А.Чингүн: Зовоогүй жүжигчнээс сайн бүтээл гарахгүй

УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүнтэй уулзаж "Бүсгүйн зурвас" жүжиг болон түүний уран бүтээлийн замналын талаар ярилцлаа.

-Саин байна уу? Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. "Бүсгүйн зурвас" жүжгийн талаар яриагаа эхлүүлье

-Өлзийтөгсийн "Ярилцлага" хэмээх энэ жүжгийг 8 жилийн өмнө улсын жүжгийн уралдаанд дэд байр эзлэх үед найруулагч Наранбаатар сонгож өөртөө "хадгалж" авч байсан. Ямартай ч хэзээ нэгэн цагт уг жүжгийг тавихийг зорьж, одоо л цаг нь болсон гэж үзсэн. Цаг үеэ олсон гэсэн үг. "Ярилцлага" жүжиг урьд нь тоглогдож байгаагүй. Гэр бүлийн сэдэвтэйгээр тавих нь зүйтэй гэж үзсэн. Найруулагч Наранбаатар Өлзийтөгсийн санаан дээр өөрийн уран фантизи-г нэмж, баяжуулсан. Зөвхөн улс төрийн хүний ярилцлага гэхээсээ илүү гэр бүлийн үнэ цэнэ, ариун байдал, мөн чанар, эмэгтэй хүний ноён нуруу зэргийн талаар гарах болно. Ямар ч мундаг эрэгтэй байлаа гэхэд түүний ард мундаг бүсгүй байдаг гэдэг үндсэн санаагаар зангидагдаж явж байна.

-Урьд нь тоглогдож байгаагүй жүжгийг найруулахад юугаараа өөр вэ?

-Энэ бол ерөнхий найруулагчийн хараа, нийгэмд өгөх санаа, үзэл бодол. Хүн эндээс юуг нь ойлгож, юуг нь эмзэглэж хүлээж авах вэ, эмзэглэснээрээ юуг ойлгох вэ зэрэг нь хамгийн чухал. Жүжиг бол мэдээж найруулагчийн л үзэл санаа байдаг.

-Ассент найруулагчийн хамгийн гол үүрэг роль юунд байдаг юм бэ?

-Наранбаатар найруулагч бол миний багш, ах, эрхэм хүн. Энэ хүнтэй би 9 жил хамтдаа ажиллаж, бүх уран бүтээлийнх нь ар талд туслах найруулагч хийж явлаа. Бүх л төрлийн юм хийж дээ. Ассент найруулагчийн гол үүрэг бол жанжны шугамыг чиглүүлэх. Өөрийг нь байхгүйд түүнийг орлох үндсэн роль дээр л байна даа. Жанжин чиглэл өгвөл тэр чиглэл рүү уран бүтээлчдээ чиглүүлэх, болохгүй байгаа зүйлсийг нь сануулж хэлэх зорилготой. Найруулагчийн үзэл бодлыг хүмүүст түгээх эрхэм үүрэгтэй билээ.

-Олон төрлийн жүжиг дээр ажиллаж байсан гэлээ. Энэ удаагийн жүжиг өмнөхүүдээсээ юугаараа онцлог вэ?

-Манайхан хайр, залуусын дурлал, хошин зэрэг чиг хандлагад баригдаж юм үздэг болчхоод байгаа. Улс төрийн хүний ярилцлагыг гэр бүлийн сэдэвтэй нийлүүлж, бүхэл бүтээл цогц болгон бүтээж байгаагаараа онцлог. Манай жүжгийг үзсэн хүн улс төрийн мэдлэг авахын сацуу улс төрч хүний амьдралын жаргал, зовлон, орхигдож буй гэр бүлийн сэдвийг давхар өгүүлж байгаа. Ийм жүжиг ойрын хэдэн жил огт гараагүй.

-Таны санаанаас огт гардаггүй жүжиг юу вэ?

-Тэнгэрийн хүү. Энэ жүжиг бол цаг үеэ элээх бүтээл. Жүжгийн философи нь "Хаан байна гэдэг улсын эзэн байх хэрэг биш. Харин төр, түмнийхээ зарц нь байхыг хэлнээ". Үнэхээр гайхалтай жүжиг.

-Хэд хэдэн жүжигт дүр бүтээж байсан. Эдгээр дүрүүдээс аль дүр тантай хамгийн ойр байсан бэ?

-Найруулагч огт тохирохгүй дүрийг хэн нэгэнд өгдөггүй шүү дээ. Тухайн дүрийн хандлага, характер, үзэл бодлын өчүүхэн хэлтэрхий байсан учраас л тэр дүрт тохож, томилдог. Огт байхгүй зүйлийг ямар ч жүжигчинд өгөхгүй.

-УДЭТ-ын зүгээс залуу уран бүтээлчдийг хэрхэн дэмждэг вэ?

-Манай театрын түүхт 88 жилийн босгон дээр маш том боломж гарч ирж байгаа. Бидэнд төсөвт орсон орлогоо уран бүтээлд захирал зарцуулах эрх олгогдож эхэлж байна. Урьд нь улсаас хоёр л уран бүтээлийн санхүүжилт авдаг байсан бол одоо дөрөв, тав бүр найман бүтээлийн ч санхүүжилт авах боломжтой болсон. Тиймээс энэ жил залуучуудыгаа хөдөлгөөнд оруулж байгаа. "Ярилцлага" жүжгийн ардаас "Намайг уучил" хэмээх дайнд бэлдэж, дайтах гэж байна. Мөн ахмад уран бүтээлчдийнхээ туршлагыг өвлөж, түүгээр дамжуулж залуучуудтайгаа хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ эцсийн шатандаа шийдэгдээгүй байгаа асуудал. Манай Драмын театрт уран сайхны зөвлөл гэж байдаг. Ямарваа нэгэн уран бүтээл хийх гэж байгаа бол тэр уран бүтээл нийгэм судлаачаас авахуулаад, зохиолч, зураач, эдийн засагч, улс төрч зэрэг манайд бүртгэлтэй байдаг хүмүүсээр дамжина. Нийгэмд хүрэх үзэл санаа, нийгэмд юуг хүргэх вэ гэдгийг эдгээр хүмүүс баталдаг. Баталсны дараагаар УДЭТ уран бүтээлээ туурвидаг. Яг 88 жилийн өмнө байсан эр улбааг одоо хүртэл авч явж байгаа гэсэн үг. Хэн нэгэн захирал, албан тушаалтны үзэмжээр шийддэггүйгээрээ манай байгууллага онцгой. Тийм ч учраас би байгууллагаараа бахархдаг. Өнөөдөр Наранбаатар гуай ерөнхий найруулагч мөртлөө эдгээр хүмүүсийн урд номхон зогсож байгаад "Энэ жүжгийг ингэж хийх юм. Тайз ийм байна. Үзэл санаа нь ийм байх юм. Маркетингийн хувьд ингэж хийнэ, Залуусын статистик судалгаагаар ийм байна" гэх мэтчилэн ярилцаж батлуулдаг. Хүмүүс манай театрыг суларсан гээд байдаг. Үгүй! Бид улам л чангарч байна.

-Энэ жил яагаад улсаас дэмжих болов

-Нэг жүжиг баталлаа гэхэд улсаас санхүүжилт орж ирдэг. Намар цагийн нээлт, хавар цагийн нээлт буюу 11, 4 сард  л жүжиг тавьдаг байсан. Гэхдээ бид улсаас өгсөн даалгаврыг дандаа давуулан биелүүлдэг. Энэ удаа давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөдөө зарцуулах нөхцөл бүрдсэн.

-Одоогийн залуу уран бүтээлчдийн онцлог юу вэ?

-Ямар ч цаг хугацаанд залуусын онцлог, характер өөрчлөгдөөд байх нь ховор. Юмыг харж, ойлгох өнцөг нь л өөрчлөгдөөд байгаа юм шиг. Утга учраасаа холдоод, хэт хэлбэр, ганган чамин лүү тэмүүлээд байна. Энэ бол залуу насны алдаа. Бид 12 жил, жаран гэж ярьдаг. Магадгүй 12 жил өнгөрөхөд шал өөрөөр хардаг болохыг үгүйсгэхгүй. 

-Яагаад УДЭТ гэж?

-Энэ бол багшаас л шалтгаалдаг. Миний багш бол МУАЖ Бирваагийн Мөнхдорж найруулагч. Багш минь театрын ариун тайзаар амьдарсан хүн. Ингээд 4 дүгээр курсэд орохдоо драмын  театрыг Монголын урлагийн амьд бурхад чуулсан газар гэдгийг ойлгосон. Театрын минь эд эсээр амьсгалж чадаагүй хүмүүс л муулж, доошоо хийдэг.

-Та УДЭТ-г сонгосон гэсэн үг үү? УДЭТ таныг сонгов уу?

-Би УДЭТ-г сонгосон. Театр луугаа ороод бараг л шалны алчуур шиг хүртэл явсан үе бий шүү. Их олон юм үзсэн. Би өөрөө их хөдөлгөөнтэй хүн. Нэг мэдэхэд л тайз засагч, маркетинг, найруулагч, жүжигчин, хөтлөгч гээд өөр өөр зүйл хийгээд үзчихэж дээ.

-Нэлээд универсал шинжтэй ажилладаг байх нь?

-Бидний цалин маш бага. Гэхдээ бид үзэл бодлоосоо урваагүй. Монголын зах зээл маш жижиг санагддаг. Өнөөдөр чи баруунд амьдарч байсан бол ганц ажил хийгээд, орой 5 цагт гэртээ хариад, стрессгүй цэцэрлэгт гудамжаар зугаалаад, маргааш нь 9 цагаасаа гозоож байж болно. Ингэхэд цалин чинь хангалттай хүрнэ. Гэхдээ бид бол тийм биш. Үнэндээ авч байгаа цалингаар бензин, байрны мөнгөө төлөөд л дуусна. Тэгэхээр хүн бусад хэрэгцээгээ хангахын тулд хөдлөх шаардлагатай болно. Өнөөдөр жүжигчин хүн бүгдийг хийж чадна. Чаддаг ч байх ёстой.

-Залуу хүний үүднээс харахад УДЭТ-н ирээдүйг ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-Эхний ээлжинд тайзныхаа цагийг л хуваалцдаггүй болмоор байна. Энэ байран дээр хоёр байгууллага байгаа шүү дээ. Бид хэрвээ тайзаа хуваадаггүй бол ийм сайхан боломжтой байгаа дээр таван ч уран бүтээл хийж болохоор байна.

-Цагаа хэрхэн хуваарилж ажилладаг вэ?

-Цаг хэцүү шүү. Өглөө 10 цагаас дуудлагатай, хагас цэргийн зохион байгуулалттай байдаг. Орой 7 цагаас шинэ жүжигтэй бол орой 11 гээд тардаг. Ингээд бодохоор бид нэг үедээ маш ачаалалтай ажилладаг. Тайзаа хуваалцах үед заримдаа бүр шөнө ч бэлдэх шаардлага гарна.

-Наранбаатар найруулагчийн талаар яриач?

-Наранбаатар найруулагч бол энэ зүйлийг хийх гээд төрчихсөн, заяагдсан хүн. Маш нарийн мэдрэмжтэй. Ажлыг асуудалгүй хийж, зөв хардаг. УДЭТ-н 130 хүнтэй бүгдийг мэдэрч харьцаж, хэн хаана байх ёстойг нь хүртэл зааж өгдөг. 

-Манай үзэгчдийн үзвэр үзэх соёл хэр байна вэ?

-Одоо өөрчлөгдчихөөд байгаа. Бүх хүмүүс буцаад жүжиг үздэг болж эхэлж байна. Нэг хэсэг хошин шог эсвэл кино гэдэг байсан. Кино урлаг хөгжих боломжийг кино театрууд нь хааж, асар өндөр татвар авч байна. Олсон орлогын хэдэн хувьд нь бензин авах эрх, хоол идэх эрх гээд л. Хуулийн зохицуулалт муутай болохоор ийм зүйл болж байгаа юм. Үзэгчдийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа нь тэдний юманд хууртахаа больж эхэлж байгаатай холбоотой. Сошиалаар залхтал нь худлаа юм яриад эхлэхээр хүмүүс үнэнийг хайгаад эхэлж байна. Харин театрт үнэн байгаа. Зохиомол ч гэсэн энэ бол амьд зүйл. 

-Дээд үеийн туршлагатай жүжигчдээс сонсож байсан хамгийн чухал зөвлөгөө юу вэ?

-Хүн бай. Хүн байж л хүний тухай өгүүлнэ.

-Өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?

-Хүмүүсийн хөгжих хэлбэр янз янз. "Бүсгүйн зурвас" жүжгийн дараа залуусын, хайр дурлалын сэдэвтэй жүжиг тавих гэж байгаа болохоор өнөөдөр би өөрийгөө хайрын дуугаар хөглөөд явж байна. Шинэчлэлт явагдахаар харахыг хүссэн юмаа харж, итгэхийг хүссэн зүйлдээ итгэнэ. Хайранд хөтлөгдөж байгаа гэсэн үг.  Өөрийн сонирхолтой зүйлээ олчхоод тэр зүг лүүгээ явбал хүссэн хүсээгүй бүх юм нээгддэг гэж боддог. Яагаад мундаг, ухаантай хүмүүсийн өрөөгөөр дүүрэн ном байдаг вэ гэвэл тэр хүмүүс янз янзын цаг үед хувьсан өөрчлөгдөж байсан гэсэн үг. Уран бүтээлчийн хамгийн гол зүйл нь тархи сэргэг байж, шинэчлэгдэж байх явдал. Өнөөдөр чамтай ярилцаж байгаа ярилцлагаасаа ч гэсэн нэг зүйл олж авна шүү дээ. 

-Жүжгийг найруулах, жүжигт тоглох хоёр юугаар ялгаатай вэ?

-Ялгаагүй. Жүжигчин хүн эд эсээрээ зовж байгаа. Найруулагч ч гэсэн ялгаагүй зовно. Даацын хэмжээ нь өөр байх. Яагаад гэвэл найруулагч түрүүлж сэтгэж тэр зүйлийг барьж авдаг. Барьж авсан зүйлээрээ өвчлөөд, түмэнд түгээдэг. Тэр өвчнийг нь жүжигчид аваад үлддэг. Дараа нь найруулагч тэр жүжгийг мартаж болно. Жүжигчид тоглосоор л байна. 

-Мэргэжил чинь танаас ямар зан чанарыг хамгийн их шаарддаг вэ?

-Хараахан найруулагч болоогүй л байна. Бүрэн гүйцэд жүжигчин ч гэсэн болоогүй байна. Жүжигчин гэдэг их сурдаг мэргэжил. Чи надаас их том зүйлсийн талаар асуугаад байгаа болохоор сүрдээд байна шүү./инээв/

-Өөрийнхөө урлаж байсан хамгийн хайртай дүрийнхээ талаар яриач?

-Намдаг гуайн дүр л байна даа. Энэ том хүний дүрийг урлах гэж, энэ хүнийг танихгүй нэгэнд нь таниулах гэж их хичээсэн. Энэ дүрдээ л их хайртай.

-Тэгвэл ямар дүрийг бүтээхийг хүсдэг вэ?

-Ямар ч жүжигчин ямар ч  дүрд тоглох боломжтой бас боломжгүй. Яагаад вэ гэвэл найруулагчид харчихсан байдаг. Найруулагч толгой дотроо бүх юмаа бодчихсон байгаа. Ромео ямар байх вэ, Жульет ямар байх вэ гээд. Гэтэл хажуу талаас нь над шиг царай муутай залуу гарч ирээд "БИ РОМЕО!" гээд байвал утгагүй биз дээ?

-Ярьж байхдаа зовох, шатах гэх үгсийг их ашиглаж байна. Та үргэлж шатаж байдаг гэсэн үг үү?

-Ажиллаж байхдаа амар, амарч байхдаа ажилла. Шаталтын хөдөлгүүр бол мөнхийн шүү дээ. Наранбаатар найруулагчийн дотор л гэхэд мөнхийн дотоод тэсрэлт явагдаж байдаг. "БАЙЗ! СТОП! Тэрийг тэг, Ингэ" гээд л. Ингэж шатаж, өөрийгөө оронд нь тавьж үүнийхээ төлөө зовж шаналж байж нэг юм гардаг. Уран бүтээлч зовж, шаналахгүйгээр тайзан дээр гарч ирвэл юу ч гарч ирэхгүй. Зовно, шанална, шатна, ойлгоно, танина, ухаарна, уншиж сэтгэнэ, бодно, тунгаана. Бүх мэдрэхүй зэрэг ажилладаг. Бараг үнэрлэх нь холгүй шүү. 

-Гаргаж байсан хамгийн солиотой шийдвэр юу вэ?

-Нэг удаа би драмын театраас хасагдаж байсан. Тэгээд 7 хоног эзгүй хээр газар луу гараад явчихсан. Намайг нэг цагаан нохой дагаад л яваад байсан. За энэ гэхдээ тийм ч солиотой биш юм . Миний хувьд хамгийн солиотой үйлдэл бол бороонд нороод бүх юмыг ажиглаж, ойлгох юм даа. 

-Та юунд итгэдэг вэ?

-Ээждээ л итгэнэ дээ

-Багадаа энэ чиглэлээр сурч, амьдарна гэж боддог байсан уу. Багадаа ямархуу хүүхэд байсан бэ? 

-Би залуу техникчдийн ордныг төгссөн. Өглөө болгон сургууль руугаа явах гэж автобуснаас буугаад драмын театрын хажуугаар явдаг байлаа. 9 дүгээр анги хүртлээ алхаж байхдаа хэзээ ч энэ газар ажилд орноо гэж бодож байгаагүй. Багадаа бол бусдын л адил хүүхэд байсан. Гэхдээ аймар хөдөлгөөнтэй. Онц сурдаг байсан гэж худлаа ярихгүй ээ. Харин ангийн номер 1 маркетингийн менежер байсан юм шүү.

-Амьдралыг жүжиг гэж боддог уу?

-Хүн болгонтой би шал өөр харьцана. Тэнд очоод нэг өөр , энд нэг өөр. Бүгд багтай байдаг. Харин ганцаараа байхдаа хэзээ ч баг зүйхгүй.

-Тэгвэл жинхэнэ Чингүнийг хэн ч танихгүй гэсэн үг үү?

-Цайлган Чингүн, шударга Чингүн гээд хүмүүс өөрсдийнхөө харах өнцгөөрөө танина. Надтай удаан харьцаад үзчихсэн болохоор бүгдэд нь намайг таних тодотгол байгаа.  Гэхдээ үнэнийг хэлэхэд жинхэнэ Чингүнийг ч бай жинхэнэ ерөнхийлөгч Баттулгыг ч бай хэн ч танихгүй. 

-Та өөрийгөө таних уу?

-Өөрийгөө таних гэж л зовж явна. Гэхдээ зовлон гэдэг нь дараад нь ирэх жаргал шүү дээ. Хүн бол танигддаггүй шүү. Өтөл насандаа л таньж эхэлдэг байх. Одоо бид зүгээр л урагшаа давшаад байгаа. Зогсож дүгнэлт хийх ухаан, цаг хугацаа байхгүй байна. Энэ бүхнийг цулаар нь харж, дүгнэлт хийх үе бол өтөл нас. Энэ бүхнийг таньж мэдсэний дараа унах газраа л хүн өөрийгөө таньдаг байх.

-Ямар төгсгөлд дуртай вэ?

-Бүтээлээсээ шалтгаалаад янз бүр. Би Марвел, Холливудын киног үзэх дуртай. Гэхдээ төгсгөлд нь дургүй. Арай чүү гэж зовж, зовж хайртай охинтойгоо учраад байж байхад нөгөөх нь бурхан болчихвол энэнээс юу ойлгох юм? Хамгийн гол нь ойлгож үлдэх юм нь л чухал. Хүн өөртөө "Энийг болохгүй юм байна. Ингэж зовбол ингэх юм байна. Хажуудаа байгаа нэгнээ л хайрлах хэрэгтэй юм байна." гэх зүйлсийг өөртөө үлдээхэд л байгаа юм. Эхлэл, өрнөл, төгсгөлийн цэг л чухал. Тэрнээс биш яаж төгсөх нь чухал биш.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.