У.Хүрэлсүх Суданд, Г.Занданшатар Швейцар улсад айлчилж байна

​Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан руу, УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцар улс руу айлчлал хийхээр явлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр/2019.03.11/ нисчээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцахаар болжээ. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд долоон гишүүн багтжээ. Үүнд, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзах юм байна.  Албан ёсны айлчлалын хөтөлбөр, мэдээллийг Гадаад харилцааны яам болон Засгийн газрын хэвлэл албанаас тавиагүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.