Хятад улс Марс гаригруу судалгааны станц хөөргөнө

Сансар судлалын салбарт хүч түрэн орж ирж байгаа Хятад улс өнгөрсөн оны арван хоёрдугаар сард сарны цаад талд станцаа буулгасан анхны орон болсон. Тэд уг амжилтаа үргэлжлүүлэн, 2020 онд багтаан сансар судлалын станцаа Ангараг гаригруу хөөргөхөөр төлөвлөж байна.

Хятадын, Ангараг гаригийг дууриалган хийсэн симуляци, бэлтгэлийн бааз​

Хятад улс сарны цаад талд хүрсэн амжилтаа үргэлжлүүлж, дараа жилийн дотор Марс гаригруу судалгааны станц хөөргөхөөр зэхэж байна. Энэ талаар тус улсын сансар судлалын томоохон эрдэмтдийн нэг Ву Вэйрэн ням гаригт болсон Хятад Ардын Улс төрийн зөвлөгөөн дээр хэлжээ. 

Тэрбээр "Өнгөрсөн 60 жилийн туршид бид ололт амжилт ихтэй байлаа. Гэхдээ дэлхийн сансрын судалгааны хэмжээнд хүрэхэд дахиад хол зай байна. Тиймдээ ч бид илүү хурдтайгаар, хичээж ажиллах хэрэгтэй. Дараа жил бид Марс гаригийг тойрон, гадарга дээр нь бууж судлах станцыг илгээнэ" гэжээ.

Хятад улс мөн сарны гадаргаас дээж авч, дэлхий рүү илгээх дараагийн судалгааны станцыг хөөргөх бөгөөд амжилттай болбол АНУ, ОХУ-ын ардаас орж, ийм төрлийн ажиллагаа амжилтад хүрсэн 3 дахь орон болох юм. Ву Вэйрэн Хятадын баруун хязгаарт орших Цинхай мужийн цөлд Марс гаригийн орчныг дуурайлган хийсэн, симуляци, бэлтгэлийн бааз байгуулсантай холбоотойгоор ийн ярьжээ. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр цөл болох уг цөлийг Марсын гадаргуутай хамгийн ойролцоо гэж боддогоо илэрхийлсэн байна.

Төрийн мэдлийн "Глобал таймс" сонины мэдээлснээр 53,330 шоо метр уг бэлтгэлийн баазыг 22,3 сая доллароор байгуулжээ. Капсульдаа 60 хүний багтаах боломжтой бөгөөд эргэн тойронд хэдэн зуун хүн майханд суурьших боломжтой байна. Улаан, чулуурхаг элсэн цөл нь Марс гаригтай ижил төстэй ч  бага агаарын даралт, хүчтэй цацраг идэвхт туяа, байнгын давтамжтай элсэн шуурга зэрэг байгалийн аюултай үзэгдлийг дуурайлган сургуулилт хийхэд маш их хүндрэл учирдаг талаар Бээжингийн их сургуулийн профессор Жиао Вэйшин хэлжээ. 

1970 он буюу Америк хүн саран дээр мөрөө үлдээчихсэн байх үед Хятад улс анхны хиймэл дагуулаа хөөргөж байжээ. Тэд сансар судлалын уралдаанд хоцрогдсон байсан ч асар хурдан мөшгөн ирж байгаа юм. 2003 оноос хойш Хятад улс 6 баг, хоёр сансар судлалын төвийг амжилттай хөөргөжээ. Мөн 2013 онд "Yutu 1" станцаа саран дээр амжилттай газардуулсан юм.

Хятад улс энгийн ард иргэдээсээ сансрын нисгэгч сонгон, шалгаруулж байна 

Хятад улс сарны цаад талд хүрэв:

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Yutu 2 сансар судлалын станц сарны цаад талд хүрсэн анхны судалгааны аппарат болсон юм. Гэсэн ч сарны харанхуй талын цаг агаарын нөхцөлөөс болж үйл явц удаашралтай байна. Энэ талаар эрдэмтэн Ву Вэйрэн "Сарны тойрог замын эргэлтээс болж шөнө нь 14 өдөр үргэлжилдэг. Үүнээс болж сүүдэртэй талын гадаргуу -190 хэм хүртэл буурдаг. Ийм нөхцөлд станцын эд анги, электроник хэсгүүд ажиллах боломжгүй. Тиймээс бид станцаа амрааж, шөнийн цагаар аюулгүй байдлыг нь хангадаг. Хэд хоногийн өмнө автоматаар ассанаасаа хойш хэвийн үйл ажиллагаа явуулж байна" гэжээ. Тэрбээр станцыг "Von Karman Crater" дахь анх буусан газраасаа баруун хойд зүгт чиглэн явж байгааг хэлсэн бөгөөд сүүлийн хэдэн өдөр цуглуулсан их хэмжээний мэдээллээ дэлхий нийттэй хуваалцахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.