УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх санал дэвшүүллээ

Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ өдөр (2019.03.13) тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн үеэр дараах саналуудыг илэрхийлсэн юм. Үүнд 

  • Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг сайтар ашиглах, энэ хүрээнд олон зууны түүхтэй Швейцарийн Холбооны Улсын парламентын олон нийтийн санал асуулга явуулдаг, иргэдийн төлөөлөл болон шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчдын оролцоог хангадаг туршлага, чуулганы хуралдааны дэгийн сайн жишгүүдээс судлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Швейцарийн парламентад Монголтой харилцах бүлэг байгуулах, Улаанбаатар хотод Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамыг нээх санал тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, далайн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Монголын язгуур болон сонгодог урлагийг сурталчлах тоглолтыг Швейцарийн Холбооны Улсад зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах
  • Швейцарийн Холбооны Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих SGE байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах боломж олгох, Европын чөлөөт худалдааны холбоотой хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх

Мөн Монгол Улсын санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний VI бага хурал ирэх зургаадугаар сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээллээ. Энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд Монгол Улс Швейцарийн Холбооны Улсыг дэмжихээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Гүшетти хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй, өргөн боломжтой салбараар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, урлаг, хүмүүнлэгийн харилцааг нэрлэсэн юм. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх, туршлага мэдлэгээ хуваалцах, Тамгын газар хоорондын амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг онцгойлон анхаарч, Үндэсний зөвлөл болон хувиасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх болно гэв.

Хэлэлцээрийн үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарийг оруулсан асуудал хөндөгдсөн бөгөөд олон нийтэд зохистой мэдээлэл хүргэх, зорилго, ач холбогдлыг зөвөөр үнэлэх, хоёр орны нэгэнт тогтсон найрсаг хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын харилцаанд саад бэрхшээл учруулахгүйгээр асуудлыг нааштай шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв. Хатагтай Марина Гүшетти энэ оны 6-р сарын сүүлчээр Монгол Улсад айлчлах болсноо дуулгаж, энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийллээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (34.236.145.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.