Сибирьт хар цас орсноос болж нүүрс боловсруулах үйлдвэрийг хаажээ

Сибирьт нүүрсний тоосонцортой хар, саарал цас орж бүс нутгийн томоохон нүүрс боловсруулах үйлдвэрийг хаалаа. Бүс нутагт агаарын бохирдолын хэмжээ стандартаас хоёр дахин их байжээ.

Сибирьт нүүрсний тоосонцортой хар цас орж, бүс нутгийн засаг дарга хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулаад байгаа нүүрс боловсруулах үйлдвэрийг түр хугацаагаар хаалаа. Москвагаас зүүн тийш 3000-д километрийн зайд орших Кемерово мужийн гурван хотод нүүрстэй, хар саарал цас орсон байна.  

Мягмар гарагт орон нутгийн иргэдийг хордуулж байсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон бүс нутгийн засаг дарга Сергей Цивилов "Та нар өөрсдийгөө, өөрсдөдөө ажилладаг хүмүүсийг, эргэн тойрны хүн бүхнээ удаанаар алж байна. Танай үйлдвэрийн бүх бичиг баримтуудыг хууль сахиулах байгууллагад шилжүүлэх болно. Мөн үйлдвэртэй биечлэн танилцаж, хянах болно." гэж хэлжээ.

Лабораторийн шинжилгээнээс харахад агаарын бохирдлын төвшин заасан стандартаас 2 дахин их байсан байна. Прокурорууд Киселёвск муж дахь Черкасовская нүүрс боловсруулах үйлдвэрийг буруутай хэмээн үзжээ. Үйлдвэр нүүрсний тоосыг агаар мандалд гаргахаасаа өмнө шүүлтүүрээр шүүдэггүй талаар прокурорууд дурдсан байна. 

Орон нутгийн оршин суугчид хар, саарал өнгийн цасанд дарагдсан хотынхоо зургийг сошиал дээр "Энэ яг л "Бөгжний эзэн" киноны Мордор шиг байна" хэмээн нийтэлжээ. Хар цасанд дарагдсан хотын сэтгүүлч, редактор Наталия Зубкова "Эргэн тойрон дахь бүх зүйлс хар байгаа нь сэтгэл хямармаар. Энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай хүүхдүүд огт гарч тоглохгүй байгаа" хэмээн бичжээ.

Эх сурвалж: France24

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.