Музей бол насан туршдаа суралцах орон зай

Төр сурч боловсрох эрхийг эдлүүлэх эн тэргүүний үүрэг хүлээдэг ба боловсролын тухайд музей бол коммунитид байнга боловсрол олгох өөрийн амин чухал үүрэгтэйг байнга анхаарч, үндэсний боловсролын бодлогод музейн боловсролын үйл ажиллагааг тогтмол оруулах шаардлагатай.

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучнаар СССР буюу ЗСБНХУ) хэрэгжүүлсэн соёлын бодлого нь Коммунист намын үзэл санааны (идеологи) салшгүй нэг хэсэг болж ирсэн билээ. Үүнтэй уялдан одоо “пост-социалист” хэмээн нэрлэж байгаа улс оронд музейн тогтолцоог гайхалтай хөгжүүлсэн ажээ. Харин ЗСБНХУ нуран унах үед музей төрийн дэмжлэггүйн улмаас санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, зах зээлийн эдийн засагт шилжсэн нийгэмд оршин тогтнох, эсхүл байгууллага гэсэн байдлаа өөрчлөхөд хүрсэн болно. Үүний зэрэгцээ улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцлөөс хамаарч, улс төрийн шахалт, угсаатны болон соёлын зөрчил, мөргөлдөөн үүсэх, өөрийгөө дөвийлгөх, бусдыг үзэн ядах дэлхий дахинд оршсоор байна. Иймээс түүх, эдийн засаг, нийгэм, улс төрийн асуудал, зөрчилдөөн шийдвэрлэх, хамтдаа шийдэл эрэлхийлэхдээ хөршөө эргэн харах, тухайн улсын хүн амыг ардчилал, хүний эрх, эв санааны нэгдэл, хүлцэхүй, олон ургалч үзэл, шударга ёс, жендэрийн тэгш байдлын талаар соён гэгээрүүлэхэд музей үнэтэй хувь нэмэр оруулна.

Музей судлалын талаар олон үйл ажиллагаа зохион байгуулсан ч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын газраас Чили Улсын Сантьяаго хотноо 1972 онд зохион байгуулсан “Орчин үеийн ертөнцөд музейг хөгжүүлэх, түүний гүйцэтгэх чиг үүрэг” сэдэвт дугуй ширээний уулзалтын үеэр музейн үйл ажиллагааг шинээр тодорхойлжээ. Уулзалтад оролцсон хүмүүс “музей бол нийгэмд үйлчилдэг хэмээх салшгүй шинж өөртөө агуулсан байгууламж бөгөөд энэхүү шинжийн дагуу үйлчилж байгаа коммунити бүрийнхээ ухамсар хэлбэржихэд тусалдаг. Ялангуяа музейн түүхэн шинжтэй үйл ажиллагаагаар дамжуулан орчин цагт тулгарч байгаа бэрхшээлийг давах арга замаа тогтох боломжтой. Ийнхүү өнгөрсөн болон одоо цагийг нэгэн зэрэг холбож, үндэсний хэмжээнд маш чухал бүтцийн өөрчлөлт хийхдээ өөрийгөө хаана байгааг тодорхойлох, шийдвэр гаргаж чадахгүй байгаа нэгнээ уриалан дуудах юм” гэж цохон тэмдэглэсэн байна.

Төр сурч боловсрох эрхийг эдлүүлэх эн тэргүүний үүрэг хүлээдэг ба боловсролын тухайд музей бол коммунитид байнга боловсрол олгох өөрийн амин чухал үүрэгтэйг байнга анхаарч, үндэсний боловсролын бодлогод музейн боловсролын үйл ажиллагааг тогтмол оруулах шаардлагатай.

“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” гарын авлагын “Амьдрах ур чадварт суралцах үйл ажиллагаа” арга зүйн зөвлөмжийн “Дөрөв. Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны сэдвийн хүрээ” хэсгийн “4.2 Сургалтын орчин”-д нийгмийн орчин – нийгмийн эзэмшлийн газрууд: цэцэрлэгт хүрээлэн, дурсгалт газрууд, музей, үзэсгэлэн соёлын газрууд багтахаар тусгайлан заажээ.

Соёлын үүрэг, ялангуяа музейн гүйцэтгэх чиг үүргийн тухайд зөрчилдөөн, дарамт, шахалт, даяарчлал, харилцан адилгүй соёл, уламжлал, зан заншил, хүн амын дундах олон янзат байдал, үндэстэн болон нийгэм доторх ялгаатай бүтцийг ойлгуулах, таниулах арга хэрэгсэл гэж болно. Музейн өөр нэг онцлог бол албан болон албан бус байдлаар өөрийн сан хөмрөг, үзүүлэнгээр дамжуулан мэдээлэл түгээн ойлголт өгч, үнэт зүйл төлөвшүүлэхүйц мэдлэгтэй болгохын зэрэгцээ тодорхой нэг асуудалд тусгайлан анхаарал хандуулах боломж олгодог. Ялангуяа өөртэйгээ ярилцах, хувь хүндээ тусгаж харах, эргэцүүлэх, асуудлын учрыг олох, өөрийн байр суурь, үзэл бодолтой болох, үүнийгээ олон нийтэд илэрхийлэхэд тусалдаг учир хэвлэл мэдээллээс огт ялгаатай.

Данийн вант улсын Соёлын агентлагаас санхүүжүүлэн Данийн Орчин үеийн урлагийн музей тэргүүлэн 26 музей, 13 коллежийн хамтран хэрэгжүүлсэн “Суралцагч музей” санаачилга багш, суралцагч хэрхэн музейтэй хамтран суралцах арга замаа тодорхойлсон юм.

Музей нь амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчин, сайтар боловсруулсан мэдээллээр хангахын хамт нэг нэгэнтэйгээ харилцаа тогтоох нөхцөл бүрдүүлдэг тул насан туршдаа суралцах үйл явцыг маш сайн дэмждэг.

Харин манай улсын хувьд ОХУ, Армени, Азербайжан, Гүрж зэрэг бусад “пост-социалист” улсын адил Засгийн газраас олгох санхүүжилт бага, иргэдийн дунд хандивлах, хөрөнгө оруулах тухай мэдлэг дулимаг, зах зээлийн эдийн засагтай нийгэмд музейг удирдлагаар хангах ур чадвар, бодит туршлагагүй, орчин үеийн технологийг зохистой ашигладаггүй, шинэ үзэгч, ялангуяа залуусын анхаарал татдаггүй, үзэгчдийн шинэ үе бэлдэх эсхүл огт музей үзэж байгаагүй хүмүүст хүрэх зорилготой хөтөлбөргүй, музейн ажилтны идэвх сул, олон нийттэй харилцах холбоо тогтоогоогүй гэх мэт нийтлэг асуудал байсаар байна. Эдгээр асуудлаас үүдэн музей, соёлын төв, үзвэрийн байгууллага хамран ажиллахгүй болох эсхүл сулрах, цаашилбал үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Улмаар музейн харагдах байдлын хувьд улам өнгө үзэмж муутай, нөхцөл нь дордсоор байвал аажимдаа хүмүүс сонирхож очихоо больж, “уйтгартай”, “хүйтэн хөндий”, “тоос”, “хөгц” даасан газар, бүр “балгас” болох аюултай.

Монгол Улсын Үндэстний статистикийн хорооноос 2016 онд эмхэтгэн гаргасан тоо баримтыг харвал музейн үзэгчдийн тоо хүн амын тоотой харьцуулвал маш бага байгааг харах төдийгүй Төв, Өвөрхангай аймгийн (хамгийн үзмэр ихтэй) музейг ихээр үздэг болохыг мэдэж болно.

Нөгөө талаар музейг хөгжүүлэх нь орон нутгийн хөгжилд нийгэм, эдийн засаг, соёлын хувьд ч эерэг нөлөөтэй байх боломжтой.

Боловсролын үзэл баримтлал нь XXI зуунд шаардлагатай шүүмжлэлт сэтгэхүй, мэдээллийг нэгтгэн дүгнэх, инноваци буюу шинийг санаачлах, бүтээлч байдал, багаар ажиллах, хамтран зүтгэх ур чадварыг олгоход суралцагч өөрийгөө чиглүүлсэн, хувьдаа туршлага хуримтлуулсан, нийгмийн салшгүй хэсгээ мэдэрсэн, түүнд хувь нэмрээ оруулсан суралцахуй байх талаар анхаарч ирлээ.

Соёлын байгууллага нь үйл ажиллагааны хүрээг улам өргөжүүлж, уламжлалт байдлаар хүргэж ирсэн агуулгаа илүү шинэ хэлбэрээр дамжуулах, түгээх, хувь хүнээс эхлэн төрийн түвшинг хамруулан нийгмийн бүх шатанд идэвхтэй харилцахыг шаардаж байна. Насан туршид суралцах орчноор хангах, соёлын байгууллага байдлаар ажиллах гэсэн хоёр шинж агуулсан музей нь боловсролын салбарт анхаарч байгаа насан туршдаа суралцахуй (lifelong learning), насанд хүрэгчдийн боловсрол (adult education), мэргэжлийн боловсрол, сургалт (vocational education and training), иргэний боловсрол (civic education), хүний эрхийн боловсрол (human rights education), албан бус боловсрол (non formal education) –д ч эерэг нөлөөтэй.

Хүний эрхийн боловсролын хүрээнд “Амьд явах эрх”, “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвийг таниулахдаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Төв аймгийн Манзуширын хийдийн туурь үзүүлэх, “Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм” сэдвийн “иргэний нийгэм”, “иргэний хөдөлгөөн”, “ардчилал” гэсэн ойлголтыг тайлбарлахдаа Монголын үндэсний музей үзүүлэх, “Ардчилал, шинэчлэлийн үе” байнгын үзэсгэлэн, Төрийн түүхийн музей “Соёлын эрх” сэдвийн хүрээнд Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үзүүлэх, сэтгэгдлээ тэмдэглэх (reflective journaling) хуудас бөглөх даалгавар хийлгэж болно.

Хүмүүс музейд очиж, соёлын тухай улам ихийг мэдэж, мэдэрснээр харилцан адилгүй угсаатны бүлэг нэг нэгнээ улам танин мэдэх, хоорондоо үүсгэсэн заагаа арилгах, ялгаварлан гадуурхахаа болих, чадамжаа  олж харах төдийгүй боловсрол эзэмших, улсаа хөгжүүлэхэд тустай бөгөөд ийнхүү оршиход улс төрийн идэвх санаачилга амин чухал.

Музейг шинээр тодорхойлох түлхүүр үгс нь:

  • хүн бүр хэнээс ч хамааралгүй нэвтрэх, үзэх боломжтой;
  • үнэ төлбөргүй;
  • олон янзат байдлыг хангасан;
  • хүн амын төлөөлөл багтсан;
  • чөлөөтэй, нээлттэй;
  • хүн бүр оролцох, хувь нэмрээ оруулахуйц;
  • коммунититэй холбоотой байх зэрэг болно. 

Суралцахуйг музейн гол зорилго гэвэл хүмүүсийн насан туршдаа суралцах үйл явц төдийгүй музейн ажилтнуудын суралцах үйл явцыг хөхиүлэн дэмжиж, тэдний чадавхыг тасралтгүй хөгжүүлэх ч багтах ёстой.

Нийгмийн янз бүрийн бүлэг хүмүүсийн дунд итгэж болохуйц, цугларахад аюулгүй, найдвартай, тэдэнд хамаатай гэсэн сэтгэгдэл төрүүлдэг газар бол музей гэж таниулахын тулд музей бүрийн хамтын ажиллагаа маш чухал.

Эцэст нь дүгнэхэд үзэгч, суралцагч бол аливаа соёл, боловсролын бодлогын зүрхэнд оршвол зохино. Музей нь соёлын байгууллага дотроо хамгийн тэгш хамруулан үйлчлэхүйц чадавхтай, мөн олон нийт хуран цуглах нээлттэй, чөлөөтэй оюун санааны төв байна. Ингэснээр бид өнгөрснөө танин мэдэж, суралцаж, өөрийн амьдралыг улам сайн сайхан болгож чадна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.