Дэлхий даяар агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо хоёр дахин ихэсчээ

Жилд 8.8 сая хүн агаарын бохирдлоос болж нас барж байна. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар судалгаанаас харахад энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Мөн Европын орнуудын дундаж наслалт агаарын бохирдлоос болж 2 жилээр буурчээ.

Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо өмнөх үеийнхээс хоёр дахин ихэссэн судалгаа гарчээ. Энэ нь тамхидалтай холбоотой нас баралтын тооноос ч их гэсэн үг юм.

Эрдэмтэд Европт жил бүр 800 мянган хүн бохирдолтой агаараас болж хугацаанаасаа өмнө нас бардаг гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд иргэдийн дундаж наслалтыг 2 жилээр бууруулдаг талаар цохон дурджээ. Европ хүн амын нягтаршил, чанаргүй агаарын түвшин өндөр учир агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн хохирол дэлхийн дунджаас дээгүүр байна.

Агаарын бохирдол цусаар дамжин зүрхний өвчлөлд хүргэж, цус харвуулж нас барах магадлал нь амьсгалын замын өвчлөлөөс хоёр дахин их байдаг талаар "Европын зүрх" сэтгүүлд нийтлэгджээ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь зүрх, судасны өвчлөлөөр өвдсөн байна. Энэхүү дүгнэлтийг өнгөрсөн 9 сард хийсэн судалгааны дүнгээс гаргажээ. Дэлхий даяар агаарын бохирдлоос болж 8.8 сая хүн нас барж байгаа нь өмнөх үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ талаар Германы Майнзын анагаахын их сургуулийн профессор Томас Мунзель "Агаарын бохирдлын эрүүл мэндэд учруулах хор уршиг тамхидалтаас их байна. Хүн тамхинаас холдож болох ч агаарын бохирдлоос холдож чадахгүй" гэсэн байна.

Майнз дахь "Макс Планк" химийн хүрээлэнгийн эрдэмтэд "Ихэнх бохирдуулагчид түлш шатааснаас болж үүсдэг. Иймд бид өөр эрчим хүчний үүсвэр яаралтай олох хэрэгтэй. Бид цэвэр, сэргээгдэх эрчим хүч хэрэглснээрээ зөвхөн Парисийн олон улсын гэрээг биелүүлээд зогсохгүй агаарын бохирдолтой холбоотой нас баралтыг 55 хувиар бууруулах боломжтой" гэжээ.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанд гурван төрлийн мэдээллийг нэгтгэж тооцсон байна. Агаарын бохирдол, хүн амын нягтаршил болон нас, хортой агаарын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэргийг авч үзэн байна. Мэдээлэл нээлттэй болсноор шинэ тооцоо судалгаа хийж, нас баралтын тоо хоёр дахин ихэссэнийг илрүүлжээ. 

Өмнө нь агаарын бохирдолын нөлөөний судалгаа ховор байсан тул дам тамхидалтын судалгааг оронд нь ашигладаг байжээ. Одоо 40 гаруй томоохон судалгаа, түүний дотор Хятадаас гаргасан маш чухал судалгаа байгаа юм. Судалгаанд мөн чихрийн шижин, даралт ихсэх зэрэг нас баралтыг ихэсхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг авч үзжээ.

Эрт нас барсан хүмүүсийн тоо улс орноос шалтгаалан ялгаатай байна. Германд 100 мянган хүний 154 нь цагаасаа өмнө нас барж, наслалт дунджаар 2.4 жилээр бууржээ. Харин Англид 100 мянган хүн тутамд 98 хүн нас барж, наслалт 1.5 жилээр буурсан байна. Английн нас баралтын тоо Германаас бага байгааг Атлантын салхитай холбоотой хэмээн таамаглажээ.

Агаарын бохирдолтой холбоотой нас баралтын шалтгаанууд 

Зүрх судасны өвчинд 2.5 микроноос жижиг бичил хэсгүүдийн нөлөөллийг хангалттай анхаардаггүй талаар Мунзель хэлжээ. Тэрээр "Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх бол агаарын бохирдлыг ч гэсэн томоохон эрсдэлт хүчин зүйл гэж авч үзэх хэрэгтэй" гэсэн байна. Европын зөвшөөрөгдөх PМ2.5 тоосонцрын стандарт нь Канад болон Австрали зэрэг орнуудын хэрэглэдэг ДЭМБ-ын стандартаас 2 дахин их байна.

"Европ энэ тал дээр маш их хоцорч байна. Эмч, өвчтөнүүдийн хувьд агаарын бохирдлын стандартыг өөрчлөх боломж байхгүй. Тиймээс биднийг аюулгүй байлгаж, бидний өмнөөс дуугарах нь улс төрчдийн үүрэг" гэж Мунзель хэлжээ.

Английн Зүрхний Сангийн профессор Метин Авкиран хэлэхдээ "Агаарын бохирдол бол Европ даяар тархсан том асуудал. Бид ДЭМБ-ын удирдамжийг хуулиндаа тусгаж өгснөөр нийтийн эрүүл мэндийн талаар дорвитой арга хэмжээ авч чадна" гэсэн юм.

Эрдэмтэд агаарын бохирдлоос болж Европт 645.000-аас 934.000 хүн нас бардаг гэж тооцоолж байсан. Гэвч зарим тооцоо алдаатай учир буруу тоо баримт гарсан талаар мэдээлсэн юм."Зарим нас баралтын шалтгаан агаарын бохирдолтой холбоогүй байж болох ч бодит тоо нь үүнээс их байх магадлалтай" гэжээ. Судалгаанд хангалттай нотолгоогүй гэх үндэслэлээр  нялхсын эндэгдлийг тусгаагүй байна.

Эх сурвалж: Guardian 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.