Д.Энхжин: Хүүхэд хайрлагдах, ойлгогдох, хүндлэгдэх гэсэн 3 хэрэгцээг хүсдэг. Үүнийг хангахын тулд...

Гэр бүл анхаарлын төвд олон улсын байгууллагын Монгол дахь салбар байгууллагын сэтгэл судлаач Д.Энхжинтэй хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцлаа.

-Хүүхдийн өвлөмөл авьяас, амьдралын явцад олж авсан авьяас чадварын талаар ярилцлагаа эхэлье. Хичээл зүтгэл 99 хувь, авьяас 1 хувь гэдэг үг байдаг. Энэ ойлголтыг та сэтгэл зүйчийн хувьд хэр оновчтой гэж үздэг вэ?

-Ижил орчин нөхцөлд, ижил хүмүүжлийн арга барилаар хүмүүжсэн хүүхдүүд дундаас арай илүүгээр нэг чадвар тодрон илэрч гарахыг авьяас гэж энгийнээр тайлбарладаг. Авьяас нь өвлөмөл, эсвэл олдмол /орчноос хамаарч/ гэсэн үүслийн тал дээр судлаачид өөр өөр байр суурьтай байдаг. Хүн бүрт тодорхой хэмжээний авьяас байдаг. Орчны нөхцөл, эцэг эх сурган хүмүүжүүлэгчийн үлгэр дуурайлал, тухайн хүний өөрийн хэрэгжүүлж, идэвхтэй хийж буй үйл байдал зэрэг нь авьяасыг бүтээдэг. Өөрөөр хэлбэл авьяасыг хэрхэн “тордож” байгаагаар илүү хөгжиж, бий болдог. Мөн авьяас нь нийгэмд ямар нэг эерэг өөрчлөлт, үр дүнг бүтээх, тухайн хүүхэд авьяас чадвараасаа хэрхэн аз жаргалыг мэдэрч байгаад эцэг эхчүүд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Хүүхдээ ямар төрлийн авьяас чадвартайг яаж мэдэх вэ?

-          Авьяас нь дараах 5 чиглэлээр хөгждөг. Үүнд:

  • Хэл ярианы чадварт суурилсан 
  • Хараа орон мэдрэмжид суурилсан 
  • Хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмжид суурилсан
  • Хэмнэл сонсголын мэдрэмжид суурилсан 
  • Логик харилцааны мэдрэмжид суурилсан

Дээрхи 5 төрлийн авьяаст үндэслэн өөрийн хүүхдэд аль нь давамгайлсан эсэхийг мэдэхийн тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд

  • Ажиглалт – Эцэг эхчүүд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Бусад хүүхдийн хийж чадахгүй байгаа зүйлийг таны хүүхэд төвөггүйхэн хийж чадаж байгааг анзаарах юм. 
  • Бусдаас асуух – Таны бодлоор манай хүүхэд ямар авьяас чадвартай вэ? гэж асууснаар хүмүүсийн хариулт дундаас давтагдсан мэдээлэл гарч ирдэг.
  • Баяр хөөр – Таны хүүхэд ямар зүйлийг хийж байхдаа баяр хөөртэй, сэтгэл өөдрөг байна вэ? 
  • Сэдэв – Харилцаж байхад санамсаргүй байдлаар таны хүүхэд нэг сэдэв, чиглэл рүү яриагаа төвлөрүүлж байвал тухайн сэдэв таны хүүхдэд байгаа далд авьяас байх магадлалтай байдаг.

-  Хүнд 4 төрлийн темперамент байдаг. Хүүхдийн темпераментийг хэрхэн ажиглаж, өөрт нь тохирсон мэргэжлийг сонгоход туслах вэ?

- Темперамент нь төрмөл шинжтэй. Харин зан төлөв нь тухайн хүүхдэд орчны нөхцөлөөс хамаарч олдмол байдлаар бий болдог зүйл. Меланхолик, Сангвиник, Флегматик, Холерик гэсэн 4 төрлийн темперамент нь өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг. Эдгээр темпераментийн тус бүрийг сайн, муу гэж дүгнэдэггүй. Нэг хүнд эдгээр 4 төрлийн темпераментийн шинж байдаг ч аль нэг шинж илүү давамгайлсан эсэхээр нь тухайн хүнийг тодорхойлдог. Флегматик, Меланхолик шинж давамгайлсан хүн илүү дотогшоо чиглэсэн буюу өөрөө өөрийгөө сонсож, өөртэйгөө ярилцаж байдаг.  Холерик, Сангвиник шинж давамгайлсан хүн илүү гадагшаа буюу бусадтай харилцах харилцааг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл, өөрийн давамгайлсан шинж чанарын дагуу зүйлийг хийж, сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрдэг гэсэн үг. Мэргэжлээ өөрийн темпераментэд тулгуурлан сонгох нь зөв. Гэхдээ мэргэжил сонголт нь зөвхөн темпераментаар хязгаарлагдахгүй, тухайн хүний зорилго, үнэт зүйл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хэрвээ темпераментийн онцлогийг ажиглаж мэргэжлээ сонговол сангвиник шинж давамгайлсан хүүхэд урлаг, нээлттэй харилцааны чиглэлийн мэргэжлийг сонгох нь зүйтэй. Харин шүлэг, зохиол бичих зэрэг уран зөгнөлийн мэргэжлийг флегматик, меланхолик шинж давамгайлсан хүмүүс сонгох нь зүйтэй.

-Хүүхэд орчин тойрноосоо хэрхэн суралцдаг вэ? 

-Хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлж, шинэ хорвоо ертөнцтэй танилцдаг. Танилцахдаа танин мэдэхүйн процесс, сэтгэл хөдлөл ялган таних зэрэг нь төрсөн цагаас эхэлдэг. Хүүхдийн хамгийн чухал танин мэдэх процесс тоглоомын байдлаар илэрдэг. Хүүхэд тоглохдоо зөвхөн тоглоомтой харьцах бус өөрийн үе тэнгийн, болон өөрөөс ах, дүү бүх хүмүүстэй харилцах харилцааг илтгэж, суралцаж байдаг. Энэ бүх харилцаанаас хүүхэд бусдад хэрхэн зааж зөвлөх, өөрөөс ах хүнтэй хэрхэн харьцах, хүндлэх зэрэг зүйлд суралцдаг. Мөн юунд баярлах, ямар зүйлд гомдох, гомдсоноо яаж илэрхийлэх вэ? зэргийг ч бусдаас ажиглан суралцаж байдаг.

Хүүхэд өсөж буй орчноосоо суралцдаг гэж хэллээ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, зөв зүйлд сургах вэ?

- Эцэг эхчүүдийн хамгийн анхаарах зүйл нь өөрсдийн үлгэр дуурайлал байдаг. Ээж аав нь өөрөө үлгэрлэхгүй хэрнээ зөвхөн үгээрээ зааж, сургах гэвэл хүүхэд хэзээ ч хүлээн зөвшөөрч таны үгэнд ордоггүй. 

Ээж аав нь өөрөө үлгэрлэхгүй хэрнээ зөвхөн үгээрээ зааж, сургах гэвэл хүүхэд хэзээ ч хүлээн зөвшөөрч таны үгэнд ордоггүй. 

Харин ч эсрэгээрээ эсэргүүцэж байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн өөрийн биеэрээ үлгэрлэж, зөв зүйлд хөтлөх хэрэгтэй. Хүн ухамсрын болон үл ухамсарлах төвшинд аливаа зүйлийг суралцаж, суралцсан зүйл нь эргээд үйлдэл болон гардаг. Эцэг эх нь хэрэлдэх зэрэг таагүй байдал нь хүүхдийн далд ухамсарт хадгалагдан үлддэг. 

-Таны далд ухамсар таны ирээдүйг удирддаг гэж ярьдаг. Тухайлбал, Аавын архи уудаг байдал хүүхдийн далд ухамсарт хадгалагдан үлдэж, ирээдүйд үйлдэл хэлбэрээр илрэх боломжтой гэсэн үг үү? 

- Хүний амьдрал ухамсарт болон ухамсарт бус төвшнөөс бүтдэг. Далайд орших мөсөн уулын ихэнх хэсэг нь далайд, харин үзүүр болох багахан хэсэг нь ил харагдаж байдаг. Үүнтэй адилаар хүний амьдралын 30 хувь нь ухамсарлах, 70 хувь үл ухамсарлах байдлаар илэрдэг. Бид ухамсрын төвшинд хийж буй маш багахан хэсгийг өөрсдөө мэдэж, удирдаж хийдэг. Харин далд ухамсарт хадгалагдсан зүйлээ бид мэддэггүй. Биднийг гуниглах, ганцаардах, уйтгарлах үед далд ухамсарт буй зүйл илрэх гэж оролддог. 

-  Хүүхдийг урамшуулах, эсвэл зэмлэх хоёр арга хэлбэрийн аль нь илүү зохистой байдаг вэ?

- Зэмлэл нь эцэг эхчүүдийн үл талархах сэтгэлийг илтгэдэг. Таны хүүхдэд магтах мянган шалтгаан байхад зэмлэх нэг л шалтгаан байдаг. Гэтэл та хүүхдийнхээ ганцхан алдааг зэмлэж, буруушааж унтраадаг. Хүүхдийг зэмлэхээс илүүтэй урамшуулж магтаж өсгөснөөр амжилтад хүрэх магадлал өндөр байдаг. 

Хүүхдийг зэмлэхээс илүүтэй урамшуулж магтаж өсгөснөөр амжилтад хүрэх магадлал өндөр байдаг. 

Эцэг эхчүүд хүүхдийг магтах зарчмыг нэн тэргүүнд баримтлах хэрэгтэй. Харин магтахдаа ул суурьтай зүйлд үндэслэх нь чухал байдаг.  Хий хоосон магтаал нь эсрэгээрээ хүүхдийг буруу зүйлд сургах магадлалтай юм. Мөн хүүхдийг бусдын дэргэд зэмлэх нь маш их доромжлол, сэтгэл зүйн хувьд аймшигтай зүйл болон хадгалагддаг. Тиймээс зэмлэлийг илүү зөв аргаар буюу ганцаарчилсан байдлаар ярилцаж, учир шалтгааныг тайлбарлах байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй.

- Хүүхдийн насны мөчлөгт тулгуурлан хөгжих боломжтой цаг үеийг хэлбэл?

- Судалгаагаар хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй үеийг 4-6 нас гэж тодорхойлсон байдаг. Энэ насанд хүүхдийн тархинд маш олон тооны чөлөөт эсүүд бий болдог. Эдгээр эс нь хүний амьдралд дахиж хэзээ ч олон тоогоор үүсдэггүй. Тиймээс хүүхдийн 4-6 насанд зөв хүмүүжил, төлөвшлийг олгож, бүтээлч сэтгэхүй, авьяас чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сул талыг дэмжиж, давуу талыг улам бататгах хэлбэрээр зөв харилцаж, чиглүүлж сургах юм. Ингэснээр тухайн хүүхдийн тархинд бий болсон олон чөлөөт эсүүд холбоос үүсгэж, хүүхдийн чадвар хөгждөг. Мөн хүүхдийн 4-6 насанд бүхий л амьдралын 80 орчим хувь нь төлөвшиж, бүрэлддэг. 

Орчин үед хүүхдийг өндөр боловсролтой болгохын тулд олон хэл сургах, сургалт хөтөлбөрүүдэд хамруулдаг. Хүүхдийг багаас нь хэт их боловсролд сургах байдал нь зөв үү? 

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол олгох учир шалтгаан, хүрэх үр дүнг ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, хязгаарлагдмал зүйл болох эд баялаг, нэр хүнд зэрэг хэзээ нэг цагт үгүй болох зүйлд эцэг эхчүүд илүүтэй анхаарлаа хандуулж, өндөр боловсрол эзэмшүүлснээр таны хүүхэд аз жаргалтай амьдрах уу? Эсвэл хүүхдийнхээ амьдралын үнэ цэнийг ойлгох, аз жаргалтайгаар ажиллах, амьдралдаа сэтгэл хангалуун байлгах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өндөр боловсролыг эзэмшүүлж байна уу? гэдгийг ялгаж ойлгосны дараагаар шийдвэрээ гаргах хэрэгтэй.  Дэлхий нийтийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн материаллаг хэрэгцээ дээд цэгтээ хүрсэн. Хүмүүс материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байснаар сэтгэл гутралд автаж амиа хорлох тохиолдол ихэссэнийг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Тиймээс миний хүүхэд материаллаг зүйлийн төлөө амьдрах ёстой эсэх дээр эцэг эхчүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд ёс суртахуун, хүнийг хүндлэх, хайрлах байдал маш их дутагдаж байна. Энэ нь эд баялаг, нэр хүнд зэрэг материаллаг зүйлсэд хүмүүсийн хандлага чиглэсэнтэй холбоотой. 

Хүүхдэд найз, үе тэнгийнхний хандлага хэрхэн нөлөөлдөг вэ?  

- Найз өсвөр насныхны хувьд хамгийн их нөлөөтэй болдог. Хүүхдүүд өсвөр наснаас өмнө эцэг эхтэйгээ илүү ойр дотно байдаг. Хүүхэд бага насандаа эцэг эх, өсвөр насанд шилжсэнээр найз нөхдийн гэсэн 2 байр суурийн нөлөөнд ордог. Өсвөр насанд шилжсэнээр үе тэнгийн хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрүүлж, сонирхол, хүсэл зорилгоо ярилцах байдал уруу сонирхлоо төвлөрүүлж эхэлдэг. Энэ үед найз нөхөдтэйгөө хамт маш их зүйлд суралцаж байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар зүйлд суралцаж байгаад анхаарч, эерэг зүйлд дэмжлэг үзүүлэх, сөрөг зүйлээс холдуулах хэрэгтэй. 

Эцэг эхчүүд хүүхэдтэй хэрхэн ярилцах вэ?

- Хүүхэд хайрлагдах, ойлгогдох, хүндлэгдэх гэсэн үндсэн 3 хэрэгцээг эцэг эхтэйгээ харилцаж байхдаа авахыг эрмэлздэг.  Эдгээр хэрэгцээг хангах үүднээс аль болох шаардлага тавьсан асуулт, харилцаанаас зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдээ хичээлээс нь ирэхэд дэвтэр, өгсөн даалгавар асуухаас илүүтэй өнөөдөр миний хүүд юу тохиолдов, чи найз нөхөдтэйгөө юуг сурав зэрэг таны хүүхэд юу ярихыг хүсэж байна түүнийг нь асуух хэрэгтэй. 

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай зүйлийг ярилцахад цаг гаргах хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай зүйлийг ярилцах цаг гаргах хэрэгтэй. Энэ мөчид таны хүүхэд ээж намайг хайрлаж, ойлгож, хүндэлдэг гэсэн мэдрэмжийг авдаг. 

Хүүхдийг мөнгөтэй хэрхэн зөв харьцаж сургах вэ?

- Та хүүхдэдээ мөнгө нь хүний амьдралын хэрэгцээг хангах хэрэгсэл юм. Мөнгөөр худалдаж авдаг бас авч чаддаггүй зүйл байдгийг эхлээд ойлгуулах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд мөнгийг муу зүйл гэсэн хандлагаар хүүхдэд заадаг. Гэтэл мөнгө муу зүйл биш мөнгийг хэт их эрхэмлэж байгаа зан чанар нь муу байдаг. Хүүхдийн насанд нь тохирсон санхүүгийн эрх чөлөөг олгох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд мөнгийг зөв зарцуулах, хадгалах арга барилд бага багаар суралцдаг. Мөн аялал, чөлөөт цаг, боловсролд зориулсан гэр бүлийн сан үүсгэх хэрэгтэй. Тухайн санд хүүхэд ч гэлтгүй гэр бүлийн гишүүд боломжоороо мөнгө хандивлах юм. Ингэж гэр бүлийн санд хувь нэмрээ оруулснаар хүүхдэд өөрийн гэсэн оролцоотой бие даасан хүн гэсэн ойлголтыг бий болгодог. 

Хүүхдийг шударга, тусч энэрэнгүй болгохын тулд хэрхэн хүмүүжүүлэх вэ? 

- Бусдаар хайрлагдаж, бусдын хүндлэл дунд өссөн хүүхэд эргээд бусдыг ойлгож, хайрлаж, хүндэлдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд ямар зүйлийг мэдэрч өссөн яг тэр хэлбэрээр бусадтай харилцдаг. Хэрвээ хүүхдийн эд зүйлийг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр хулгайлж авсан бол хүүхэд ингэж хулгайлж болно гэсэн ойлголтыг авдаг. Тиймээс та хүүхдээ шударга сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд өөрөө шударга байх хэрэгтэй. Хэрвээ 2 хүүхэд тоглоом булаацалдаж маргалдсан тохиолдолд ээж нь шударгаар шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд шударга байдлыг ойлгох юм. 

- Хүүхэд эхийн хэвлийд бойжих үед хөгжим сонсгож, үлгэр ярьж өгдөг. Ингэснээр хүүхдэд ямар давуу талыг олгож байдаг вэ?

- Жирэмсэн эх үрээ хэвлийдээ 10 сар тээдэг. Үүний 4 сартайгаас нь эхлэн хүүхэд эхийнхээ мэдэрч буй мэдрэмжийг хамт авч байдаг. Тиймээс эх хүүхэдтэйгээ ярилцаж, үлгэр унших, хөгжим сонсгох зэрэг нь хайрлаж, хамгаалж, хөгжүүлж байгаагийн илрэл юм. Ингэснээр тухайн хүүхэд эхээс хайр, халамж, хамгааллыг мэдэрч тархины хөгжил хурдтай явагддаг.

- Хүүхэд яагаад гутрангуй үзэлтэй, өөрийгөө голох хандлагатай болдог вэ?

- Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ болохгүй, чи чадахгүй зэрэг үл анзаарсан хандлагаар харьцдаг. Ийм харилцаанаас үүдэж, хүүхэд өөрийгөө хэрэггүй, чадахгүй гэсэн ойлголттой болж эхэлдэг. Энэ мэдрэмж олон давтагдсанаас хүүхэд гутранги, өөртөө итгэлгүй болж хувирдаг. Мөн шалтгаангүйгээр загнах, зэмлэх нь хүүхдийг гутрангуй үзэлтэй болоход нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ аль болох зав гаргаж, дэмжиж байх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд чадахгүй зүйлээ асуувал та хийж өгөх биш, зааж өөрөөр нь хийлгэж сургах нь зүйтэй. Хүүхэд аливаа зүйлд суралцаж байхдаа маш олон мэдрэмж, шинэ зүйлийг нэмэлтээр сурч байдаг. Тиймээс хүүхдийг өөрөөр нь хийлгэж, “чадсан” гэх мэдрэмжийг өгч байвал өөртэй итгэлтэй болдог. Хүүхэд өсгөх нь нэг төрлийн шинжлэх ухаан, урлаг юм.

- Эцэг эхчүүд бид бага байхдаа ажил хийж, хатуужил үзэж өссөн. Тиймээс хүүхдээ өөрийн өссөн хандлагаар хүмүүжүүлэх гэж оролддог. Энэ хандлага зөв үү?

-  Таны хүүхэд заавал тань шиг байх албагүй. Хүн гэдэг хязгааргүй нөөц боломжоос бүтсэн байдаг. Энэхүү хязгааргүй ертөнцөд нэгэн давтагдашгүй, өвөрмөц хувь хүн бий болж байхад өөрийнхөө түүхтэй адилтгаж, хүмүүжүүлэх гэдэг нь маш буруу хандлага юм. Харин ч таны хүүхэд өөр байх тусмаа илүү их чадварлаг байдаг. 

Аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйд илүү их амжилтад хүрэх боломжтой гэдэг. Энэ тайлбар бодит амьдралд хэр нийцтэй байдаг вэ?

- Аз жаргал, инээд хөөр, элэг бүтэн амьдрал дунд өссөн хүүхэд ирээдүйд сайн хүн болно. Гэхдээ гэр бүл ямар нэгэн зөрчил маргаангүй байх боломжгүй шүү дээ. Энэхүү зөрчил маргаан дундаас хүүхэд илүү их зүйлийг сурч, мэдэрч, ойлгож байдаг. Зөрчил маргааныг баяр хөөртэй, хөгжилтэй байдлаар эргүүлж хувиргаж болдог. Ингэж хувиргаснаар хүүхэд зөрчил гэдэг зүйл хүний амьдралд тохиолддог. Гэхдээ үүнийг ингэж шийдвэрлэж болдогийг ойлгож авдаг. Ийм байдлаар хүүхэд хүмүүжлийн бат бөх чадваруудыг хуримтлуулж чаддаг.   

- Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүй, бие махбодын хувьд маш их өөрчлөлтөд ордог. Энэ насанд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?  

- Өсвөр насны хүүхдэд гардаг хамгийн том өөрчлөлт нь би бол бие даасан хүн гэх ойлголт юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхээсээ хараат бус, бие даах хүсэл эрмэлзэлтэй болдог. Ирээдүйд би ямар хүн болох вэ? амьдралын утга учир юу вэ? зэрэг бодлууд өсвөр насанд илүүтэй төвлөрдөг. Өсвөр насны хүүхэд заримдаа хэт их хийсвэрлэлд автаж шийдвэр гаргадаг. Тухайлбал, алдартай дуучин, жүжигчинг дуурайж мэргэжлээ сонгох гэх зэргээр илэрдэг. Тиймээс “би” гэх үзлийг нь эцэг эхчүүд үгүйсгэхгүйгээр зөвөөр дэмжих хэрэгтэй. Гэхдээ эцэг эхчүүд өөрийн бодол, шийдвэрийг тулгах нь маш буруу хэлбэр юм. Хүүхдээ маш сайн ажиглаж, аажим аажмаар хүүхдэдээ санал бодлоо хэлж чиглүүлдэг байх хэрэгтэй. Өсвөр насны хүүхэд үе тэнгийн хүүхэдтэй ихэвчлэн цагийн өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ зарим тохиолдолд эцэг эхийн туслалцаа, зөвлөгөө хэрэг болдог. Ийм үед эцэг эх нь туслахад бэлэн байх хэрэгтэй. 

- Танд нэмж хэлэх зүйл байна уу?

- Хүүхэд гэлтгүй хүн бүр аливаа зүйлд өөдрөг ханддаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний бодол сонголтоор бий болдог. Хэрвээ хүн байнга муу зүйл бодож, түгшүүртэй байх юм бол энэ хэв маяг нь хүний сэтгэхүйд зуршил болж төлөвшдөг.  Өөрөөр хэлбэл ямар нэг зүйл тохиолдоход өөрийн удирдлагагүйгээр сөрөг бодол, үйл явдал руу чиглэгддэг. Тиймээс бид бодлоо сонгож удирдах боломжтой. Сөрөг таагүй бодол зуршил болсон тохиолдолд эерэг бодол руу сэтгэхүйгээ хөтлөж, удирдах хэрэгтэй. Бодлоо эерэг болгож, төлөвшүүлснээр хүний харилцаа, бусадтай хандах хандлага зэрэг нь эерэг сайхан болдог.      

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!   

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Алтантуяа (202.5.198.30) 2019-03-15 18:38:50
эцэг эхчүүддээ дуулганаа
гантулгын дашжаргал (27.123.213.42) 2019-03-14 10:29:32
мааш их баярлалаа. хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, хүүхдийн бодол сэтгэхүй авъяас чадварт эцэг эхчүүд хэрхэн нөлөөлдөг талаархи зөвлөмжийг өөртөө болон орчин тойрныхоо хүмүүст заавал дуулганаа
Алтан (202.5.198.32) 2019-03-07 15:02:37
Холбогдох утасны дугаар байна уу.
Мандахцэцэг (66.181.161.6) 2019-03-07 11:04:50
Хүүхдийн хүмүүжилд маш хэрэгтэй зөвөлгөө өгдөг дүүдээ баярлалаа. Ажил амьдралд нь сайн сайхныг хүсье
(66.181.187.227) 2019-03-04 14:57:27
Bayarllalaa