Цахим орчин дахь бидний араншин

Энэ нөхцөлд сэтгүүл хэрхэн ажиллах хэрэгтэй вэ? Олон түмэнтэй уралдан мэдээллийг дамжуулах уу? Эсрэг талаас олон түмний санаа бодлыг цэгцэлж өөрсдийгөө харахад  нь туслах уу? 

Бид 3 ертөнцтэй

Бодит, зүүд, виртуал

Өнөөгийн нийгмийн мэдээллийн хэрэгцээ өмнөх үеийнх шиг хүмүүс өглөөний сонин эсвэл телевизийн мэдээний хуваарьт хүлэгдэн суухаас үндсээрээ өөр болсон. Түүнчлэн интернетийн сайн гэж  гэж үнэлсэн, тогтмол зочилдог сайтаас аль мэдээллийг унших вэ гэж эргэлзэж суух ч шаардлагагүй болжээ. Харин сошиал медиа мэдээллийн асар хүчтэй хэрэгсэл болж, хүмүүсийн мэдээллийн хэрэгцээг хангах боллоо.

Австралийн мэдээллийн магнат Руперт Мёрдок өөрийн сонины сайтын орлого нь буурч буйг дурдаад, “Хэрэглэгчид агуулгыг үнэ төлбөргүйгээр авсаар байгаад мэдээлэлд төлбөр төлөх зуршилгүй болчихсон” гээд сошиал медиа болон “Google”, “Yahoo” зэрэг хайлтын системүүдийг энэ явдалд буруутгасан. Хэрвээ хэрэглэгчдэд мэдээлэл хүлээн авах ийм боломжийн орчин бүрдээгүй бол төлбөр төлөх л байсан хэмээн Мёрдок төдийгүй хэвлэлийн магнатууд хэлж байгаа юм.

Сошиал медиагийн бүрдүүлсэн орчин, уламжлалт мэдээллийн хэрэгслийн орчноос юугаараа онцлог вэ? гэдэг сонирхолтой. Жишээ нь: Фэйсбүүкийг ашиглахгүй байя гэж бодсон ч буцаад л фэйсбүүктээ зочилдог шалтгаан нь юу вэ? Өнөөгийн олон түмэн сонингүй зуун өдөр болж чадах ч нийгмийн сүлжээнд зочлохгүйгээр зуун цаг ч тэсэхгүй. Учир нь тэнд хувь хүнд чиглэсэн, хувийн сонирхлын мэдээллийн орчин аль хэдийн бүрэлдсэн.

Мэдээллийн технологийн хөгжлийн нөлөөгөөр бүгдийг мэдэх, бүхэнтэй харилцах боломж нөхцөл нээгдсэнээр орон зай, цаг хугацааны эрхшээлээс ангижирсан бид үнэгүйдсэн их мэдээллийн дунд самгардсан байдалтай оршиж байна. Гэсэн ч хөгжил дэвшлийн хүлэг морь хазааргүй давхидаг. Үүнийг жолоодох аргагүй юм. Цаашид хүн төрөлхтөн 5W1H-д хариулсан мэдээлэлд мөнгө төлөх нь улам бүр боломжгүй зүйл болж хувирна.

Уламжлалт мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа хоёр олон түмэнд мэдээллийг хүргэх өөр өөрийн арга, тактиктай. Тийм ч учраас хүлээн авагчдад нөлөөлөх нөлөөлөл нь эсрэг, тэсрэг юм. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн ноёрхлын үед хэрэглэгч өөрөө мэдээллийг олдог байсан бол одоо мэдээлэл өөрөө хэрэглэгчийг сонгодог болоод байна. Үүний нэг жишээ нь Фэйсбүүкийн Filter Bubbles юм.

Filter Bubbles таны байнга лайк дардаг, хариу үйлдэл үзүүлдэг хүмүүсийн болон хуудаснуудын мэдээллийг таньд эхлэлийн дарааллаар харуулна. Жишээ нь “Б” гэдэг хүн CNN хуудсын онч үг дээр тогтмол лайк дараад, хариу үйлдэл үзүүлээд байвал TV5 хуудасны мэдээлэл  news feed-д тогтмол гарч ирдэг болно. Ингээд өмнөх хуудсууд мартагдаж, замбараагүй мэдээлэл фэйсбүүк хэрэглэгчид очихоо больж байгаа.

Уламжлалт мэдээллийн хэрэгсэл нэг цогц мэдээлэл өгч олон түмэн түүнээс хэрэгтэй мэдээллээ шүүж авдаг байсан бол өнөөдөр хүн бүр өөрийн ертөнцдөө хязгаарлагдмал мэдээллийг хүлээн авч байна. Зар сурталчилгааг ач холбогдолгүй гэж үзвэл найзын хуваалцсан мэдээлэл, өөрийн сонгосон хуудсаар л мэдээлэл хязгаарлагдана.

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг newsfeed яагаад ийм чухал вэ гэсэн асуултад “Африкт яг одоо үхэж байгаа олон зуун хүнээс илүү танай байшингийн өмнө үхэж буй жолооч чамд хамаатай (чухал)” хэмээн товчхон хариулсан байдаг.

Үүнээс телевиз, фэйсбүүк хоёрын мэдээллийг явцуу хүрээнд “асар их” ялгаатай гэж томьёолж болох юм. Мэдээлэл гэдэг латин язгуураас гарч ирсэн “мэдээллэ” гэдэг үгнээс үүдэлтэй бөгөөд сэдэл төрүүлэх, заах, сургах, сахилгажуулах гэсэн утгыг өөртөө агуулдаг. Мэдээллүүдийг задлан шинжилж, хооронд нь холбон харьцуулснаар мэдлэгийг бий болгодог. Ингэхээр мэдээлэл бол хүний зан араншинг төлөвшүүлэгч юм.

Тэгвэл уламжлалт мэдээллийн хэрэгслийн “бүтээгдэхүүн”, сошиал медиагийн “бүтээгдэхүүн” хоёрын ялгаа юу вэ? Хүний зан араншинг “тэд” хэрхэн төлөвшүүлж, хүний мөн чанар хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Сажа бандида Гунгаажамцангийн сургаальд

                                      “...Үл ялих хүмүүний эрдэм нь аманд нь гарч байх

                                       Үнэнхүү мэргэн хүний эрдэм нь насанд далд явах

                                       Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвөх бөгөөд

                                       Үнэт сайн чандмань нь ёроолд нь живэх мэт...”

хэмээсэн бий.  Уламжлалаар бол  даруу төлөв, чимээгүй байхыг сургадаг байсан. Нийгмийн цөөнх хэсэг хөгжил дэвшлийг чиглүүлж, олон түмэн  тэднийг дагадаг байлаа. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл социализм, коммунизм хэмээн тунхаглаж хамтач зарчмаар хөгжиж ирсэн нь үүнийг батална.  Харин өнөөдөр хувь хүн гэдэг ойлголт газар авч сошиал медиа биднийг ихэд эго өндөртэй  хүмүүжүүлж байгаа юм. Сошиал медиа ашигладаг нийгэмд нэг үзэл санаа дангаар ноёрхох боломжгүй юм. Эрдмээ амаараа гаргасан олон түмэн  сошиал медиагийн тусламжтайгаар нийгмийн бүхэл давхаргад түрэн орж ирж байгаа хэрэг. Гэхдээ тэднийг үл ялих хүмүүс гэж нэрлэж болохгүй л дээ.

Ортега и Гассет, “Их юмны дунд самгардаад, өмнөх үеэсээ илүү мэдлэг хуримтлуулсан, техник эзэмшсэн, бололцоог олсон манай үеийнхэний гол шинж нь бүхнийг чадагчийн өөртөө итгэлгүй байдлаас үүсэлтэй. Олон түмний тэсрэлтээс болж цөөнх өөрийнхөө удирдах байр суурьнаас шахагдаад байгаа тул өнөөдөр бидэнд ирээдүйд чиглэсэн цэгцтэй төлөвлөгөө, зорилго, хүсэл эрмэлзэл байхгүй байгаад гайхах хэрэг байхгүй” хэмээсэн юм.

Ортега и Гассет тэртээ 1930 онд “Түмний түрэлт” бүтээлдээ энэ санаагаа тусгасан. Гэвч Гассетийн санаа өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлахад огтхон ч хоцрогдоогүй. Учир нь хүмүүсийн хэлбэр загвар өөрчлөгддөг ч , мөн чанар үл өөрчлөгддөг билээ. Тэгэхээр цаашид ч олон түмэн илүү хүчтэй түрэн орж ирэх болно.

Монголд ч сошиал медиа хэрэглэгчдийн өрнүүлсэн олон аян, шийдвэр гаргагчдад нөлөөлөх хөдөлгөөн, уриалга гарсан. Гэхдээ сошиал медиа дахь хэрэглэгчийн араншин зөвхөн нийгэмрүү чиглэсэн хамтач байхаасаа илүү хувь хүнрүү чиглэсэн, өөрийн үнэлэмжийн агуулгатай байгаа юм.

Жишээ нь: “Энэ ямар гоё цэцэг вэ?” хэмээн хуваалцсан нь тухайн хүний ямар цэцгэнд дуртай вэ гэдгийг илэрхийлнэ. Зургаа дарж бусадтай хуваалцах нь ч өөрийгөө илэрхийлж, танилцуулж байгаа хэрэг. Энэ нь тухайн хүний гоё газар ирсэн байна, нүүрний арьс нь цэвэрхэн юм байна, гоё хувцас өмссөн байна гэх мэт утгыг дамжуулахыг хүссэнээс үүдэлтэй.

Хэрвээ анзаарах юм бол бүгд л өөрийн үнэлэмжийн дээгүүр төвшинг бусадтай хуваалцахыг эрхэмлэдэг. Гэрийн хувцастай, сэгсийсэн зургаа хийхийн оронд ганган чамин бүхнээ төвийлгөн түгээх нь бусдаас ялгарах гэсэн хүний төрөлх араншин. Гэтэл энэ нөхцөлд бид сэтгэл санааны дотоод шинжээрээ огтхон ч ялгаагүй болж байгаа юм. Монтэнь нэгэн эссэндээ “Морийг бид эмээл хазаараар нь бус хурдаар нь, авын шувууг томго ногтоор нь биш хүчит жигүүрээр нь үнэлдэг шүү дээ. Хүнийг яг түүнчлэн мөн чанараар нь шүүн цэгнэж яагаад болохгүй билээ?” хэмээсэн.

Яагаад гэдгийг ойлгохын тулд хүмүүсийн бороог зүгээр харж, мэдэрч, таашаахын оронд маш олон гаргалгаа гаргаж, шинжлэх ухаанаар баталдаг шалтгааныг  олох хэрэгтэй байж магадгүй юм. Харин хүний  тэр олон бодлуудыг нь илэрхийлэх орчин нь сошиал медиа учир мөн чанараар шүүн цэгнэж үл чадах зан чанар нь улам л өөгшсөөр байх биз ээ.

Сошиал медиа дээрх боломжуудаараа энэ бүхнийг бүрдэхэд “тусалж” байна. Түүний бүрдүүлсэн орчин бодит байдлаас ялгарах нь морийг эмээл хазаараар нь, шувууг томго ногтоор нь шууд үнэлэхэд оршино. Учир нь виртуал ертөнцөд морины хурд, шувууны хүч эс хэрэгтэй. 

Харин энэ нөхцөлд сэтгүүл хэрхэн ажиллах хэрэгтэй вэ? Олон түмэнтэй уралдан мэдээллийг дамжуулах уу? Эсрэг талаас олон түмний санаа бодлыг цэгцэлж өөрсдийгөө харахад  нь туслах уу? 

 

Цэцэгсийн тухай олныг бүү бод,

цэцэгсийг зүгээр л харж үнэрлэж таашаа

(Бурхан багшийн сургааль)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.