

Энэ удаагийн "Залуусын дуу хоолой" ярилцлагын буландаа Инди Фолк урсгалаар тоглодог Magnolian хамтлагийн дуучин Б.Дөлгөөнийг урьж ярилцлаа. Magnolian хамтлагийг дөлгөөн хоолой, содон видео клипүүдээр нь хүмүүс мэднэ. Тэрээр уран бүтээлийн замналаа эхэлснээс хойш Zandari, SXSW зэрэг томоохон хөгжмийн наадмуудад улсаа төлөөлөн оролцож, EP цомгоо гарган, хэд хэдэн кинонд оролцсон залуу уран бүтээлч юм.

-Та одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Шинэ цомгийнхоо ажилд орсон байгаа. Одоогийн байдлаар гурван дуу бичсэн. Хамгийн эхний дуу болох Indigo сонсогчдын хүртээл болсон. Инди өнгө аястай дуу бий. Хоёр дахь дуугаа хуучны өнгө аясаараа зохиосон. Харин гурав дахь дуу нэлээд өөр болсон шүү.

-Бүрэн цомог уу эсвэл EP юу?

-Бүрэн цомог хийхээр төлөвлөсөн. Есөн дуутай байх болно. Энэ цомог дахь дуунуудын талыг нь Famous man-г гарах үед зохиогоод эхэлчихсэн байсан. Тухайн үедээ дуусгаж чадаагүй дуунуудаа шинэ цомогтоо оруулах болно. Магадгүй шинэ цомгийг минь гарсны дараа,өмнөхөөсөө өөр өнгө аястай уран бүтээл байна гэж хэлж магадгүй. Гэхдээ тэр дуунуудыг би өмнөх цомогтойгоо зэрэг бичээд эхэлчихсэн байсан.

-Фолклоре урсгал өөрөө ямар нэгэн түүхийг өгүүлдэг шүү дээ. Урьдын цомог дахь дуунуудаар ямар түүхийг өгүүлэхийг зорьдог байсан бэ. Мөн энэ удаагийн цомгоос юугаараа ялгаатай вэ?

-Зарим Фолк дуунуудыг аваад үзэхэд бодит түүхэн дээр сэдэвлэсэн дуунууд байдаг. Жишээ нь мэдээ уншиж байснаа, эсвэл таньдаг хүмүүсээ эсвэл бодит амьдрал дээр тохиолдож байсан зүйлээсээ сэдэвлээд дуунуудаа бичсэн байдаг. Миний дуунуудын хувьд тийм биш байх гэж бодож байна. Хүмүүс миний дууг сонсож, клипийг үзчихээд "кино үзэж байгаа юм шиг санагдлаа" гэх нь бий. Энэ нь ч оновчтой байх. Би өөрөө кино үзэх маш дуртай. Дуунууд минь ч кино шиг дотроо зохиол, өрнөл, дүрүүдтэй байдаг.

-Ямар түүхийг өгүүлэхийг зорьдог вэ?

-Янз янз шүү. Дуунаасаа л шалтгаална. Жишээ нь "Dream of a ridiculous man" бол Достоевскийн зохиол. Харин "Өвөлжөө" бол жинхэнэ түүхийг өгүүлсэн дуу. Өвөлжөө дуугаар Bon Iver хамтлагийн дуучны түүхийг өгүүлж, тэр хүний мэдэрч байсан зүйлийг мэдрүүлэхийг зорьсон юм болов уу. Гурван сарын сүүлээр гарах Premadonna дуу бол "noir" хар цагаан кино шиг. Энэ дууг зохиож байхдаа маш артистийн уран бүтээлийн элементийг шингээхийг зорьсон.

-Өвөлжөө дууны түүхийг тайлбарлаач?

-Мэдээж өвөлжөө гэдэг Монголд байдаг зүйл. Англиар өвөлжөө гэвэл шууд оноод хэлэх хэцүү байх. Энэ дуу хотын амьдралаас завсарлаж, амарч, өөрийгөө олох гэж буй талаар өгүүлсэн. Bon Iver-ын дуучин нь хамтлагаараа "For emma, Forever ago" гэдэг анхныхаа цомгийг гаргахаасаа өмнө нэлээд дампуурч байсан түүхтэй байдаг юм. Хамтлагаасаа гараад, найз охиноосоо салаад, бие нь ч муудаж. Ингээд хотоос холдож,тэр өвөлдөө, аавынхаа байшинд "ичдэг". Харин хэдэн сарын дараа байшингаасаа гарахдаа, цомогтойгоо гараад ирдэг.

-Танд тийм үе гарч байсан уу?

-Маш олон хүмүүст тэгж мэдрэгддэг байх шүү. Надад ч тэгж мэдрэгддэг. Үргэлж л завгүй, хөл хөдөлгөөн дунд оршиж байна. Зүгээр л юу ч бодохгүй, энэ бүхнээс холдоод, бодлоо цэгцлэхийг хүсдэг.

-Дуу хөгжмөөс гадна кинонд сонирхолтой гэлээ. Энэ тал дээр хийж байгаа ажил бий юу?

-Хөгжмөөс гадна кино миний том сонирхол. Аяндаа кино хийхийг зорьж байна. Сүүлд гарсан Indigo дууны клипээ би өөрөө найруулж, оролцсон. Цомгийн шинэ дуунуудын нэг болох "Roam"-ын зураг авалтыг түрүү жил хийчихсэн. Одоо зохиолын дагуу монтажаа хийх л үлдээд байна. Тухайн үед дуу минь хараахан бичигдэж дуусаагүй байсан юм. Мөн сүүлд би нэг кинонд тоглосон байгаа /инээв/ "They Sing up on the Hill" киноны дууг нь зохиолцож, дүрд тоглосон. Кино хараахан нээлтээ хийгээгүй л байна.

-Ихэнх дуучид дуугаа хийчхээд түүндээ тохируулж дүрсжүүлдэг шүү дээ. Та эхлээд клипээ хийчхээд дараа нь дуугаа зохиодог гэж үү?

-Дуунуудынхаа демо дээр тулгуурлаж клипээ хийсэн. Indigo дууг ч ийм аргаар клипжүүлсэн. Сарын өмнө гарсан The Beach Song дууны зураг авалтыг 3 жилийн өмнө хийж байсан. Манай найз зохиолыг нь бичиж өөрөө найруулсан. Анхнаасаа нэлээд график ашиглана гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч бид нарт хангалттай мэргэжлийн хүчин байгаагүй. Их график ашиглахаар шийдсэн бол зургийн талбай дээр Visual Supervisor үргэлж хамт байх ёстой юм билээ. Ингээд л нэлээд цаг авсан даа.

- Өөр продюсерүүдтай хамтарч хийсэн бүтээлүүд бүгд өөр мэдрэмж өгсөн бүтээлүүд байдаг. Ямар хүнтэй хамтрах нь ямар дуу байхаас шалтгаалдаг уу?

-Би хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Шүрээ, Одко хоёрын бүтээлүүдийг урьд нь би үзчихсэн байсан. Надад их таалагдсан болохоор хамтран ажиллах санал тавьсан. Өмнөх цомогт багтсан дуунуудыг харьцуулаад сонсоход, ижил төстэй юм шиг мөртлөө клипүүд нь шал өөр байдаг. Үүний шалтгаан бол мэдээж өөр найруулагчдын бүтээл болохоор тэр. Ихэнх дуугаа дүрсжүүлэхдээ би анимейшн ашиглаж байсан. Жирийн анимейшн, stopmotion анимейшн болон 3D. Энэ төрлүүд бүгд найруулагчдынх нь өөрсдийн онцлог юм. Шинэ гарах клипүүд дээрээ анимеишн хийх талаар арай бодоогүй байгаа. Бас нэг юмаа давтаад л байвал хүмүүс уйдна шүү дээ/инээв/. Би видеонууд дээрээ тийм олон шаардлага тавьдаггүй, Ганц шаардлага нь гэвэл "cool" байх ёстой. Дууны видео гэдэг уран бүтээлчийнхээ имижтэй холбогддог зүйл. Заавал гоё ганган байх албагүй. Харин урлагийн талаасаа мэдрэмжтэй байх хэрэгтэй.

-Видеоны зохиолуудаа өөрөө бичдэг үү?

-Үгүй ээ. Шинэ дууны клипүүдээ харин хамтран найруулж байгаа. Өмнөх клипүүдийн зохиолыг харгалзах найруулагчид нь өөрсдөө бичсэн. Indigo дуу бүжигтэй болохоор зохиол бичээд байх зүйл байгаагүй. Бичлэг дээр бүжиглэдэг Одбаяр гэдэг залуу дэглэлтийг нь өөрөө хийсэн. Анхнаасаа дуун дээрээ тохируулж Pina Bausch-ын хэв маягтай видео хийх зорилготой байсан юм.

-Найруулагчаас гадна зураглаачийн ажлыг давхар хийсэн үү?

-Мэдээж би өөрөө зургийг нь аваагүй. Зураглаачтайгаа аль хэсэг дээр яаж авах, ямар линз ашиглах зэргийг л ярилцаж хийсэн. Монтажийг нь дээр нь өөрөө ажилласан. 

-Хамгийн анх зохиож байсан дууныхаа талаар яриач?

-Oh man.. Би хамгийн анх 15, 16 настайдаа ая бичих гэж оролдож байсан байх. Анхных байсан болохоор тухайн үед сонсдог байсан юмаа л дууриаж хийж байсан. Би тэр үед Alternative, emo, rock дуунууд их сонсдог байлаа./инээв/ Тиймэрхүү дуунууд л их хийсэн байсан. Надад одоо хүртэл байдаг шүү. Хийсэн юмнуудаа би авдрандаа хийгээд хадгалаад л байдаг. Хэзээ нэгэн өдөр хэрэгтэй болох ч юм бил үү. Гэхдээ тийм онц бишээ.

-Цагаа хэрхэн хуваарилж ажилладаг вэ?

-Өдөр болгон тодорхой нэгэн цагийн хуваариар байдаггүй. Утасныхаа календарь дээр бүх зүйлээ төлөвлөдөг. Энэ тун зүгээр арга шүү. Олон зүйл дээр зэрэг ажиллаж байхдаа ч бүгдэн дээр нь цаг гаргаад ажлаа явуулахыг зорьдог. Жазз клуб, хөгжим, киноны ажил мөн гэр бүлдээ цаг гаргах ёстой. Өөртөө ч гэсэн цаг гаргаж фитнессд явдаг. Өнгөрсөн долоо хоногоос эхэлж өглөө явдаг болсон. Ингэснээр өглөө эрт босоод олон ажил амжуулж байгаа юм. Заримдаа ажлаа гэрээсээ хийдэг. Уул нь ажлын хувиараа хуваачихвал их зүгээр юм шиг. Жишээ нь Мураками өглөө бараг 4 цагт босож гүйчхээд, 12 цаг хүртэл зохиолын ажлаа хийдэг гэсэн. Харин 12 цагаас хойш бусад ажлаа амжуулдаг. Ингээд хувиарлачихвал олон ажил амжуулж, үр дүнтэй байж чадах байх. Гэвч би шар шувуу шиг болохоор ингэж чаддаггүй юм.

-Та Муракамигийн зохиолуудыг уншдаг уу. Ер нь ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Тэгж шимтэж уншаад байдаггүй ээ. Мураками яг гурван төрлийн номтой юм шиг санагддаг. Эхнийх нь Япон "эмо" төрлийнх, дараагийнх нь жоохон фантизитай, харин сүүлийнх нь non-fiction. Non-fiction төрлийн номууд нь таалагддаг. Сүүлд Америкийн комедиан Trevor Noah-ын "Born a crime" номыг уншсан. Унших гэхээсээ илүү аудиобүүкээр сонсвол их үгээр. Бичсэн хүн нь өөрийнхөө хоолойгоор, өөрөө уншсан байдаг болохоор их сонирхолтой. Яг одоо бол "Moby Dick", "Dune" зэрэг номуудыг уншиж байгаа. Dune номны кино хийгдэж байгаа болохоор номыг нь уншаад ертөнцөд нь орчихсон байхад гайхалтай.

-Zandari, SXSW зэрэг гаднын фестивалиудад оролцоод ирсэн. Гадаад болон Монгол артистуудын хооронд ямар ялгаатай зүйлүүд анзаарагдсан бэ?

Мэдээж гаднын хөгжмийн фестивальд оролцоно гэдэг сайхан. Гэхдээ тэнд очоод "Ямар олон хамтлаг вэ?" л гэж боддог юм билээ. Монгол харин жижигхэн, цөөхөн уран бүтээлчидтэй. Жоохон дуу хийгээд ирэхээрээ биеэ тоогоод "rockstar"-ууд болчихдог. Гадаад уран бүтээлчид бүх тал дээрээ илүү мэргэжлийн санагдсан. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмжөөсөө авахуулаад цаана ажилладаг багийнхан ч гэсэн шал өөр. Зах зээл нь том болохоор сэтгэлгээ нь өөр байдаг байх. Уран бүтээлчид нь илүү зорилготой, карьерээ өсгөх хүсэл эрмэлзэлтэй байдаг юм билээ.

-Гадаад сонсогчид дууг тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид тийм ч их хүний урд дуулаагүй ээ. Мэдээж дөнгөж гадагшаа гарч байхад хэн ч биднийг мэдэхгүй шүү дээ. Үзэгчдийн хувьд Монголоос ялгаатай шүү. Амьд хөгжмийн соёл гэдэг зүйл өөрөө сайн хөгжчихсөн байдаг. Монголд харин энэ соёл арай хөгжөөгүй эсвэл өөрөөр хөгжиж байгаа байх. Гадны оронд тоглолтын билетийг ихэнхийг нь урьдчилаад захиалчихдаг. Манайд харин дийлэнх нь үүднээс очиж авна. Иймхэн зүйлээс авахуулаад л соёлын ялгаа нь мэдрэгдэж эхэлдэг.

-Дууныхаа үгийг эхлээд англиар зохиочхоод, Монгол руу орчуулсан гэж байсан?

-Би "Banquet" буюу өвөлжөө дуугаа ингэж хийж байсан. Анх Англиар бичиж байсан юм. Тухайн үед огт Монголоор бичсэн дуу байгаагүй болохоор ганц ч болтугай дуугаа Монгол болгоё гэж бодсон. Яг шууд орчуулах боломжгүй шүү дээ. Монголоор үгээ бичихдээ, дууныхаа мэдрэмжийг хадгалаад зохиож байсан. Сүүлд гарсан Indigo дуун дээр ч гэсэн Монгол хувилбарыг зохиож байгаа. Үүн дээр The Colors хамтлагийн дуучин Тогтуунтай хамтарч байна. Удахгүй Монгол хувилбарыг гаргана.

-Эхлээд Англиар бичихдээ илэрхийлсэн санаагаа Монгол хэлээр бүрэн илэрхийлж чаддаг уу?

-Хэлнийх нь онцлогоос болоод зарим өгүүлбэрүүдийн санаа өөрчлөгдөнө шүү дээ. Зохиосон санаа нь тухайн хэл дээрээ хамгийн төгс гардаг байх.

Зургийг Х.Цэнгүүн​​​​

-Хамгийн анх Playtime наадамд орж байх үед таныг үзэж байсан 30 хүний 29 нь таньдаг хүн байсан гэсэн. Харин ганц жилийн дараа наадмын хамгийн хүлээлттэй артистуудын нэг болсон байсан. Нэг жилийн дотор гарсан тэр өөрчлөлт ямар санагдсан бэ?

-Хамгийн анхны жил би ганцаараа, шинэ давалгаа тайзан дээр гарч байсан юм. Харин дараагийн жил нь гурвуулаа болоод том тайзан дээр гарсан. Түүний дараагийн жил бүр олуулаа болоод, тэр оройн headliner хамтлагуудын нэг болж чадсан. Үнэхээр гайхалтай байсан шүү. Бидний өмнө Rec On дараа Нисванис хамтлаг тоглох хуваарьтай байлаа. Нэг орос хамтлаг сетээ хэтрүүлж тоглосоноос болоод, биднийг гарах үед гадаа орой болоод, үзэгчид дүүрчихсэн байсан.

-Хамгийн анх энэ наадамтай холбогдож байсан түүхээ яриач?

-Хамгийн анх үзэгчийн хувиар очиж байсан. Тэр үед UB паласт болдог байлаа. Урьд нь амьд хөгжмийн фестиваль болж байгаагүй болохоор их сайхан байсан. Ижил сонирхолтой залуусаар дүүрчихсэн. Тэр үед нэлээд рок талдаа байсан шүү. Одоо хүртэл хүмүүс тиймэрхүү зүйлийг хүсдэг байх. Гэхдээ фестиваль хөгжөөд, цаашаа томрохын тулд өөр жанруудыг оролцуулах нь зөв хэрэг. Амьд хөгжим гэхээрээ л рок байх албагүй. Хүсвэл хип хоп дууг ч амьдаар тоглож болно. Жанраас хамаарахгүй амьд хөгжим байж болно шүү дээ. Хөгжим гэдэг өөрөө их баялаг зүйл. Бүх төрлийн хөгжимтэй байж л наадам баялаг болно. Гадаадын хөгжмийн фестивалийг аваад үзье. Жишээ нь Headliner артист нь Drake, Vampire weekend байдаг. Манайд ч гэсэн ингээд хольж өгвөл гоё байх. Хоёр жилийн өмнө Mekh Zakhq тоглоход үнэхээр cool байсан.

-Алдаад ухаарсан хамгийн том алдаа тань юу вэ?

-Магадгүй арай эрт эхэлсэн болоосой гэж боддог. Айж ичээд, санаа зовох шаардлагагүй юм билээ. Би ер нь нэлээд ичимхий, интроверт хүн. Одоо хүссэнээрээ уран бүтээлээ хийгээд явж байна.

-Монголын Folklore урсгал ямар онцлогтой санагддаг вэ?

-Зарим дуунууд дээр бараг "хүчлээд" хөөмий, морин хуур оруулчихсан байдаг. Моханик хамтлагын "Амарбаясгалант" цомогт багтсан дуунууд маш энгийн, огт хүчлээгүй санагдсан. Магтаал ч юм шиг, ардын дууны элементүүд ч их байсан. Хөөмий, морин хуур байхгүй ч гэсэн үнэхээр Монголын үнэртэй дуунууд байдаг. Саяхан тэсрэлт хийсэн "The Hu" гэдэг хүннү рок хамтлаг ч байна. Гараад хэдхэн сарын дотор олон сая сонсогчдыг өөртөө татаж чадсан.  

-Тэгэхээр язгуур урлагийн элементээрээ ялгарч, фолк урсгалаар тоглох нь давуу тал болж байгаа гэсэн үг үү. Танд ийм төрлийн уран бүтээл хийх бодол бий юу?

-Би толгойдоо орж ирсэн зүйлээ цааш нь хөгжүүлээд дуу болгодог. Яг нэг тийм дуу хийчихье дээ гээд дуу хийдэггүй. Bride and The Bachelor дуун дээрээ би морин хуур оруулсан. Дуун дээр эвтэйхэн тохирч байсан юм. Заавал үүн дээр морин хуур тэрэн дээр хөөмий гээд байх шаардлага байхгүй. Гэхдээ Босоо ятганы дуугаралтыг монгол ятгаар, хийл хөгжмийг, морин хуураар орлуулж уран бүтээл хийж магадгүй юм.

-Та ямар хөгжмүүд дээр ажиллаж, уран бүтээлээ хийдэг вэ?

-Миний гол хөгжим бол гитар. Төгөлдөр хуур, бөмбөр, баргил гитар зэргийг ч чадхаараа тоглочихдог. Гэхдээ хөгжим бол нэг л хэл. Тэр хэлээ л ойлгочих юм бол гитар дээр тоглож байсан зүйлээ төгөлдөр хуур луу шилжүүлэхэд ямар ч асуудалгүй. Би хөгжим хийхдээ шууд компьютер дээр хийдэг.

-Дуу хөгжмийн үнэ цэнэ юундаа байдаг юм бол?

-Мэдрэмждээ л байдаг байх. Өдөр тутмын амьдралдаа бид хийх ёстой зүйлээ хийгээд, юу ч мэдрэхгүй явцгаадаг. Харин дуу өөр мэдрэмжийг авчирдаг. Олон хүмүүс хөгжим сонсож тайвширдаг шүү дээ. Би дуунуудаараа хүмүүст тайвшралыг өгөхийг хүсдэг. Миний дуу хүнд хань болоосой гэж боддог.

-Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?

-Маш их кино, Netflix үздэг.

Зургийг Fujicolor C200 хальсаар авав

-Bohemian Rhapsody киног үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Намайг жоохон байхаас л манай гэрийнхэн бүгд The Queen сонсдог байсан. Энэ киног гэр бүлийнхэнтэйгээ үзсэн. Яг л миний төсөөлж байсан шиг болсон байна лээ. Магадгүй илүү edgy, r-rated байсан бол надад илүү таалагдах байсан байх.

-Дуртай кино бүтээгчдээсээ дурдаач?

-Холливуудад киног гайхалтай хийдэг олон зураглаач байдаг. Хийсэн бүтээлүүд нь киноныхоо онцлогоос шалтгаалаад өөр байх. Алдарт Roger Deakins байна. "Blade Runner 2049" болон олон гайхалтай бүтээл дээр ажилласан. Киноны өнгө аяс, онцлох зүйлс харин найруулагчаас шалтгаалдаг байх. Жишээ нь Вес Андерсоны киног хаанаас нь ч хараад таних боломжтой. Яг л үүн шиг Пол Томас Андерсон, Тарантино гээд бүгд өөрсдийн танигдах ертөнцөө бий болгочихсон хүмүүс байдаг. 

-Одоо ямар нэгэн label-д харьяалагдаж байгаа юу?

-Үгүй ээ. Ер нь label-d харьяалагдаж байгаагүй. Famous men-г хийж байхад уул нь нэг label-тэй гэрээгээ байгуулаад, гарын үсгээ зурчихсан байсан юм. Гэхдээ яагаад ч юм больчихсон шд./инээв/

-Чөлөөт уран бүтээлч байхын давуу тал юу байдаг юм бэ?

-Дураараа шүү дээ. "Тэнд очоод дуул, тийм үйл ажиллагаанд оролц" гэсэн юм байхгүй. Өөрийнхөөрөө л явна. Label-д байх мэдээж давуу талтай. Гол нь харьяалагдаж байгаа label уран бүтээлчийнхээ өнгө аястай таарах нь чухал байх.

-Манай орны нөхцөлд урлагийн карьер хөөхөд олон хүндрэлтэй учирдаг. Таны хувьд ямар байсан бэ?

-Мэдээж нэг л өдөр шууд урлагийн хүн болно гээд шийдчихээгүй. Юуны түрүүнд дуунуудаа гаргаад үзье гэж бодсон. Дуунууд минь хүмүүст таалагдахын хэрээр хөгжүүлж, сайжруулж байсан. Гэр бүлийн зүгээс ямар нэгэн бэрхшээл саад байгаагүй. Чадахаараа сайн дэмжиж байсан.

-Хэцүү үеэ хэрхэн давж туулдаг вэ?

-Гэрээсээ гарахгүй, кино л үзнэ дээ/инээв/

-Амжилтыг юу гэж тодорхойлох вэ?

-Амжилтын олон хэмжүүрүүд байдаг. Юуны түрүүнд хүн зорилготой байх ёстой. Тэр зорилгодоо хүрж чадсан бол амжилттай, чадаагүй бол амжилтгүй.

-Монгол залуучуудад ямар зан чанар илүү дутагдаж байгаа юм шиг санагддаг вэ?

-Залуучуудад өөрсдийгөө хөгжүүлэх боломжууд дутмаг байдаг болов уу. Залуусыг ямар ч мөрөөдөлтэй байсан түүндээ хүрэхэд нь туслах боломжуудыг олгох нь чухал.

-Урлагийн чиглэлээр яваагүй байсан бол ямар чиглэлээр явах байсан бол?

-Одон орон судлалаар явах байсан байх. Монгол дахь сансар судлалын хүрээлэнд ажиллахыг хүсэх байсан. Энэ тал дээр би их сонирхолтой шүү.

-Хөгжим, кинонаас өөр юу сонирхдог вэ?

-Би сэлж, цанаар гулгаж дуртай. Хааяа юм бичих гэж оролддог ч төвлөрч сууж чадахгүй юм.

-Та ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудад оролцохыг хүсдэг. Гадаадад сонсогчидтой, өөрийн байр суурийг олчихсон байна гэж төсөөлж байна. Ингэхийн тулд мэдээж сайн дуунуудтай байх шаардлагатай.

-Гадаад фенүүдээс урмын үгс сонсдог уу?

-Сонсдог шүү. Өчигдөрхөн инстаграмаар "Би Берлинд амьдардаг. Дуунуудыг чинь сонсдог шүү" гээд ирсэн. Мөн Бразил, Америк зэрэг орноос ирж байсан.

Зургийг Fujicolor C200 хальсаар авав

-Хөгжмийн тал дээр хамгийн их нөлөөлсөн уран бүтээлч хэн бэ?

-Миний хамгийн дуртай хамтлаг бол "The National". Тэд миний хөгжмийг хэлбэрт оруулсан. Хөгжмөө бичиж байхдаа хүртэл "The National байсан бол яаж хийх байсан бэ" гэсэн бодолтой хийдэг./инээв/ Тэдний дуунууд нэг сонсоод аманд орчхоор биш ч гэсэн сэтгэлд хоногшчихдог. Тиймэрхүү дуунууд хийхээр фенүүд нь ч гэсэн их үнэнч болдог юм билээ. The National-ын дуунууд яг л "нугасны муухай дэгдээхэй" шиг. Эхэлж сонсох үед онцгой зүйл мэдрэгдэхгүй ч олон сонсоод байх тусам сэтгэлд үлддэг. Би өөрийнхөө дууг ч гэсэн ийм байгаасай гэж хүсдэг.

-Та ямар хамтлагтай нэг тайзан дээр тоглохыг мөрөөддөг вэ?

-Sufjan Stevens-тэй хамт тогловол гоё.

-Жазз клубтэй болох нь таны мөрөөдөл байсан уу?

-Мөрөөдөл байгаагүй ээ. Мэдээж санаа нь гоё. Улаанбаатар хот жазз клубтэй бол гоё гэж боддог байсан. Өөр хүнийг хийхгүй юм байхдаа гээд хараад суух нь тэнэг хэрэг. Тэгээд боломж нь бүрдээд байгуулсан даа. Жазз хөгжмийн оргил үе нь аль дээр үед байхгүй болчихсон. Яг жаззаар нь сонсдог хүмүүс ч цөөрсөн. Гэхдээ жазз клубийн мэдрэмжийг авах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Томоохон хотуудад бүгдэд нь жазз клуб байдаг. Магадгүй цаашлаад хотын соёлд ч эерэг нөлөөлдөг байх.

-Монголын нийгэмд ямар гурван зүйлийг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ?

-Нэгт авилгал хахууль зэрэг зүйлээс ангид болж төр нь цэвэршээсэй. Хоёрт хүмүүс нь өндөр боловсролтой байж, хөгжингүй орон болоосой. Төр цэвэршээд, боловсрол сайжирчихвал бусад зүйлс нь дагаад сайжирчихна. Монголд доор нь мундаг хүмүүс зөндөө бий. Даана ч дээрээсээ дараад байдаг. Ядаж энийгээ больчхоосой гэж бодож байна.

-Залуу хүний хувьд улсынхаа ирээдүйг яаж төсөөлдөг вэ?

-Би энэ тал дээр их өөдрөг байдаг шүү. Магадгүй миний хэлсэн шиг цэвэрхэн эрүүл нийгэмтэй болохыг үгүйсгэхгүй. Манай улс гуравхан сая хүнтэй. Бид байгаа газартаа тайван, эд баялгаар дутахгүй амьдрах боломжтой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

 

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
56 (64.119.16.105) 2019-02-14 20:09:44
гоё шүү амжилт!
(112.72.11.123) 2019-02-14 01:45:36
Goe hailsnii kamertai bolmoor sanagdchihlaa baina