Ямар ч дарамтад ажлаа тайвнаар хийхэд туслах Обамагийн зөвлөгөө

Америкийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан Барак Обама хэрхэн ямар ч хүнд, хэцүү нөхцөлд тайван байж, асуудлаа шийдвэрлэх нууцаа дэлгэлээ.

Барак Обама Ерөнхийлөгч байх хугацаандаа үргэлж тайван, тогтуун нэгэн гэж хүмүүсийн нүдэнд харагддаг байсан. Хэвлэл мэдээллийнхэн заримдаа түүнийг "NO DRAMA OBAMA" ч гэж хочилдог байсан юм.

Qualtrics компаний Юта мужид зохион байгуулсан хурлын үеэр Обама уг хочоо үнэний ортой гэдгийг онцолсон байна. Гэвч тэрбээр залуудаа тайван харагддаг байсан ч үе үе алдаа гаргахаас айдаг байсан талаараа хэлжээ. Обама "Би хэт их баярлаж эсвэл гуниглаад байдаггүй даруу зантай хүн. Гэхдээ ийм байлаа гээд ерөнхийлөгч байх хугацаандаа "Энэ ажлыг л баллаад хаячихгүй юмсан" гэсэн айдастай тулгарч байгаагүй гэвэл худлаа. Би хүмүүсийн урмыг хугалж бүтэлгүй, алдаа гаргагч гэсэн нүдээр харагдахыг хүсэхгүй байна" гэжээ.

Обама хоёр дахь удаагаа сонгогдохдоо "айдсаа зайлуулах" аргыг хэрэглэсэн бөгөөд түүнийг илүү сайн ажиллахад нөлөө үзүүлсэн талаар дурдсан байна.

"Хоёр дахь удаагаа сонгогдохдоо би хамаагүй сайн ерөнхийлөгч болсон байсан. Дүн шинжилгээ, бодлогын өөрчлөлт ч үүнд хамаагүй. Энэ бол ямар ч мэргэжилд дагалдаж ирдэг чадвартай холбоотой байсан. Хангалттай олон давтан хийж, асуудлын мөн чанарыг таньж мэдэх нь чухал. Ингэснээр ажлаа хэрхэн хийж байна вэ гэдэг дээр биш зөвхөн ажлаа хийх дээр л төвлөрнө" гэж хэлжээ. Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөр болон Парисын цаг уурын асуудалтай нүүр тулахдаа тэрээр ийм бодолтойгоор ажилдаа орсон байна. (АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хожим нь Парисын гэрээнээс татгалзсан)

Обама том, төвөгтэй асуудлуудыг барьж аван шийдвэрлэж сурснаар алдаа гаргахаас айхаа больжээ. Үүний оронд тэрээр "Үүнийг чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэрвээ алдаа гаргавал засаж залруулж, алдаанаасаа суралцана" гэдгийг сурчээ.

Санал асуулгын хариу, хэн нэгэн ухаантны шүүмжлэлд биш "өөрийн зорилгыг хэрэгжүүлж, улс орон даяараа хөгжиж, илүү дээр улс болоход" анхаардгаа хэлсэн байна. Энэ зүгээр л туршлагаас үүдэлтэй өөртөө итгэх итгэл биш гэсэн бөгөөд өөрийн анхаарлаа төвлөрүүлэхийн тулд олон алхмуудыг санаачилжээ. Уг алхмуудын нэг нь өөрийнхөө талаар гарсан хэвлэл, нийтлэлийг уншихгүй байх явдал юм.

Тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний талаар гарч буй ямар ч мэдээ нийтлэлд ач холбогдол өгдөггүй байсан байна. Түүнийг шүүмжилсэн, магтсан ямар ч мэдээг уншихаас татгалздаг байжээ. "Хүмүүс магтах үедээ, таныг байгаагаас чинь өндрөөр үнэлдэг. Ингэснээр биеэ тоох хорт зуршилтай болдог" хэмээжээ. Олон нийтээс ирэх ямар ч санаа бодлыг "Ажлаа хийхэд эсвэл асуудлаа шийдэхэд минь нэмэр болохгүй, зүгээр л айдас түгшүүрийг бий болгогч" гэж хүлээж авдгаа хэлсэн байна.

obama president зурган илэрцүүд

Түүний эдгээр аргуудыг хэн ч ашиглаж болох юм:

-Тухайн сэдвийн дагуу танаас их зүйл мэдэх хүнээс мэдээлэл цуглуулж, суралцагч бай. Обама асуултыг ойлгох хүртлээ асууж заримдаа мэргэжилтнүүдээрээ энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлуулж өгдөг байсан байна.

-Урд байгаа ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Гэрийн даалгавраа хий. Хамгийн сайнаараа хичээж, алдаа, асуудал тулгарсан ч залруулж, суралцаж чадна гэдэгтээ итгэлтэй бай.

-Хүмүүс таны талаар хэлсэн муу, сайн зүйлсээр толгойгоо дүүргэхээ боль. Ажлаа ажил шиг байлгаж өөрийнхөө тухай бодохоо боль.

Эх сурвалж: BusinessInsider

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.248.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.