М.Болдсайхан: Энэ жил ЭЕШ өгөх төгсөгч 20 мянгаар буурсан тул шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн

Боловсролын Үнэлгээний Төвийн Элсэлттийн Ерөнхий Шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ЭЕШ-ын зохион байгуулалтын талаар ярилцлаа.

- Энэ жил хичнээн хүүхэд ЭЕШ өгөх вэ?

- Жилд дунджаар ЭЕШ-д 40 мянга орчим хүүхэд хамрагддаг байсан. Энэ жил улсын хэмжээнд 12-р ангийн нийтдээ 16 мянган хүүхэд төгсөж байгаа. Энэ тоон дээр өнгөрсөн жил ЕБС төгссөн боловч их, дээд сургуульд элсэж чадаагүй хүүхдүүд нэмэгдэж 20 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгнө гэдэг урьдчилсан тоо гарч, бүртгэлийн ажил явагдаж байна.   ЭЕШ өгөх хүүхдүүдийн тоо буурсан шалтгаан нь 2010 онд анх 6 настай хүүхэд ЕБС-ийн 1-р ангид элсэн орох шийдвэр гарч, цөөн хүүхэд орсонтой холбоотой. 

- ЭЕШ-ын журамд энэ жил ямар өөрчлөлтүүд орсон бэ?

- Энэ жил шууд засалтын шилэн технологи нэвтэрч байгаатай холбогдон зарим өөрчлөлт орсон. Тухайлбал, шалгалтын дүн оноог мэдээлэх ажил газар дээрээ шийдэгддэг болсон. Мөн монгол хэл, бичгийн хичээлийн шалгалт 2 удаа зохион байгуулах болсонтой холбоотойгоор шалгалтын хугацаанд өөрчлөлт орсон. Өмнөх жилүүдэд ЭЕШ-ын 10 хичээлээс 1-ээс 10 хүртэлх хичээлийг сонгон өгдөг байсан. Харин энэ жил Оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хүүхдүүд ЭЕШ-ын 10 хичээлээс нэг хүүхэд хамгийн багадаа 2 хичээл сонгож шалгалт өг

- ЭЕШ-ын бүртгэлийн хураамж хэдэн төгрөг байдаг вэ?

- 2014 оноос хойш ЭЕШ-ын бүртгэлийн нэг хичээлийн хураамжийг 5800 төгрөгөөр тогтоосон. Хүүхэд хичнээн шалгалт сонгож өгнө, тэр тоог 5800 төгрөгөөр бодож төлнө. Харин монгол хэл, бичгийн шалгалтад ямар нэгэн хураамж төлбөр байхгүй.

- ЭЕШ-ын Монгол, Англи, Орос хэлний хичээлийн шалгалтын агуулгад сонсох даалгаврыг оруулж байгаа. Энэ талаар тайлбар хэлэх үү?

- Одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд Монгол, Англи, Орос хэлний хичээлд хүүхэд унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөж явдаг. Өмнө жилүүдэд зөвхөн хүүхдийн унших, бичих чадварыг шалгадаг байсан бол 2016 оноос анх удаа сонсох чадварын даалгаврыг оруулж туршиж үзсэн. 2017 оноос эхлээд улсын хэмжээнд шалгалтын агуулгад оруулж, дүнд нөлөөлж байгаа байдлыг сонсох чадвараар нь дамжуулж тогтоож байгаа. Ингэснээр ЕБС-ийн хүүхдүүдийн сонсох чадварт чиглэсэн сургалтын арга зүй, орчин өөрчлөгдөх эерэг үр дүнгүүд илэрч байна. 

- Монгол хэл, бичгийн босго шалгалтыг яагаад 2 удаа явуулахаар болсон бэ?

- Монгол хэлний хичээлийн шалгалтыг 2013 оны ЗГ-ын 37-р тогтоолын дагуу авч эхэлсэн байдаг. 2015 онд Монгол хэлний хичээлийн босгыг тогтоож, шалгалтыг зохион байгуулсан. Үүнээс хойш босго оноогүй зохион байгуулагдсан. Харин энэ жилийн хувьд босго оноог 400 оноогоор тогтоосон. Босго оноо тогтоосон учраас ЭЕШ-аас Монгол хэлний хичээлийн шалгалтыг тусад нь зохион байгуулах шаардлага үүссэн. Тиймээс гуравдугаар сарын 23-ны өдөр Монгол хэлний хичээлийн эхний шалгалтыг зохион байгуулна. Энэ шалгалтад 400-гаас доош оноо авсан хүүхдүүд дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулагдах хоёр дахь шалгалтад орж дүнгээ ахиулах боломжийг нээж өгсөн. Дөрөвдүгээр сарын 20-ний өдөр босго оноо нь хүрээгүй хүүхдүүдээс гадна хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүд энэ шалгалтад хамрагдах ёстой. Тиймээс Монгол хэлний хичээлийн шалгалтыг 2 удаа зохион байгуулна. 

- Энэ жил ЭЕШ-ын үйл ажиллагаанд Шилэн засалтын технологийг ашиглахаар болсон. Өнгөрсөн жил энэ засалтын технологийн санхүүжилт шийдэгдээгүй учраас Шилэн технологиор засаагүй. Энэ технологи 21 аймагтаа бүрэн нэвтэрсэн үү? 

- БҮТ-өөс 2016 оноос 3 том цахим шилжилтийг хийхээр төлөвлөсөн. Эхний ажил нь ухаалаг цахим системийг нэвтрүүлсэн. Stat.eec.mn цахим хаягаар орж элсэлтийн шалгалтад үзүүлсэн амжилтаа /улс, аймаг, сум, бүс, анги, бүлгийн хэмжээнд харьцуулалт хийж харах боломжтой/ багш нар, сургалтын менежрүүд, боловсролын зарим мэргэжилтнүүд харах боломжтой болсон. Дараагийн ажил нь даалгаврын санг цахимд байршуулан багш нар шалгалт боловсруулах боломжийг нээж, тухайн шалгалтад үндэслэн улсын шалгалтыг боловсруулахаар болсон. Гуравдугаарт, Шилэн засалтын технологи нэвтрүүлсэн. Өнгөрсөн жил Орхон, Ховд аймагт энэ засалтын технологийг туршиж үзсэн. Мөн ЭЕШ-аас гадна Байгалийн Ухааны улсын олимпиадууд болон хэд хэдэн чухал шалгалтуудад шилэн засалтын технологийг ашиглаж үзсэн. Энэхүү туршилтийн үр дүнд шилэн засалтын технологийг нэвтрүүлж байгаа. Хүүхэд шалгалт өгсөн даруйдаа шууд засуулж авсан оноогоо мэдэх боломжтой. Шалгалт өгсөнөөс хойш 24 цагийн дотор тухайн хичээлийн шалгалт өгсөн хүүхдүүдээс ямар хэмжээнд байгаагаа мэднэ. Сүүлийн шалгалт дууссаны дараагаар бүх шалгалтын жагсаалт гарч ирнэ. Ингээд их дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаа шууд тухайн аймгуудын шалгалт дууссаны дараагаар эхлэх боломж нээгдэж байгаа. Ингэснээр ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд дахин дахин аймгийн төв явж, шалгалт өгч хуваарь сонголт хийдэг байсан бол энэ асуудал нэг талдаа шийдэгдэж, зардлаа хэмнэх боломжтой болсон.

- Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа хэзээ вэ?

- Энэ жилийн хувьд Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ-ын гэсэн 2 бүртгэл зэрэг явагдаж байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хугацаа хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн хүүхдүүдийн хуваарь /гуравдугаар сарын 11-22 хугацаанд суудлын хуваариа хэвлэж авна/ гарч эхний шалгалтаа өгнө. Харин ЭЕШ өгөх хүүхдүүд хоёрдугаар сарын 14-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд бүртгүүлнэ. Суудлын хуваарь хэвлэх хугацаа нь тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Ингээд ЭЕШ зургаадугаар сарын 17,18,19,20-ны өдрүүдэд шалгалт үргэлжилнэ.

- ЭЕШ явагдах анги, танхимуудыг хэрхэн зохион байгуулж, шаардлагыг хэр хангах вэ?

- БҮТ-өөс үндэсний хэмжээнд 50 мянган хүүхдийн шалгалтын байрыг бэлддэг байсан. Аймагт нэг томоохон ЕБС-ийг сонгож, хяналтын камер, сонсох төхөөрөмж, шалгалтын нууцлалыг хангах сүлжээ сарниулагч, метал илрүүлэгч багажаар хангасан. Энэ жил хүүхдийн тоо цөөрсөнтэй холбоотойгоор шалгалтын байрыг цөөлнө. Цөөлөхийн хэрээр тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр хүүхдүүд тэгш өрсөлдөх боломж бүрэн хангагдана гэж үзэж байгаа.  

- ЭЕШ өгөхөөр явж байсан хүүхдүүд осолдсон тохиолдол гарсан. Энэ жилийн хувьд аюулгүй байдалд хэрхэн анхаарах вэ? 

- 2017 онд Дорноговь аймагт энэ тохиолдол гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн Боловсрол, соёлын газар, сургуулиудтай холбогдож, хүүхдийн аюулгүй байдал тал дээр анхаарч байгаа. Тухайлбал, хүүхдүүд заавал зориулалтын тээврийн хэрэгслээр зорчих, холбогдох албан хаагчдад анхааруулах, эцэг эхийн хяналтыг илүү нэмэгдүүлэх чиглэлээр сургуулийн удирдлагуудад хандан хэлж байна.  

- ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүд юуг анхаарвал зохиолтой вэ?  

- Нэн түрүүнд хүүхдүүд ЭЕШ-д бэлдэж, өөрийгөө амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Шалгалтын анги танхимд гаднаас хууран мэхлэх ямар нэгэн хэрэгсэл оруулахгүй.Тухайлбал, гар утас, тооны машин, томьёоны хураамж, дэвтэр, ном зэргийг оруулахгүй. Мөн ЭЕШ-д ашиглах харандааг БҮТ-өөс тавьж өгөх учраас хүүхдүүд гаднаас ямар нэг бал, харандаа авч орох шаардлагагүй. 

ЭЕШ-д ашиглах харандааг БҮТ-өөс тавьж өгөх учраас хүүхдүүд гаднаас ямар нэг бал, харандаа авч орох шаардлагагүй.

Ийм учраас хүүхэд зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй. Өмнөх жилүүдэд шалгалтын материалын сэдвийг зарлалаа, шалгалтын хариу зарна гэх мэт тохиолдлууд гарсан нь мөнгө олох залилан байсан. Тиймээс иймэрхүү аргад орохгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн жил хуурамч шалгалтын хариу зарж, түүнийг худалдаж авсан олон хүүхэд БҮТ-д хандсан. Ийм тохиолдлуудыг орон нутгийн хяналтын байгууллагад хэргийг шилжүүлж шалгуулна.    

- Шалгалтын хариу буддаг харандааг нь БҮТ-өөс өгөх юм байна. ЭЕШ өгөхдөө ямар баримт бичиг, зүйлс авч ирэх вэ?

- Шалгалтад бүртгүүлэхдээ дараах 4 бичиг баримтыг бүрдүүлэх ёстой байдаг. Үүнд

  • 3x4 хэмжээтэй цээж зураг файлаар бэлдэнэ
  • Хаан болон бусад банкны интернет гүйлгээ хийх эрхтэй карт бэлдэх 
  • Өөрийн регистрийн дугаараа нотлох бичиг баримттай байх
  • Өмнө нь төгссөн хүүхдүүд бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй байх

Эдгээр баримтыг бүрдүүлэн бүртгэлд хамрагдсанаар тавдугаар сарын 1-нээс өөрийн суудлын хуваариа хэвлэн авна. ЭЕШ-ын шалгалт өгөхөөр ирэхдээ хүүхдүүд дараах 4 зүйлийг авч ирэх хэргтэй. Үүнд

  • Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэхүйц бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх /адистат/
  • Бүртгэлийн хуудас  
  • Суудлын хуваарь   

- ЭЕШ-аас хоцрох, анги андуурах тохиолдол гардаг. ЭЕШ өгөх хүүхдүүдийн ирц ямар байдаг вэ?

- Шалгалтын ирц бүрдэхгүй байх янз бүрийн тохиолдлууд жил бүр гарч байгаа. Энд шалгалт өгөх хүүхдүүдийн өөрсдийн хувийн зохион байгуулалттай холбоотой асуудлууд байдаг. Тухайлбал, шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх ёстой. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө тухайн хүүхэд шалгалт өгөх хуваарилагдсан ангидаа суудлаа эзэлсэн байх ёстой. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ангийн хаалга хааж, шалгалтын дотоод ажлуудыг хийдэг учраас эрт ирэх ёстой. Шалгалтын өдрүүдэд үүсэх замын түжрэл, зам засварын ажлуудтай холбоотой гэрээсээ шалгалтын байранд очих зам маршрут, суух унаагаа төлөвлөх хувийн зохион байгуулалтаа сайн хийх хэрэгтэй байна. Үүнд удирдаж байгаа ангийн багш, сургуулийн удирдлагууд илүү сайн анхаарах хэрэгтэй.

- Тусгай хэрэгцээт хүүхдүүд ЭЕШ өгөх боломжийг хэр бүрдүүлэх вэ? 

- БҮТ-өөс 2016 оноос эхлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд элсэлтийн шалгалт өгөх, шалгалтын анги танхим, шалгалтад шаардлагатай зарим хэрэгслээр дэмжлэг үзүүлдэг болсон. Өнгөрсөн жилийн хувьд 27 тусгай хэрэгцээт хүүхэд 100 орчим хичээлээр шалгалт өгсөн. БҮТ-өөс тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогоос хамаараад шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, харааны бэрхшээлтэй бол харааны хувь хэмжээнээс хамааран шалгалтын материалыг барель хэлбэрээр хэвлэж өгөх, үсгийн фондыг томруулж хэвлэж өгөх, мөн шалгалтын сэдэв агуулгад өөрчлөлт орох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхэд орох боломжтой анги танхим, суух ширээ сандалыг зохицуулах, саажилттай хүүхэд ажиллах компьютер бэлдэж өгөх, шалгалтын танхимд эмч болон туслах баг ажиллуулах боломжтой болсон.  

- ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Өмнөх жилүүдэд БҮТ дээр ЭЕШ-ын зохион байгуулалт, шалгалтын материалтай холбоотой асуудлаар өргөдөл хүлээж авч шийдвэрлэдэг байсан. Харин энэ жил шууд засах болсонтой холбоотойгоор хүүхэд шалгалт хаана өгнө тухайн газар дээрээ шууд шийдвэрлэх боломжтой болсон. Тухайлбал, хүүхэд шалгалтын явц, сэдэв материалтай холбоотой санал гомдлоо шалгалт зохион байгуулах комисст хандан ажлын 5 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой.

- Танд нэмж хэлэх зүйл байна уу?

- Энэ жилийн хувьд хэрэгжиж байгаа бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн дагуу шалгалтын материал боловсруулагдана. Тиймээс хүүхдүүд цөм хөтөлбөрийн хүрээнд хувиараа болон багштайгаа хамтран бэлдэх хэрэгтэй.  

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.