Сандо амбаны “соёлын” довтолгоо

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин” номын шинэчилсэн дөрөв дэх хэвлэл саяхан гарчээ. Монголчуудын “Хошин түүх” хэмээн алдаршсан “Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин” номын шинэ бүлгээс хүргэж байна.

... Энэ явдлын огноог өөр содон сонин хэрэг явдалтай уялдуулан ой санамждаа тогтооход амаргүй. Жинхэнэ “соёлын довтолгоо” эхлэхээс “50 жилийн өмнө” гэж огноолохоор “нэг жил дутуу”, мартагдах аргагүй “Мартын наймны баяраар” өдөрлөхөөр “нэг өдөр дутуу” үлдээд байх. Үнэхээр ч “нэг л дутуу” соёлын довтолгоон болох нь ч болсон юм.

Жинхэнэ “соёлын довтолгоо” 1959 онд Зөвлөлтийн дэмжлэг санаачилгаар өрнөж эхэлсэн бол “хулхи” соёлын довтолгоо нь түүнээс 49 жилийн тэртээ Бээжингийн заавар, удирдамжаар эхлэх тавилантай байж. 1910 оны хавар, 3 дугаар сарын 7-нд нүүдэлчдийн Их хүрээг иргэншлээр довтлон эзлэх даалгавартай нэгэн этгээд хатан Туулын хөвөөнд буувай. Тэр бол Манжийн шинэ амбан Сандо гэгч. 

Өвөрмонгол гаралтай, өрнөдийн боловсролтой тэрээр хятадад Бүгд найрамдах засаглал тогтоох үеийн зүтгэлтэн ажгуу. Япон, Францад суралцаж байсан гэх мэдээлэл байдаг энэ этгээд засаглалыг шинэтгэх үзэлтнээс гадна, хуучны дурсгалыг судлах хоббитой нэгэн бөгөөд Гадаад монголд байх хугацаандаа тал нутгийн хөшөө дурсгалыг судлан бүртгэх ажлыг завчлан хийсэн мэдээлэл ч байдаг.

Тэр үеийн төрийн албан хаагч явсан Г.Навааннамжил бээр, орон нутагт нь ирсэн Бээжингийн монгол журганы төлөөлөгчийн нэг нь орон нутгийн хөшөө дурсгалыг сонирхон

“баруун зүгийн хошуудаар явахдаа Шүүх журганы сайд нь салж, манай хошууны Бичигт улаан хад гэдэг уулынхаданд байгаа хуучин бичгийг үзэж шинжлээд, нөгөө сайдын хойноос нэхэж хүрэхийг хэлэлцэж...” хэмээн тэмдэглэсэн нь Сандо болон түүний даалгавартай ч холбогдож магад.

Богдын хүрээ, Да хүрээ буюу Их хүрээ, Богдын хүрээ, Нийслэл хүрээ нь ХХ зууны хориод оныг хүртэлхот тосгоны шинжийг олсон нь үгүй. Эзэн ноён, захирагч, хутагтаа тойрон буудалласан нүүдэлч малчдын хүрээлэл байлаа. Нэр нь ч тойрох, эмжээрлэх, дугуйрах утгатай “Хүрээ” гэсэн үгнээс гарчээ. Голлох этгээдийхээ өргөөг хүрээлсэн гэрүүдийг алсаас харахад хүрээндээ ургасан мөөг мэт харагдаж асан буйзаа. Монгол нүүдэлчний хүрээ нь хот суурины утгаасаа илүү цэргийн байгууламж маягтай, гэнэтийн довтолгооноос хамгаалах үүргийг чухалчилсан түр буудал гэхэд болохоор. Дуртай үедээ буулгаж, хүссэн газартаа байгуулж болдог нүүдлийн “эсгий хэрэм”, “эсгий цайз” зүйл.

Эсгий цайз Монгол нутгийн төв хэсгээр нүүдэллэж байснаа, сүүлдээ ачаагаа бараагаа зөөж дийлэхээ больжээ. Богд уулын араас 1727 оноосхойш хол явж чадахаа больсон нь их учиртай .Хиагтын гэрээгээр Хаант орос-Манж чин улсын худалдаа Хүрээ-Хиагтын чиглэлийн замаар хийгдэх болсон ба голлон тээвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ “Цайны зам” хэмээгдэх болж. Хүрээ нь Их говийн хойд цэг, Сибирийн их хөвчийн өмнөд зах давхцсан цэг учир “Цайны зам”-ын чухал боомт болжээ. Улмаар монголд худалдаа хийдэг хятад худалдааны пүүсүүдийн бараа цуглуулах, түгээх гол боомт болов. Тэд Бээжингээс авчирсан бараагаа эндээс хуваарилж, орон нутгаас ирсэн бүтээгдэхүүн түүхий эдийг Хүрээнд голлон төвлөрүүлнэ. 

Ингээд хэдэн үеийн турш нүүмэл явсан Богдын хүрээ, ийнхүү нэгэн үеийн суумал хүрээ болжээ. Хүрээ нь суумал боловч аж төрөл нь гүймэл хэвээрээ. Ариун цэврийн дэг ёс, нийгмийн хэв журмыг сахих тогтоцоос эхлээд хот суурины анхан шатны дүрэм энд огоот үгүй.

Бурхан болооч нараа салхин талдаа ил задгай хаясан, тэнд нь хүүр идэгч буйлсан нохдоор дүүрэн, хогоо аль тааралдсан газраа хаяж, хот дотроо овоолсон, тааламжтай газраа бие зассан тийм л суурин. Аз болоход ер бусын хуурай, эрс тэс уур амьсгал ба золбин нохдын сүрэг нь бурхан болоочдын шарил бахараахан бурхан болоогүйчүүдийн ялгадсыг хатаах, идэх ажлыг гүйцэтгэнэ. 

Францын офицер, судлаач Эмиль Буиан де Лакост 1904 онд Өргөөгөөр явсан тухайгаа

“Өргөөгийн гудамжинд их хөлийн газар хог новш нь овоорч, тухайлбал үхсэн малын сэг, есөн жорын хог хаягдал, эргэн тойронд нь ноход зуу зуугаараа тэнүүчлэнэ... Шөнө болохтой зэрэг хот тэр чигээрээ нохдод эзлүүлнэ. Архиралдан ноцолдох, зэвүүн муухай гангиналдан гаслах, цөхрөн хуцах нь үүр цайтал тасрахгүй. Ноходгүй бол Өргөө  хот хүний хүүрээр дүүрэх байсан биз. Учир нь гэвэл монголчууд үхсэн хүнийг булшилдаггүй, шашин нь зөвшөөрдөггүй... өлссөн ноход отон хүлээж, оршуулсан хүмүүс   явцгаасны дараа хүүр рүү нь дайран хэдэн хэсэг болгон тастчин хаядаг” [хэмээн тэмдэглэжээ.

Шөнөдөө түнэр харанхуй нөмрөх Их хүрээнд золбин нохдууд ноёрхож журам сахиулна. Шөнөөр нөмөрлөн хулгай хийх гэвэл нохойн хоол болно, нохойноос хамгаалахын тулд дэнлүү барьж, зэвсэг хэрэглэвэл өөрийгээ барьж өгсөнтэй адил болно. 

Чухам энэ түнэр харанхуйг “хятад дэнлүү”-гээр гэрэлтүүлэхийг л Сандо амбан хүсчээ. Ингээд юуны түрүүн хүрээ орчмын 15 мод газрыг хамгаалан амар амгаланг сахиулах цагдаагийн тогтолцоо бий болгосон байна. Журам сахиулж байсан талбайнхаа хэмжээгээр “Арван тавны цагдаа” хэмээн нэрлэгдсэн энэ байгууллага монголын цагдаагийн албаны анхны үүсгэл сурвалж болж өгсөн ажгуу.

Улмаар, хүрээний зарим хэсгүүдийг холбосон замаар дэнлүү өлгөн шөнөдөө гэрэлтүүлж эхэлсэн нь Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн түүхийн анхдагч үйл явдал болсон бололтой. Хотын амгаланг сахиулах ажлыг нохойноос салган хүнд хариуцуулах ажил нь ингээд зогссонгүй.

Сандо амбан улмаар хүрээнийхний бие засах ажлыг удирдахаар санаа шулуудаж, анхны жорлонг бариулжээ. Гэвч хоолоо булаалгасан нохойноос илүү хүмүүс өөрснөө дургүйцсэн байна. Нэгдүгээрт, суугаад босохын хооронд гялс амжуулчихдаг ажлыг нь байр саванд орж үйлддэг түмэн түвэгтэй ажил хэрэг болгон хүндрүүлжээ. Хоёрдугаарт, урин дулаан орохын цагт мөнөөх “цэвэрлэх байгууламж”-ийн үнэр танар нь хамар хагалам болоод иржээ. 

Монголчууд гуйсан юмыг нь өгөөгүй нэгнээ “харамласан юм чинь хар нохойн идэш болно” хэмээн харааж дарамталдаг. Гэтэл хар нохойноосоо хүртэл харамласан ялгадас нь үнэрээрээ дамжуулан өшөөгөө авч эхэлсэн гэмээр явдал болж дээ. Хүрээнийхэн шууд л амбаныхаа жорлонг жигшин тойрч, гадуур нь бие засах болсон ч Улаанбаатарын анхны нийтийн бие засах газрыг үүсгэн байгуулагч нь яах аргагүй Сандо болж үлдсэн байна.

“...Тэрхүү худалдаачны байрын өмнө талд ший бүжиглэх өндөр тайз байшинг байгуулж, өдөр бүр хятад ший бүжиглүүлнэ. Улаан ханжаарт явган цагдаа нарт европ  хувцас өмсүүлж, энд тэндийн зам гудамж дээр пост манааны бяцхан шовгор пинг барьж суулгах болов. Их хүрээнээс Маймаа хот хүртэлх замын гудас, шөнийн цаг  шилэн сав бүхий лаанпаг шатааж гэрэлтүүлэн эхлэв. Гудамж зээл, ил газар хүн хамаагүй өтгөн шингэн мөр гаргахыг зогсоож, тусгай жорлон савд ордог  болгов...Эдгээр шинэ байдлыг эхлэхэд Их Хүрээний олон хүн, нэн ялангуяа Гандан  хүрээний дээд доод лам нар, ноёд түшмэд дургүйцэж санаа хувьсах  байдалтай элдэв яриа үүсэж гарав”[iii] хэмээн тэр үеийн амьд гэрч нар бичиж үлдээжээ.

Монголын нийтийн жорлон, хотын гэрэлтүүлэг, цагдаагийн албыг “үндэслэгч” Сандогийн богино настай, богинохон шинэчлэлд олноороо дургүй, таагүй хандсан хоёр шалтгаан байдаг. Тэрээр шинэчлэлийн бүхий л зардлыг монголчуудаас гаргуулж байсан нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ.

“... Монголчуудыг хүмүүжүүлэх сургууль, (манж монгол хятад хэл заах) Оросын захиргааны сургууль (Орос хэл заах) эрүүл мэндийн газар, монголын эргүүлийн цагдаагийн ангийг шинээр байгуулах эдгээрийн бүх зардлыг монголчуудад даалгав...Монголчуудын дургүйг хамгийн их хүргэсэн нь цэргийн бэлтгэлийн газар   байлаа. Энэ нь монголчуудыг цэрэгт татаж сургууль хийлгэхийг оролдох зорилготой боловч морь унааг өөрсдөөс нь гаргуулж байсан тул зөвшөөрөх монголчууд  байгаагүй гэдэг”. 

Нөгөө талаасаа Сандо хэрэгжүүлсэн бүхий л хөтөлбөр монголчуудын дургүйг хүргэх үндэслэлтэй байсан ажгуу. Түүний зорилго нь Манжийн “Шинэ засгийн бодлого” буюу Чингийн хаант засаглалыг өөрчлөн Бүгд найрамдах засаглалтай Дундад улс байгуулахад хүргэсэн хөтөлбөрийг Гадаад монголд хэрэгжүүлэх явдал. 

Шинэ засгийн бодлого нь 1691 онд Долнуурт Энх амгалан хаан ба Өндөр гэгээний хооронд байгуулсан гэрээний үзэл санааг ноцтой хөндөж байлаа. Энэ гэрээгээр Гадаад монгол нь Чин улсын онцгой эрхт вассал болсон бөгөөд Манжийн империйн онцгой эрхт ноёлогч үндэстний хүрээнд багтан оржээ. Чин гүрний төрийн дээд албанд зөвхөн Манж ба монгол үндэстэн л томилогдох онцгой эрхтэй бөгөөд хоорондоо гэрлэж болдог байв. Хятад үндэстэнд ийм эрх байсангүй.

Улмаар, Гадаад монголын нутаг дэвсгэрт хятад иргэд оршин суух, тариалан эрхлэх эрхгүй, худалдаа наймааны хэргээр явахдаа жил бүр виз авна. Монголчууд Бээжинд татвар төлөхгүй бөгөөд зөвхөн орон нутгийн төрийн албаны хэвийн ажиллагааг хангах зардлыг хариуцна. Түүгээр ч зогсохгүй төрийн түшээд, язгууртны цалин пүнлүүг Бээжин даах ажгуу.

Чухам энэ онцгой байдлыг Манжийн Шинэ засгийн бодлого үгүй хийж, Гадаад монголыг Хятадын ерийн нэгэн муж хязгаар болгон хувиргахаар заналхийлжээ.

Энэ утгаараа, Сандо амбаны байгуулсан жорлон хүртэл үндэсний эрх ашгийн эсрэг үнэр ханхлуулж, замыг гэрэлтүүлэг нь монголчуудын хувь заяаг бүдгэрүүлж, хэв журам сахиулах цагдаа нь хүртэл эв журмыг гажуудуулах мэт харагдсан бололтой.

ХХ зууны эхэн ба дундуур өрнөсөн “соёлын” довтолгоонуудад нийтлэг нэгэн шинж бий. Энэ нь тухайн үед монголд нөлөөгөө тогтоож байсан хүчирхэг хөршүүд нь нэгдүгээрт, тус тусын соёл ба суртахуунаар нүүдэлчдийг хувьсган өөрчлөх, хоёрдугаарт тус тусын соёлын нийтлэгт шингээн авах сонирхлоор гараагаа эхлүүлжээ.

Харин ижил агуулга, санаагаар эхлүүлсэн эдгээр хувьсгалд монголчууд өөр өөр санаа бодлоор хандаж, ондоо ондоо үр дүнд хүрсэн байдаг.

Анхны соёлын довтолгоо нь монголчуудын нүүдэлчин амьдрал, эрх чөлөөт аж төрлийгтариачин маягийн иргэншил-хотшилд хувирган өөрчилж, Чин гүрний орон суурин залгамжлан байгуулагдсан Бүгд найрамдах засаглалтай хятад буюу Дундад иргэн улсын нэгэн хэсэг болгоход чиглэж байсан. Түүнийг зөнгөөрөө мэдэрсэн монголчууд эсэргүүцэн дургүйцэж, улмаар тэрхүү шинэчлэлийг сөргүүлэн үндэсний хувьсгал хийж тусгаар тогтнолоо зарласан билээ.

Монголчууд хотшин хөгжихдөө дургүй ч байсан юм биш. Богд хаанаасаа эхлээд монголын язгууртнууд шинжлэх ухаан техникийн дэвшил, өрнөдийн аж үйлдвэрийн хувьсгалын талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон үе байв. Түүгээр ч барахгүй утсан харилцаа гэхчлэнгийн техник технологи тал нутагт хөл тавьж, анхны авто машины мөр зурайж, төрөлхийн сониуч нүүдэлчдийг дэвлээр гижигдэж эхэлсэн цаг. Гэвч Бээжингийн амласан, тулгасан “соёлын” довтолгоо нь монголчуудыг үнэт зүйл, үндэстний ялгааг арилгах заналхийлэл гэдгийг бүгдээрээ мэдэрч байсан ажгуу.

Монголчууд Сандо-гоос угшилтай гудамжны гэрэлтүүлэгбуюу “дэнлүү”-нд нэн таагүй хандаж, түүнийг хятадуудаас монголыг эзэрхийлэхийн бэлгэ тэмдэг маягаар ойлгож авсан бололтой. Барон унгерн нийслэл хүрээг гамингаас чөлөөлөхөд зохиогдсон гэх нэгэн дуунд 

“Чиглээд ирсэн чийчаан тэрэг
Чих мултраад унаваа хө
....Өдөр шөнөгүй асаад байдаг, 
Өмхий дэнлүү нь унтраад өгвөө хө” 

гэхчлэн гардаг машин тэрэг, гэрэл чийдэнд дургүйнх бус, харин тэдгээр нь түрэмгийлэгч этгээдийн бэлгэдэл болж байсанд орших болов уу?

Улмаар 1921 оны ардын хувьсгалын дуу болох “Шивээ хиагт”-д

Шивээ хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй”

гэж орсон нь мөнөөх Сандо-гийн гудамжны гэрэлтүүлэгт гаргасан дургүйцэл үргэлжилсээр явсны гэрч буйзаа. 

Түүнчлэн, ариун цэвэр, ахуйн соёлын чигтэй хүч далайлгасан өөр өөр арга хэмжээг авч байсан хүмүүсийн тоонд Жа лам хэмээх Дамбийжаа, мөн Барон Унгерн орно. Дамбийжаа 1910-аад онд Ховдын хязгаарт хэсэг зуур ноёлж байхдаа сүм хийдийнхүрээнд ариун цэврийн дэглэм тогтоох оролдлого хийжээ. Тэрээр хийдийн орчим газарт чулуугаар тэг гортиг татуулж, түүнээсээ гадагш бие засч байх журмыг лам нар хийгээд сүсэгтнүүдэд мөрдүүлж байжээ. 

Тэрхүү чулуугаар тиг, гортиг татах уламжлалыг Соёлыг довтолгооны үед ч үргэлжлүүлэн хэрэглэж, өргөн айлсалт, зуслан лагерь, хот айлын гадуур ариун цэврийн бүс тогтоохон ашиглаж байв. 

Харин Барон Унгерн 1921 онд цөөхөн хоног монголыг “эзэгнэх” зуураа нийслэл Хүрээний олон зууны хур хогийг цэвэрлэн монголын нийслэлийн анхны их цэвэрлэгээг үйлдсэн тухай Ф.Осседовски дурсан бичсэн байдаг. Гэвч монголчууд Бароноос ч хойш хотдоо хогоо хаясаар байсан ба 1946 онд Улаанбаатарын “Өндөр хог” гэдгийг цэвэрлэн оронд нь сайхан талбай байгуулсан нь Сүхбаатар, Чингис хоёроор ээлжлэн нэрлэгдсээр өнөөг хүрчээ.

Ингэж явсаар 1960-аад онд албан ёсны “соёлын довтолгоон”-ыг монголчууд халуунаар дэмжин уухайлж, тусгаар тогтнолоо бататгах нэгэн их үйлс болгон өрнүүлсэн байдаг. (Хэдийгээр нам засгийн шийдвэрт бусад социалист бусад орнуудын хамтаар Зөвлөлттэй нэгдэн нийлэхийн тулд соёлын ялгаагаа арилгах шаардлага тулгарсан тухай заалт байгаа ч гэсэн) 

Сандо амбаны Бээжин маягийн “соёлын” довтолгооны 49-ний жил дээр Ю.Цэдэнбалын Зөвлөлт маягийн соёлын довтолгоо амжилттай өрнөж, монгол орны нүүр царайг хувирган шинэчилсэн билээ.

baabar.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.205.176.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.